Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 146

 

“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн

татварын газрын татварын улсын байцаагч

Ц.Б, А.Т нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа   

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                      Б.Мөнхтуяа

                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.Б, А.Т нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 дугаар татварын улсын байцаагчийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актын “Тогтоох” хэсгийн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0771 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0154 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Н.К, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагч А.Т,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0771 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, Нягтлан болох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч А.Т нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 49.832.221,2 /дөчин есөн сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин нэг/ төгрөгийг хасч багасган, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 29.355.819,3 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0154 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0771 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “...тогтоосугай” гэснийг “... тогтоож, актын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн захирал Н.К хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... маргаан бүхий захиргааны актаар тогтоосон торгууль, хүү нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хугацаанд хамаарахаар байхад чөлөөлөхгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчаас тухайн зөрчлийг хэзээ гаргасан болохыг тогтоох боломжгүй байгаа ба үүнээс болоод нэхэмжлэгчийн өршөөлийн хуульд хамрагдах эсэх нь тодорхойгүй болсон тул эрх зүйн байдал дордуулахгүй байх үүднээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн “29.1.8-д “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж...”, 30.1.5-д “хууль дээдлэх...” гэж заасан. Гэтэл хариуцагч нараас маргаан бүхий актыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5.2-т “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гаргасан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно”, татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагаанд баримтлах Татварын Ерөнхий газрын даргын 2014 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7 17.4-т “Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тогтоолыг хүлээн авснаас хойш Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар 7 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах, эсвэл| Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэх”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11.4-т “дараах тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй, 11.4.4-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж заасныг тус тус зөрчсөн.

4. Учир нь тухайн асуудлын талаарх эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 118 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн прокурорын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2703 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон атал дээрх хууль, журамд заасан хугацаа өнгөрснөөс хойш ажиллагаа явуулсан тул нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой актын хэсэг нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

5. Татварын улсын байцаагч нараас анх 2013 оны 8 падааныг хий бичилттэй, зөрчилтэй гэж үзэж байсан. Гэтэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д а” ХХК-тай холбоотой хоёр, “А о” ХХК-тай холбоотой хоёр худалдан авалтыг хариуцагч нараас зөрчлийг дутуу шалгасан болохыг тогтоосон. Үүнтэй адилаар бусад падаанууд ч бодит худалдан авалтад үндэслэсэн бөгөөд холбогдох анхан шатны баримтууд нь галд шатаж устсан, үүнийг харьяа онцгой байдлын байдлын газрын тодорхойлолтоор нотолсон. Өөрөөр хэлбэл, шүүхүүд бидний хүндэтгэн үзэх шалтгааныг тооцоогүй, энэ талаар дүгнэсэнгүй. Манай компанийн зүгээс худалдагчаас өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуулийн дагуу татварын тайланд тусгаж явсан бөгөөд харин худалдагч компани нь тухайн татварыг төлөхөөс зайлсхийж, тайландаа тусгаагүйн хариуцлагыг хүлээх нь шударга бус бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд тэдгээрээс хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нөхөн татвар нь хуулийн хариуцлага, шийтгэл биш тул энэ асуудлаар Эрүүгийн хэрэгт шалгагдсан этгээдүүд нь улсын төсөвт орох татварыг төлөхөөр болсон байхад нэг зүйлд өөр этгээдээс дахин гаргуулахаар татварын акт тогтоож байгаа нь үндэслэлгүй.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:  

7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, А.Т нарын үйлдсэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 дугаар актын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар “2013-2015 онд аж ахуйн нэгжийн орлогын, хувь хүний орлогын, нэмэгдсэн өртгийн, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар тус тус ногдуулсан албан татваруудыг хуулийн хугацаа хэтрүүлэн төсөвт төлсөн” гэх зөрчилд 49,240 төгрөгийн торгууль, 25,212 төгрөгийн алданги, 2 дахь заалтаар “2015 онд 44,126,592,1 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчилд 4,412,659.2 төгрөгийн нөхөн татвар, 2,206,329.6 төгрөгийн торгууль, 13,238.0 төгрөгийн хүү, 3 дахь заалтаар “2013 онд “А о”, “Д а”, “С т” ХХК-иудын “хий бичилт”-тэй нэмэгдсэн өртгийн албан татварын 8 ширхэг падааныг ашиглаж 590,995,435.3 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаж, төсөвт төлөх татварыг бууруулсан” гэх зөрчилд 59,099,543.5 төгрөгийн нөхөн татвар, 5,018,181.8 төгрөгийн торгууль, 8,363,636.4 төгрөгийн алданги нийт 79,188,040.5 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон; нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 029 дүгээр тогтоолоор 5,053,294.8 төгрөгийн торгууль, 8,381,518.4 төгрөгийн алданги нийт 13,434,813.2 төгрөг /актын 3 дахь заалтын гэх/-ийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, улмаар 63,512,202.7 төгрөгийн нөхөн татвар, 2,220,456.6 төгрөгийн торгууль, 7,330.0 төгрөгийн алданги, 13,238.0 төгрөгийн хүү зэрэгт нийт 65,753,227.3 төгрөг төлүүлэхээр төлбөрийн хэмжээг багасгажээ.

9. Актын 2 дахь заалтад хамаарах зөрчлийг нэхэмжлэгчийн цахим хэлбэрээр гаргасан 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангуудад тусгагдсан борлуулалтын дүнгийн зөрүүгээр илрүүлсэн болохыг, 3 дахь заалтад хамаарах зөрчил нь татварын улсын байцаагчийн бичсэн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 290000686 дугаар дүгнэлтийн хүрээнд болохыг хариуцагч татварын улсын байцаагч нар нь үгүйсгээгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Хэрэгт, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2012, 2013, 2014, 2015 онуудын санхүүгийн баримт нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гал түймэрт шатсан талаарх Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тодорхойлолт, 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 87/2055 дугаар “Гал унтраасан тухай нотломж” авагдсан, татварын улсын байцаагч нар нь “Э” ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг татварын хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, цахим санд илгээсэн татварын тайлан, санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн шалгаж, нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалтын дүн 2015 оны жилийн эцэст өссөн дүнгээр 2015 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтаас 44,126,592.1 төгрөгөөр зөрсөн, уг зөрчлийг татварын улсын байцаагч нар нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр илрүүлснээс гадна тухайн зөрчил нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх борлуулалтад хамаарна гэх баримт тогтоогдоогүй байна.

11. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна”, 10.2-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус зааснаас үзэхэд 2015 оны 12 дугаар сард гаргаж 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн актаар торгууль, хүү тооцсон хариуцлагыг уг хуулийн үйлчлэлд хамааруулах үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

12. Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... хариуцагчаас тухайн зөрчлийг хэзээ гаргасныг тогтоох боломжгүй байгаа ба үүнээс болоод нэхэмжлэгчийн өршөөлийн хуульд хамрагдах эсэх нь тодорхойгүй болсон тул эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэх гомдлыг хангах боломжгүй, актын 2 дахь заалтаар ногдуулсан торгууль төлүүлэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

13. Түүнчлэн, татварын хянан шалгалтаар илрүүлсэн зөрчилд татвар нөхөн ногдуулах, татварын хариуцлага хүлээлгэх, татварын хууль, тогтоомжийн актаар тодорхойлсон захиргааны зөрчилд захиргааны шийтгэл хүлээлгэх харилцааг Татварын хууль тогтоомжоор тусгайлан зохицуулсан, уг харилцааг Захиргааны хариуцлагын тухай /уг хуулийг Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/ хуулиар зохицуулаагүй учир нэхэмжлэгчийн гаргасан “... акт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5.2, 11.4.4-т заасныг зөрчиж захиргааны шийтгэл ногдуулсан” гэсэн агуулгатай гомдол үндэслэлгүй байна.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор Т.О-ын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 464 тоот тогтоолоор сэжигтнээр тооцогдсон “Э” ХХК-ийн захирал Х.Ч нь 2013 онд “А о” ХХК-ийн хуурамч бичилттэй 5 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 396,449,989 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнаж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж түүнд холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон; мөн прокурорын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 118 тоот тогтоолын 1 дэх заалтаар сэжигтэн Ц.Ч нь “Д ” ХХК-ийн НӨАТ-ын падааныг ашиглан бусад аж ахуйн нэгжүүдэд хуурамч борлуулалт хийж хуурамч баримт бичиг үйлдсэн нь нотлогдоогүй гэж холбогдох үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон; Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор П.Н-ын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2703 тоот тогтоолоор “Содмайк транс” ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдэг ашиглан нэр бүхий компаниудад борлуулалт хийсэн мэтээр НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийж, бусдад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэх үндэслэлээр сэжигтнээр шалгагдсан Я.Н нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуулиар холбогдох эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

15. Эндээс үзвэл, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн худалдан авалтад бичиж олгосон “Дээд арал” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0013814957 дугаар, 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0013814958 дугаар падаануудыг “хий бичилт”-тэй буюу бодит биш борлуулалтад олгогдсон болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй, уг падаанд холбогдох этгээдийг гэм буруугүй гэсэн байхад татварын улсын байцаагч нар нь уг 2 падааныг зөрчилтэй гэж үзсэн нь үндэслэлгүйгээс гадна эдгээрт тусгагдсан 167,272,727.0 төгрөгийн борлуулалтын орлогод “Д а” ХХК нь, 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0013288514 дугаартай падааны 176,313,636.3 төгрөгийн борлуулалтад, 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 0013288535 дугаартай падааны 20,909,091.0 төгрөгийн борлуулалтад “Арвижих одод” ХХК нь тус тус нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тус тус тогтоогдсон, үүнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

16. Харин бусад 4 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд холбогдох нэхэмжлэгчийн худалдан авалт нотлогдоогүй, борлуулагч талаас “бодитой биш” худалдан авалтад падаан олгосон, татвар төлөөгүй болох нь Прокурорын тогтоолоор тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... анхан шатны баримтууд галд шатаж устсан хүндэтгэн үзэх шалтгааныг тооцоогүй,... худалдагчаас өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг татварын тайланд тусгаж явсан бөгөөд тухайн худалдагч компани нь татварыг төлөхөөс зайлсхийж, тайландаа тусгаагүй хариуцлагыг хүлээх нь шударга бус,... эрүүгийн хэрэгт шалгагдсан этгээдүүд нь татварыг төлөхөөр болсон байхад нэг зүйлд өөр этгээдээс дахин гаргуулахаар татварын акт тогтоосон нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

17. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 221/МА2019/0154 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                         Ч.ТУНГАЛАГ