Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 83

 

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч Т.Ариунаа,

Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самдан  овогт Жамбалын Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 201615000235 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1974 оны 02 дугаар сарын 04-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, 14-01 тоотод оршин суух,
улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Самдан овогтой Жамбалын Эрдэнэ-Очир. РД: ЙВ74020610

Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хаяа худгийн зоо” гэх газар өөрийн эзэмшлийн 61-61 ӨВР улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхээс өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, орчны байдлыг биеэр шалгалгүйгээр хөдөлгөөн эхэлж, өөрийн төрсөн охин Э.Мөнхбаясгаланг болгоомжгүйгээр дайрсны улмаас Э.Мөнхбаясгалангийн амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Анхаарал болгоомжгүйгээс болж өөрийн төрсөн охины амь насыг хохироосондоо маш их харамсаж байна” гэв.

Хохирогч Т.Ариунаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Т.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үдээс өмнө манай нөхөр Ж.Эрдэнэ-Очир нь ээж Ч.Чойгондулам, төрсөн дүү Ж.Батбаатар, Ж.Батбаатарын эхнэр О.Шинэцэцэг, төрлийн С.Нямсүрэн, С.Нямсүрэнгийн охин Н.Отгонцэцэг, Ж.Эрдэнэ-Очир найз болох Эрээн, манай дунд охин Ж.Мөнхцацрал тэгээд талийгаач (охин) маань энэ манай 61-61 ӨВР улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашинаар Өвөрхангай аймгийн Баянгол сум руу хадам ээж Ч.Чойгондуламын тэтгэврийг авах ажилтай явцгаасан. ... Ж.Батбаатар удаж удаж нэг утсаа аваад хүн ухаан алдчихлаа гэхээр нь хэн юм бэ? гэж асуутал танай бага гэж хэлэхээр нь яасан юм бэ? гэж асуутал зүгээр байж байгаад ухаан алдчихлаа ухаан орохгүй байхаар нь эмнэлэг дуудаад эмнэлэг ирээд аваад явчихлаа гэж хэлэхээр нь ... би ямар ч гэсэн яваад очъё гэж бодоод Ганбаатар гэгч хүргэн рүүгээ залгаад бид 2 Баянгол сум руу аймгийн төвөөс гарсан. ...Баянгол сум руу орох дөхөж байхад утасны сүлжээ орохоор нь хадам ээж рүү залгатал алдчихлаа нэмэргүй болчихлоо гэж хэлсэн. ...Өвөрхангай аймгаас цагдаа нар ирсэн. Тэгээд Жамбаа эгчийн гэрийн гадаа очоод үзлэг хийсэн. Тэр үед л охиныгоо (талийгаачийг) аавынхаа автомашины дугуйнд дайрагдаад нас барсан гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Т.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчим манай хамаатан хүмүүс болох Ж.Батбаатар, О.Шинэцэцэг, Ч.Чойгондулам, С.Нямсүрэн, Энхцацрал, С.Нямсүрэнгийн охин нар Ж.Эрдэнэ-Очирын “Hyundai starex” автомашинтай ирсэн. Би хоолоо идчихээд хүмүүл түүх гээд явсан. Хүмүүлээ түүгээд гэртээ ороод удаагүй байхад Ж.Эрдэнэ-Очир ах гэрийн гадаа хүүхдээ дайрчихлаа гээд орилоод байхаар нь гэрээсээ гарахад Ж.Эрдэнэ-Очир ах хүүхдээ тэврээд уйлаад би хэрэггүй хөдөлж гээд уйлаад байсан. ...Ж.Эрдэнэ-Очир анх ирэхдээ автомашинаа гэрийн эгц урд талд зүүн урагш харуулаад тавьсан байсан. ...Ж.Эрдэнэ-Очирыг гадаа орилоход нь гарахад гэрийн баруун урд талд баруун хойш харсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Ц.Жамбаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 07 дугаар сарын 15-нд 18 цагийн орчим манай төрөл садангийн хүмүүс болох Ч.Чойгондулам, Ж.Батбаатар, О.Шинэцэцэг, С.Нямсүрэн, С.Нямсүрэгийн охин нэрийг нь мэдэхгүй, Энхцацарал нар Ж.Эрдэнэ-Очирын “Hyundai starex” автомашинтай ирсэн. Тэгээд дээрхи хүмүүс манайд хоол цай идчихээд гарцгаасан. Гэрт С.Нямсүрэн манай төрсөн хүүхдүүд Т.Чулуунцэцэг, Т.Цолмон нар байсан. Тэгсэн гадаа хүмүүс уйлж орилолдохоор гэрээсээ гарахад Ж.Эрдэнэ-Очир хүүхдээ тэвэрчихсэн уйлаад чарлаад байсан. ... Ж.Эрдэнэ-Очир манай гэрт анх ирж зогсохдоо автомашинаа манай гэрийн урд талд зүүн урагш харуулж тавьсан. ... Хүмүүс орилоход гэрээсээ гарч ирэхэд “Hyundai starex” автомашин гэрийн баруун урд талд баруун хойш харсан байдалтай байсан. ... Талийгаач гэрийн гадна байсан. Дөнгөж ирээд гэрт унтаж байгаад гадаа тоглох гээд гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч С.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би охин Н.Отгонцэцэгийн хамтаар 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн өглөө ... Ж.Эрдэнэ-Очирын 61-61 ӨВР гэсэн улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашинтай Ж.Эрдэнэ-Очир хоёр охинтойгоо, Ж.Эрдэнэ-Очирын дүү нь эхнэр хүүхэдтэйгээ, Ж.Эрдэнэ-Очирын найз гэх нэг залуу, Ч.Чойгондулам эгч бид хэд тэр өдрийнхөө үдээс өмнө Баянгол сум руу явсан. ... Тэр оройдоо сумын төвөөс урд 7-8 километрт байрлах Ц.Жамбаа эгчийнд очсон. ... Бид хэд ингэсхийгээд хөдлөө гэж хэлээд Ц.Жамбаа эгчийн саванд хийж өгсөн сүүг Ж.Эрдэнэ-Очир нь автомашиндаа оруулж тавихаар гарсан. Тэгээд бид хэд гэртээ байж байтал гэнэтхэн хүн орилоод уйлж хашгираад байхаар нь гараад хартал Ж.Эрдэнэ-Очир талийгаач охиноо тэвэрчихсэн уйлаад сууж байсан. ... Тэнд байсан хүмүүс хүүш ээ хүүхдээ дайрчихлаа ш дээ гээд орилж чарлаад байхаар нь би Ж.Эрдэнэ-Очирт чи яагаад хүүхдээ дайрчихлаа гэж хэлсэн шиг санагдаж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Гэрч О.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Баянгол сумын төвөөс урагш 10-аад км-т байрлах Ц.Жамбаа эгчийнд бид нар очсон. Тэгээд тэднийд очоод нөхөр бид 2 хоол цай идэж уучихаад хонь малнаас нь саалцаад ишиг хургыг нь ялгалцаад байж байтал хонь нь нийлэх гээд байхаар нь хонийг урагш туухаар нөхөр бид 2 хоёул явсан. Нөхөр бид хоёрыг хонио эргүүлэх гээд явах үед Ж.Эрдэнэ-Очир ах автомашиныхаа урд хамрыг нь сөхчихсөн юм хийгээд янзлаад үлдсэн. Ж.Эрдэнэ-Очир ахын хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Бүгд гэр дотор байсан. харин талийгаач нь гэр дотор орж гараад л гүйгээд байсан. Нөхөр бид 2 хонио урагш туугаад явж байтал араас нь нэг хүн даллаад дуудаад байхаар нь эхлээд манай нөхөр гүйгээд яваад очсон. Би араас нь тайван алхаад очтол Ж.Эрдэнэ-Очир ах талийгаачийг тэвэрчихсэн уйлаад сууж байхаар нь яасан юм гэж бодоод байж байтал Ж.Эрдэнэ-Очир ахын тэнд байсан хүмүүс хүүхдээ дайрчихлаа яах вэ? гэж бужигнаж байгаад Баянгол сумын эмнэлэгт дуудлага өгч түргэн дуудсан. Түргэн тусламж нэлээн удаж байж ирээд талийгаачийг өнгөрчихсөн байна гэж хэлээд талийгаачийг аваад түргэний машин нь явсан. ... Намайг очиход талийгаачийн хамраас нь цус гарчихсан, царай нь цонхийчихсон ямар нэгэн ухаан байхгүй, хөдөлгөөн байхгүй болчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

Гэрч Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Ж.Эрдэнэ-Очир ахын 61-61 ӨВР гэсэн улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашинтай эхнэр хоёр хүүхдээ аваад, С.Нямсүрэн эгч охин Н.Отгонцэцэгтэйгээ, Ж.Эрдэнэ-Очир ах мөн 2 охинтойгоо, ээж Ч.Чойгондулам, Ж.Эрдэнэ-Очир ахын найз Эрээнээ ах бид хэд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үдээс өмнө Баянгол сум руу явсан. Тухайн үед би Ж.Эрдэнэ-Очир ахын машиныг унаж явсан. ... Тэр оройдоо сумын төвөөс урагш 8, 9 километрт байрлах Ц.Жамбаа эгчийнд бид нар очсон. Тэднийд очоод эхнэр бид хоёр хоол цай идэж уучихаад хонь мал саалцахад нь тусалж хурга ишигнээс нь ялгалцаад байж байтал хонь нь нийлэх гээд байхаар нь хонийг ургашаа туухаар эхнэр бид 2 явсан. Эхнэр бид хоёрыг хонио эргүүлэх гээд явах үед Ж.Эрдэнэ-Очир ах автомашиныхаа урд хамрыг
нь сөхчихсөн автомашиныхаа гал доголдоод байна гээд янзлаад үлдсэн. Ж.Эрдэнэ-
Очир ахад тусалж байсан хүн байхгүй. Ирсэн хүмүүс бүгд гэр дотор байсан. Тэгээд
эхнэр бид хоёр хонио урагшаа туугаад явж байтал араас нэг хүн даллаад дуудаад
байхаар нь би эхлээд гүйгээд яваад очсон. Эхнэр араас алхаад ирсэн. Намайг
гэрийн гадаа гүйгээд очиход Ж.Эрдэнэ-Очир ах талийгаач охиноо тэвэрчихсэн уйлаад
сууж байсан. Ж.Эрдэнэ-Очир ахыг тэнд байсан хүмүүс хүүхдээ дайрчихлаа яах вэ гэж
бужигнаж тэвдэцгээгээд байсан. ... Түргэн тусламж удаж байж ирээд талийгаачийг
үзээд нас барчихсан байна гэж хэлээд талийгаачийг сумын төв рүү аваад явсан.
... Намайг очиход талийгаач ямар нэгэн ухаан байхгүй, хөдөлгөөн байхгүй болчихсон
байсан. Мөн хамар болон чихнээс нь цус гарчихсан, царай нь цайгаад цонхийчихсон
байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цэдэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай найз Ж.Эрдэнэ-Очир над руу яриад хоёулаа хамт Баянгол сум орчихоод ирье манай ээж тэтгэвэр хөөцөлдөх ажилтай болчихоод гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд ...Баянгол сумаас урагш 10 километрт байрлах хөдөөний айлд очсон. Тэднийд орж цай уучхаад Ж.Эрдэнэ-Очир бид 2 ирээд автомашин өөдөө газар хааз авахгүй байна гэж Ж.Эрдэнэ-Очир хэлээд автомашиныхаа галаар нь Ж.Эрдэнэ-Очир оролдсон. Би хэсэг Ж.Эрдэнэ-Очирт тусалж байгаад Эрдэнэ-Очир гайгүй болчихлоо гэхээр би тэр айлд орж хоол идсэн. Тэгтэл нөгөө айл нэг шил архи гаргаж өгсөн. Ж.Эрдэнэ-Очирын дүү нь эхнэрийгээ дагуулаад хонь мал саалцах гээд гэрээс гараад явсан. Ж.Эрдэнэ-Очир уг архинаас огт уугаагүй. Би уг архинаас хоёр гурван удаа татсан. Тэгээд бид хоорондоо ойр зуурын юм ярилцаж байж байгаад ингэсхийгээд хөдөлцгөөе гэж хэлсэн. Тэр айлын хөгшин саванд сүү хийгээд савлаад байж байтал Ж.Эрдэнэ-Очир нь гэрээс уг савтай сүүнүүдийг аваад гараад явчих шиг болсон. Тэгээд нөгөө айлд би хэсэг суугаад байж байтал Ж.Эрдэнэ-Очирын автомашин асаад хөдлөх шиг болохоор нь гэрээс гараад хартал Ж.Эрдэнэ-Очирын бага охин нь автомашины явсан зам чиглэл дагуу түрүүлгээ хараад хэвтчихсэн байхаар нь би Ж.Эрдэнэ-Очирыг автомашинаараа тойрч зогсоод буугаад ирэхээр нь Очироо хүүхэд чинь унтчихсан юм уу гэж асуутал Ж.Эрдэнэ-Очир хэвтэж байгаа хүүхэд рүүгээ шууд гүйж очоод орилоод хүүхдээ бариад авсан. Тэгэхээр нь би наанаас нь яваад очтол хүүхэд нь автомашин явсан зам дээр байж байсан. Ж.Эрдэнэ-Очир нь хүүхэд рүүгээ явж очоод хүүхдээ босгож тэврээд би хүүхдийнхээ дээгүүр нь гараад явчихсан байна ш дээ гэж хэлээд орилоод байсан. ... Талийгаачийг Ж.Эрдэнэ-Очир газраас аваад тэврэхэд талийгаачийн бие нь ямар ч удирдлагагүй гулжганаад явчихсан. ... Ж.Эрдэнэ-Очирыг гэрээс гарах үед талийгаач ямар ч байсан гэр дотор байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Гэрч Ж.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Баянгол сум руу Ч.Чойгондулам эгчийн хүү болох Ж.Эрдэнэ-Очир ахын 61-61 ӨВР гэсэн улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашинтай ээж бид хоёр Ж.Эрдэнэ-Очир хоёр охинтойгоо, Ж.Эрдэнэ-Очирын дүү нь эхнэр хүүхэдтэйгээ, Ж.Эрдэнэ-Очирын найз гэх нэг залуу Ч.Чойгондулам эгч бид хэд үдээс өмнөдөө Баянгол сум руу явсан. ... Сумын төвөөс урагш Ц.Жамбаа гэх айлд очсон. Тэднийд очоод бид хэд хоол цай идэж уучхаад би ээжийн хамтаар гэрээс гараагүй. Ц.Жамбаа эгч нэг архи задалж өгөөд тэрнээс Ж.Эрдэнэ-Очир ахын найз нь ганц хоёр татсан. Ж.Эрдэнэ-Очир огт уугаагүй. Ж.Эрдэнэ-Очирын дүү нь эхнэртэйгээ Ц.Жамбаа эгчид хонь малаас саалцаж туслахаар гэрээс гараад гадуур байсан. Мөн Ж.Эрдэнэ-Очир ахын хоёр охин ч гэсэн гарч ороод л байсан. Ж.Эрдэнэ-Очир ах автомашин нь болохгүй байна гээд автомашинаа янзалж байгаад хоол болчихлоо орж ирж ид гэхэд гаднаас орж ирсэн. Бид орой болчихсон ингэсхийгээд явъя гээд Ц.Жамбаа эгч саванд сүү савлаад байж байтал Ж.Эрдэнэ-Очир ах савласан сүүг автомашиндаа оруулж тавихаар гарсан. Бид хэдийг гэрт байж байтал Ж.Эрдэнэ-Очир ахын автомашин хөдлөөд зогссон. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал Ж.Эрдэнэ-Очир ахын охин нь түрүүлгээ хараад автомашин явсан мөрөн дээр өвсөн дунд хэвтэж байсан. Тэгтэл Ж.Эрдэнэ-Очир цаанаас гүйж ирээд охиноо энгэртээ тэврээд би охиноо дайрчихлаа ш дээ гээд уйлаад байсан. ... Намайг харахад Ж.Эрдэнэ-Очир ахын охиных нь хамраас цус гарчихсан, ямар нэгэн хөдөлгөөнгүй, үг хэлэхгүй байсан. Би сумын эмнэлэгт дуудлага өгч мэдэгдсэн. Түргэн тусламж ирээд охиныг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч Ч.Чойгондуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүү Ж.Эрдэнэ-Очирын автомашинаар хүү Ж.Батбаатар эхнэр, О.Шинэцэцэг, хамаатан С.Нямсүрэн, С.Нямсүрэнгийн охин Н.Отгонцэцэг, мөн Ж.Эрдэнэ-Очирын 2 охин, Ж.Эрдэнэ-Очирын найз гэх нэг залуугийн хамтаар үдээс өмнө  Баянгол сум руу явсан. Тэтгэврээ авах гэтэл бүтэмж муутай байж байгаад банк хаахаас өмнө арайхийж өмнө тэтгэврээ аваад оройтчихсон. Сумын төвөөс урагш Ц.Жамбаа нөхрийнхөө дүүгийнд яваад очсон. Бид хэд хоол цай идэж уучихаад би огт гэрээс гараагүй. Тэр үед Ж.Эрдэнэ-Очир автомашин болохгүй байна гээд намайг биеэ засах гээд явж байхад надад хэлж байсан. Ж.Эрдэнэ-Очир нь машинаа ухаж янзлаад байсан.  Жамбаа эгч нь нэг шил архи задалж өгөөд тэрнээс Ж.Эрдэнэ-Очирын найз нь ганц хоёр татсан байх. Ж.Эрдэнэ-Очир огт уухгүй гэж байсан. Тэр үед миний хүү Ж.Батбаатар нь эхнэртэйгээ Жамбаа эгчийн хонь малаас нь хариулж тус болохоор гараад явсан. ...  Тэгтэл гэнэт гадаа хүн муухай орилоод хашгираад явчихаар нь би таягаа тулаад гэрээс алхаж ядаад гартал Ж.Эрдэнэ-Очир нь охиноо тэвэрчихсэн тойроод хүмүүс овоорчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Техникийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №95 тоот: “... 61-61 ӨВР улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Ж.Эрдэнэ-Очир нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь заалт “... Жолооч хөдөлгөөн эхлэхээс өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчиж анхаарал болгоомжгүй тээврийн хэрэгслийг жолоодож өөрийн охин Э.Мөнхбаясгаланг дайрсан байна. 61-61ӨВР улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашины жолооч Ж.Эрдэнэ-Очирын дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан байна. Техникийн бүрэн бүтэн байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна. 3амын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболдын гаргасан зам тээврийн осол дээр тогтоосон акт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 54 тоот: “... Талийгаачийн биед, гавал болон суурь ясны хугарал, няцрал, тархины эдийн хүнд няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу, тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8, 10-11 дүгээр хуудас/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 11 дүгээр  хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №08/10 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 75-80 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирын ял шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 67-71 дүгээр хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хаяа худгийн зоо” гэх газар өөрийн эзэмшлийн 61-61 ӨВР улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхээс өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, орчны байдлыг биеэр шалгалгүйгээр хөдөлгөөн эхэлж, өөрийн төрсөн охин Э.Мөнхбаясгаланг болгоомжгүйгээр дайрсны улмаас Э.Мөнхбаясгалангийн амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Ариунаагийн “... Жамбаа эгчийн гэрийн гадаа очоод үзлэг хийсэн. Тэр үед л охиныгоо (талийгаачийг) аавынхаа автомашины дугуйнд дайрагдаад нас барсан гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, гэрч Т.Цолмонгийн “... Хүмүүлээ түүгээд гэртээ ороод удаагүй байхад Ж.Эрдэнэ-Очир ах гэрийн гадаа хүүхдээ дайрчихлаа гээд орилоод байхаар нь гэрээсээ гарахад Ж.Эрдэнэ-Очир ах хүүхдээ тэврээд уйлаад би хэрэггүй хөдөлж гээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэрч Ц.Жамбаагийн “...Тэгсэн гадаа хүмүүс уйлж орилолдохоор гэрээсээ гарахад Ж.Эрдэнэ-Очир хүүхдээ тэвэрчихсэн уйлаад чарлаад байсан. ...Ж.Эрдэнэ-Очир манай гэрт анх ирж зогсохдоо автомашинаа манай гэрийн урд талд зүүн урагш харуулж тавьсан. ... Хүмүүс орилоход гэрээсээ гарч ирэхэд Старекс автомашин гэрийн баруун урд талд баруун хойш харсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47-48/, гэрч С.Нямсүрэнгийн “... Бид хэд гэртээ байж байтал гэнэтхэн хүн орилоод уйлж хашгираад байхаар нь гараад хартал Ж.Эрдэнэ-Очир талийгаач охиноо тэвэрчихсэн уйлаад сууж байсан. ...Тэнд байсан хүмүүс хүүш ээ хүүхдээ дайрчихлаа ш дээ гээд орилж чарлаад байхаар нь би Ж.Эрдэнэ-Очирт чи яагаад хүүхдээ дайрчихваа гэж хэлсэн шиг санагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/, гэрч О.Шинэцэцэгийн “... Нөхөр бид 2 хонио урагш туугаад явж байтал араас нь нэг хүн даллаад дуудаад байхаар нь эхлээд манай нөхөр гүйгээд яваад очсон. Би араас нь алхаад очтол Ж.Эрдэнэ-Очир ах талийгаачийг тэвэрчихсэн уйлаад сууж байхаар нь яасан юм гэж бодоод байж байтал ...тэнд байсан хүмүүс хүүхдээ дайрчихлаа яах вэ? гэж бужигнаж байгаад Баянгол сумын эмнэлэгт дуудлага өгч түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, гэрч Ж.Батбаатарын “...Эхнэр бид хоёр хонио урагшаа туугаад явж байтал араас нэг хүн даллаад дуудаад байхаар нь би эхлээд гүйгээд яваад очсон. Эхнэр араас алхаад ирсэн. Намайг гэрийн гадаа гүйгээд очиход Ж.Эрдэнэ-Очир ах талийгаач охиноо тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Ж.Эрдэнэ-Очир ахыг тэнд байсан хүмүүс хүүхдээ дайрчихлаа яах вэ гэж бужигнаж тэвдэцгээгээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/, гэрч Б.Цэдэвдоржийн “...Ж.Эрдэнэ-Очир нь хүүхэд рүүгээ явж очоод хүүхдээ босгож тэврээд би хүүхдийнхээ дээгүүр нь гараад явчихсан байна ш дээ гэж хэлээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/, гэрч Ж.Отгонцэцэгийн “...Бид хэдийг гэрт байж байтал Ж.Эрдэнэ-Очир ахын автомашин хөдлөөд зогссон. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал Ж.Эрдэнэ-Очир ахын охин нь түрүүлгээ хараад автомашин явсан мөрөн дээр өвсөн дунд хэвтэж байсан. Тэгтэл Ж.Эрдэнэ-Очир цаанаас гүйж ирээд охиноо энгэртээ тэврээд би охиноо дайрчихлаа ш дээ гээд уйлаад байсан. Би сумын эмнэлэгт дуудлага өгч мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/, гэрч Ч.Чойгондуламын “...гэнэт гадаа хүн муухай орилоод хашгираад явчихаар нь би таягаа тулаад гэрээс алхаж ядаад гартал Ж.Эрдэнэ-Очир нь охиноо тэвэрчихсэн тойроод хүмүүс овоорчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/, Техникийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №95 тоот дүгнэлт /хх-ийн 30/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 54 тоот дүгнэлт /хх-ийн 34/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8, 10-11/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 11/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-13/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №08/10 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 21-23/, шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 67-71/, шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэг үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирыг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирын  эзэмшлийн 61-61 ӨВР улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашин  битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, хэрэгт хураагдаж ирсэн ¹0253240 дугаартай 67-61 ӨВР улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт буцаан олгож, Ж.Эрдэнэ-Очирын ¹420144 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Самдан овгийн Жамбалын Эрдэнэ-Очирыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Самдан овогт Жамбалын Эрдэнэ-Очирыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 61-61 ӨВР улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдсан ¹0253240 дугаартай 67-61 ӨВР улсын дугаартай “Hyundai starex” маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт буцаан олгож, Ж.Эрдэнэ-Очирын ¹420144 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР