Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 109/2017/0028/З |
Дугаар | 221/МА2017/0742 |
Огноо | 2017-10-24 |
Маргааны төрөл | Газар, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0742
2017 оны 10 сарын 24 өдөр | Дугаар0221/МА2017/0742 | Улаанбаатар хот |
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109/ШШ24017/0038 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.Э 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” а/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтад нэмэлт оруулах тухай” а/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109/ШШ2017/0038 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” а/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” а/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Нэхэмжлэгч “Э” ХХК Архангай аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвөөс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/12 дугаар захирамжаар Архангай аймгийн Төвшрүүлэх суманд тариалан эрхлэх зорилгоор 1604 га газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан баримтуудыг бүрдүүлэн шилжүүлэн авсан. Энэ талаарх баримтууд Архангай аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвийн 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр албан бичиг, “Э” ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 09/15 дугаар албан бичгүүд байсаар атал шүүхээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын захирамжид заасан Архангай аймгийн Засаг даргын бөгөөд Өмчийн албаны даргын 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01/20 дугаар албан бичгээс өөр нотлох баримт байгаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр Архангай аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв нь тухайн маргаан бүхий газрыг 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр авсан байдаг ба Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан эрхийн дагуу газраа бусдад шилжүүлсэн байдлыг дүгнэж үзсэнгүй.
2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй 2013 оны Засгийн газрын 38 дугаар тогтоолын 6-д “...Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах бүрд Байгаль, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай...” гэж заасан байдаг.
Нэгдүгээрт, газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрт өөрчлөлт оруулах үед ашиглагдана, шилжүүлэх асуудалд хамааралгүй,
Хоёрдугаарт, Архангай аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвд газар эзэмшүүлэх цаг хугацаанд дээрх тогтоол батлагдаагүй,
Гуравдугаарт, тогтоолын уг заалт 2016 онд өөрчлөлт орсон байгааг анхааралгүй “Э” ХХК-д хамааруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
3.Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл нь төсөвт байгууллагад эзэмшүүлэх тухай зохицуулалт бөгөөд төсвөөс санхүүждэггүй Архангай аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв болон өнөөдрийн газар эзэмшигч “Э” ХХК-д хамааруулсан нь ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр Архангай аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв нь анх тухайн маргаан бүхий газрыг авахад аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд гарснаар олгогдсон байдаг.
4.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн а/75 дугаар захирамжид Газрын тухай хууль зөрчсөн, Засгийн газрын 38 дугаар тогтоол, багийн иргэдийн нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа үндэслэл байгаа боловч хамаарах заалтыг дурдалгүй, бүрхэг байдлаар гарсан, иргэдийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нотлох баримт байхгүй, 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хуралдсан гэх баримтыг нөхөн бүрдүүлж өгсөн байдлуудыг харахад сумын Засаг даргын гаргасан шийдвэр нь өөрөө хууль бус юм.
Сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэгч талын газар эзэмших эрхийг цуцалсан шалтгаанаа өөр өөрөөр тайлбарладаг. Тухайлбал, өөр компанид сонгон шалгаруулалт өгнө, малын бэлчээрийн газаргүй болсон, ажилчдын цалин олгоогүй учраас, манайд ашигтай компанид өгнө гэх мэтчилэн янз бүрээр тайлбарладаг байдлаас харахад сумын Засаг даргын хувьд субьектив ашиг сонирхол байгааг үгүйсгэхгүй.
Малын бэлчээр бүхий газар гэж тайлбарладаг боловч өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн бүс нутагт тариалан тарьдаг байсан тухай тэмдэглэл, “Э” ХХК-д аймгийн Засаг даргын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаар албан бичигт газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар тариалангийн газарт хамаардаг тухай тодорхойлсноос үзэхэд бэлчээрийн газар гэж үзэх үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болгох заалт байдаг ба Архангай аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвийн хувьд энэ заалтанд заасан газар эзэмших эрх дуусгавар болоогүй ба татан буугдснаар газар эзэмших эрх нь автоматаар дуусна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан татан буугдсан үйл баримтыг харахад Архангай аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв нь татан буугдахаас өмнө буюу 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч талд газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйл баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.
6.Маргаан бүхий акт нь “Э” ХХК-д хамааралтай атал шүүх “..Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн төсөл шалгаруулалт, дуудлага худалдаа явуулалгүйгээр эзэмшүүлсэн байна..” гэж дүгнэсэн нь эргэлзээтэй болсон.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 109/ШШ2017/0038 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бус харин хариуцагчаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анх Тариалан эрхлэлтийг дэмжих Дундын үйлчилгээний техникийн төвд 1604 га газрыг үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмыг баримталсан эсэх нь нэхэмжлэгчид үл хамаарах асуудал бөгөөд харин уг төвийг татан буулгасантай холбогдуулан дээрх газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлэхдээ мөн л төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмыг баримтлаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх тухай зохицуулалт нь тухайн шатны Засаг даргын буюу хариуцагчийн шийдвэр гаргахдаа баримтлах шаардлага болохоос бус тухайн газрыг эзэмшихийг хүссэн этгээдэд хүлээлгэсэн үүрэг биш болно.
Гэвч хуулийн энэхүү зохицуулалтын хүрээнд бус харин Архангай аймгийн Засаг даргаас Тариалан эрхлэлтийг дэмжих Дундын үйлчилгээний техникийн төвийг татан буулгах тухай аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаар тогтоол гарахаас өмнө буюу 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01/20 дугаар албан бичгээр 1064 га газрыг “Э” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхийг хүссэний дагуу, мөн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвөөс эзэмшил газраа нэхэмжлэгчид шилжүүлэх тухай 2015 оны 1 дүгээр сарын 19-ний 01 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлт зэргийг үндэслэн гарсан сумын Засаг даргын мөн оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/12 дугаар газрын шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж нь нэхэмжлэгчийн тухайд эерэг үйлчлэл бүхий захиргааны акт байна.
Аймгийн Засаг даргын иргэдийн Хуралтайгаа зөвшилцөлгүйгээр гаргасан “чиглэл”-ийн дагуу орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшилд байсан газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй байхыг үгүйсгэхгүй, түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу хууль зөрчсөн захирамжаа өөрөө хүчингүй болгох эрхийн хүрээнд хариуцагчаас нэхэмжлэгчид эерэг үйлчлэл бүхий шийдвэрийг хүчингүй болгосноор түүнд ямар эрсдэл, хохирол үүсч болохыг тооцох учиртай.
Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газарт “Э” ХХК-иас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, эргэн тойрон хашаажуулсан, тариалалт явуулснаас гадна хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж /үр тарианы комбайн, МТЗ-1221.2 дугуйт трактор, сийрүүлүүр, лидер, үр тарианы үрлүүр, хор цацагч, үр тариа ачигч/-ийг зээлээр худалдан авахаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлж, их хэмжээний зардал гаргаж хөрөнгө оруулалт хийсэн нь хэрэгт авагдсан гэрээнүүд, зарлагын баримт, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байгаа байх тул эдгээр нь хүчин төгөлдөр захирамжийн хүрээнд хийгдсэн хууль ёсны харилцаа бөгөөд харин хууль бус захирамж гаргаснаас үүсэн гарах хохирлыг нэхэмжлэгчид хариуцуулах нь шударга ёсны зарчимд үл нийцнэ.
Тэр тусмаа Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Б 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн а/68 дугаар захирамжаар өөрийн урьд гаргасан захирамж болох газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн а/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн а/75 дугаар захирамжаар а/68 дугаар захирамжид “...Газрын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоол, багийн иргэдийн нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа тул...” гэж захирамжийн үндэслэлийг тодруулж, нэмэлт оруулсан нь хэлбэрийн хувьд захирамжаа хуульд нийцүүлж буй мэт боловч агуулгаараа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсноос гадна захирамжийн үндэслэл баримтаар хангалттай нотлогдохгүй байна.
Ер нь Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан журмын дагуу газар эзэмших эрх олгосон ба орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшиж буй газар нь орон нутгийн өмчид хамаарна.
Хэрэв хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Б нь хууль бус гэж үзэж буй шийдвэрээрээ анхнаасаа тухайн газрыг эзэмшүүлээгүй байсан тохиолдолд “Э” ХХК тус газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж алдагдалд орохгүй, тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгслийг худалдан авахгүй байх бүрэн боломжтой байжээ.
Мөн “багийн иргэдийн нийтийн эрх ашгийг зөрчсөн” гэж “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
Гэхдээ нэхэмжлэлийн хүрээнд маргаан бүхий актыг хүчингүй болгох байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь учир дутагдалтай, учир нь тухайн газрыг эзэмшүүлэх процесс зөрчигдсөн байх магадлалтайгаас гадна нэхэмжлэгчийн газар эзэмших хугацаандаа гаргасан гэх зөрчлүүдийн шинж байдал болон дээрх бодит нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109/ШШ2017/0038 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” а/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” а/75 дугаар захирамжуудыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН