Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 34

 

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2016/0034

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Батсүмбэр сумын 4 дүгээр багийн иргэн Г.Дэлгэрсуурийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Батсүмбэр сумын Сонгуулийн хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Батсүмбэр сумын Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Г.Дэлгэрсуурийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухайнэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурь, өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагч Батсүмбэр сумынСонгуулийн хорооны дарга С.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа нароролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны орон нутгийн хурлын сонгуульд Төв аймгийн Батсүмбэр сумын Төв нутаг эвслээс нэр дэвшиж, тус сумын Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр материалаа өгсөн, нэр дэвшигч нарыг бүртгэж дуусах орой миний материалыг буцааж, намайг сонгуулийн хэсгийн хорооны бүртгэлийн жагсаалтаас үндэслэл муутай шалтгаанаар хассан. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж, намайг нэр дэвшигчийн бүртгэлийн жагсаалтаас хассан. 09 дүгээр сарын 11-нд аймгийн Сонгуулийн хорооноос над руу утсаар ярьж, таныг бүртгэхээс татгалзсан, шүүхэд хандан шийдвэрлүүлж болно гэж хэлсэн. Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 25 дугаар хороо 73-43 тоотод оршин сууж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хасалт хийлгэж Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багт 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжин ирж Батсүмбэр сумын улсын бүртгэгчид бүртгүүлсэн. 2009 оноос хойш Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багт эхнэр, хоёр хүүхдийн хамт тасралтгүй 7 жил ажиллаж, амьдарч байна. Манай эхнэр 2013 оноос хойш Батсүмбэр сумын Поливит ХХК-нд тоо бүртгэгчээр, би агрономичоор ажиллаж, хүү маань 2014 оноос хойш Батсүмбэр сумын 4 дүгээр багийн цэцэрлэгт хүмүүжиж байна. Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын Сонгуулийн хорооны намайг нэр дэвшигчээр бүртгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Г.Дэлгэрсуурь намайг нэр дэвшигчээр бүртгэхийг Батсүмбэр сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурь 2009 оноос хойш Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багт эхнэр, хоёр хүүхдийн хамт тасралтгүй 7 жил ажиллаж, амьдарч байгаа. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 25 дугаар хороо 73-43 тоотод оршин суугчаар бүртгэлтэй боловч уг байрыг түрээслэж байсан. Энэ хаягт бүртгэлтэй байгаад байсны учир нь сумаас зээл тусламж авахад хязгаар тогтоож бага зээл олгодог учир зээл авч амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд энэ хаягтаа бүртгэлтэй байсан болохоос Батсүмбэр сумандаа байнга амьдарч байсан. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д 180 хоногоос доошгүй хугацаанд байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх гэж заасан нь Г.Дэлгэрсуурийн орон нутгийн хуралд сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна. Шилжүүлэг хийлгэсэн өдрөөс тооцохоор хуульд заасан хугацаанд 4 хоног дутаж байгаа учир манай нэхэмжлэгчийн тус суманд байнга оршин сууж байсан тухай нотлох баримтуудыг үндэслээд Г.Дэлгэрсуурийг нэр дэвшигчээр бүртгээгүй сумын Сонгуулийн хорооны эсүйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Г.Дэлгэрсуурийг нэр дэвшигчээр бүртгэхийг Батсүмбэр сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Батсүмбэр сумын Сонгуулийн хорооны дарга С.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон нутгийн хурлын сонгуульд Төв нутаг эвслээс нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд хүлээн авч хянан шалгахад нэр дэвшигч Г.Дэлгэрсуурь нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д ...тухайн аймаг суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн...иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Г.Дэлгэрсуурийн иргэний улсын бүртгэлийн лавлагааг улсын бүртгэлээс авч үзэхэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжин хасалт хийлгэж, 04 дүгээр сарын 28-ны өдөр Батсүмбэр сумын улсын бүртгэгчид бүртгүүлсэн, шилжиж ирээд 175 хоносон байсан учир Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан хугацаанд хүрээгүй гэж үзэж шийдвэр гаргасан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Батсүмбэр сумын Сонгуулийн хорооны орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Дэлгэрсуурийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Улаанбаатар хотод бүртгэлтэй боловч 2009 оноос хойш Батсүмбэр суманд гэр бүлээрээ байнга оршин суусан, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сум руугаа шилжсэн гэжээ.

Хариуцагчаас ... Г.Дэлгэрсуурь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасныг зөрчсөнгэж тайлбар гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 6 дугаар тогтоолоор Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 10 дугаар сарын 19-ний өдөр явуулахаар товлосон. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д 25 нас хүрсэн, тухайн суманд санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн хугацаанд байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн хуульд заасан шаардлага хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэж тус тус зааснаар орон нутгийн хуралд нэр дэвшигч 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагатай байна.

Г.Дэлгэрсуурь нь Батсүмбэр суманд байнга оршин сууж, Поливит ХХК-нд ажилладаг боловч тус суманд байнга оршин суугчаар 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээр дурьдсан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнөх хугацаанд шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч шилжилт хөдөлгөөн хийгээгүй шалтгаанаа Батсүмбэр суманд зээл тусламж авахад бага, Улаанбаатар хотоос зээл авахад илүү хэмжээгээр олгогддог учир шилжилт хийлгэхгүй байсан гэж тайлбарласан болно.

Иймд Г.Дэлгэрсуурийг Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан тухайн суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Батсүмбэр сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэж заасантай нийцсэн, уг тогтоол нэхэмжлэгчийн орон нутгийн хуралд сонгогдох эрхийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Батсүмбэр сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Г.Дэлгэрсуурийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус сонгуулийн хороонд Г.Дэлгэрсуурийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 115 дугаар зүйлийн 115.1, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурийн Батсүмбэр сумын Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Г.Дэлгэрсуурийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН