Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

И.Мөнхжаргалд холбогдох захиргааны зөрчлийн тухай

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Гачмаа, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

     

         Гомдол гаргагч Д.Тогтохсүрэн

         Зөрчил гаргагч И.Мөнхжаргал

         Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын гаргасан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч Д.Тогтохсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор И.Мөнхжаргалд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Гачмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэг Төмөр замын эмнэлэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич инженер, эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхангай аймаг дахь Ардчилсан намын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 5 дугаар баг 24-01А тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Ишжамцын Мөнхжаргал /Регистрийн дугаар ЧЛ78112177/

И.Мөнхжаргал нь Өвөрхангай аймгийн Засаг дарга, аймгийн Монгол ардын намын дарга Д.Тогтохсүрэн болон аймгийн Монгол ардын намыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай мессеж ашиглан гүтгэн доромжлох хуурамч мэдээлэл тараасан гэх зөрчилд холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шүүгчийн захирамжаар:

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр И.Мөнхжаргалыг захиргааны хариуцлагаас чөлөөлж;

Өдрийн сонины 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №067 дугаар 1 ширхэг, Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдийн 2016-2017 оны цаг тооны бичиг 2 ширхэг, “UPL” гэсэн бичигтэй CD 1 ширхэг зэргийг зөрчлийн материалд хавсарган үлдээж,

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Д.Тогтохсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тайлбартаа:    

Давж заалдах гомдлын шаардлага: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай.

Тайлбарлах нь:

1. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал нь аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6 дахь заалтыг илтэд зөрчсөн юм. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж бүхий л нотлох баримтаар тогтоогоод, цугларсан нотлох баримтаа үнэлсэний үндсэн дээр И.Мөнхжаргалд хариуцлага хүлээлгэхээр шүүхэд материалыг хүргүүлсэн байхад шүүгч М.Мандахбаяр цугларсан нотлох баримтынхаа эсрэг агуулгаар буюу И.Мөнхжаргалыг буруугүй хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүгч М.Мандахбаяр нь хууль буруу хэрэглэж, шүүгчийн хуульд захирагдах зарчмыг үл тоож, улс төрөөс айсан, эмээсэн байдлаар асуудалд хандаж миний эрх ашгийг зөрчиж байгаад нь гомдолтой байна.

2. Миний бие аймгийн Ганданпунцоглин хийд нь өөрийн эрхлэн гаргасан 2016 оны цаг тооны бичигт миний зөвшөөрөлгүйгээр миний мэндчилгээ болон зургийг хэвлүүлсэн явдлыг тогтоон шалгаж, хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн 2 дахь гомдлыг гаргасан бөгөөд түүнийг шүүгч М.Мандахбаяр нь хавтаст хэрэгт бүхий л нотлох баримтууд байсаар байхад шийдвэрлэлгүй орхиж, материалыг цагдаагийн байгууллага руу буцаах замаар шүүгчийн үүргээ биелүүлэхгүй байгаад нь гомдолтой байна. Иймд аймгийн Ганданпунцоглин хийдийн эрхлэн гаргасан цаг тооны бичигтээ миний зөвшөөрөлгүйгээр миний мэндчилгээ, зургийг тавьсан буруутай үйл ажиллагааг нь тогтоож, хуульд заагдсан хариуцлага хүлээлгэх шаардлагатай байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар захирамжийг хүчингүй болгож, И.Мөнхжаргал болон аймгийн Ганданпунцоглин хийдийн буруутай үйл ажиллагааг тогтоож, тэдгээрт хуульд заагдсан хариуцлагыг хүлээлгэж, миний гомдлыг барагдуулж өгнө үү.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн намайг 2016-2017 оны цаг тооны бичгийг хэвлүүлж, түүнд мэндчилгээ болон зураг хэвлүүлж нийтэд тараан Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн 2016 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж, миний нэр төрд халдсан. Уг асуудлаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна. Учир нь миний урьд гаргасан гомдол, тайлбаруудад аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргалд хариуцлага хүлээлгэж өгөхийн зэрэгцээ Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн миний зүгээс сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй болохыг тогтоож өгөхийг хүссэн ч анхан шатны шүүхийн шийдвэрт намайг буруугүй болохыг тогтоосон нэг ч үг тусгагдаагүйд гомдолтой байна. Энэ асуудлыг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 134 дүгээр захирамжаар цаг тооны бичиг нь Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан.

Иймд та бүхэн уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ миний зүгээс Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл байхгүй болохыг тогтоон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон зөрчил гаргагч И.Мөнхжаргал гаргасан тайлбартаа:

Миний хувьд өдрийн сонинд нэг удаа ярилцлага өгсөн. Би худлаа зүйл яриагүй, сонгуулийн жил Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн зураг болон мэндчилгээтэй цаг тооны бичиг хэвлэгдэж тараагдсан нь үнэн. Иргэд бол Д.Тогтохсүрэнг л тараасан гэж үзэж байгаа. Өнөөдөр анх удаагаа өөрийнх нь амнаас цаг тооны бичгийг тараагаагүй  гэж хэлэхийг нь сонслоо. Төсвийг батлахдаа элдэв, уралдаан тэмцээнд зориулж зарцуулах мөнгө гаргахгүй гэдэг талаар ярьж шүүмжилж ирсэн. 2012 оны сонгуулиар Монгол ардын нам Сонгуулийн хууль зөрчсөн гэдгийг захиргааны хэргийн болон иргэний хэргийн шүүх тогтоосон. Надад худал мэдээлэл тарааж гүтгэе гэсэн санаа бодол байхгүй. Өөрийнхөө үзэл бодлыг сонинд өгсөн ярилцлага дээрээ чөлөөтэй илэрхийлсэн. Хэрэв Д.Тогтохсүрэн нэр дэвшвэл сонгуулийн хууль зөрчсөн зөрчил болно гэдгийг хэлж байсан. Одоо нэр дэвшчихсэн байгаа. Намайг Д.Тогтохсүрэнг гүтгэсэн гэсэн асуудал яригдаж байгаа учир уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн. Иймд энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Гомдол гаргагч Д.Тогтохсүрэн гаргасан тайлбартаа:

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар шүүхээр тогтоогдоогүй асуудлаар хууль зөрчсөн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн нь намайг гүтгэсэн асуудал. Цагдаагийн байгууллага И.Мөнхжаргалын үйлдлийг шалгаж сонгуулийн хуулийг зөрчсөнийг тогтоосон байхад шүүгч тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Жил бүр Ганданпунцоглин хийдээс уламжлал болгон гаргадаг цаг тооны бичгийг намайг захиалж хийлгэж тараасан гэж нэр хүндэд минь халдсан. Би захиалаагүй, мөнгийг нь төлөөгүй, уг цаг тооны бичиг нь сонгуулийн хууль батлагдахаас өмнө хэвлэгдсэн гэдэг нь нотлогдсон. Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ганданпунцоглин хийдээс өгсөн уг цаг тооны бичгийг үзэхэд цаг тооны бичгийн 1 дэх нүүрэнд миний мэндчилгээ зураг, 14 дэх нүүрэнд мөн зураг тавигдсан байхаар нь миний сонгох сонгогдох эрхэнд нөлөөлж болзошгүй гэж үзэж, Ганданпунцоглин хийдийн захиргаанд албан бичиг явуулж мэндчилгээ, зургийг хасуулах арга хэмжээ авсан. Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар Ганданпунцоглин хийдээс 1936 ширхэг цаг тооны бичгийг авч ахмадууддаа цагаан сарын бэлгэнд өгсөн. Санхүүжилтыг нь халамжийн сангаас хийсэн. 2016 онд залуучуудын хөгжлийг дэмжих зорилтод жилийн зардалд иргэдийн хурлаас 200 000 000 төгрөг төсөвлөгдсөн байсан. Залуучуудын жилийг дэмжих арга хэмжээ 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Энэ  арга хэмжээнд би огт оролцоогүй. И.Мөнхжаргалын сонинд өгсөн ярилцлагаас болж Тогтохсүрэн сонгуулийн хууль зөрчсөн гэж гадуур тархсан байгаа.  Иймд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө энэ асуудлыг шүүх хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Гомдол гаргагч Д.Тогтохсүрэнгээс 2016 оны 04 дүгээр сарын 22-нд аймгийн ардчилсан намын дарга И.Мөнхжаргалд холбогдуулан гаргасан гомдолтой, аймгийн Ганданпунцоглин хийдийн хууль бус ажиллагаанаас хамааралтай эсэхийг тогтоолгох, мөн Д.Тогтохсүрэнг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” зорилтот жил болгон зарласан ажлын хүрээнд хийгдэж буй аймгийн 2016 оны төсөвт тусгагдсан арга хэмжээнд оролцсон гэсэн гомдол гаргасан байхад Цагдаагийн байгууллага нь уг үйл ажиллагааг шалгаж тогтоолгүй Сонгуулийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй захиргааны зөрчлийн материалыг шилжүүлсэнг анхааралгүй анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт зааснаар И.Мөнхжаргалыг захиргааны хариуцлагаас чөлөөлсөн нь буруу бөгөөд, анхан шатны шүүхээс зөрчил гаргагчид захиргааны хариуцлага ногдуулаагүй байхад, давж заалдах шатны шүүхээс зөрчлийг өөрөө тогтоон, захиргааны хариуцлага ногдуулж шийдвэрлэх  эрх зүйн үндэслэлгүй, мөн шүүгчийн захирамжийг зөвтгөх боломжгүй байна.

Иймд гомдол гаргагч Д.Тогтохсүрэнгийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах гэсэн хэсгийг хангаж, Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй болохыг тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, И.Мөнхжаргалд холбогдох захиргааны зөрчлийн материалыг Д.Тогтохсүрэнгийн гаргасан гомдлын үндэслэл тус бүрээр дахин шалгуулахаар Цагдаагийн байгууллагад буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, И.Мөнхжаргалд холбогдох захиргааны зөрчлийн материалыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт буцаасугай.

2. Магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                         ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                                                            Н.ГАЧМАА