Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 359

 

 

 

 

 

 

 

                                       

 

 

                            Ш.О, Ш.Б, Ж.Э нарт

                                            холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч С.Сансартуяа,

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,

хохирогч М.Золжаргалын өмгөөлөгч М.Хувцагаан,

хохирогч Б.Дорждэрэм, С.Далайбаян нарын өмгөөлөгч Ц.Батхүү, Ц.Цэгмид,  

нарийн бичгийн дарга Д.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э, Ш.Б, тэдний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ш.О, Ж.Э, Ш.Б нарт холбогдох эрүүгийн 201625031347 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан цагдаагийн алба хаагчдын орон сууцнаас 3 өрөө орон сууцыг Ш.О нь өөрийн нэр дээр захиалж өгөхөөр Н.Оюундалайтай тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Цээб” ХХК-тай “орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээ” байгуулан, улмаар байрны төлбөр болох 67.735.000 төгрөгийг Б.Дорждэрэм, С.Далайбаян нар бүрэн төлсөн боловч Ш.О нь байрыг шилжүүлэн өгөлгүй, байрны эзэмшигчийн талаар маргалдаж байх хугацаанд Ш.О, Ш.Б, Ж.Э нар нь үгсэн тохиролцож бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тухайн байрыг Ж.Эийн нөхөр Ш.Бид шилжүүлж, Б.Дорждэрэм, С.Далайбаян нарт нийт 67.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ш.О нь дээрх байрыг “зарна” гэж М.Золжаргалыг хуурч 2014 оны 6 дугаар сарын 16-наас 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд нийт 21.600.000 төгрөг болон “Нубира” загварын автомашиныг шилжүүлэн авч залиласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.О, Ш.Б, Ж.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.О, Ш.Б, Ж.Э нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.О, Ш.Б, Ж.Э нарыг тус бүр 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг түлхүүрийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 306 байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцыг худалдах тухай үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хэсгээр өмчлөгч өөрт ногдох хэсгийг бусад өмчлөгчид худалдах, худалдан авах тухай 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Ш.О, Ш.Б нарын хооронд байгуулсан гэрээг хүчингүйд тооцож, уг байрыг хохирогч Б.Дорждэрэмд олгож, шүүгдэгч Ш.Оээс 33.600.000 төгрөг гаргуулан Ш.Б, Ж.Э нарт, 13.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Золжаргалд тус тус олгохоор зааж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч дор дурьдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Ж.Э нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 30Б байрны 85 тоот 3 өрөө орон сууцыг эзэмшигчийн талаар маргаантай байхад нь авсан” гэжээ. Гэтэл миний нөхөр Ш.Б уг байрыг худалдаж авсан үе буюу 2015.12.28-наас 2016.2.1-ний хооронд байрны эзэмшигчийн талаар ямар нэг маргаан байгаагүй. Энэ нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан Б.Дорждэрэмийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гардан авч танилцсан тухай иргэний хэрэгт авагдсан материал зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

2. “Ш.О, Ш.Б нартай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон” гэсэн шүүхийн тогтоолын заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, Ш.О 2015 оны 11 дүгээр сард бидэнтэй уулзаж танилцахаас өмнө уг байрны талаар маргаан гарч С.Далайбаян, Мөнхзориг, Б.Дорждэрэм нарын гомдлоор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс уг асуудлыг шалгаж, Отгончимэг нь “Энэ байр минийх учраас Далайбаян, Дорждэрэм нарт өгөхгүй. Зээлсэн мөнгөө л өгнө” гэж мэдүүлсэн байдаг ба уг гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Мөн Отгончимэг өөрийн гэх энэ байрыг Золжаргалд өгнө гээд мөнгийг нь авчихсан. Дараа нь Мөнхзоригтой байраа солино гээд мөн мөнгийг нь авчихсан байсан. Үүнийг бид 2016 оны 7 дугаар сард мэдсэн. Түүнээс биш надтай болон миний нөхөртэй уулзаад үг яриа, санаа сэтгэл нь өөрчлөгдөөд гэмт хэрэг үйлдчихсэн юм биш.

3. Ж.Э нь уг орон сууцыг Ш.Бийн өмчлөлд шилжүүлсэн гэсэн заалтыг мөн үгүйсгэж байна. Барилгын гүйцэтгэгч “ЦЭЭБ” ХХК-ийн захирал прокурорын тогтоолыг хүлээн аваад Ш.От үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахыг зөвшөөрсөн албан бичиг хийж өгсөн учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. 2016 оны 1 дүгээр сарын 20-нд Бямбадорж, Отгончимэг нарын дундын өмчлөлөөр авсан 0004722068 тоот гэрчилгээ, 2016 оны 2 дугаар сарын 1-нд Бямбадоржийн нэр дээр гарсан 000472117 дугаартай гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Чимэд гэдэг эрх бүхий албан тушаалтан бичиж олгосон. Эрдэнэцэцэг би нэг хүний өмчийг нөгөөд нь шилжүүлдэг эрх мэдэл бүхий албан тушаалтан биш гэдэг нь дээрх баримтаас харагдана.

4. Хохирогч Б.Дорждэрэм, С.Далайбаян нарт 67.7 сая төгрөгийн хохирол учруулсан гэж намайг буруутгасан. Би С.Далайбаян, Б.Дорждэрэм нараас байр болон мөнгө аваагүй. Эдгээр хүмүүсийн байр болон ямар нэг үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байхгүй. Би хэнд ямар ч хохирол учруулаагүй. Миний гэм бурууг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй. Харин Ш.О Наранбаатар байцаагчийн өрөөнд Далайбаянд зээлсэн мөнгөө өгөхөөр нөхөртэйгөө очиход Далайбаян “Мөнгө авахгүй, байрыг чинь авна. Нэг бол чамайг шоронд хийнэ” гээд гараад явж байсан. Ингээд л …байнга дарамт, шахалт үзүүлж байснаас өөрөө шоронд орохгүйн тулд бусадтай нийлж биднийг гүтгэн, байрыг дээрэмдэн авч, өөрөө шоронгоос мултарсан гэж үзэж байна. Ш.О нь байраа худалдсаны дараа миний нөхөр Бямбадоржоос удаа дараа мөнгө зээлээд байхаар нь би “Битгий нөхөр, хүүхдээс минь мөнгө гуйгаад бай. Бямбадоржоос зээлсэн мөнгөө өг. Эмчилгээнд нь хэрэглэх шаардлагатай байна” гэхэд уурлаж “чамайг чадна, хохирооно” гэж заналхийлсэн. Энэ утгаараа ч намайг гүтгэж гэмт хэрэгт холбогдуулж байна гэж үзэж байна.

5. Цагдаа, прокурор, шүүх бидэнд шударга бус хандсан.

Тухайлбал, прокурор яллах дүгнэлтдээ шаардлагатай нотлох баримтад яллагдагч Ш.Оийн мэдүүлгийг оруулж дурдсан атлаа яллагдагч Ж.Э, Ш.Б гэх бидний хэргийн талаар хэрхэн мэдүүлсэн тухай мэдүүлгийг огт оруулалгүй ялгамжтай хандсан.

Өмгөөлөгчийн гаргасан цагаатгах нотлох баримтуудыг няцаасан ямар ч үг, үсэг энэ тогтоолд байхгүй. Харин бидэнд огт хамааралгүй нотлох баримтуудаар биднийг буруутгасан. Шүүгч намайг буруутгахын тулд шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байхад шийтгэх тогтоолоо үйлдэж, шүүх хурал дээр мэдүүлсэн миний мэдүүлгийг бүх зүйлийг намайг мэдэж хийсэн мэтээр буруу бичсэн байсан. Өмгөөлөгч, шүүхийн тамгын газарт хандаж албан ёсны хүсэлт гаргаснаар шүүх хурлаас хойш 50 хоногийн дараа бид хурлын тэмдэглэлтэй танилцаж, шүүх хурлын бичлэгийг сонсоод шүүх хурлын тэмдэглэл болон  шийтгэх тогтоолд буруу бичигдсэн зүйлийг зөвтгүүлэхээр мөн дахин хүсэлт гаргасан. Дээрх байдлуудаас харахад прокурор, шүүх зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй.

Миний нөхөр Бямбадорж нь хоёр удаа цус харваж, биеийн зүүн тал нь мэдээгүй, хөдөлмөрийн чадвараа 85 хувь алдаж би өөрөө нөхрөө асардаг. Би гэмт хэрэг үйлдээгүй тул шийтгэх тогтоолын надад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан намайг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ж.Бямбадорж давж заалдах гомдолдоо: “Миний бие нь шүүхийн шийтгэх тогтоолоос өөрт холбогдох хэсгийг  “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”,“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж давж заалдах гомдлыг гаргаж байна.

Энэхүү эрүүгийн хэргийн үйлдлүүд нь 2015, 2016 онд үйлдэгдсэн бөгөөд өмнөх буюу 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шалгагдаж байсан. Хохирогч Б.Дорждэрэм анх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цагдаад хандсан бөгөөд түүний өргөдлийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №1881 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл үүнээс хойш 7 сарын дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэргийг дахин сэргээж, байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн эсэхийг шалгаагүй орхигдуулсан.

Өөрөөр хэлбэл, дээрх №1881 тоот тогтоолыг Б.Дорждэрэм гардаж аваад 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл ийнхүү гомдол гаргалгүйгээр иргэний хэргийн шүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнээс харахад Б.Дорждэрэм нь хуульд заасан хугацааны дотор дээд шатны прокурорт гомдол гаргаагүй. Отгончимэг нь сүүлд мөнгө аваагүй гэж мэдүүлгээсээ буцдаг. Хэрэв үнэхээр 85.000.000 төгрөг аваагүй юм бол Ш.О нь “би мөнгөө хадгалж байгаа, хохирлыг барагдуулна, мөнгийг нь буцааж өгнө. Өгөх гэхээр хэнд нь өгөхөө мэдэхгүй байна. Би зээлсэн хүндээ л өгмөөр байна” гэх мэдүүлэг өгөөд байгаа нь ойлгомжгүй бөгөөд тухайн үед түүнд мөнгө байсан гэдэг нь ойлгомжтой байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр ямар мөнгөөрөө хохирогч М.Золжаргалын хохирлоос барагдуулаад байгаа нь ойлгомжгүй байгаа. Мөн гэрч Содномпунцаг нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “2016 онд мөрдөн байцаагч Наранбаатарт 67.000.000 төгрөг өгөх гээд очсон” /4хх-5/ гэж дурдсан нь хэнээс авсан, ямар мөнгө байсан гэдгийг шүүх анхаарч үзээгүй.

Түүнээс гадна Ш.О бид хоёрын хооронд байр худалдан авсан харилцаа үүссэн бөгөөд тэрээр “мөнгөө дутуу авсан” гэж мэдүүлээд байгаа нь энэхүү асуудал гэмт хэргийн шинжгүй байх бөгөөд цаашлаад миний бие Б.Дорждэрэм. С.Далайбаян нарт ямар хохирол учруулаад байгаа нь одоог хүртэл ойлгомжгүй, эргэлзээтэй хэвээр байна.

2. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ш.О нь “маргаан бүхий орон сууцыг худалдсан үнэ төлбөрийг бусад шүүгдэгч нараас хагас дутуу авсан болон шүүгдэгч Ш.Б болон Ж.Э нарт залилуулсан. Тэд нарын үгээр залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлдэг. Харин Ш.Б миний бие “орон сууц худалдан авсан үнэ төлбөрийг өөрийн биеэр Ж.Эийг оролцуулалгүйгээр Ш.От төлж бүрэн барагдуулсан. Ш.Оээр залилангийн гэмт хэрэг үйлдүүлээгүй, түүнийг залилаагүй гэж”, Ж.Э нь “орон сууцны үнэ төлбөрийг манай нөхөр бүрэн төлж барагдуулсан Ш.Оээр залилангийн гэмт хэрэг үйлдүүлээгүй, түүнийг залилаагүй” гэж тус тус мэдүүлдэг. Үүнээс харахад, шүүгдэгч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байх бөгөөд орон сууцны төлбөрт Ш.Б 85.000.000 төгрөг төлсөн. Харин Ш.О 33.600.000 төгрөг авсан гэж маргаж, хэн аль нь хэрэгт нотлох баримтаар гэрээ болон бусад санхүүгийн баримтуудыг гаргаж өгснөөр уг баримтуудыг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэн авсан байдаг. Гэтэл шүүх мөн дээрх нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээс зөвхөн Ш.Оийн дурдсан 33.600.000 төгрөгийн асуудлыг сонгож, шүүгдэгч миний бие болон Ж.Э нарт буцаан гаргуулахаар дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд тайлбарласан зүйлгүй байна.

Иймд зөвхөн шүүгдэгч Ш.Оийн өгсөн мэдүүлгээр Ш.Б миний бие болон Ж.Э нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан гэх үндэслэлтэй байна.

3. Шүүх шийтгэх тогтоолдоо Ш.Оийн “хэргээ хүлээсэн” мэдүүлгийг үнэн зөв гэж үзэн нотлох баримтаар сонгон авч, уг мэдүүлгийг хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл болсон.

4. Анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр болсон бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан хугацаандаа бичгийн хэлбэрээр гараагүй. Түүгээр ч үл барам шүүхийн шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гарч 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гардаж авахад шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байсан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэл нь гараагүй байхад шүүхийн шийтгэх тогтоол нь гарчихсан байсан. Миний бие өвчний улмаас бусдын асаргаанд байдаг бөгөөд шүүх дээр биечлэн очих боломжгүй байдаг. Ингээд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломж олдоогүй тул анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрхээ тухайн үед эдэлж чадаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гарсан тул шүүгдэгч Ж.Э өмгөөлөгчийн хамт очин танилцаж, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгтэй харьцуулалт хийхэд зөрүүтэй байдал олон байгаа нь тодорхой болсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-д “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх хоёрдугаар үндэслэл болж байгаа билээ.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Б, Ж.Э нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Ш.Б, Ж.Э нар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон ямар ч нотлох баримт мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан баримтаар тогтоогдоогүй.

2. Мөрдөн шалгах ажиллагаа 2 жилийн хугацаанд явагдсан бөгөөд Ш.О 12 удаа  мэдүүлэг өгсний 11-т нь өөрийн захиалсан байраа Бямбадоржид худалдсан. Мөнгийг бүрэн хүлээн авсан учир үл хөдлөхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ... Тэр ч байтугай Отгончимэг “Би мөнгийг нь авалгүй хүнд байраа өгдөг тэнэг хүн биш” гэж мэдүүлж байсан бөгөөд түүний нөхөр Содномпунцаг ч байрыг Бямбадоржид худалдсан талаар удаа дараа мэдүүлэг өгсөн. Сүүлийн мөнгийг хамтран хүлээн авч тодорхойлолтод хамтран гарын үсэг зурсан байдаг. Содномпунцаг насаараа цагдаагийн байгууллагад ажилласан, хуульч мэргэжилтэй, мөнгийг аваагүй байж эд хөрөнгөө бусдад шилжүүлж болохгүй гэдгийг аль аль нь ойлгох хэмжээний хүмүүс.  Иймд Ш.Оийн “... Өмгөөлөгч Эрдэнэцэцэг худал мэдүүлэг зааж өгсөн. 85 сая төгрөг аваагүй. 34 сая төгрөг л авсан” гэсэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ганц мэдүүлгийг үнэнд тооцох ямар ч боломжгүй. Энэхүү бусад ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгээр бусдыг эрүүгийн хэрэгт холбогдуулсан нь дэндүү хариуцлагагүй, хууль бус бөгөөд дээрх ганц удаагийн мэдүүлгийг бусдыг буруутгах хангалттай нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Ш.О 2014 оны 6 дугаар сарын 11-нд “ЦЭЭБ” ХХК-тай байр захиалах гэрээ байгуулсан. Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт “Би цагдаагийн газар олон жил үйлчлэгчээр ажилласан. Оюундалай эгч /цагдаагийн генерал Сандаг-Очирын эхнэр/ “Чи нэр дээрээ байр захиалаад өгөөч. Бид мөнгийг нь төлнө. Байр авсны дараа чамайг гомдоохгүй” гэж хэлсэн. Миний захиалсан байрны төлбөрийг С.Далайбаян төлж, надаас нэг ч төгрөг гараагүй. Байр ашиглалтанд орж манай нөхөр байрны түлхүүрийг Оюундалай эгчид өгсөн. Дараа нь Оюундалай утасдаад “Бид ярилцаад чамд 500.000 төгрөг өгөхөөр болсон” гэж хэлсэн. Би ядахдаа гэр авах мөнгө өгөх байх гэж бодож байсан тул 500.000 төгрөг өгнө гэхээр нь гэнэт байраа өгөхгүй гэх санаа төрсөн” гэж мэдүүлсэн. Гэвч уг орон сууцаар өөрт тодорхой ашиг олох санаа орон сууц ашиглалтанд орох үед ч биш, бүр түүнээс өмнө 2014 оны 6 дугаар сард орон сууц захиалах гэрээ хийх үед төрсөн болох нь хохирогч М.Золжаргалд “захиалсан орон сууцаа өгнө” гэж урьдчилгаа 27 сая төгрөгийг цувуулан залилаж авснаар эхэлсэн. Дараа нь генерал Сандаг-Очирын гэр бүлийн хүсэлтээр, тэднээс мөнгийг нь төлүүлж өөрийнх нь нэр дээр захиалсан орон сууцыг тэдэнд өгөлгүй итгэл эвдэж залилсан ба энэ үедээ захиалсан 3 өрөө сууцыг 2 өрөө орон сууцаар Мөнхзориг гэгчтэй солих амлалтаар өрөөний зөрүү болох 13 сая төгрөгийг залилан авсан. Отгончимэг дээрх хэргүүдийг үйлдэж байхад Бямбадорж, Эрдэнэцэцэг нар түүнтэй танилцаагүй байсан бөгөөд Отгончимэгийн үйлдэл өмнө дурдсанаар дуусгавар болсон байсан. Отгончимэг нь Бямбадоржтой түүний охиноор дамжуулан 2015 оны 11 дүгээр сарын үед танилцсан. Зорилго нь түүнд байр худалдах явдал байсан.

Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Ш.Б, Ж.Э нар нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт баригдсан 30б байрны 85 тоот, 3 өрөө орон сууцны эзэмшигчийн талаар маргаантай байх үед Ш.Отэй бүлэглэн хохирогч Б.Дорждэрэм, С.Далайбаян нарт 67.735.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Энэ нь Ш.Оийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Далайбаян, Д.Дорждэрэм, М.Золжаргал, гэрч Оюундалай, Д.Сандаг-Очир, Б.Бадраххүү, Ш.Цэрэндэжид, Ц.Галиндэв, Ш.Мөнхзориг, Г.Ганхүү нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5241, 2508 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж дүгнэжээ. Гэвч шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг нотолж байна гэх шүүхээс дүгнэсэн дээрх 3 хохирогч, 7 гэрчийн мэдүүлгийг авч үзвэл эдгээр нь Ш.Б уг байрыг худалдаж авахаас өмнөх асуудал буюу зөвхөн Ш.Оийн гэмт үйлдлийг нотолсон баримтууд байдаг.

Тухайлбал, Ш.Оийн байрны квот болон байр захиалгын талаар Сандаг-Очир, Оюундалай нарын өгсөн мэдүүлэг, байраа сольж мөнгөө алдсан Мөнхзориг, залилуулсан гэх Дорждэрэм, Далайбаян, Золжаргал болон Золжаргалын хамаатан болох Ш.Цэрэндэжид, Ц.Галиндэв нарын мэдүүлэг юм. Нотлох баримт гэх дээрх хүмүүсийн мэдүүлгүүд шүүгдэгч Ш.Б, Ж.Э нарт ямар ч холбогдолгүй юм.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5241, 2508 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь Отгончимэгийн байрны төлбөрт С.Далайбаян ХААН банкаар дамжуулан төлсөн баримтууд дээрх бичвэрүүд Далайбаян, Отгончимэг нарын хэнийх нь бичгийн хэвтэй тохирч байгаа талаар гарсан дүгнэлтүүд юм. Иймээс шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Ш.Б, Ж.Э нарын гэм бурууг нотолсон нотлох баримт огт биш.

Шүүгдэгч Бямбадорж, Ж.Э нарын гэм буруугүйг нотлох дараах үйл баримтууд байдаг.

Ш.Б байр худалдаж авах шийдвэр гаргахын өмнө “ЦЭЭБ” ХХК дээр очиж холбогдох бичиг баримттай танилцсан ба Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсаныг тодруулж магадлаад орон сууц худалдан авахад ямар нэг эрхийн зөрчил байхгүй гэж үзсэн. Мөн тэр орон сууцны төлбөр шилжүүлж буй мөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд төлбөрийн урьдчилгааг Ш.От өгмөгцөө орон сууцны хамтран өмчлөгчөөр үл хөдлөхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Дараа нь үлдэгдэл төлбөр хиймэгц гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. Хэрэв тэр Отгончимэгтэй үгсэж, байрыг Далайбаянд өгөхгүй гэж хуурамч баримт үйлдсэн бол мөнгийг хувааж төлсөн мэт дахин дахин баримт үйлдэж, улсын бүртгэлийн газарт хэд хэдэн удаа хандаж нэр шилжүүлэх зэрэг давхар сунжирсан ажиллагаа хийх шаардлагагүй . Нэг л удаа мөнгө хүлээж авсан тухай баримт үйлдэхэд хангалттай байсан.

Ш.Б байрыг худалдан авах хангалттай төлбөрийн чадвартай байсан. 2002 оноос хувиараа бизнес хийж эхэлсэн. ОХУ-аас хөөрөг, бугуйвчны зориулалттай чулуу худалдан авч хөөрөг бугуйвч хийх, мөн бэлэн бүтээгдүүн болох хаш чулуун аяга, домбо зэргийг мөнгөлж, алтаар бүрж Монгол болон Хятад улс руу гаргаж наймаалдаг байсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг, хөөрөг хийлгэсэн батламжууд, ОХУ, Хятад улс руу зорчиж байсан эсэх талаарх албан бичгээр тус тус нотлогдож байгаа. Сүүлийн 5 жилд 35 удаа ОХУ болон Хятад улс руу зорчиж наймаа худалдаа хийж байсан нь тогтоогддог.

Шүүгдэгч Ж.Эийн талаар шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Эрдэнэцэцэг, Ш.О, Ш.Б нартай бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон уг орон сууцыг Бямбадоржийн нэр дээр шилжүүлж хохирогч нарт 67.7 сая төгрөгийн хохирол учруулсан”, мөн дээрх хоёр шүүгдэгчийн талаар... “Байрыг Бямбадоржийн өмчлөлд шилжүүлэх үед иргэний шүүх тухайн хэрэгт иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүгчийн 05742 дугаартай захирамжаар ...тухайн иргэний хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр хэрэгсэхгүй болгосны дагуу эрүүгийн журмаар шалгаж байгааг мэдсээр байж шүүгдэгч нар бүлэглэн иргэний эрх зүйн гэрээг ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ.

Эрдэнэцэцэг нь орон сууцыг бусдад шилжүүлэх эрх бүхий этгээд биш. Эрдэнэцэцэгийг уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан гэж буруутгадаг. Гэвч Отгончимэгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон нь хууль зөрчөөгүй. Ш.Б орон сууц худалдан авснаас хойш 5 сарын дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Отгончимэгт эрүүгийн хэрэг үүссэн. Энэ үед тухайн орон сууц ямар нэг эрхийн зөрчилгүй байсан. Эрдэнэцэцэг, Отгончимэгийн өмгөөлөгчөөр 2016 оны 7 дугаар сарын 27-ноос эхлэн оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлд тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож болохгүй 4 тохиолдол байдаг боловч үүнд хамаарахгүй.

Энэ хоёрын хооронд байрны мөнгө төгрөг өгөлцөж, авалцсан, ямар нэг бичиг баримтад гарын үсэг зурсан зүйл байхгүй. Эрдэнэцэцэгийг Бямбадоржийн эхнэр гэдгээр нь буруутгахгүй бол өөр гэм буруу байхгүй гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлтэд цаг хугацааны асуудал дээр анхаарах зүйл байна гэж үзэж байна. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж 2016.2.1-нд гарсан. Гэтэл үүнээс өмнө 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр уг байрыг Отгончимэг, Бямбадорж нар хамтран эзэмшигчээр үл хөдлөхийн гэрчилгээ авч, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төлбөрөө бүрэн төлж, 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулан байр Бямбадоржийн нэр дээр бүрэн шилжсэн байсан. Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д “65.1.8-д буюу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол” гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоос биш шүүгчийн дүгнэснээр эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр хэрэгсэхгүй болгоогүй. “Эрүүгийн журмаар шалгаж байгааг мэдсээр байж...” гэдэг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс Ш.От холбогдуулан гаргасан Дорждэрэмийн гомдлыг шалгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр прокурор уг тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэсэн. Байрыг худалдах, худалдан авах асуудал үүнээс 5 сарын өмнө болж өнгөрсөн тул дээрх дүгнэлтийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл энэ үед ямар ч иргэний болон эрүүгийн хэрэг байгаагүй.

Иймд дээрх дүгнэлт бүхэлдээ үндэслэлгүй. С.Далайбаян, Б.Дорждэрэм нар нь Бямбадорж, Эрдэнэцэцэг нарын хохирогч биш. Ялангуяа Дорждэрэм бол шүүгдэгч Отгончимэгийн ч хохирогч биш. Б.Дорждэрэм энэ хэрэгт хохирогчоор тогтоогдох хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Учир нь, Сандаг-Очир, Оюундалай нар Б.Дорждэрэм цагдаагийн байрны квотод хамрагдаж чадаагүй учраас түүнд туслахаар Отгончимэгийн нэр дээр байр захиалсан” гэж мэдүүлдэг.  Гэтэл хавтас хэрэгт Дорждэрэм тухайн цаг үед Амгалан дахь “Цагдаа хотхон”-д байр захиалсан е/32 тоот гэрээ, уг гэрээг төрсөн эгч Б.Уранчимэгийн нэр дээр шилжүүлэхийг хүсэж 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн өргөдөл, түүнийг үндэслэн Б.Уранчимэгийн нэр дээр шилжсэн байр захиалгийн е/32 тоот гэрээ, Б.Дорждэрэм байр захиалсан нь үнэн болохыг тодорхойлсон ЦЕГ-ын санхүү аж ахуйн албаны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6/1342 тоот албан бичиг гэх мэт баримтууд авагдсан байтал шүүх энэ асуудалд ямар ч дүгнэлт хийгээгүй. /3хх-157-160/

Б.Дорждэрэмийг хэрэгт хохирогчоор тооцсон нь ойлгомжгүй. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Отгончимэг, Содномпунцаг нар “Сандаг-Очир генерал та нарыг орон байртай болоход чинь туслана. Квотоо олчих. Байрны төлбөрийг ч төлнө. Та нар боломжтой үедээ буцааж өгнө биз” гэсэн мэдүүлгийг удаа дараа өгсөн байдаг. Гэвч тодорхой бус учир шалтгаанаар байрны мөнгөө Отгончимэгээс авч чадахгүйгээ ойлгож тэс хөндлөнгийн хүн болох Дорждэрэмийг оруулж ирсэн. Отгончимэг ч Дорждэрэмийг огт танихгүй гэдгээ хэлдэг. Дээрх баримтуудыг цагдаа, прокурор, шүүхийн аль нь ч санаатай юу, санамсаргүйгээр үү тоохгүй өнгөрөөсөн.

Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд ам бүл 2, Ж.Э, Ш.Б нар хоёулаа өндөр насны тэтгэвэрт байдаг. Ш.Б 2017 онд 2 удаа цус харваж хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж группт орсон.

Иймд Ш.Б, Ж.Э нарын гэм буруутай нь нотлогдоогүй тул гомдолд дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолын Ш.Б, Ж.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Э, Ш.Б нарыг цагаатгаж өгнө үү” гэв.

шүүгдэгч Ш.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээж байгаа. Би ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Хүнээр байрныхаа мөнгийг төлүүлээд байртай болъё гэж бодсон. Гэтэл энэ байдал нь шал буруугаар эргэж ийм зүйл болсонд харамсаж байна. Одоо хүртэл би харамсаж байна. Байртай болъё, ядаж гэртэй болъё гэж бодсон чинь байр ч байхгүй, гэр ч байхгүй, харин Бямбадорж, Эрдэнэцэцэг гэх хоёр хүнд сайн санаж явахад сүүлдээ намайг эргүүлээд ийм хэрэгт оруулж байна. Би үнэхээр гомдолтой байна. Надад 85.000.000 төгрөгийг өгөөгүй. Сая Эрдэнэцэцэг “дансаар чинь шилжүүлье гэхэд би цалингийн зээлтэй, нөхөр тэтгэврийн зээлтэй. Тийм учраас миний дансад хийж болохгүй гэж хэлдэг учраас бэлнээр өгсөн” гэж тайлбарласан. Энэ худлаа. Би 2.500.000 төгрөгийг дансаараа авсан. Надад 500.000 төгрөг дутуу байна, орой манайхаас ирээд авчих гэхээр нь би орой гэрээс нь очоод авсан. Миний данс руу мөнгө хийж болохгүй гэсэн мөртлөө яагаад 2.500.000 төгрөгийг миний данс руу хийсэн нь эргэлзээтэй байна. Энэ хүмүүс үнэхээр 85.000.000 төгрөг өгсөн юм бол яагаад миний данс руу хийж болохгүй гэж. Надад 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 3.000.000 төгрөг авах гэж байсан. Тэр үед надад 2.500.000 төгрөгийг нь хийчихээд “хүрэхгүй байна, орой манайд ирээд авчих” гэж хэлэхэд нь би орой гэрт нь очиж 500.000 төгрөгийг авсан. Би 33.600.000 төгрөгийг авсан нь үнэн. Би өөр мөнгө аваагүй. Эдгээр хүмүүс намайг залилж мэхэлнэ гэж бодоогүй. Хуульч хүмүүс гээд анхнаасаа миний толгойг эргүүлээд явсныг би мэдээгүй. Сайн хүмүүстэй таарлаа гэж бодож явсан болохоос энэ хүмүүс намайг залилж, мэхэлнэ гэж бодоогүй. Би үлдэгдэл мөнгөө энэ хүмүүсээс асуухад “за хүлээж бай, ах, эгч нь өгнө, надад итгэхгүй байна уу” гэхэд нь итгэж байна гэдэг байсан. Би шүүхээр явж үзээгүй. Надад хуулийн мэдлэг байхгүй. Надад одоо баримтууд байгаа. Би анхан шатны шүүхийн шатанд гаргаж өгөх гэхэд би гэр оронгүй, түрээсийн байшинд амьдардаг болохоор энэ баримтуудаа олоогүй. Энэ баримт нь Эрдэнэцэцэг, Бямбадорж нарын бичиж өгсөн баримт. Энэ зүйлийг надад бичиж өгөөд “маргааш цагдаа дээр очоод бичиж өгөөрэй, үүнээс илүү дутуу үг хэлбэл ял эдэлнэ шүү, чи бид хоёрыг үгнээс зөрж болохгүй шүү” гэх зүйлийг хэлж бичиж өгч байсан. Мөн энэ баримтад Эрдэнэцэцэг 85.000.000 төгрөгийг яаж авсан талаар өөрийнх нь бичиж өгсөн баримт байна. Надад “ингэж тэгж хэл, чи цээжлээд цагдаад хэл” гэдэг байсан. “85.000.000 төгрөгийг ингэж авсан, ийм хэлбэрээр авсан гэж хэлээрэй, тэгэхгүй бол болохгүй шүү” гэдэг байсан. Би анх яагаад ганц ч төгрөг аваагүй байж гарын үсэг зурсан гэхээр би тухайн үед “би мөнгө аваагүй, таны нэр дээр шилжүүлж өгч болох уу” гэхэд “байраа хурдан шилжүүлэхгүй бол энэ байр хураагдлаа, чамд ямар ч хэрэггүй, одоохон ахынхаа нэр дээр шилжүүл” гэж хэлсэн учраас 33.600.000 төгрөгийн гэрээ хийсэн. Би гол нь бичиж өгсөн зүйлүүдийг нь гаргаж өгөөгүй” гэв.

 

Шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч С.Сансартуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бямбадорж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хоёр үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж заасныг давж заалдах гомдолд тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг анх 2015-2016 онд үйлдэгдсэн буюу шүүгдэгч Отгончимэг 2015, 2016 онд аль хэдийн гэмт хэргээ үйлдчихсэн байсан. Энэ гэмт хэрэгтэй нь холбоотой Дорждэрэм анх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дараа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №1881 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл үүнээс хойш 7 сарын дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэргийг дахин сэргээсэн. Тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсгийг зөрчсөн. Б.Дорждэрэм нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр прокурорын тогтоолыг хүлээж авчихаад шууд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан буюу 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Бямбадорж, Отгончимэг нар мэдээд очиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн байдаг. Тэгэхээр эрүүгийн хэргийг сэргээж байгаа прокурорын тогтоол нь ямар хуульд нийцсэн талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй. Энэ талаар хэрэгт ч байхгүй. Хэргээс харахад прокурор өөрөө санаачлагаараа энэ хэргийг сэргээсэн юм уу, эсхүл Дорждэрэм нар энэ тогтоолд гомдол гаргасан юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Тэгэхээр яаж яваад энэ хэрэг үүсчихсэн юм бэ гэдэг тал дээр шүүх дүгнэлт гаргаагүй, хяналт тавьж буй прокурор нь ч энэ асуудал дээр анхаарал тавиагүй өнгөрүүлсэн нөхцөл байдал харагддаг. Мөн Бямбадоржийн маргаантай байгаа байрыг худалдаж авсан гэж яриад байгаа. Үүнийг маргаантай гэж үзээд байгааг ойлгохгүй байгаа. Учир нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол гарчихаад үүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Бямбадоржийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн байдаг. Үүний дараа харин иргэний хэрэг үүссэн бөгөөд бас дараа нь эрүүгийн хэргийг сэргээсэн байдаг. Энэ байдал нь эргэлзээтэй байдаг. Бямбадорж өөрийнхөө нэр дээр байрыг шилжүүлж авах үед Отгончимэг аль хэдийнэ Далайбаян, Дорждэрэм, Золжаргал гэх хүмүүст залилах гэмт хэргийг үйлдээд авах мөнгийг нь аваад шилжүүлэхийг нь шилжүүлээд өөрөө санаачлагаараа явчихсан байдаг. Мөн Далайбаян, Дорждэрэм нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоосоо өмнө хохирогчийн хувиар мэдүүлэг өгөхдөө мэдүүлгээ байнга өөрчилж байсан байдаг. Анх 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгуулагад гомдол гаргахдаа би Отгончимэгт 3 өрөө байрны мөнгийг бэлнээр нь өгчихсөн гэж ярьдаг. Гэтэл хэрэг шалгагдаад эхлэхээр бэлнээр өгсөн гэх мөнгө нь Далайбаянаас зээлсэн, тухайн хоёр хүн хоорондоо зээлийн гэрээ байгуулсан, Отгончимэгийн нэрээр дансаар нь төлсөн болоод өөрчлөгдөөд байдаг. Яг энэ хүмүүсийн хэн нь үнэн яриад, хэн нь худлаа яриад байгаа юм бэ гэдгийг хуульч хүмүүс хөндлөнгийн нүдээр хараад энэ зохиомол гэмт хэрэг яваад байна гэж ойлгохоор байдаг. Учир нь, хэргийн нэг талд нь цагдаагийн генерал Сандаг-Очир гэх хүн яваад байдаг, нөгөө талд нь хоёр тэтгэврийн хөгшин байдаг. Иргэн Отгончимэг гэх хүнд тус л болох гээд байдаг. Отгончимэг гэх хүнд нь Далайбаян, Дорждэрэм гэх хүмүүстэйгээ харилцан тохиролцох дээрээ тохирохгүй болохоор тэр асуудалд нь Бямбдорж, Отгончимэг гэх хоёр хүнийг буруутгаж хэлмэгдүүлж байгаа шалтгаант холбоо гэмт хэргийн нөхцөл байдлыг хавтас хэргээс харсан. Мөн 85.000.000 төгрөгийг Отгончимэг нь Бямбадоржид өгсөн эсэх талаар хавтас хэргээс харахад, Отгончимэг олон удаагийн мэдүүлгээр “би 85.000.000 төгрөгийг Бямбадоржоос авсан гэдэг. Тэгээд хамгийн сүүлийн мэдүүлэг дээрээ би 85.000.000 төгрөгийг аваагүй” гэж мэдүүлдэг. Түүний мэдүүлгүүдээс “би мөнгөө хадгалж байгаа, хохирлыг нь барагдуулна, мөнгийг нь буцааж өгнө, өгөх гэхээр хэнд нь өгөхөө мэдэхгүй байна, би зээлсэн хүндээ л өгмөөр байна” гэх мэдүүлгүүдийг өгсөөр байсан. Энэ мэдүүлгүүдээс харахаар түүнд үнэхээр мөнгө байсан, эсхүл мөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Хавтас хэргийн материалаас харахад хохирогч М.Золжаргалын хохирлоос барагдуулаад байдаг. Мөн гэрч Содномпунцаг нь 2018 оны 6 дугаар сарын 6-нд цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “2016 онд мөрдөн байцаагч Наранбаатарт 67.000.000 төгрөг өгөх гээд очсон” гэдэг. 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Бямбадоржийн нэр дээр уг байр шилжих үед Отгончимэгийн нэр дээр цагдаагийн байгууллага, Иргэний шүүх дээр маргаантай байгаа гэдгийг Бямбадоржийн зүгээс мэдээгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасны дагуу заагаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээс зөвхөн Отгончимэгийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг сонгон аваад Эрдэнэцэцэг, Бямбадорж нарыг гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Эрдэнэцэцэг, Бямбадорж нарын хавтас хэрэгт өгсөн мэдүүлгээс харахад Бямбадорж нь орон сууц худалдан авсан үнэ төлбөрийг өөрийн биеэр Эрдэнэцэцэгийг оролцуулалгүйгээр Отгончимэгт төлж барагдуулсан. Ш.Оээр залилангийн гэмт хэрэг үйлдүүлээгүй, түүнийг залилаагүй. Харин Ж.Э нь “орон сууцны үнэ төлбөрийг манай нөхөр бүрэн төлж барагдуулсан. Ш.О “би 33.600.000 төгрөг авсан” гэдэг. Тэгэхээр 33.600.000 төгрөг нь хэрхэн, яаж нотлогдож байгаа вэ. Өөрөөр хэлбэл, шүүх, прокурорын буруутгаж байгаа 85.000.000 төгрөгтэй яг адилхан санхүүгийн анхан шатны баримт хэрэгт хавсаргагдсан 33.600.000 төгрөгийг үнэхээр байрны мөнгөнд Бямбадорж төлсөн байна гэж заахдаа 85.000.000 төгрөгийн баримтуудыг яагаад үгүйсгэсэн талаараа шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дурдаагүй. Яагаад 85.000.000 төгрөг нь итгэл үнэмшил төрүүлэхгүй буруу гэж үзээд 33.600.000 төгрөгийг нь итгэл үнэмшилтэй байна гэж үзээд Отгончимэгээс Бямбадорж, Эрдэнэцэцэг нарт буцаан гаргуулах тухай шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байгаа нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлж байгаа. Давж заалдах гомдлын хоёрдугаар үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэдэгт юу хамаарч байна гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж дурдсан. Шүүгдэгч Отгонцэцэгийн хэргээ хүлээсэн Бямбадорж, Эрдэнэцэцэг нарыг буруутгасан ганц удаагийн мэдүүлгийг үндэслээд хэрэгт мөрдөгчийн санал гаргаж татан оролцуулж, яллах дүгнэлт үйлдээд ял оногдуулсан байдаг. Гэтэл ганц Отгончимэгийн мэдүүлгээс өөр яг энэ хэрэгт Бямбадорж, Эрдэнэцэцэг гэх хүмүүсийг буруутай гэдгийг нотлох өөр баримт байдаггүй. Энэ мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр болсон.  Бямбадорж, Эрдэнэцэцэг нар шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан хугацаандаа бичгийн хэлбэрээр гараагүй. Түүгээр ч үл барам шүүхийн шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гарч, гардаж авахад 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байсан. Бямбадорж өвчний улмаас бусдын асаргаанд байдаг бөгөөд шүүх дээр биечлэн очих боломжгүй байдаг. Ингээд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломж олдоогүй тул анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрхээ тухайн үед эдэлж чадаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гарсан тул шүүгдэгч Ж.Э өмгөөлөгчийн хамт очиж танилцаж, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгтэй харьцуулалт хийхэд зөрүүтэй байдал олон байгаа нь тодорхой болсон. Тийм учраас албан ёсоор хүсэлт гаргасан байсан. Яг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах гомдол гаргах үед шүүхээс энэ ажиллагаагаа зөвтгөж хийгээгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ш.Оийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бямбадорж, Эрдэнэцэцэг нарын өмгөөлөгч ёс зүйтэй байх хэрэгтэй. Гэм буруутай гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Отгончимэгт анхнаасаа байр авах мөнгө ч байхгүй байхад ийм байдалтай хүний квотыг нь ашиглаад бие биедээ байр аваад өгчихье гэсэн ашиг харсан ч байж магадгүй. Энэ хэрэгт ер нь бүх хүмүүст ашиг харагдсан. Золжаргалын хувьд ах, дүү хамаатан садангийн холбоотой. Хохирол, төлбөр дутуу төлөгдсөн байгаа. Анхан шатны шүүх хуралдааны өмнө нотариатаар ороод гэрээ хийчихсэн буюу 1 жил 6 сарын дотор үлдэгдэл мөнгөө төлж барагдуулах амлалт, үүрэг авчихсан байгаа. Мөн Мөнхзоригийн асуудал яригдсан. Мөнхзориг тэр үед байраа сольж, зөрүү мөнгө 13.000.000 төгрөгийг Отгончимэг авчихсан байдаг. Түүний 5 сая төгрөгийг Бямбадорж, Эрдэнэцэцэг нар өгсөн байдаг. Мөн Золжаргалын 4.000.000 төгрөгийг Эрдэнэцэцэг төлсөн байдаг. Би нэг жилийн өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Тэр үед миний өмгөөлөгчийн хөлсийг Эрдэнэцэцэг надад авчирч өгсөн. Энэ хэрэг анхнаасаа Эрдэнэцэцэг, Бямбадорж нарын санаатай үйлдэл. Эдгээр хүмүүсийн хооронд урамшуулна, шагнана гэсэн асуудалд зөрчил үүсээд энэ хүн байрыг зарж үрээд дундаас нь мөнгө унагаасан байдаг. Эрдэнцэцэгийн хувьд өөрөө ямар ч гэр оронгүй, түрээсийн байраар хүүхдүүдээ дагуулаад явдаг хүн. Тийм учраас ядаж нэг гэртэй болъё гэж бодсон байдаг. Эрдэнцэцэг, Бямбадорж хоёр 5 байртай байж дахин нэг байр авах гэж шуналтаж, шунахайн зорилгоор хуулийн мэдлэггүй, гэмт хэрэгт холбогдсон Отгончимэгийг ядарч явахад нь бүх асуудлыг нь шийдвэрлэнэ, хэргийг хэрэгсэхгүй болгоно, бүх мөнгийг нь өгнө гэж цувуулаад 33.600.000 төгрөгийг өгснийг нь Отгончимэг хүлээн зөвшөөрсөн байдаг. Би өмгөөлөгчөөр орж ирснээс эхлээд мэдүүлэг нь шал өөр болсон. Учир нь, энэ хүн надад итгээд бүх үнэн явдлаа ярьсан. Хууль хүчний байгууллагад ажилладаг өмгөөлөгч, прокурор байсан хүмүүс шунахайн зорилгоор хуулийн мэдлэггүй хүнийг ашигласан байдаг. Сая Отгончимэг хэлэхдээ анхан шатны шүүхэд би ороогүй гэж хэлсэн баримтуудын Эрдэнэцэцэгийн бичгийн хэв мөн. Тэр ч байтугай намайг “галзуу нэртэй Нараа гэдэг юм шүү, чи битгий ам алдаарай, нөгөө ярьснаараа шүү” гэж хэлсэн байсан. Хууль, хүчний байгууллагын хүн албан тушаал, мэдлэг чадвараа ашиглаж Отгончимэгийг ийм байдалд хүргэсэнд үнэхээр харамсаж байна. Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа, хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Дорждэрэм, С.Далайбаян нарын өмгөөлөгч Ц.Цэгмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, энэ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалд өгсөн үнэлэлт дүгнэлт нь ямар нэгэн хууль зөрчөөгүй учраас хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзсэн. Анх 10 дугаар сарын 30-ны өдөр Дорждэрэм Чингэлтэй дүүрийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн байдаг. Тэгээд 11 дүгээр сарын 19-ний өдөр Отгончимэгтэй Бямбадорж цуг очоод “миний нагац ах байгаа юм, энэ хүн миний асуудлыг бүгдийг нь зохицуулах юм” гээд Мөнхзориг мөнгийг нь хүлээлгэж өгсөн байдаг. 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад тогтоолыг нь өгөхөд Мөнхзориг 12 дугаар сард Иргэний шүүхэд гомдол гаргасан. Мөн Иргэний шүүхэд Дорждэрэм гомдол гаргасан. Үүнд Бямбадорж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байсан. Эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 6 хоногийн дараа Эрдэнэцэцэг Отгончимэгийн өмгөөлөгчөөр оролцсон. Энэ хэрэгт хамгийн гол нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөг хүлээж авлаа гэх баримтад гарын үсэг зурсан байдаг. Энэ баримтад 11 дүгээр сарын 28-ны өдөр зурсан атлаа 20-ны өдөр 50.000.000 төгрөг хүлээж авлаа гэж бичсэн байдаг. Тэгэхээр болоогүй он, сар, өдөр авч байгаа 50.000.000 төгрөгийг 11 дүгээр сард авчихсан юм шиг бичсэн, засвартай байдаг. 1 дүгээр сарын 20, 26-ны өдрүүдэд энэ мөнгийг хүлээж авсан гэдгээ хэлсэн. Мөн энэ байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхгүй бол болохгүй, хураагаад авчихна гэх асуудлыг зориудаар Отгончимэгийн толгойд хийж өгч, 1 сар гаруй хугацаанд Содномпунцаг, Отгончимэг нарт худлаа хэлж явсан байдаг. Тэгээд энэ мөнгийг аваагүй гэдэг нь юугаар нотлогддог гэхээр утсаар ярьсан ярианы бичлэгүүдээр тодорхой нотлогдсон байдаг. Мөн байр баригдаж дууссаны дараа Оюундалайд байрны түлхүүр, захиалгын гэрээ хоёрыг аваачаад өгчихсөн байдаг. Маргаантай байгаа байрны гэрчилгээг хэнд ч битгий өгөөрэй гэж хэлэхэд нь Билэгт генералаар хэлүүлж байгаад Бямбадоржид цуг очоод шинээр захиалгын гэрээ, түлхүүр хоёрыг аваад үл хөдлөхийн гэрчилгээг нь авчихсан байдаг. Тэгэхээр энэ хоёр хүн үнэхээр шунахайн сэдэлттэйгээр ийм үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Би Эрдэнэцэцэг, Бямбадорж нартай цуг ажиллаж байсан. Би энэ хүмүүсийг мэднэ. Тэгэхээр 200.000.000-300.000.000 төгрөгөөр зарагдах байрыг 67.000.000 төгрөгөөр өгөх вэ. Бодвол 85.000.000 төгрөгөөр энэ хүнээс авна гэдгээсээ илүү 200.000.000-300.000.000 төгрөгөөр зараад ашиг олоод Отгончимэгт мөнгө өгөөд өөрсдөө ашиг олно гэх зорилгоор үйлдсэн. Хуульч хүмүүст байж болшгүй зүйл. Өөрсдийнхөө нэр дээр байрыг шилжүүлж авсан байдаг. Энэ талаар хуульчдийн холбооны дүгнэлт ч гарсан байгаа. Энэ байдлуудаар Отгончимэгт Бямбадорж, Эрдэнэцэцэг нар зориуд мөнгө зээлсэн мэтээр мэдүүлэг өгсөн. Гэтэл эсрэгээрээ Сандаг-Очир, Оюундалай хоёр нь өөрсдөө Хаан банкинд байрны зээлтэй хүмүүс байдаг. Тэгэхээр зохиомол байдлыг зориудаар бий болгож гэм буруутайд тооцсныг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Дорждэрэм, С.Далайбаян нарын өмгөөлөгч Ц.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Эрдэнэцэцэг, Бямбадорж нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Эзэмшлийн талаар маргаантай байхад гэж анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Энэ хүмүүс эзэмшлийн талаар маргаангүй байсан гэж тайлбарлаж байгаа. 2015 онд Отгончимэгийн нэр дээр байр захиалаад Дорждэрэм, Оюундалай хоёр мөнгийг нь төлсөн. Сүүлд нь байраа шилжүүлэхгүй болоод ирэхээр нь 2015 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаад явж байхад Отгончимэг Бямбадоржтой уулзаад Мөнхзоригоос байрны зөрүү 5.000.000 төгрөгийг аваад өгчихсөн. Ингээд иргэний хэрэг шалгагдаад эрүүгийн хэрэг татгалзаад хаагдахад нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаад шүүхээс дуудахад нь очоогүй. Энэ үед Отгончимэгийн энэ байдлыг ашиглаж байрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Эзэмшлийн талаар анхнаасаа маргаантай байсан. Тэгэхээр энэ хүмүүсийн тайлбар үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Отгончимэгийн нэг удаагийн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж ярьж байна. Хэрэгт авагдсан баримтаар Отгончимэг энэ байрыг ийм аргаар авсан гэдгээ Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын албанд 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр өгсөн тайлбартаа хэлсэн. Мөн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч Ганхүүд “би байрыг захиалахад өөрийн квотыг ашиглуулсан, энэ хүн байрыг авсан нь үнэн, би энэ хүмүүст давхар залилуулсан” гэдгээ анхнаасаа хэлж байсан. Хамгийн гол нь Бямбадорж, Эрдэнэцэцэг нарын хувьд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “үйлчлүүлэгчийнхээ болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг худалдаж авахыг хориглосон” гэж заасан байхад ийм үйлдэл хийж хууль зөрчсөн нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн болж байгаа. Тийм учраас гэмт хэрэг үйлдээгүй гэх ямар ч шалтгаан байхгүй” гэв.

 

Хохирогч М.Золжаргалын өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Золжаргал нь Отгончимэгт 27.000.000 төгрөг өгсөн. Энэ нь хавтас хэрэгт авагдсан бүх баримтаар тогтоогдсон. Хохирлынхоо 50 хувийг төлсөн.  Отгончимэгийн хувьд гэм буруугаа хүлээсэн. Золжаргалтай үлдсэн хохирлоо төлөхөөр албан ёсоор гэрээ хийгээд төлөхөө илэрхийлсэн. Отгончимэг давж заалдах гомдол гаргаагүй учраас түүний зүйлчлэл, ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Бямбадорж, Эрдэнэцэцэг нарын гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.3-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн. Гэвч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Би хуульч хүний хувьд Бямбадорж, Эрдэнэцэцэг нарыг мэднэ. Гэхдээ энэ хэрэг цаашаа задраад явчихвал өмгөөлөгч, хуульч хүн хүнийг ингэдэг юм байна гэсэн бодол төрнө. Ер нь хүн буруугаа хүлээгээд засраад хүмүүжээд явах боломж байдаг. Гэхдээ гэм буруугаа хүлээх эсэх нь тэдний ухамсарын асуудал гэж үзэж байна. Энэ хэргийн эхний үе шатанд өгч байсан мэдүүлэг нь үнэн зөв байсан. Отгончимэг өмгөөлөгчөө солиход мэдүүлэг нь эсрэгээрээ шал ондоо болж эхэлсэн. Миний бодлоор шинээр илэрсэн нөхцөл байдал гарч ирэх гэж байгаа мэт зүйл тайлбарлаж байна. Энэ хүмүүсийн гомдлыг авч хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг анх 2015 оны 10 дугаар сараас эхлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж эхлэх үеэс Эрдэнэцэцэг, Бямбадорж нар Отгончимэгийн энэ асуудалд оролцож эхэлсэн бөгөөд энэ байр маргаантай байгаа, урамшуулалын асуудлаас болж маргасан байна гэдгийг мэдсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаа дээр шалгаж хэрэг хаагдаад, Мөнхзориг нь Иргэний хэргийн шүүхэд хандаж эхэлсэн. Энэ хугацаад Бямбадорж, Отгончимэг нар байрны гэрчилгээг гаргуулсан байдаг. Тухайн компаний хүмүүс ч мөн энэ хүмүүс маргалдаад ирсэн, маргаанаа шийдвэрлэчихээд хүрээд ир гээд явуулсан гэдгийг мэдүүлсэн. Тэгэхээр энэ хүмүүс маргаантай байхад нь гэрчилгээг Отгончимэгийн нэр дээр гаргуулж авсан. Иргэний шүүхэд хэрэг хянагдаж байхад Бямбадорж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Өөрөөр хэлбэл, энэ талаар мэдэж байсан. 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр тухайн байрыг захиран зарцуулахгүй, нэвтрүүлэхгүй байх шүүгчийн захирамж гарч байхад энэ өдрийн шүүх хуралдаанд орсон Бямбадорж байрыг авсан гэдгээ хэлээгүй. Чимээгүй явж байгаад яг энэ өдөр нь байрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ нь хууль бус хэлцэл болсон гэдгийг шүүх дүгнэсэн. Энэ дүгнэлтийг үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Хэдийгээр Бямбадорж, Эрдэнэцэцэг нар байрны 85.000.000 төгрөгийг өгсөн гэх боловч үүнийг нотолж чадаагүй гэж үзэж байна. Эдгээр хүмүүсээс эх сурвалжийг нь асуудаг. Тэгээд хэлсэн болгоныг нь шалгаад үзэхээр тийм зүйл байдаггүй. Өөрсдийнхөө эх сурвалжийг зааж чаддаггүй. Мөн хэлцэл гээд тодорхойлолт гараар бичсэн байсан. Энэ нь огт хуулийн шаардлага хангахгүй бөгөөд өөр өөр бичигдсэн засварласан, утга найруулгын хувьд өөрчлөх арга хайж байгаа байдал харагддаг. Он, сар, өдрийг нь хүртэл харахад ирээдүйн он, сар, өдрөөр мөнгийг өгчихсөн, авчихсан гэж бичээд байдаг. Энэ нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй хэлцэл. Тийм учраас 85.000.000 төгрөг өгсөн, авсан нь тогтоогдохгүй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар бусдыг бүлэглэн залилаж байгаа үйлдэл нь нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Мөн энэ цаг хугацаанд Отгончимэг, Эрдэнэцэцэг нар бүгд өөрсдөө зээлтэй байсан байдаг. Отгончимэг нь хашаа байшин түрээсэлж амьдардаг. Мөн шүүгдэгч нарын мэдүүлэг өөрчлөгддөг. Анх Отгончимэг тохирсон, урамшуулал дээрээ маргасан гэж мэдүүлж байснаа Эрдэнэцэцэг, Бямбадорж нар хэрэгт орж ирэхэд түүний мэдүүлэг өөрчлөгддөг буюу Иргэний хэргийн асуудал болгох гэж бусдыг хуурч мэхлэх үйлдэл хийж эхэлсэн. Энэ байдал нь хэрэгт хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Дорждэрэмийг танихгүй, Дорждэрэм хохирогч биш зохиомол гэж ярьж байна. Гэвч заавал шүүгдэгч нар тухайн хохирогчтой харилцсан байхыг шаардахгүй, энэ хүмүүсийн хууль бус үйлдлээс болоод бусдад хохирол учирсан байхыг шаарддаг. Тэгэхээр шүүгдэгч нарын бусдыг хуурч, мэхлэн, зохиомол байдал зориудаар бий болгосон үйлдэл хийснээр Дорждэрэм, Далайбаян нарт хохирол учирсан. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

1. Ш.О нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан цагдаагийн алба хаагчдын орон сууцнаас 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр захиалж өгөхөөр Н.Оюундалайтай тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Цээб” ХХК-тай “орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээ” байгуулан, улмаар байрны төлбөр болох 67.735.000 төгрөгийг Б.Дорждэрэм, С.Далайбаян нар бүрэн төлсөн боловч байрыг шилжүүлэн өгөлгүй, байрны эзэмшигчийн талаар маргалдаж байх хугацаанд Ш.Б, Ж.Э нартай үгсэн тохиролцож бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тухайн байрыг Ж.Эийн нөхөр Ш.Бид шилжүүлж, Б.Дорждэрэмийн 67.735.000 төгрөгийн үнэ бүхий байрыг шилжүүлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Дорждэрэмийн: “... Өөрийн танил Оюундалай эгчид “байрны квот олдох боломж байна уу” гэхэд “Автобаазын Цагдаа хотхон барьж байгаа, өөрийн танил Цагдаагийн ерөнхий газарт үйлчлэгч ажилтай Отгончимэгийн нэр дээр квот аваад өгч чадна” гэхээр нь зөвшөөрч мөнгийг нь шилжүүлсэн. Отгончимэгийн нэр дээр 2а байрны 82 тоот 71.30 мкв 3 өрөө байрыг захиалж, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж мөнгийг нь 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11.248.950 төгрөг гээд нийт 4 удаагийн үйлдлээр 67.735.000 төгрөгийг төлсөн. Байр ашиглалтанд орох үед Отгончимэгээс өөрийн нэр дээр шилжүүлэх байсан боловч Отгончимэг нь “Цээб” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх болоогүй гээд хүлээлгээд байсан. Би “Цээб” ХХК-тай очиж уулзахад Отгончимэг нь 71.30 мкв байраа өөрөө жижигрүүлэн өөр байраар солино гээд өөрийнхөө танил Мөнхзориг гэх хүнтэй жижиг 2 өрөө байраар солихоор түүнээс 13.000.000 төгрөгийг байрны зөрүү гээд авчихсан байсан. “Цээб” ХХК-иас “та 3 маргаанаа шийдсэний дараа гэрчилгээг хэний нэр дээр гаргахыг шийднэ” гэж хэлсэн байхад Отгончимэг нь “Цээб” ХХК-тай очиж уулзаад миний захиалсан 3 өрөө байрны зөвшөөрлийг аваад Үл хөдлөхөөс гэрчилгээг гаргуулж өөр хүнд зарчихсан байсан. Би “байрандаа ормоор байна” гэхэд “Мөнхзоригийн мөнгийг өгч байж манай байрыг шилжүүлж өгнө” гэж хэлж байсан. Удахгүй, одоохон гэж хэлдэг” /1хх49/,

хохирогч С.Далайбаяны: “... Манай ээж Оюундалай үйлчлэгчээр ажиллаж байсан Отгончимэг, түүний нөхөр Содномпунцаг нартай уулзаад Отгончимэгийн нэр дээр Дорждэрэмд байр захиалахаар 30б байрны 85 тоотыг захиалсан. Төлбөр нь 67.735.800 төгрөг болсон. Дорждэрэм ах урьдчилгаанд 11.248.950 төгрөгийг төлөөд, “надад туслаач, үлдэгдэл төлбөрийг зээлээч” гэхээр нь туслахаар болж 56.486.850 төгрөгийг би төлсөн. Отгончимэгт итгээд нэр дээр нь Дорждэрэм ахад байр захиалсан. Гэтэл Отгончимэг байрны төлбөрийг бүрэн төлсний дараа итгэл эвдээд байрыг өөр хүнд өгч, зөрүү авах гэж байснаа сүүлдээ өөр хүнд зарчихсан байсан. Отгончимэг, Содномпунцаг нарыг танина. Гэхдээ тэд нарт мөнгө зээлдүүлээгүй. Би 3, 4 дүгээр хорооллын “Хаан банк”-ны салбараас Отгончимэгийн нэрээр тушааж байсан. ... Содномпунцаг худлаа ярьж байна. Би мөнгө зээлдэх хэмжээний дотно байгаагүй. Яагаад ингэж худлаа мэдүүлээд байгааг ойлгохгүй байна. Дорждэрэм ах надад мөнгийг төлж байгаа. Одоо 30.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй...” /1хх45/,

хохирогч Ш.Мөнхзоригийн: “... Отгончимэг байр худалдаж авсан. Мөнгөний хэрэг гараад байгаа, байраа багасгаж солиод зөрүү мөнгө гаргаж авах гэж байгаа гэхээр нь Отгончимэгтэй ярилцаад байраа солихоор болсон. 1 мкв талбайг 1.000.000 төгрөгөөр тооцож, Отгончимэгт нийтдээ 13.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл байрны жинхэнэ эзэн гэх Дорждэрэм гэх хүн гараад ирэхээр нь Отгончимэгээс “энэ юун хүн бэ” гэхэд “би тэр хүнээс мөнгө зээлсэн” гэж хэлсэн боловч тэр хүнд байр захиалсан гэрээ, мөнгө төлсөн баримтууд нь бүгд эх хувиараа байсан. Гэтэл Отгончимэг хөөлцөлдөж байгаад өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргуулж, Бямбадорж гэх хүнд байраа зарчихсан байсан. Отгончимэг 5.000.000 төгрөг өгсөн. Одоо 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Отгончимэг анхнаасаа надад худлаа хэлж, залилах санаатай байсан. Үүнийгээ ч зөвшөөрч 5.000.000 төгрөг өгсөн” /1хх48-49/,

гэрч Н.Оюундалайн: “...Содномпунцагт “эхнэрийнхээ нэр дээр квот олоод өгөөч” гэхэд “тэгье, асуудалгүй” гэж хэлсэн. Дорждэрэм “мөнгө муутай байна, мөнгө зээлээч” гээд манай хүү Далайбаянгаас мөнгө зээлж, уг байрны мөнгийг бүрэн төлсөн. Содномпунцаг байрны түрхүүр, бичиг баримтыг надад авчирч өгсөн. Дорждэрэм байрандаа орох гэтэл Мөнхзориг гэдэг хүн гараад ирсэн. Отгончимэг Дорждэрэмийн байрыг Мөнхзоригт өгөөд түүнээс бага талбайтай байрыг нь аваад зөрүүнд нь 13.000.000 төгрөг авсан байсан. Энэ байрыг Дорждэрэм худалдаж авахаар манай хүүгээс мөнгө зээлсэн” /1хх51-52/,

гэрч Д.Сандаг-Очирын: “.. Би Отгончимэгт ямар нэгэн мөнгө огт зээлүүлж байгаагүй. Отгончимэг надаас мөнгө зээлэх хүсэлт тавиагүй. … Дорждэрэм байртай болох хүсэлт тавиад манай гэр бүл Содномпунцаг, Отгончимэг нартай ярилцаж, Отгончимэгийн нэр дээр байр захиалахаар тохиролцсон. ... Дорждэрэм, Далайбаян нар байрны мөнгийг хоорондоо тохирч, төлбөр тооцоог нь Далайбаян хийсэн” /1хх58-59/,

сэжигтэн Ш.Оийн: “...Байрыг би өөрийнхөө нэр дээр захиалж авсан. Би Сандаг-Очир даргаас 67.000.000 төгрөг зээлж аваад байрны төлбөрт өгч барагдуулсан. Сандаг-Очир даргаар хэлүүлээд тэдний хүү Далайбуянгаас 15.000.000 төгрөгийг зээлж гэрээ байгуулсан. ... Энэ байрыг би Бямбадорж гэдэг хүнд 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 85.000.000 төгрөгөөр худалдсан” /1хх-248-249/,

мөн түүний яллагдагчаар өгсөн: “Дорждэрэмээс ямар ч мөнгө аваагүй. Далайбаянгаар дамжуулан 15.000.000 төгрөгийн зээл авсан. Сандаг-Очироор дамжуулан үлдэгдэл мөнгийг авч “Цээб” ХХК-нд тушаасан. Мөнхзориг надтай хамт ажиллаж байхдаа байраа солих талаар ярьж зөвшөөрөөд, зөрүү гээд 13.000.000 төгрөгийг надад өгсөн. Иргэний хэрэг үүсээд надаас өмнө нь авсан 5.000.000 төгрөгийг хасаад 8.000.000 төгрөгийг би төлөхөөр иргэний шүүхийн шийдвэр гарсан. ... Бямбадорж ахад 3 өрөө байраа зарахдаа 2015 оны 12 дугаар сарын 28-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 16-нд 50.000.000 төгрөгийг авч, хамтран эзэмшигчийн гэрээ хийж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөг аваад гэрээг дахин өөрчилж, Бямбадорж ахын нэр дээр шилжүүлж, байрны мөнгөө авч дууссан. Бямбадорж ах манай нагац ах юм. Энэ хэрэг маргаанд анхнаасаа оролцож байсан” /2хх23-25/,

мөн түүний: “...өмнөх мэдүүлэгт Эрдэнэцэцэг өмгөөлөгч манай байрыг худалдаж аваад 85.000.000 төргөг надад өгсөн гэж үг зааж өгч худал мэдүүлэг өгүүлсэн. Би Эрдэнэцэцэг өмгөөлөгчөөс нийт 33.600.000 төгрөгийг авсан. ... Одоо Эрдэнэцэцэг өмгөөлөгч 85.000.000 төгрөг өгсөн гээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй, “би чамд хуулийн дагуу бүх мөнгөө өгсөн, одоо чамд өгөх мөнгө байхгүй, чи өөрөө гарын үсгээ зурж бүх мөнгөө авсан. 9.000.000 төгрөг зээлсэн гэж надаар өөрөө бичүүлчихээд дарамтлаад байгаа. ...Эрдэнэцэцэг өмгөөлөгч “Би ямар ч байсан чамайг ял сонсгуулахгүй, хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө, би өөрөө хуульч, өмгөөлөгч хүн, бүх зүйлийг мэдэж байна. Тийм болохоор санаа зоволтгүй. Хэргийг чинь дуусгаад дараа нь байрны мөнгийг бүгдийг нь өгнө. Чи цагдаад мэдүүлэг өгөхдөө байрны мөнгөө 3 хувааж авсан гэж мэдүүлэг өгөөрэй” гэж хэлээд миний мэдүүлгийг урьдчилан зааж өгдөг байсан. ... 85.000.000 төгрөг авсан гэж анхнаасаа худал мэдүүлэг өгсөн нь үнэн. ...Эрдэнэцэцэг, Бямбадорж нартай уулзаад байраа зарах болсон үеэс Эрдэнэцэцэг би өмгөөлөгч, хуульч, манай нөхөр цэргийн прокурор байсан. Чиний асуудлыг шийдээд өгье” гээд мэдүүлэг зааж өгсөн. Би өөрөө давхар залилуулж байгаагаа мэдээд өмгөөлүүлэхээс татгалзсан. ... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Наранцэцэг өмгөөлөгчтэй орсон ба Эрдэнэцэцэг өмгөөлөгч “Наранцэцэг өмгөөлөгчид 85.000.000 төгрөгөө авсан гэж хэлээрэй. Наранцэцэгт үнэнээ хэлэх юм бол хэрэг чинь хүндэрнэ. Би хохирогч болно” гэж хэлсэн” /3хх238-239/,

сэжигтэн Ш.Бийн: “...Отгончимэг байраа зарах талаар надад хэлээд байрыг нь үзэж байтал Мөнхзоригтой тухайн үед таарсан. ... Тэгтэл бас Дорждэрэм гэх хүн байраа нэхэж байгаа талаар хэлсэн. Би тэр хүнтэй нь уулзах гэхэд “уулзах боломжгүй” гэсэн. ... “Мөнхзоригт мөнгө өгөх ёстой болохоор та ах нь юм бол төл” гэхээр нь би өөрөөсөө Мөнхзоригт 5.000.000 төгрөг өгсөн. Отгончимэг өөр асуудал байхгүй гэсэн. “Цээб” ХХК-иас Отгончимэгт үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар бичиг хийлгэж өгсөн. Тэгээд би хамтран эзэмшигчээр бүртгүүлнэ гэж хэлээд дагуулж яваад хамтран эзэмшигчээр бүртгүүлж гэрчилгээг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргуулсан. Дорждэрэм байранд орох ёстой байсан гэдэг худлаа. Би Отгончимэгээс худалдаж авсан. Бүлэглэсэн асуудал байхгүй. Сандаг-Очир генерал энэ хоёрт туслаж өгсөн байр гэж бодож байна. Далайбаянд хамаагүй. Би шударга худалдан авагч” /2хх16-17/,

яллагдагч Ж.Эийн: “... Отгончимэг манай нөхөр лүү залгаад “Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр байна, 3-4 хүн ална гээд байна” гэхээр нь бид хоёр хамт очсон. Манай нөхөр “Би Отгончимэгийн ах нь байна, юу болоод байгаа юм” гэхэд “Отгончимэг нь Мөнхзориг, Далайбаян, Дорждэрэм гэх хүмүүстэй байрны маргаан гаргаад шалгуулж байгаа. Прокурорт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол явуулсан байгаа. Отгончимэг дахин ирэх шаардлагагүй” гэсэн. Отгончимэг үүдэнд зогсож байсан, би тэр үед Отгончимэгийг анх харж байсан. Тэгээд би өргөдөл гаргасан асуудалд нь хууль зүйн туслалцаа огт үзүүлээгүй. 2016 оны 7 дугаар сарын 27-нд Отгончимэг намайг өмгөөлөгчөөр авч гэрээ байгуулсан. ... Отгончимэгтэй харьцаагүй байж байсан чинь манай нөхрөөс Отгончимэг “хүүхдийн сургалтын төлбөр нэмж зээлүүлээч” гэж гуйсан. Нөхөр татгалзсан. Би Отгончимэгийг “одоо чамд өглөг байхгүй, нэмж зээлсэн мөнгөө төлөөрэй” гэж загнасан. Түүнээс хойш байрны мөнгө дутуу өгсөн гээд гомдол гаргаад байгаа. ... 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 85.000.000 төгрөгийг бүрэн төлж баримт үйлдсэн. Би гэмт хэрэг хийгээгүй” /4хх86-87/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2508 дугаартай: “... 2. 2014 оны 4 дүгээр сарын 17, 2015 оны 3 дугаар сарын 15, 2015 оны 8 дугаар сарын 5, 2015 оны 8 дугаар сарын 22, 2015 оны 10 дугаар сарын 28 өдрүүдийн “Цээб” ХХК-ийн  5084191910 дугаарын дансанд орсон мөнгө тушаасан орлогын мэдүүлгүүд дээрх “Отгончимэг” гэсэн бичиглэлүүд С.Далайбаянгийн гэх бичгийн хэвийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна. 3. ... дансанд мөнгө тушаасан орлогын мэдүүлгүүд дээрх “Отгончимэг” гэсэн бичиглэлүүд яллагдагч Ш.Оийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. ...” /2хх-185/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 5241 дугаартай: “1. 2014 оны 8 дугаар сарын 5, 2014 оны 8 дугаар сарын 22, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн мөн огноо болон бичвэрүүд бүдгэрсэн нийт 4 ширхэг Хаан банкны “Орлогын мэдүүлэг” гэх баримтууд дахь шинжилж буй гар бичвэрүүд нь Ш.Оийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй. Шинжилж буй гар бичвэрүүд нь Ш.Оийн гэх хялбаршуулсан бүтэцтэй гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтцээрээ тохирохгүй” /1хх-65-66/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

2. Ш.О нь дээрх байрыг “зарна” гэж М.Золжаргалыг хуурч 2014 оны 6 дугаар сарын 16-наас 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд нийт 21.600.000 төгрөг болон “Нубира” загварын автомашиныг шилжүүлэн авч залиласан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

хохирогч М.Золжаргалын: “... Би өөрийн талийгаач нөхөр Хашцолмонтой ярилцаад Отгончимэгт “Nubira” загварын солонгос машиныг 1.000.000 төгрөгийн хамт эхэлж өгсөн. Тэгээд 2 өрөө байрны урьдчилгаа мөнгө 11.200.000 төгрөг өгнө гэж тохиролцоод 2014 оны 6 дугаар сарын 16-нд 1.500.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 24-нд 2.700.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-нд 1.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-нд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 5.000.000 төгрөгийг 3 хувааж бэлнээр өгсөн. Үүнээс хойш “2 өрөө байр солигдчихлоо 3 өрөө байр боллоо” гэхээр нь би “мөнгө нэмж өгч чадахгүй” гэхэд “3 өрөө байрны төлбөрт 2.100.000 төгрөгийг урьдчилгаа гэж өгөхгүй бол байр авч чадахгүй байна, заавал гүйцээж өг” гээд үлдэгдлийг нь 2-3 удаа хувааж өгсөн. Тэр хооронд “хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө” гээд 1.500.000 төгрөг аваад хүүхдийг маань сургуульд оруулж өгөөгүй. Хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 5-нд өөрийн төрсөн дүү Цэрэннанжидын нэрээр 2.830.000 төгрөгийг, 790.000 төгрөгийг хийлгэсэн. Отгончимэгийн нөхөр Содномпунцаг манай ажил дээр очоод 3 өрөө байрны түлхүүр, тоотынх нь дугаарыг харуулаад “өөрсдөө очиж харж болно” гэдэг байсан. Отгончимэгтэй гэрээ хийгээгүй. Отгончимэгт 2 өрөө байр захиалсан гэрээ байсан. Дараа нь 3 өрөө байр захиалсан бичиг нь өөрт нь байсан. Би өөрийнхөө 27.600.000 төгрөгийг Отгончимэгээс барагдуулж авмаар байна” /1хх180-181/,

гэрч Ш.Цэрэннанжидын: “...Манай эгч Отгончимэг манай нөхөр Жаргалсайханы дүү Золжаргал, түүний нөхөр Хашцолмон нартай уулзаад хоорондоо тохиролцсон юм шиг байна лээ. ... Миний мэдэхээр 67 мкв байранд урьдчилгаа 30 хувь буюу 21.000.000 төгрөг орчим болсон гэсэн. Гэрээ хийгээгүй, амаар тохирсон юм” /1хх182-183/,

мөн түүний: “... Отгончимэг эгч “Цагдаагийн барьж байгаа байранд орох уу” гэж хэлэхээр нь “чадахгүй” гэж хэлээд харин нөхрийн дүүг “орох уу” гэхэд Золжаргал, Хашцолмон нарт хэлээд тэд нар хоорондоо тохирсон. Золжаргал, Хашцолмон нар байрны урьдчилгаанд 30 хувийг төлөх ёстой гэхэд нь Хашцолмон өөрийн унаж байсан машинаа, дээр нь 1.000.000 төгрөг нэмж өгсөн. Түүнээс хойш сүүлд 21.000.000 төгрөг өгсөн талаар Золжаргал өөрөө надад хэлсэн” /2хх103-104/,

гэрч Ц.Галиндэвийн: “... Отгончимэг манай охин Золжаргалыг “байранд оруулж өгнө” гээд манай охин Золжаргалаас 27.600.000 төгрөг авсан гэсэн. Отгончимэг өөрийнхөө охины сургалтын төлбөрийг Золжаргалаас гаруулж авсан байсан” /1хх186-187/,

сэжигтэн Х.Содномпунцагийн: “... Отгончимэг Золжаргалаас машин худалдаж авлаа, мөнгийг нь дараа нь цувуулж өгнө гэж хэлээд өөрсдөө зөвшөөрсөн гэж хэлж байсан. Машины мөнгийг нь өгөөгүй байгаа. Отгончимэг нь Бямбадоржоос 85.000.000 төгрөгийг 3 хувааж авсан. Хамгийн сүүлийн 50.000.000 төгрөгийг авах үед хамт байсан” /2хх-128-129/,

сэжигтэн Ш.Оийн: “... Золжаргалаас 27.600.000 төгрөг аваагүй. Харин “машинаа 5.000.000 төгрөгөөр зарна, авах хүн байна уу” гэхээр нь би худалдаж авсан. ... Золжаргалыг “байранд оруулж өгнө” гэсэн яриа болоогүй. Намайг байрны асуудалд орохоор худлаа яриад байна. Золжаргалтай ямар нэгэн гэрээ хийгээгүй. ... Би өөрийн охин Пүрэвжаргалыг зуны амралтаар юм хийлгэх гээд Золжаргалаас 1.500.000 төгрөг авсан. Золжаргалаас авсан бүх мөнгөөр хашаа байшин авах гээд бүтээгүй болохоор нь ахуйн хэрэгцээндээ хэрэглэсэн. Хэдэн төгрөг авснаа санахгүй байна. ... Золжаргалаас над руу шилжүүлсэн мөнгийг би авсан нь үнэн. Пүрэвжаргалын хичээл орох гээд Хашцолмонгоос 1.000.000 төгрөгийг зээлсэн” /1хх197-198/,

мөн түүний яллагдагчаар: “...Байрны урьдчилгаа гэж аваагүй, ... машиныг нь аваад тэрнээс хойш мөнгө зээлж байсан. Миний тооцоогоор 14.000.000 төгрөг авсан гэж бодож байна. Би Золжаргалд 3.600.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.” /2хх-108-109/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.О, Ш.Б, Ж.Э нарыг бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ш.О, Ж.Э, Ш.Б нарыг “67.735.000 төгрөгийн хохирлыг Б.Дорждэрэм, С.Далайбаяр” нарт учруулсан гэж дүгнэсэн боловч хэрэгт байгаа нотлох баримтаар 67.735.000 төгрөгийн үнэ бүхий байрыг залилан мэхлэж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн гэмт хэргийн улмаас Б.Дорждэрэм, С.Далайбаян нарт хохирол учруулсан байдлаар дүгнэсэн байх боловч уг байрыг Б.Дорждэрэм захиалсан байх тул орон сууцыг Б.Дорждэрэмд олгохоор заасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх, Ш.О, Ш.Б, Ж.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрт 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

 

Шүүгдэгч Ж.Э нь “Надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Ш.Б “Ш.Оийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэж, хууль зөрчсөн тул нотлох баримтуудыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Ж.Э, Ш.Б нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг “Ш.Б, Ж.Э нарыг цагаатгаж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ш.О нь “85.000.000 төгрөг авсан гэж анхнаасаа худал мэдүүлэг өгсөн нь үнэн. 33.600.000 төгрөг бол авсан. ...Эрдэнэцэцэг, Бямбадорж нартай уулзаад байраа зарах болсон үеэс Эрдэнэцэцэг би өмгөөлөгч, хуульч, манай нөхөр цэргийн прокурор байсан. Чиний асуудлыг шийдээд өгье гээд мэдүүлэг зааж өгсөн. Би өөрөө давхар залилуулж байгаагаа мэдээд өмгөөлүүлэхээс татгалзсан” гэж мэдүүлсэн, мөн анхан шатны шүүх хуралдаанд “Ш.Эрдэнэцэцэг, Ж.Бямбадорж нар нь манай 3 өрөө байрыг “авъя” гэж өөрсдөө эхэлж гуйсан. Тэд нар “ах, эгч хоёртоо итгэж, тэгж бичиж өгөхгүй бол байр чинь хураагдана шүү” гэж надад хэлсний дагуу бичиж өгсөн. Эрдэнэцэцэг миний мэдүүлгийг зааж, өөрөө бичиж өгдөг байсан” /5хх169-ийн ар тал/ гэж мэдүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд “Би Эрдэнэцэцэг, Бямбадорж нараас 85.000.000 сая төгрөг аваагүй. Одоо намайг 85.000.000 төгрөг авсан гэж хэлж байгаад гомдолтой байна. Би энэ хоёрыг надад туслаж байна гэж бодоод итгэж байсан. 30 гаруй сая төгрөг бол авсан” гэсэн тайлбар өгчээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд, шүүгдэгч Ш.О нь Баянгол дүүрэгт баригдсан цагдаагийн албан хаагчдын байрнаас захиалсан 3 өрөө орон сууцыг солино гэж залилж мөнгө авсан талаар иргэн Ш.Мөнхзоригийн гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, уг хэрэг нь прокурорын тогтоолоор 2015 оны 12 дугаар сарын 15-нд хэрэгсэхгүй болжээ. Мөн энэ байрны асуудлаар иргэн Ш.Мөнхзориг Баянгол, Хан-Уул, Сонгионохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаартай шийдвэрээр Ш.О нь байрны үнийн зөрүүнд Ш.Мөнхзоригт 8.750.000 төгрөгийг гаргуулахаар тогтоосон байна.

 

2016 оны 7 дугаар сарын 6-нд хохирогч Б.Дорждэрэмийн гомдлоор Ш.От эрүүгийн хэрэг дахин үүсгэсэн бөгөөд энэ хэрэгт Ш.Бийн эхнэр болох  Ж.Э нь Ш.Оийн өмгөөлөгчөөр оролцжээ.

 

Дээрх хугацаанд буюу Ш.О шүүхэд хариуцагчаар дуудагдсан болон цагдаагийн байгууллагаар шалгагдаж байхад Ш.Б нь Ш.Отэй 2015 оны 11 дүгээр сарын 19-нд дээр  дурдагдсан орон сууцыг барьцаалж, зээлийн гэрээ байгуулж байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 20-нд уг байрны хамтран эзэмшигчээр, 2016 оны 2 дугаар сарын 1-нд тус байрны өмчлөгчөөр тогтоогдож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр авчээ. /1хх136/

Яллах дүгнэлтэнд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг “байрны эзэмшлийн талаар маргалдаж байх хугацаанд” гэж тодорхойлсон боловч  гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг байр хамтран эзэмшигчээр Ш.Бийг тогтоолгосон хугацаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 20, улмаар ганцаараа эзэмшигчээр тогтоолгосон 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг гэж тооцох нь зүйтэй байна.

Ингэж үзэхдээ, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцсэн нотлох баримтанд үндэслэж, анхан шатны шүүхээр хэлэлцсэн асуудалд дүгнэлт хийсэн болно.

 

Энэ нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байрны гэрчилгээ /1хх136/, 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн дундаа хэсгээр өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчид худалдах, худалдан авах гэрээ /Ш.О, Ж.Бямбадорж нарын/ /1хх138/, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хэлцэл /Отгончимэг нь 55.000.000 төгрөгийг хүлээн авсан гэх/ /4хх151/, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт /Ш.О нь 85.000.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан гэх” /4хх151-ийн ар тал/, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт /Отгончимэг 10.000.000 төгрөг нэмж авсан гэх/ /4хх152/, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /1хх32/, 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тухай /1хх168/, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /1хх162/ зэрэг баримтуудаар тогтоогддог.

 

Цаг хугацааных нь хувьд харьцуулан үзэхэд, Ж.Э, Ш.Б нар нь Ш.Оийг байрны асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа болон Иргэний шүүхэд хандан маргаан шийдвэрлэгдэх гэж байгааг мэдсээр байж шунахайн сэдэлтээр “85.000.000 төгрөгөөр байр худалдаж авсан” гэх зохиомол байдлыг зориуд бий болгон Ш.Отэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулжээ.

Шүүгдэгч Ш.О, Ш.Б, Ж.Э нар нь бусдын эд хөрөнгө болох орон сууцыг мэдсээр байж шилжүүлэн авч, залилан мэхлэх гэмт хэрэг  үйлдсэн болох нь тогтоогдсон тул хэлцлийг хүчингүйд тооцож, тухайн орон сууцыг хохирогчид буцаан олгохоор заасан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

 Иймээс Ж.Э, Ш.Б, тэдний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын “хэргийг цагаатгах, дахин хэлэлцүүлэх” талаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт 20.000.000 төгрөгөөр торгох ял  оногдуулахдаа шийтгэх тогтоолд хуульд заасан нэгжийн хэмжээ буюу “20.000 нэгжтэй тэнцэх хэмжээ”-г тодорхойлон заагаагүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг гаргуулах заалтдаа Иргэний хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй тул энэ талаарх зохих өөрчлөлтийг нэмж оруулан шийтгэх тогтоолыг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.5 дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Оийн 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр, Ш.Бийг 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр, Ж.Эийг 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.О, Ш.Б, Ж.Э нарыг тус бүр 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

5 дахь заалтад “...Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 30б байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцыг худалдах тухай үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хэсгээр өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчид худалдах, худалдан авах тухай 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Ш.О, Ш.Б нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, уг байрыг хохирогч Б.Дорждэрэмд олгож, шүүгдэгч Ш.Оээс 33.600.000 төгрөг гаргуулж Ш.Б, Ж.Э нарт, 13.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Золжаргалд тус тус олгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 306 байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцыг худалдах тухай үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хэсгээр өмчлөгч өөрт ногдох хэсгийг бусад өмчлөгчид худалдах, худалдан авах тухай 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Ш.О, Ш.Б нарын хооронд байгуулсан гэрээг хүчингүйд тооцож, уг байрыг хохирогч Б.Дорждэрэмд олгож, шүүгдэгч Ш.Оээс 33.600.000 төгрөг гаргуулж Ш.Б, Ж.Э нарт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 13.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Золжаргалд тус тус олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Бямбадорж, тэдний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                        ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ