Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0662

 

 Г.Дэлгэрсуурийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Г.Дэлгэрсуурийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 115 дугаар зүйлийн 115.1, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурийн Батсүмбэр сумын Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Г.Дэлгэрсуурийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 702.00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурь, түүний өмгөөлөгч Ш.Дуламжав давж заалдах гомдолдоо: “... Г.Дэлгэрсуурь миний бие нь 2009 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт эхнэр 2 хүүхдийн хамт тасралтгүй 7 жил ажиллаж, амьдарч байх хугацаандаа тус сумын зон олны аж амьдралыг нүдээрээ үзэж, цаашид сум орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлттэй явдаг нэгэн билээ.

Энэ байдлыг маань сум орон нутгийн удирдлага сайн мэдэж байгаа ба багийн Засаг дарга намайг энэ сум багт 2009 оноос байнга оршин сууж байсан талаар тодорхойлолт хийж өгсөн, ажлын газар, нам эвслээс нэр дэвшүүлж байгаа намын дарга, дэд дарга нар ч тодорхойлолт хийж өгснийг шүүгч анхааралдаа авч дотоод итгэлээрээ дүгнээгүйгээс зөвхөн хуулийн явцуу заалтад хөтлөгдөн, тус сумын сонгуулийн хорооны шийдвэр нь хууль бус болохыг шалгаагүйгээр, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг авч хэлэлцээгүй, асуудалд хийсвэр хандсан гэж үзэж байгаа болно.

Тодруулбал: би энэ сум, багт 2009 оноос 2016 оны 04 дүгээр сарын 22 хүртэл бүтэн 7 жил 4 сар 22 хоног суурьшин амьдарч байгаа ба Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан шаардлагыг хангахаас 3-хан хоног дутуу байгаа гэдгээ хэлсэн боловч хуулийн шаардлага хангаагүй гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Миний ойлгож байгаагаар шүүх засаглал иргэндээ үйлчлэх ёстой атал, хэрэгт авагдсан тухайн маргаантай асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тус шийдвэрээс харагдахгүй байна. Нөгөө талаар шүүх бодит үнэнд нийцсэн шийдвэр гаргах ёстой бол уу?.

Иргэн би Сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрөхдөө өөрийгөө 100 хувь зөвтгөөгүй, иргэний үүргээ биелүүлж, орон нутгийн сонгуульд нэр дэвшигч санал авах өдрөөс өмнө180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагыг хангахаас 3 хоног дутуу гэдгээ ойлгож, энэ талаар маргаагүй ч бодит үнэн нь би энэ сум багт бүтэн 7 жил 4 сар 22 хоног суурьшин амьдарч байгааг нотолсон нотлох баримтаа хангалттай гаргаж өгсөн гэж үзэж байгаа учир дээд шатны шүүхэд хандаж эцсийн гомдлоо тайлахыг хүсэж байна.

Би өөрөө Батсүмбэр сумын “Поливит” ХХК-д агрономичоор, эхнэр Энх-Амар мөн ХХК-д тоо бүртгэгчээр ажилладаг, бага хүү тус сумын 4 дүгээр цэцэрлэгээр хүмүүждэг болно.

... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д ...суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх хуулийн шаардлагыг хангахаас 3 хоног дутуу гэдэг шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, би тус сумын Үдлэг 4 дүгээр багт 2009 олноос гэр бүлээрээ шилжин ирж суурьшаад 7 жил болсон энэ байдлыг харгалзан үзэж, иргэн миний сонгох, сонгогдох эрхийг сэргээж. нэр дэвшигчээр бүргэхийг сонгуулийн хороонд даалгах шийдвэр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнээс хальж,сонгуулийн хорооны байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх 180 хоногийн хугацаанаас 3 хоног дутуу гэж үзэж нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол санаа нь шилжих хөдөлгөөнөө хуулийн хугацаанд хийлгээгүй нь иргэн миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба тус орон нутагт шилжих хөдөлгөөнөө хийлгээгүй 7.4 жил тогтвортой, гэр бүлээрээ амьдарч байсныг харгалзан үзэхийг хүсэж нэхэмжлэл гаргасан, энэ байдалд шүүх бодитой дүгнэлт хийсэнгүй гэж гомдож байгаа юм.

Шүүх шийдвэртэй өмгөөлөгч миний тайлбарыг буруу ташаа бичсэн байгааг залруулах нь зүйтэй бол уу?

Би нэхэмжлэгчийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт иргэний харъяаллаа шилжүүлээгүй 7 жил 4 сар 22 хоног амьдарч ирсэн нь багийн Засаг дарга, сум орон нутгийн удирдлага, тус сум, багийн иргэд сайн мэдэж байгаа ба дээрх хугацаанд ажиллаж амьдарч байсныг нотлох баримт хэрэгт авагдсан талаар тодорхой тайлбарлан ярьсан.

Мөн шилжих хөдөлгөөнөө хийлгэх хугацааг хэтрүүлсэн талаарх шалтгааныг тайлбарлахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч надад тайлбарлан ярьсныг тодруулан ярихдаа: 2016 оны 4 дүгээр сар нь тариаланчдын ид цаг наргүй ажилладаг сар байдаг учраас шилжих хөдөлгөөн хийлгэх хугацааг 3 хоног хэтрүүлсэн нь нийгэм иргэдэд учрах хор уршиггүй гэдгийг тайлбарласныг миний тайлбарт тусгаагүй хир нь онцлон яриагүй тайлбар болох энэ хаягт бүртгэлтэй байсан учир нь сумаас зээл тусламж авахад хязгаар тогтоож бага зээл олгодог учир зээл авч амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд хотын хаягтаа байсан гэсэн гэж ташаа бичсэн байна.

Өмгөөлөгч би зээл тусламж авсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг тодруулахдаа нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурь нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг учраас зээл олгох хэмжээ нь хотын банкуудад их байдаг энэ нөхцөл байдлаа ашиглаж хотод байсан гэснийг нь тодруулан ярьсан. Энэ асуудал бидний нэхэмжлэлийн шаардлагад онц ач холбогдлоо өгөхгүй байхаа.

Нэр дэвшигч Г.Дэлгэрсуурь нь ... санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх хугацааг 3 хоногоор хэрүүлснээ хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй, иргэний үүргээ биелүүлээгүй нь миний буруу, ид тариалалтын ажил эхэлсэн үе байснаас шилжүүлэг хийлгэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үнэнд нийцнэ гэж үзэж байна.

Ер нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалт нь ...санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн гэснээс биш засаг захиргааны шилжүүлэггүй хэдэн арван жил амьдарч байгаа иргэд сонгуульд нэр дэвших тохиолдолд сум орон нутгийн захиргаа сонгуулийн жилд сонгогчдод сонгуулийн хуулиа хэрхэн тайлбарлан ойлгуулах талаар заалт тусгаагүй учир Улсын Их хурлын сонгуульд ч нам эвслээс нэр дэвсэн хүмүүст тус хуулийн 11.8 дахь заалтыг харгалзан үзээгүй байснаас өмгөөлөгч миний үйлчлүүлэгч энэ байдлаар ойлгож явсныг үгүйсгэх аргагүй.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийн зүйлчлэлийг баримтлаагүй, шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч, өмгөөлөгчийн тайлбарын агуулгыг тусгахдаа тэдний хэлсэн ярьснаар нь тусгаагүй агуулгыг өөрчлөн тусгасан зэрэг зөрчил гаргасан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаар шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Төв аймгийн Батсүмбэр сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын “Төв нутаг” эвслээс Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Г.Дэлгэрсуурийг Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, ... иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй байхаар заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурь албан ёсоор буюу Нийслэлийн Баянзүрх дүүргээс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хасалт хийлгэж, нэр дэвшсэн Төв аймгийн Батсүмбэр сумд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжин ирснээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын лавлагаа, Төв аймгийн Батсүмбэр сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн Улсын бүртгэлийн ажилтны тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д “улсын бүртгэлд бүртгэсэн” гэдгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд бүртгэсэн, иргэний бүртгэлийн дугаар олгосон байхыг хэлэхээр зааснаас үзвэл Төв аймгийн Батсүмбэр сумд шилжин ирснээ улсын бүртгэлийн ажилтанд бүртгүүлсэн үеэс эхлэн Г.Дэлгэрсуурийг тухайн орон нутгийн оршин суугч гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Г.Дэлгэрсуурийн дээрх бүртгэлийг хийлгэхээс өмнө оршин сууж байсан хугацааг оруулан тооцож Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан шаардлагыг хангасан гэх боломжгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Дэлгэрсуурь өөрийн шилжилт хийгдсэн огноо, хугацаатай маргаагүй, Сонгуулийн тухай хуульд заасан санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн хугацаанд байнгын оршин суугчаар бүртгүүлээгүй болохоо тодорхой шалтгаантай байсан талаар тайлбарласан боловч энэ нь хуулийн дээрх заалтуудыг зөрчин нэр дэвшигчээр бүртгэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч байгууллага Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 /нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй/-т заасныг зөв хэрэглэжээ.

Иймд “3 хоног дутуу гэдгээ ойлгож, энэ талаар маргаагүй ч энэ сумд 7 жил амьдарч байгаа” гэх түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР