Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2021/01194

 

 

 

2021 оны 05 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2021/01194 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0-р хэсэг Соёмбот 0-р гудамж 00 тоотод оршин суух, Ж овогт М.Б /РД:УУ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1-р хороо Гурвал гол холдингийн оффис 0 дүгээр давхарт 000 тоотод байрлах, А.Б.А.С.Э О.Ф ХХК /РД:0000000/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 24,554,357.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.ДАА

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Б.А.С.Э О.Ф ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр М.Б би тухайн компанийн түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан ресторан дотор зоорины давхар руу буухаар өргөх төхөөрөмжийн дээр зогстол гэнэт тороос нь тасарч өргөх төхөөрөмж унаснаас болж баруун хөл шагайгаараа хугарч, арьс язарч, баруун тавхай бяцарсан. Улмаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлж байгаад 2018.03.19-ний өдөр хагалгаанд орж өсгийгөө хадуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.01.07-ны өдрийн 00 дугаартай дүгнэлтээр М.Б-гийн биед бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хөлийн өсгий ясны ил хугарал, баруун шагайн үенд шарх, баруун тохойнд цус хурсан гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тогтоосон. Уг гэмтлийн улмаас Герман улсад очиж Нийдерберг дэх Хелиосын нэрэмжит эмнэлэгт хэвтэн 2019.05.16-ны өдөр хагалгаанд дахин орж, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хэвтэн эмчлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн амбулаториор боолт цэвэрлэгээ эмчилгээ хийлгэсэн боловч шарх нь эдгэрэхгүй хүндрэл өгч 2019 оны 6 дугаар сарын 16-аас 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрүүдэд дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Иймд эрүүл мэндийн бодит хохиролд нийт 25,000,789 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 446,431 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэх 24,554,357.20 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

Хариуцагч А.Б.А.С.Э О.Ф ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч М.Б нь Хан Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019. 04.08-ны 000тоот шүүхийн шийтгэх тогтоолоор 17,938,850 төгрөгийг нэхэмжилсэн. Компаниас М.Б-гийн уг эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Дахин эмчилгээг хийлгэх талаар бидэнд огт мэдэгдээгүй, өмнөх авсан мөнгөөр хэрхэн эмчилгээ хийлгэсэн талаар тайлан гаргаж өгөх ёстой. М.Б-гийн одоогийн нэхэмжилж буй 24,554,357 төгрөгийг хариуцагч компани нь төлөх үндэслэлгүй. Мөн шийтгэх тогтоолоор хоёр иргэнийг татсан, хариуцагчийг зөв тогтоосон эсэх, хагалгааг зайлшгүй Герман улсад очиж хийх шаардлагатай байсан эсэх нь тогтоогдоогүй. Үйл баримт, гэмтэл учирсан талаар маргахгүй. Дахин хагалгаа хийх шаардлагатай байсан нь тогтоогдоогүй, маш эргэлзээтэй байдлаар нотлох баримтуудыг бүрдүүлсэн, албан ёсны нотлох баримт биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч А.Б.А.С.Э О.Ф ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 25,000,789 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч М.Б нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 446,431 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гэм хорын хохиролд 24,554, 357.20 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч М.Б-гаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ ... А.Б.А.С.Э О.Ф ХХК нь түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан ресторан дотор Зоорины давхар руу буух өргөх төхөөрөмжийг зохих зөвшөөрөлгүй ажиллуулсан. Уг өргөх төхөөрөмжийн дээр зогстол тороос нь тасарсны улмаас миний баруун хөл шагайгаараа хугарч. арьс нь язарч, баруун тавхай нь бяцарч хүндэвтэр гэмтэл учирсан. Уг гэмтлийн улмаас Герман улсын Нийдерберг дэх Хелиосын нэрэмжит эмнэлэгт 2019.05.16-ны өдөр дахин хагалгаанд орж, 2019.05.21-ний өдрийг дуустал хэвтэн эмчлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн амбулаториор боолт цэвэрлэгээ эмчилгээ хийлгэсэн боловч шарх нь эдгэрэхгүй хүндрэл өгч 2019.06.16-аас 2019.06.18-ны өдрүүдэд дахин эмнэлэгт хэвтэн үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэсэн. Уг эмчилгээнд нийт 24,554,357 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна гэснийг хариуцагч А.Б.А.С.Э О.Ф ХХК эс зөвшөөрч ... Хан Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.08-ны 000тоот шийтгэх тогтоолоор 17,938,850 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Компаниас М.Б-гийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Дахин эмчилгээ хийлгэх талаар бидэнд огт мэдэгдээгүй, өмнөх авсан мөнгөөр хэрхэн эмчилгээ хийлгэсэн талаар тайлан гаргаж өгөөгүй. Мөн хариуцагчийг зөв тогтоосон эсэх, хагалгааг зайлшгүй Герман улсад очиж хийх шаардлагатай байсан эсэх нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж... маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед нэхэмжлэгч М.Б нь өргөх, зөөх, тээвэрлэх төхөөрөмжөөр Хаб ресторан баарны зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тороос тасарч, улмаар М.Бгийн эрүүл мэндэд Т.Г Г.Б нарыг хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497.1, 400.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар А.Б.А.С.Э О.Ф ХХК-ийг татан хохиролд 17,938,850 төгрөгийг тус компаниас гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэсэн болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 000дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх 4-10 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд дээрх 000дүгээр шийтгэх тогтоолоор А.Б.А.С.Э О.Ф ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, тус компани нь нэхэмжлэгч М.Бгийн эрүүл мэндэд учирсан хохиролд 17,938,850 төгрөгийн хохирол төлсөн ба иргэний хариуцагчаар А.Б.А.С.Э О.Ф ХХК-ийг татсан шүүхийн шийтгэх тогтоолд хариуцагч гомдол гаргаагүй, хохирол төлүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт дахин шүүх хийх шаардлагагүй юм.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 400 дугаар зүйлийн 400.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахад гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч М.Б нь Монгол улсын хилээр 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гарч Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу зорчсон, Монгол Улсын хилээр 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад орж ирж зорчсон болох нь гадаад паспортын хуулбараар тогтоогдож байна. /хх 99,100 хуудас/

М.Б нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Нийдерберг дэх Хелиосын нэрэмжит эмнэлэгт 2018 оны 3 сард лифтэнд байхдаа 2 метр орчим өндрөөс унасны улмаас 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баруун хөлийн өсгийн шөрмөсийг тайрч авах, баруун хөлийн гажсан өсгийн ясыг авах, спонгиоса пластикийн тусламжтайгаар хөдөлгөөнгүй бэхлэх, өсгийн ясны эргэх, дотогш нугарах хөдөлгөөнийг хязгаарлах, 7,0 мм хэмжээтэй давхар резьба бүхий титан шрүпээр яснуудыг холбох хагалгаанд орж, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн болох нь тус эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх 17-18 хуудас/

Дээрх эмчилгээний явцад эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж, эмчлүүлсэн зардал, эмийн зардалд нийт 24,554,357.20 төгрөг / 5353.68 евро буюу 15,790,143.80 төгрөг, 35.06 евро 103,000.59 төгрөг, 108.92 евро 322,610.15 төгрөг, 108.92 евро 327,775.13 төгрөг, 52.26 евро 156,626.62 төгрөг, 58.01 евро 172,428.34 төгрөг, 2337.14 евро 6,946,891.56 төгрөг, 52,26 евро 156,707.36 төгрөг, 39,81 евро 118,657.29 төгрөг, 101.20 евро 301,829 төгрөг/- ийн зардал гарсан болох нь хавтас хэргийн 23-26, 29-34, 43-50, 54 дэх хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож, нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангасан байх ба валютын ханшийг хавтас хэргийн 55-64 хуудсанд авагдсан Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг үндэслэн нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон байна.

Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүн явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Б.А.С.Э О.Ф ХХК-иас 24,554,357.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч А.Б.А.С.Э О.Ф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 280,722 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ              ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

 

Д.ХУЛАН