Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00438

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00438

 

 

Э.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/03567 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ЭК ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ0500190008 тоот зээлийн гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн  тоот улсын дугаартай, тоот арлын дугаартай,  маркийн тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:Э.Бл нь 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ЗГ0500190008 тоот гэрээг ЭК ББСБ ХХК-тай байгуулж, 5 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ЗГ0500190008 тоот эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн  тоот арлын дугаартай, дугаарт гэрчилгээтэй,  тоот улсын дугаартай, Т маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөх эрхийг ЭК ББСБ ХХК-д шилжүүлсэн. Энэхүү зээлийн хөрөнгөөр Э.Бл нь нөхөр Ө.Б-н хамт ДВ ХХК-ийн үйлчилгээ болох Чэжү арал руу аялахад барьцаа болгох зорилгоор зээлсэн. Уг зээл авах асуудлыг анх ЛВ ХХК-ийн захирал А.Т санал болгосон бөгөөд өөрсдийн хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтран ажилладаг "ЭК ББСБ" ХХК-аас зээл гаргаж өгье хэмээн санал болгосон.

Үүний дагуу ЭК ББСБ ХХК-тай уулзахад тээврийн хэрэгсэлийн бичиг баримтууд байхад л асуудалгүй гэж ойлгуулсан бөгөөд улмаар шууд гэрээ байгуулагдсан. Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлийг олгох байх гэж бодсон боловч харамсалтай нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийг олгоогүй. Уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед ЭК ББСБ ХХК нь Э.Б-тэй байгуулсан гэрээний дагуу олгох ёстой зээл 5 000 000 төгрөгийг А.Т гэгчийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн баримтуудаа анх гаргаж өгсөн. Энэ баримтыг гаргах хүртэл хугацаанд ЭК ББСБ ХХК зээлээ олгоогүй, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээ байгуулагдсан үеэс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн төлөлт хийж байгаагүй, хариуцагчийн зүгээс ч зээлээ төлөхийг шаардаж байгаагүй.

Э.Бл Төд 5 000 000 төгрөгийг шилжүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаар хариуцагчтай ярьж ч байгаагүй. Хэрэв үнэхээр шилжүүлэх байсан бол А.Т бус ЛВ ХХК руу шилжүүлэх хүсэлт өгөх байсан. Учир нь Чежү арал руу аялах гэрээг уг хуулийн этгээдтэй байгуулсан. ЛВ ХХК-ийн зүгээс олон хүмүүсийг залилан мэхэлж, Чэжү арал руу аялах боломжгүй болсон бөгөөд зээлийн санхүүжилт шаардлагагүй байсан тул уг банк бусаас зээлээ олгохыг шаардаж байгаагүй. Өнөөдрийн байдлаар надад уг зээл нь шаардлагагүй болсон.

Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон. Зээлийн гэрээнээс татгалзаж байна. ЗГ0500190008 тоот "Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээнээс нэгэн адил татгалзаж, уг гэрээнээс татгалзаж байгаатай холбогдуулан  тоот улсын дугаартай,  тоот арлын дугаартай, Тоёота маркийн тээврийн тээврийн хэрэгсэлийг буцаан шилжүүлэн авахаар шүүхэд хандаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Бл нь хариуцагч ЭК ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Э.Бл, Ө.Б нар Чэжү арал руу аялах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулсан. Аялал жуулчлалын гэрээний баталгаа болох 5 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага зээлдүүлсэн. Нэхэмжлэгч н.Т гэж хувь хүний данс руу мөнгө шилжүүлсэн байна гэжээ. Гэтэл аялал жуулчлалын гэрээнд мөнгө шилжүүлэх хүний дансны дугаарыг бичээд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч нар нь зээл авахдаа А.Тийн Хаан банкны данс руу 5 000 000 төгрөгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Гэрчийн мэдүүлэг дээр Ө.Б над руу утсаар ярьсан, мөнгийг чинь шилжүүлсэн гэж хэлдэг.

Мөн нэхэмжлэгч Аялал жуулчлалын гэрээ хэрэгжихгүй болсон тул гэрээнээс татгалзаж байна гэжээ. Манайх зээлдэгчийн хүсэлтийн дагуу өөр хүний дансанд мөнгийг шилжүүлсэн. Аялал жуулчлалын гэрээ хэрэгжих боломжгүй болоход зээл авсан банк бус санхүүгийн байгууллагаас мөнгөө гаргуулахаар дайрч байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч харилцах данс болон зээлийн дансыг ялгахгүй байх шиг байна. Зээлдэгчийн харилцах данс гэж тусдаа байдаг, тэр дансаар хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож явдаг. Нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .ЭК ББСБХХК-д холбогдох  улсын дугаартай, арлын дугаартай, Тоёота  маркийн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Э.Блд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Э.Бл зээлийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн, энэ нь нотлогдсон гэж шүүх үзсэн байна. ЭК ББСБ ХХК-иас зээлсэн зээлийн хөрөнгө болох 5 000 000 төгрөг нь Солонгос улсын визний барьцаанд хэрэглэгдэхээр зориулагдсан. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр А.Тийн гэрчийн тайлбарыг үндэслэж Зээл олгосон хэмээн дүгнэсэн. Э.Бл нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ийнхүү зөвшөөрөл өмнө ч, хожим ч олгоогүй гэдгээ илэрхийлсээр байхад шүүх бусдыг залилсан этгээдийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

ЭК ББСБ ХХК болон А.Т нар нь Хамтран ажиллах гэрээний дагуу аялалаар явах гэж буй хүмүүсийн визний барьцааны мөнгөн хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлүүлж, түүний үндсэн дээр А.Т хувь авдаг болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл энэ үйлдэл нь дан ганц Э.Бл дээр бус уг хариуцагч байгууллагаас маш олон удаагийн ийм үйлдэл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Энэ нөхцөлд эдгээр этгзздүүд нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд тогтсон жишгийг баримталж Э.Блээс асуухгүйгээр шууд зээлийн А.Т шилжүүлсэн байх маш өндөр магадлалтай нь харагдсан.

Ө.БҮТХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлэх мөнгөн дүн нь Аялал жуучлалын төлбөр бол Э.Б-ийн ЭК ББСБ ХХК-иас зээлсэн зээлийн зориулалт нь Визний барьцаа юм. 2 өөр зориулалттай төлбөрийн асуудал яригдаж байхад анхан шатны шүүх Э.Блийг А.Тийн өмнө үүрэг хүлээсэн, уг үүргээ гүйцэтгэсэн гэж шууд үзсэн нь хэргийг судлаагүй, хэт нэг талд ажилласан нь харагдаж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, хуулийн этгээдийн зохион байгуулалттай, маш олон дүрэм, журам дагаж мөрдөх үүрэгтэй байгууллага зээл гаргасан, зээл төлүүлсэн тухай бүрийг баримтжуулж, баталгаажуулах ёстой. А.Тт зээлийг шилжүүлэх эрх олгосон ямар ч баримт байдаггүй.

ЭК ББСБ ХХК-ийн зүгээс зээлийг зохих журмын дагуу олгосон бол зээлийн хуваарь зөрчигдсөн өдрөөс л зээлийг төлүүлэхээр араас нь хөөцөлдөх учиртай. Шүүхэд хандсаны дараагаар л А.Тт зээлийг шилжүүлсэн болохыг мэдсэн. ЭК ББСБ ХХК-ийн зүгээс ямар ч хохирол амсахгүй бөгөөд А.Төөс мөнгөө буцаагаад авах бүрэн боломжтой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Э.Бл нь хариуцагч ЭК ББСБ ХХК-д холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ЗГ0500190008 тоот зээлийн гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд гэрээгээр /фидуци/ шилжүүлсэн тоот улсын дугаартай,  тоот арлын дугаартай, Тоёота маркийн тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээл 5 000 000 төгрөгийг зохих ёсоор шилжүүлсэн гэж маргажээ. /хх 1, 20, 122-124/

 

Зохигч 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус бичгээр байгуулж гэрээнд гарын үсэг зурсанд маргаангүй./хх 6-10/ Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлвэл зохих 5 000 000 төгрөгийг зээлдүүлэгч нь иргэн А.Тийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмаар тал бүрээс нь харьцуулан үнэлж чадаагүй, нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийснээс 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ЭК ББСБ ХХК-иас Э.Блд 5 000 000 төгрөгийн зээл олгох шийдвэр гарч, зээлдэгч Э.Бл нь зээлийн шимтгэлд 125 000 төгрөгийг мөн өдрийн 15 цаг 34 минутад төлсөн, мөн өдрийн 16 цаг 09 минутад зээлдүүлэгчээс А.Тийн Хаан банк дахь 5429373902гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. /хх 62, 65, 66/

 

 Мөн анхан шатны шүүх гэрч А.Тийн Э.Бл манайхаар аялалд явахаар зуучлуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын Чежү аралд аялахаар тохиролцсон. Нэхэмжлэгч өөрөө надад би энэ мөнгөө шилжүүлчихье гээд над руу шилжүүлсэн гэх мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үнэлсэн гэж үзэхээргүй байна. /хх 85-87/ Түүнчлэн анхан шатны шүүх уг шилжүүлгийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, ийм даалгавар өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн тайлбараа нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй гэж нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсэн байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.3-д зааснаар зээлийг зээлдэгчийн харилцах дансанд шилжүүлэхээр талууд тохиролцсон ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн. /хх 6/

 

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох юм. Түүнчлэн зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцохоор тус хуульд заасан бөгөөд талуудын тохиролцсон хэлбэр нь зээлдэгчийн харилцах дансанд шилжүүлэх, бэлнээр авах тохиолдолд зээлдэгч зээлийн хөрөнгийг хүлээн авсан өдрөөс зээлийн хугацаа эхлэхээр байна. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох юм.

 

Иймд зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансаар шилжүүлэхээр тохиролцсон байхад өөр үйлдэл хийж иргэн А.Тийн дансанд зээлийн 5 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх ба уг шилжүүлэг хийхэд нэхэмжлэгч зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгчээс тайлбараа нотлох үүрэгтэй гэж анхан шатны шүүх нотолгооны хувиарлалтыг буруу хийсэн гэж үзнэ. Харин нэхэмжлэгчийн зөвшөөрсөн дансанд буюу А.Төд шилжүүлэхийг нэхэмжлэгч хариуцагчид даалгасан гэх тайлбараа хариуцагч нотолсон нөхцөлд нэхэмжлэгч уг нотлох баримтыг үгүйсгэх замаар мэтгэлцэх учиртай.

 

Түүнээс гадна иргэн А.Т нь хариуцагч ЭК ББСБ ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь хариуцагчийн тайлбар, гэрч А.Тийн мэдүүлэг болон хамтран ажиллах гэрээгээр нотлогдсон. /хх 59-60/ Хамтран ажилладаг ашиг сонирхол нэгтэй талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар эргэлзээтэй баримт гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Хэргийн баримтаар зээлдэгч Э.Бл дээрх 5 000 000 төгрөгийг хүлээн авсан, ашиг олсон гэх байдал нотлогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ хариуцагч эргэлзээгүй баримтаар нотлоогүй.

 

Зээлийн гэрээ хэрэгжээгүй, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэхэмжлэгч урьдчилан сануулах, нэмэлт хугацаа тогтоохгүйгээр мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, ийнхүү татгалзсанаар уг зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дах хэсэгт зааснаар дуусгавар болсон.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. Салгаж үл болох эрхэд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан фидуцийн гэрээний дагуу үүссэн шаардах эрх хамаарна. Үндсэн гэрээний шаардах эрх дуусгавар болсон тохиолдолд нэмэгдэл үүрэг буюу салшгүй эрх дуусгавар болох юм. Иймд фидуцийн гэрээний зүйлийг буцаан өгөх үүрэг хариуцагчид үүссэж байна. Хариуцагч нь фидуцийн зүйл болох тоот улсын дугаартай, тоот арлын дугаартай, Тоёота маркийн тээврийн хэрэгслийг бодитойгоор өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй болно. /хх 87/

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгын хүрээнд Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 171.1-д зааснаар хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийш нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэх нь зүйтэй тул Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллагад даалгах замаар бүртгэлд өөрчлөлт оруулах нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/03567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.6 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  улсын дугаартай, тоот арлын дугаартай, Тоёота  маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Э нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгасугай гэж,

 

2 дах заалтыг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 210 600 төгрөийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ЭК ББСБ ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Блд олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД