Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00377

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00377

 

 

 

                                 А-Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-ийн хариуцагч Ц.Цд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 84 041 656 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн, илүү төлсөн 31 393 494 төгрөг гаргуулах, ЗГ-2015125 тоот, ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээг тус тус дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, Л.Н, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Талууд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, ...2 өрөө орон сууц, Нордбенз маркийн 5 автомашин, 5 чиргүүлийг тус бүр барьцаалан 152 000 000 төгрөг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэн авсан. Гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дууссан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй. Зээлийн үлдэгдэл 66 678 560 төгрөг, хуримтлагдсан хүү 14 469 246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 893 850 төгрөг, нийт 84 041 656 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох орон сууцуудыг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэгчээс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 100 000 000 төгрөг зээлдэн авсан. Уг зээл байсан. Уг зээлийг төлж байгаад 2017.11.29-ний өдөр нийт 150 000 000 орчим төгрөг төлсөн. Зээлдэгчээс барьцаа хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэснээр барьцаа хөрөнгөө нэмэгдүүлж, нэмж зээл авсан. Уг зээлийг авахдаа 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, 40 000 000 төгрөг авсан. Нэхэмжлэгч 2 удаа нийт 140 000 000 төгрөгийн зээл авч, 280 000 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бодитоор гар дээрээ 152 000 000 төгрөг аваагүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгчтэй байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 111 494 951 төгрөг дээр нэмж, 40 505 049 төгрөг авсан. Гэтэл 152 000 000 төгрөгийг зээлж авсан гэж нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч 40 505 049 төгрөг зээлж авахдаа өөрийн Норд бенз маркийн ачааны автомашины 5 чиргүүлийг нэмж барьцаалсан. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 40 505 049 төгрөгийг нийт 3 удаагийн гүйлгээгээр 115 198 931 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн төлбөр 40 505 049 төгрөг, зээлийн хүү 6 336 709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 405 564 төгрөг нийт 47 247 322 төгрөгийг төлөх ёстой байсан боловч илүү 67 951 609 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 4 удаагийн гүйлгээгээр 140 967 150 төгрөг шилжүүлсэн. Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, холбогдох дүрэм, журам, аргачлалын дагуу тооцоход уг зээлийн гэрээний дагуу 177 525 265 төгрөг төлөх ёстой байсан боловч 36 558 115 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй үлдсэн. Зөрүү мөнгөн дүнг тооцоход 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр илүү төлсөн 67 951 609 төгрөгөөс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой дутуу төлсөн 36 558 115 төгрөгийг хасахад 31 393 494 төгрөг болж байна. Иймд А-Э ББСБ ХХК-аас илүү төлсөн 31 393 494 төгрөг гаргуулж, ЗГ-2015125 тоот, ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 152 000 000 төгрөг зээлдэн авсан. Зээлийн гэрээний 2.1.3, 2.1.3.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр зээлдэгчийн Хаан банкны 5003239585 дугаар дансанд 151 500 000 төгрөг шилжүүлж, 500 000 төгрөгийг зээлийн шимтгэлд авч, гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгох боломжгүй. Харин 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдэн авсан боловч зээлдэгч гэрээний үүргээ зөрчиж, хугацаа хэтрэлттэй зээлд орсон. Улмаар зээлдүүлэгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгөө нэмж, 152 000 000 төгрөг зээлдүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөрөө шилжүүлэн аваад 2015 оны 7 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгосон. Иймд талуудын хүсэлтээр дуусгавар болсон, эрх зүйн үйлчлэл үүсгэхгүй болсон 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар дуусгавар болгох боломжгүй. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд аливаа хэлбэрээр хууль зөрчөөгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх эрх зүйн боломжгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 917 950 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний шаардлагад 657 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж тус тус төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнүүдийг дуусгавар болгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цаас 84 041 656 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-аас 31 393 494 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Цид олгож, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-2015125 тоот зээлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэгдсэн ...ны 35 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 358 төгрөг, хариуцагч Ц.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 117 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 648 358 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-д, нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 314 917 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Цд тус тус олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Болор-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх талуудын гэрээгээр хүлээсэн тохиролцоо Иргэний хуулийн 453 дугаар 453.1 дэх хэсгийг зөрчиж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 31 393 494 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Ц.Цийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнээс 40 505 049 төгрөгийг авч ашигласан байхад шүүх 152 000 000 төгрөгийн зээл авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч 31 393 494 төгрөг илүү төлсөн гэж нэхэмжилсэн байхад шүүх зээл тус бүрээр нь дүгнэж нэхэмжлэгчийн илүү төлүүлж үндэслэлгүй авсан 74 936 836 төгрөгт хүү тооцон төлөх, мөн 36 689 924 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү цаашид хүү тооцуулан төлүүлэхээр шийдвэрлэж, нийт 140 505 049 төгрөгийн зээлд 340 207 737 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 84 041 656 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ц эс зөвшөөрч илүү төлөгдсөн 31 393 494 төгрөгийг гаргуулан, зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг буруу тооцоолж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 100 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, мөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 152 000 000 төгрөг, сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай тус тус зээлдэн авах, гэрээний үүрэгт ...... 30 м.кв орон сууц, мөн 10 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, фидуцийн гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх8-17, 59-68/ Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин зээлийн тооцоолол, гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн хэмжээнд маргаж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

1. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хувьд, гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон. Хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1 934 000 төгрөг, нийт 5 934 000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 27 033 150 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 95 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг төлсөн нь хэргийн 88-89 дүгээр тал дахь зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдсон.  

            Тэрээр уг гэрээний дагуу үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүүнд 25 000 000 төгрөг, нийт 125 000 000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс гэрээний хугацаанд хариуцагчаас төлсөн 5 934 000 төгрөгийг хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 19 066 000 төгрөгийн үүрэг үлдсэн. Хариуцагчийн хугацаа хэтрүүлж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 27 033 150 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 100 000 000 төгрөгөөс хасахад 72 966 850 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх ба үүнд дараагийн төлөлт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 11 сарын хүүд 40 131 767 төгрөг төлөхөөр байна. /72 966 850 төгрөг*5%=3 648 342 төгрөг, 3 648 342*11сар=40 131 767 төгрөг/

Зээлдэгч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 95 000 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс дээр дурьдсан үндсэн зээлийн үлдэгдэл 72 966 850 төгрөгийг хасахад хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 22 033 150 төгрөгийн илүү төлөлттэй байна. Үүнийг хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнд оруулан тооцоолох нь зүйтэй. Тооцоолбол, эхний гэрээний хүүгийн үлдэгдэл 19 066 000 төгрөгт 3 813 200 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр /19 066 000*20%/ байх ба 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тооцогдсон зээлийн хүү 40 131 767 төгрөгийг нэмэхэд нийт 63 010 967 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, энэ дүнгээс хариуцагчийн илүү төлсөн 22 033 150 төгрөг хасч тооцогдоно.

Дээрхээс үзэхэд хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэлгүй, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 40 977 817 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. 2017 оны 06 дугаар сарын 12, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 13 000 000 төгрөгийг нийт төлбөрийн үлдэгдэл 40 977 817 төгрөгөөс хасахад 27 977 817 төгрөгийн үүрэг үлдэж байна. 

2. Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 151 500 000 төгрөг 6 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй авахаар зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч үүнээс өмнөх гэрээгээр төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 111 615 282 төгрөг суутган авсан нь буруу. /хх91/ 151 500 000 төгрөгөөс хариуцагчийн өмнөх гэрээний дагуу төлөх ёстой 27 977 817 төгрөгийг хасч нэхэмжлэгч нь хариуцагчид бодитоор 123 522 183 төгрөг /151 500 000-27 977 817/ зээлдүүлсэн гэж үзэв.

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоолбол, үндсэн зээл 123 522 183 төгрөг, 6 сарын хүүнд 25 939 656 төгрөг, нийт 149 461 839 төгрөг төлөх үүрэгтэй байснаас  /123 522 183*3.5%=4 323 276 төгрөг, 4 323 276 төгрөг*6 сар=25 939 656 төгрөг/ зээлдэгчийн гэрээний хугацаанд төлсөн 115 198 931 төгрөгийг хасахад 34 262 908 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Уг үлдэгдлийн хэмжээнд гэрээний хугацаа дууссан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 6 сарын хүүнд 7 195 210, нэмэгдүүлсэн хүүнд 1 439 042 төгрөг төлнө. Иймд хариуцагчаас нийт 42 897 155 төгрөг /зээлийн үлдэгдэл 34 262 908 төгрөг, зээлийн хүү 7 195 210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 439 042  төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгоно. /34 262 908 төгрөг*3.5%= 1 199 201 төгрөг, 1 199 201*6 сар=7 195 210 төгрөг, 7 195 210*20%=1 439 042 төгрөг/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “1” дэх заалтыг “2”, “3” дах заалттай нэгтгэж “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Цаас 42 897 155 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн ..... 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 41 144 501 төгрөгт холбогдох хэсэг болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн “4” дэх заалтыг “3” болгож “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 358 төгрөг, хариуцагч Ц.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 117 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 372 435 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-Э ББСБ ХХК-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн “5” дах заалтыг “4”, “6” дах заалтыг “5” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 358 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  314 918 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

      ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                  А.МӨНХЗУЛ