Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00389

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00389

 

 

С.М, С.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М, С.Э нарын Д ХХК, У.Б нарт холбогдуулан гаргасан гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Жанчив, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч С.М, С.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М, С.Э нар 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Бтэй Тариалангийн талбай түрээслэх, хамтран уринш хийх тухай гэрээ байгуулж, тус компанийн эзэмшлийн 209 га газар болон Аргамаг хурд ХХК-аас түрээсэлсэн гэх 154 га талбайд уринш хийж, тариалан эрхлэх зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр нэхэмжлэгч нарын зүгээс уринш хийхэд шаардлагатай дизель түлш, ир, хүнс, газрын түрээсийн төлбөр болон ажлын хөлсийг хариуцах, хариуцагч талаас уринш хийхэд шаардлагатай газрыг ашиглах боломжоор ханган, техник тоног төхөөрөмж, ажилчдыг хариуцаж, хамтран ажиллахаар болсон. Хариуцагч Д ХХК нь дээрх гэрээг байгуулах үедээ Аргамаг хурд ХХК-ийн эзэмшлийн 154 га газрыг түрээсийн журмаар 3 жил эзэмших эрхтэй гэж тайлбарласнаар талууд гэрээний 4 дүгээр заалтад Уринш хийж байгаа 209 га, 154 га талбайд бичиг баримт, захиргаа гэх мэт маргаан гарвал Д ХХК хариуцна гэж зааж өгсөн. Нэхэмжлэгч нарын зүгээс гэрээнд заасны дагуу Д ХХК-ийн эзэмшлийн 209 га газарт Д ХХК-аар уринш хийлгүүлсэн. Харин түрээсээр эзэмшдэг гэх 154 га газарт ЭТҮХХК-аар уринш хийлгүүлсэн бөгөөд уг 154 га газарт уринш хийлгүүлэх зардал болон түрээсийн төлбөрт 25 752 000 төгрөгний зардал гаргасан. Ийнхүү нэхэмжлэгч нарын зүгээс уринш хийлгэсэн дээрх 154 га талбайдаа тариалалт хийхээр очиход уг газарт Аргамаг хурд ХХК-ийн зөвшөөрлөөр Элсэн цагаан ХХК тариалалт хийсэн байсан. Ингээд нэхэмжлэгч нар нь Д ХХК болон Аргамаг хурд ХХК-д хандан биднийг хохиролгүй болгож өгөөч гэж хандсан боловч хэн алин нь хариу өгөөгүй. Нэгэнт тухайн газарт Элсэн цагаан ХХК тариалалт хийсэн учраас нэхэмжлэгч нарын зүгээс тухайн газрын гэрээнд зааснаар ашиглах боломжгүйд хүрч, хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 25 752 000 төгрөгийн хохирлыг амсаад байна. Иймд 154 га газарт хөрөнгө оруулсан зардал нийт 25 752 000 төгрөгийг Д ХХК болон У.Б нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд хариуцагчаар Д ХХК, Аргамаг хурд ХХК, Л.Дашням, У.Б нарыг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Аргамаг хурд ХХК, Л.Дашням нараас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 25 752 000 төгрөгийг Д ХХК болон У.Б нараас нэхэмжилж байна.

Хариуцагч У.Б болон хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Мөнхбаяр гэх хүн нь анх надтай утсаар холбогдож таньд уринш хийгээд тариа тарьчих газар байна уу гэж асуусан. Үүний дагуу миний бие маргааны зүйл болоод байгаа газрын эзэнтэй холбогдож уринш хийж түрээслүүлэхээр холбож өгсөн. Ингээд Б.Мөнхбаяр нь надтай тухайн газрыг түрээслэж, уринш хийлгэх тухай гэрээг байгуулсан байдаг. Тухайн гэрээнээс надад зөвхөн ажилчдынхаа цалинг тавьж өгөх л ашигтай байсан. Ингээд манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Б.Мөнхбаярын түрээслэж байгаа газарт ажлаа хийхээр очиход танайхаар уринш хийлгэхгүй, мөнгөний бололцоогүй болчихлоо гэж хэлэхэд нь гэрээ байгуулсан байж яагаад больж байгаа юм бэ бид нар 200 километрийн цаанаас трактороо аваад хүрээд ирчихсэн байхад гэхэд мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл Б.Мөнхбаяр дараа нь ЭТҮХХК-аар гэх компаниар уринш хийлгэсэн гээд тухайн зардлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд ЭТҮХХК-аар уринш хийлгэсэн гэх баримттай танилцаад хуурамчаар бүрдүүлсэн баримт гэж үзэж байгаа. Учир нь уринш хийлгэсэн гэх төлбөр тооцооны актыг харвал дан тэгш тоо байдаг. Бодит байдал дээр тухайн төлбөр тооцооны актад бичигдсэн шиг бүх зардал нь тэгийн тоогоор төгсөх боломж байхгүй. Тэгээд ч Б.Мөнхбаяр тухайн компанитай гэрээ байгуулахдаа надтай байгуулсан гэрээнээс илүү өндөр үнээр тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Б.Мөнхбаяр надтай байгуулсан гэрээндээ хоолны зардалд 300 000 төгрөг төсөвлөсөн байсан бол ЭТҮХХК-тай байгуулсан гэрээнд 1 000 000 гаруй төгрөгийг хоолны зардалд төсөвлөсөн байдаг. Мөн уг гэрээнд уринш хийлгэхэд 2 жолооч түрээсэлж, хоногийн ажлын хөлсийг 250 000 төгрөгөөр тооцсон бөгөөд 40 хоног ажиллуулсан гээд тэр талаараа гэрчээс мэдүүлэг авч тухайн гэрч нь 6-7 сард уринш хийсэн гэж мэдүүлэг өгөх байдлаар хуурамч нотлох баримт цуглуулж тухайн уринш хийсэн зардал гэх 13 000 000 төгрөгийг нэхэмжлээд байдаг. Гэтэл бодит байдал дээр тухайн 154 га газрыг 3 хоногт л хагалаад дуусгачихыг ямар ч мэргэжлийн хүн хараад хэлнэ. Тэр рапсны үр худалдаж авсан гэх 6 000 000 төгрөгийн тухайд тухайн үр нь одоо хүртэл байж байх ёстой ямар нэг байдлаар гашилна, муудна гэж зүйл байхгүй. Миний хувьд нэхэмжлэгч нарыг тухайн үрийг бусдад зарсан эсхүл өөрсдөө хэрэглэсэн гэж үзэж байгаа. Би нэхэмжлэгч нараас надаас нэхээд байгаа 6 000 000 төгрөгийн рапс чинь хаана байгаа юм, би худалдаж авъя гэж асуухаар агуулахад байгаа гэж хариулдаг хэрнээ зарах, зарахгүй талаар огт юм ярьдаггүй. Иймд миний бие нэхэмжлэгч нарыг тухайн рапсыг аль хэдийн зарсан эсхүл ашиглачихсан хохиролгүй гэж үзэж байгаа. Түрээсийн төлбөрийн тухайд нэхэмжлэгч нар нь тухайн газрын өмчлөгч болох Аргамаг хурд ХХК-ийн захиралтай уулзаад түрээслэх талаараа болон надаар уринш хийлгэх болсон талаараа хэлж харилцан тохиролцсон. Гэтэл Аргамаг хурд ХХК, нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж тухайн талбайд өөр хүнээр тариалалт хийлгэчихсэн юм байна лээ. Нэхэмжлэгч нарын хувьд надтай 6 сард та гэрээний үүргээ зөрчиж өөр хүнд уринш хийлгэх талбайг ашиглуулчихлаа гэж холбогдсон. Гэтэл түүнээс өмнө аль хэдийн 4-5 сард тухайн газрыг Аргамаг хурд ХХК бусдад түрээслүүлээд тухайн хүн нь уриншаа хийгээд, хашаа татаж тариалалтаа хийчихсэн байсан. Миний хувьд Б.Мөнхбаяртай байгуулсан гэрээгээр тухайн газрын харж хамгаалах, хашаа барих үүрэг хүлээгээгүй байхад намайг гэрээгээ зөрчсөн, уринш хийгээгүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд ч нэхэмжлэгч нар надаар уринш хийлгэхгүй гэж хэлж байсан. Тэр түрээсийн төлбөр гэх 6 000 000 төгрөгийг миний бие яах уу гэж Аргамаг хурд ХХК-ийн захирлаас асуухад та аваад ир гэж хэлсэн. Үүний дагуу миний бие нэхэмжлэгч нартай уулзаад гэрээ байгуулж тухайн түрээсийн төлбөрийг бэлнээр аваад 4 000 000 төгрөгийг нь Аргамаг хурд ХХК-ийн захирал н.Дашням гэх хүний данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа яг тодорхойлж чаддаггүй байнга өөрчилдөг. Хамгийн сүүлд л гэхэд надад холбогдуулан Төв аймгийн шүүхэд 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Аргамаг хурд ХХК болон Л.Дашням шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн С.М, С.Э нарын нэхэмжлэлтэй, Д ХХК, У.Б, Аргамаг хурд ХХК, Л.Дашням нарт холбогдох, иргэний хэрэгт Л.Дашням, Аргамаг хурд ХХК нар нь хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хариуцагч Аргамаг хурд ХХК болон Л.Дашням нарт холбогдох, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Иймд Аргамаг хурд ХХК болон Л.Дашням нар хариуцагч биш тул ямар нэгэн тайлбар бичих шаардлагагүй байна. Мөн хариуцагч биш болсонтой холбоотой 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасанг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 327 дугаар зүйлийн 327.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Бөөс 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нар олгож, нэхэмжлэгч нарын хариуцагч Д.Ц ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 752 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь хариуцагч Аргамаг хурд ХХК, Л.Дашням нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн ЭтүХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан Анхбаяр гэх этгээдийг гэрчээр дуудаж гэрчийн мэдүүлэг авсан талаарх нотлох баримт байсан бөгөөд дээрх шийдвэрийг гаргахдаа нотлох баримтыг дутуу үнэлсэн, үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж болохоор байна. Гэрч Анхбаяр нь 154 га газарт ажил хийсэн талаараа хангалттай зүйлсийг мэдүүлсэн байдаг. Тухайн мэдүүлгээс нь ЭтүХХК маргаан бүхий 154 га газар дээр 2 удаагийн газар хагалалт буюу хавалтын ажил хийгдсэн байгаа үйл баримт тогтоогдож байгаа нь харагддаг. Мөн ЭтүХХК-аас 2018 оны 10 сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбартаа маргаан бүхий 154 га талбайд 2 удаагийн газар хагалалт буюу хавалтын ажлыг 2016 оны 8 сараас 2016 оны 9 сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд 13 752 100 төгрөгийг бэлнээр хүлээн авснаа, төлбөр хүлээн авсныг баталгаажуулсан баримтад гарын үсэг зурсанаа захирал Ж.Элбэгсайхан нь шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж бичгээр ирүүлсэн.. Тус компани нь нэхэмжлэгч нараас авсан төлбөрийг компанийн тайлан балансдаа тусгаагүй, ажилчидтайгаа шууд, бэлнээр тооцоо хийснээ дээрх тайлбартаа тод дурдсан. Гэтэл шүүхээс энэхүү гэрчийн мэдүүлэг болон маргаан бүхий 154 га газарт хагалалт, хавалтын ажлыг хийсэн ЭтүХХК-ийн ирүүлсэн тайлбаруудыг огт үнэлэлгүйгээр шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт уг гэрээнүүд хэрэгжсэн эсэх, уг гэрээний дагуу төлбөр төлсөн эсэх ь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй нотлох баримтыг дутуу үзэж дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. 2017 оны 5 сарын 12-ны өдрийн нэхэмжлэгч С.М болон Ж.Батжаргал нарын хооронд хийгдсэн Рапсны үр худалдах, худалдан авах гэрээний 4.1-т төлбөрөө 100 хувь төлнө гэж заасан. Гэтэл шүүхээс энэ гэрээ танилцсан эсэх эргэлзээтэй бөгөөд гаргасан шийдвэрт нь гэрээ хэрэгжсэн эсэх тодорхойгүй гэж дүгнэж, тухайн рапсын үр худалдаж авсаныг үгүйсгэсэн нь шүүх оролцогчийн нотлох баримт гаргах, түүнийгээ шүүхээр үнэлүүлэх эрхэнд ноцтой халдаж байна гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 19 752 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.М, С.Э нар нь хариуцагч Д ХХК, Аргамаг хурд ХХК, У.Б, Л.Дашням нарт холбогдуулан хохирол 25 752 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хариуцагч Аргамаг хурд ХХК болон Л.Дашням нарт холбогдох нэхэмжлэлээ татан авч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.М, С.Э болон Д ХХК-ийн хооронд Тариалангийн талбай түрээслэх, уринш хийх тухай гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нар нь уринш хийхэд шаардагдах дизель түлш, ир, боолт ир, хүнс, түрээс, ажлын хөлс, техникийн түрээсийн талыг төлөхөөр, хариуцагч Д ХХК нь уринш хийх 209 га, 154 га талбайн бичиг баримт, захиргаа, тоног төхөөрөмж, ажилчдыг хариуцахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрээ зэрэг баримтаар тогдоогдсон./хх9-11/

Анхан шатны шүүх талуудын маргааныг Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн 327.1 дэх хэсэгт заасан хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Төв аймгийн Баянцогт суман дахь 154 га газарт уринш хийлгэсэн талбайдаа тариалалт хийхээр очиход уг газарт Аргамаг хурд ХХК-ийн зөвшөөрлөөр Элсэн цагаан ХХК тариалалт хийсэн бөгөөд, бид гэрээнд зааснаар ашиглах боломжгүйд хүрсэн тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бидэнд учирсан хохирлыг гаргуулна... гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан Тариалангийн талбай түрээслэх уринш хийх тухай харилцан тохиролцоон гэрээний 4 дүгээр зүйлд уринш хийж байгаа 209 га 154 га талбайд бичиг баримт, захиргаа гэх мэт маргаан гарвал Д ХХК хариуцахаар тохиролцсон боловч 154 га газар нь Аргамаг хурд ХХК-ийн эзэмшлийн газар бөгөөд уг газарт Элсэн цагаан ХХК тариалалт хийснээр нэхэмжлэгч нар нь гэрээний хугацаанд уг 154 га газарт тариалалт хийх боломжгүй болжээ. /хх17-18/

Иргэний хуулийн 328 дугаар зүйлийн 328.1 дэх хэсэгт зааснаар хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь газрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах шаардлага хангасан байдлаар түрээслэгчид шилжүүлэх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч Д ХХК-ийг нэхэмжлэгч нарт уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах нөхцлийг бүрдүүлэх хууль болон гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймээс нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг хариуцагч компаниас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

Хэрэгт авагдсан С.М, У.Б, н.Рэнцэндорж нарын ярианы бичлэгт ... уринштай нь өгсөн, авсан ... гэж тайлбарласан, шүүхээс уг бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Х.Анхбаярын ... Төв аймгийн Баянцогт суманд байрлах 154 га газарт 2 удаа хавалт /уринш/ хийсэн буюу хагалсан ... гэх мэдүүлэг зэрэг баримтаар маргаан бүхий 154 га талбайд нэхэмжлэгч нар уринш хийсэн болох нь нотлогдсон. /1хх- 97-101,181-183, 2хх-27/

Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилж, дээрх талбайд уринш хийхэд хэдий хэмжээний зардал гаргах талаар дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, томилогдсон шинжээч болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Харчулуутын нутаг дэвсгэрт байрлалтай 154 га талбайд уринш хийхэд зарцуулсан зардлын зах зээлийн үнэ цэнийг 8 413 000 төгрөг, нэмэлт зардлын дүн 2 600 000 төгрөг болохыг тогтоожээ. /1хх105-106,110-116,136-139/

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нарын уринш хийхдээ гаргасан зардлыг Хөрөнгийн үнэлгээний төвийн 2018 оны 9 сарын 05-ны өдрийн 304 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, болон 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 344 дугаартай зардал тооцсон тухай баримтад дурдсан нийт 11 013 000 /8 413 000+2 600 000/ төгрөгөөр тооцож хариуцагч Д ХХК-аас гаргуулах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч У.Б нь түрээсийн гэрээний тал биш атлаа түрээсийн төлбөрөөс 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас авсан тул түүнийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй ба тэрээр үүнд гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн,нэхэмжлэгч худалдан авсан гэх рапасыг ашиглах боломжгүй болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй учир рапасны үнэ 6 000 000 төгрөгийг хохиролд тооцох боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах, үлдэх 8 739 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 327 дугаар зүйлийн 327.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Бөөс 6 000 000 төгрөгийг, Д ХХК-аас 11 013 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М, С.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 739 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын 110 950 төгрөгийг гэсний дараа Д ХХК-аас 191 158 төгрөгийг гэж нэмэн тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ