Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00390

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00390

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02895 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч АБАС оф ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 25 000 789 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: AБАСЭ оф ХХКХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2018.3.17-ны өдөр би тухайн компанийн түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан ресторан дотор зоорины давхар руу буухаар өргөх төхөөрөмжийн дээр зогстол гэнэт тороос нь тасарч өргөх төхөөрөмж унаснаас болж баруун хөл шагайгаараа хугарч, арьс язарч, баруун тавхай бяцарсан. Улмаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлж байгаад 2018.3.19-ний өдөр хагалгаанд орж өсгийгөө хадуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.1.7-ны өдрийн 98 дугаартай дүгнэлтээр М.Б-н биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хөлийн өсгий ясны ил хугарал, баруун шагайн үенд шарх, баруун тохойнд цус хурсан гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тогтоосон. Уг гэмтлийн улмаас Герман улсад очиж Нийдерберг дэхь Хелиосын нэрэмжит эмнэлэгт хэвтэн 2019.5.16-ны өдөр хагалгаанд дахин орж, 2019.5.21-ний өдрийг дуустал хэвтэн эмчлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн амбулаториор боолт цэвэрлэгээ эмчилгээ хийлгэсэн боловч шарх нь эдгэрэхгүй хүндрэл өгч 2019.6.16-аас 2019.6.18-ны өдрүүдэд дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Иймд эрүүл мэндийн бодит хохиролд нийт 25 000 789 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: М.Б нь Хан Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.4.8-ны 279 тоот шүүхийн шийтгэх тогтоолоор 17,938,850 төгрөгийг нэхэмжилсэн. Компаниас М.Б-н уг эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Дахин эмчилгээг хийлгэх талаар бидэнд огт мэдэгдээгүй, өмнөх авсан мөнгөөр хэрхэн эмчилгээ хийлгэсэн талаар тайлан гаргаж өгөх ёстой. М.Б-н одоогийн нэхэмжилж буй 25 000 789 төгрөгийг хариуцагч компани нь төлөх үндэслэлгүй. Мөн хариуцагчийг зөв тогтоосон эсэх, хагалгааг зайлшгүй Герман улсад очиж хийх шаардлагатай байсан эсэх нь тогтоогдоогүй. Дахин хагалгаа хийх шаардлагатай байсан нь тогтоогдоогүй, маш эргэлзээтэй байдлаар нотлох баримтуудыг бүрдүүлсэн, албан ёсны нотлох баримт биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч AБАСЭ оф ХХКХХК-иас 24 554 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 446 431 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч AБАСЭ оф ХХКХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 280 722 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх: ...279 дүгээр шийтгэх тогтоолоор AБАСЭ оф ХХКХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, тус компани нь нэхэмжпэгч М.Б-н эрүүл мэндэд учирсан хохиролд 17 938 850 төгрөгийн хохирол төлсөн ба иргэний хариуцагчаар AБАСЭ оф ХХКХХК-ийг татаж, хохирол төлүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт дахин шүүх хийх шаардлагагүй ... гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна... гэж дүгнээд хариуцагчаас 24 554 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал,

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй 2017.9.28-ны өдөр Түрээсийн гэрээ-г байгуулж, иргэн М.Б-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 28 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 440 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын 8 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөгийн төлбөртэйгөөр рестораны зориулалтаар түрээслэн ашиглаж байсан. Түрээсэлсэн обеъктод тодорхой засан сайжруулалт, засварын ажлыг манай компани түрээслүүлэгч талтай харилцан тохиролцсоны дагуу хийж, тохижуулсан ба энэ хүрээнд 2017 оны 10 дугаар сард 1 дүгээр давхраас зоорийн давхар руу буудаг тавцан /төхөөрөмж/-г АТ ХХК-аар угсруулсан. 2018.3.17-ны өдөр М.Б нь дээр дурдсан тавцангаар зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тросс тасарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан харамсалтай үйл явдал болсон. Улмаар тухайн үед манай компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Г, АТ-ийн захирал Г.Б нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.5 дугаар зүйл буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татан шалгасан. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.4.8-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолоор: Т.Г Г.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай тооцож, манай компаниас 17 938 850 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бд олгож шийдвэрлэсэн. Хэдийгээр эрүүгийн хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй, давхардалтай баримтууд авагдсан байсныг шүүх хэрхэн үнэлж, шийдвэрлэснээ шийдвэр /шийтгэх тогтоол/-тээ тодорхой дурдаж, заагаагүй байсан ч компанийн зүгээс түрээслүүлэгч эрүүл мэндээрээ хохирсонд харамсаж, маргаагүй, тоггоосон төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн Цагдаагийн байгууллагаас анхлан эрүүгийн хэргийг шалгаж байх үед М.Б нь манай компанийн захирал Д.Н-д шийтгэх тоггоолд дурдсан мөнгийг төлчихвөл гомдолгүй гэдгээ хэлж байсан байдаг учир мөрдөн байцаалтын шатанд Д.Нямсүрэн хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлнө гэж маргахгүйгээр хүлээн зөвшөөрөн тайлбар, мэдүүлэг өгч байсан болно. Гэтэл дахин иргэний хэргийн шүүхээр биднээс ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг үйл ажиллагаа доголдсон, алдагдал хүлээсэн байгаа энэ үед хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүх иргэний хэрэгт хариуцагчаар дан ганц манай компанийг татаж байгаа нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхгүй, бидний төлсөн мөнгийг нэхэмжлэгч чухам юунд захиран зарцуулсныг тодруулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ийм Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар
сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч AБАСЭ оф ХХКХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25 000 789 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Гэм хор учруулсан иргэд шүүхээр шийтгүүлсэн. AБАСЭ оф ХХКХХК гэм хорыг хариуцахгүй, тухайн шийтгүүлсэн гэм буруутай иргэд хариуцах ёстой гэж маргажээ.

 

М.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 279 тоот шийтгэх тогтоолтой хэргийн хохирогч болох үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

 

Уг тогтоолоор хохирогч нь эмчилгээний болон гэм хорын зардлаа жич нэхэмжлэх эрхтэй талаар заажээ. /1-р хх 4-10/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар шийдвэрлэх хэрэг маргаанд гэм хорын нэхэмжлэлтэй хэрэг хараарахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг урьдчилан томилохоор байна.

 

Нэгдүгээр хавтаст хэргийн 247 дугаар талд хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах захирамж авагдсан байх бөгөөд захирамжид хариуцагч УБЦТС ТӨХК-д холбогдох гэм хорын хохиролд 21 685 310 төгрөг гаргуулах тухай ШИ СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн даргалагчаар шүүгч Ц.О, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М Д.М нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ. Уг захирамжид заагдсан шүүгч Ц.О, Б.М, Д.М нар нь М.Б-н нэхэмжлэлтэй нь хариуцагч AБАСЭ оф ХХКХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25 000 789 төгрөг гаргуулах хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 229-231 дугаар талд тухайн хэрэгт гарсан гомдлыг хэлэлцсэн байх бөгөөд хариуцагч УБЦТС ТӨХК- д холбогдох гэм хорын хохиролд 21 685 310 төгрөг гаргуулах тухай ШИ СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн болох шүүгч Ц.О, Б.М, О.Ч нар гомдлыг хэлэлцжээ.

 

Хэрэгт М.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч AБАСЭ оф ХХКХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25 000 789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон, албажуулсан захирамж авагдаагүй байна.

 

Албан ёсоор томилогдоогүй, албажаагүй, өөр хэрэгт томилогдсон шүүх бүрэлдэхүүн М.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч AБАСЭ оф ХХКХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25 000 789 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэснийг хууль ёсны бүрэлдэхүүн гэж дүгнэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 722 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ш.ОЮУНХАНД