Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00446

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00446

 

 

Б.М-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02637 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ы нэхэмжлэлтэй, Н.Л-, Н.С-, Х.Б- нарт холбогдох,

Хохирол 77 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Сэлэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Л-гийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч хариуцагч Х.Б-ын өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М- нь улсын бүртгэлийн Ү-2206004395 дугаартай, 20.5 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Хариуцагч Н.С-, Н.Л-, Х.Б- нар нь 1078.8 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг өөрсдийн өмчлөлийн Ү-2206005023 дугаартай 1037,8 м.кв талбайтай /барилгын 96.1%/ хэсгийг буулгаж шинээр барилгажуулах явцад эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004395 дугаартай, иргэн Б.М-ы өмчлөлийн, 20.5 м.кв бүхий орон сууцыг хууль бусаар санаатайгаар нурааж хохирол учруулсан тул иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу нэгэнт өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүйгээр гэм хор учруулсан тухайн барилгад ( Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо Үйлдвэр 17042, Чингисийн өргөн чөлөө 29/2 хаягтай Уайт гэйт цэнтр-т адил нэр төрлийн буюу орон сууц өгөх боломжгүй болсон байх тул учирсан хохирлыг мөнгөөр буюу 77 900 000 төгрөгөөр хариуцагч нараас хувь тэнцүүлэн нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Л- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Л- миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 29/2 гэсэн хаягт байрлах 1037.8 м.кв талбайтай, Ү-2206005023 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны иргэн Н.С-эс хөрөнгийн 67.3 хувийг худалдан авахаар хөрөнгө оруулан, хамтран ажиллах гэрээг байгуулж 34 хувийг 150 000 ам.доллараар, үлдэх хувьд нь тухайн газар дээр барьж байгуулах барилгын 1 давхрын талбайг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцон уг барилгыг буулган үйлчилгээтэй орон сууцны барилгад хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Барилгын нөгөө өмчлөгч Х.Б-тай 32.7 хувийг нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр арилжааны гэрээ байгуулан 522 500 000 төгрөгөөр үнэлэн авсан болно. Энэхүү барилга Н.С-, Х.Б- гэсэн өмчлөгчтэй, өөр өмчлөгч байхгүй, үүрэг ногдуулсан ямарваа нэгэн гэрээ хэлцэлгүй, бусдад барьцаалаагүй, эд хөрөнгийн эрхийн зөрчилгүй болох талаар өмчлөгч нарын баталгаа болон эрх бүхий бүртгэлийн байгууллагын лавлагаагаар баталгаажсан гэж үзэн хэлцэл хийж гэрээ байгуулсан байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон уг барилгыг улсын комисст ашиглалтад авсан акт болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр барилгын нийт талбай 1037.8 м.кв талбай болно. Шударга өмчлөгч би хуульд заасны дагуу гэрээгээр өмчлөх эрхээ баталгаажуулсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ болон уг барилгыг улсын комисс ашиглалтад авсан акт болон шинжээчийн дүгнэлтээр барилгын нийт талбай болох 1037.8 м.кв талбайгаар эзэмшиж байсан. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх ба энэхүү гэрчилгээгээр миний хууль ёсны эрх баталгаажсан болно. Өмнөх өмчлөгч Н.С-, Х.Б- нар нь барилгын анхны эзэн болох Хулан-Эрдэнэ ХХК /БЭЗ ХХК/-иас өр төлбөртөө тооцон авсны дагуу 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу шилжсэн, ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас удаа дараа барилгыг бүхэлд нь дуудлага худалдаагаар зарахаар нийтэд зарлаж байсан болон төлбөр авагчид 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс шилжүүлсэн шийдвэрээр шилжсэн болох нь нотлогдож байна. 2017 оны 8 дугаар сарын 18-нд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 100 хувь өмчлөх эрхтэй болсны дараа нураасан. Гэтэл Б.М- нь гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллагад дуудагдаж эхэлсэн. Энэ талаар Н.С- эгчээс асуухад энэ хүний гэрчилгээ хуурамч, би энэ объектыг дуудлага худалдаагаар худалдаж авсан гэсэн. Прокурор хэргийг хянаад намайг шударга өмчлөгч байна, барилгыг нураасан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шийдвэрлэсэн. Миний хувьд тухайн барилгад тусдаа 20.5 м.кв орон сууц байгаагүй байх гэж бодож байна. Иймд миний хувьд хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй тул хүлээх хариуцлага байхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн надад холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.С- Х.Б- нар нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаар шүүгчийн захирамжаар БЕЗ ХХК-ийн 3 давхар барилгын 70 хувийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч БЕЗ ХХК-ийн захирал Б.Золзаяатай 195 164 600 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Улмаар төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө үйлчилгээний зориулалтай 1037.8 м.кв талбайтай Ү-2206005023 дугаартай үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч БЭЗ ХХК-аас шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын шийдвэрээр албан ёсоор 2007 оны 9 дүгээр сарын 27-нд хүлээн авсан шударга өмчлөгч юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2 удаа нээлттэй дуудлага худалдааг зууны мэдээ сонинд зарлаж оруулсан. Худалдан авах аж ахуйн нэгж, хувь хүн гараагүй. Энэ үеэр ямар нэгэн маргаантай өмчлөгч гарч ирээгүй. Энэ хүн хэрвээ өмчлөх эрх зөрчигдсөн гэж байгаа бол энэ байгууллагын ажиллагаанд гомдол гаргах ёстой. Тухайн барилгад 2005 оноос хойш цахилгаан, ус, дулаан байхгүй байсан учир ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Ингээд 10 орчим жил барилгыг харж манаач ажиллуулж байгаад иргэн Н.Л-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 онд өөрийн хувийг худалдаж, түүнд шилжүүлэн өгсөн. Барилгад Б.М- гэдэг хүн огт амьдарч байгаагүй. Түүний гэрчилгээ уг барилгыг анх улсын комисс хүлээж авахаас өмнө бичигдсэн гэрчилгээ байдаг. Миний Н.Л-д шилжүүлсэн барилгад 20.5 м.кв талбайтай байр байгаагүй. 12-16 м.кв талбайтай өрөөнүүд байсан. Тэгэхээр энэ барилгад орон сууц эзэмшиж байгаагүй байх. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг буруу бүртгэсэн асуудлаар энгийн хохирох ёсгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ яаж авсныг мэдэхгүй байна.Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ямар ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.С-эс 25 603 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 296 700 төгрөгийн болон хариуцагч Н.Л-, Х.Б- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С-эс улсын тэмдэгтийн хураамжид 285 966 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.С- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нар маргаан бүхий Ү-2206004395 дугаарт орон сууцны анхны бүртгэл хууль бус, манай барилга дотор уг орон сууц байгаагүй гэж маргаж байснаас гадна нэхэмжлэгч болоод түүний өмнө уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан хүмүүс ч өмчлөлийн асуудлаар шүүхээр маргаан үүсгэж байсан. 2016 онд Б.М-ы хэрэг "орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Б.М- нэр дээр бүртгэлтэй байна, хариуцагч бүртгэлийн асуудлаар маргаагүй" гэж шүүхээр шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2008, 2016 онд шийдвэрлэгдсэн хэргүүдийн хүрээнд "орон сууцны өмчлөх эрхийн анхны бүртгэл хууль ёсоор үүссэн эсэх асуудал"-ыг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 212 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2003 оны 183 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2003 оны 324 дүгээр тогтоолоор уг байрны өмчлөх эрхийн бүртгэл хууль ёсоор үүссэн эсэх асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Харин улсын бүртгэлийн Ү-2206004395 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 56 дугаартай "...улсын бүртгэлийн 2206004395 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгө хаана байршилтай талаар нотлох баримт шаардлагатай байна" гэсэн албан тоот, 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 810 дугаар "...Д.Баяраагийн нэхэмжлэлтэй Д.Оргилд холбогдох өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн иргэний хэрэг шалгагдаж байна" гэсэн албан тоот зэрэг нотлох баримтаас харахад Д.Баяраагийн нэхэмжлэлтэй, Д Оргилд холбогдох уг орон сууцны өмчлөх эрх болон хаяг байршилтай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тиймээс Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн Д.Баяраагийн нэхэмжлэлтэй, Д.Оргилд холбогдох хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэг баримтыг шүүхийн төрөлжсөн архиваас гаргуулж өгнө үү. Энэ баримтыг авснаар "Ү-2206004395 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл анхнаасаа хууль ёсны байсан эсэх асуудлаар дүгнэлт хийх боломж бүрдэх юм.

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хаяг байршил нь хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршлаас зөрүүтэй нь зэрэгцээ хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй байсан 3 давхар барилга нь нийтдээ 1037 м.кв талбайтай байсан бөгөөд уг талбайд нэхэмжлэгчийн орон сууц ороогүй гэсэн тодорхойлолтыг улсын бүртгэлийн байгууллагаас удаа дараа гаргаж өгсөн, уг барилгыг улсын комисс 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12/2003 дугаар актаар хүлээн авсан байхад барилгыг улсын комисс хүлээж авахаас өмнө Ү-2206004395 дугаарын бүртгэл хийгдсэн байсан. Тиймээс эл эргэлзээтэй асуудлыг тодруулах зорилгоор шүүхээс улсын бүртгэлийн Ү-2206004395 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалыг гаргуулан авсан. Гэвч уг дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг дэх бүртгэлийн материалууд нь маргаан бүхий орон сууцны хамгийн анх улсын бүртгэлийн байгууллагад бүртгэсэн материалууд биш улсын бүртгэлийн Ү-2206004388 дугаарт анхлан бүртгэлтэй байсан хөрөнгөөс салгаж бүртгэсэн материалууд байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1-7125 дугаар лавлагаанд Хан-Уүл дүургийн 3 дүгаар хороо Чингисийн өргөн чөлөөнд байрлах 16 айлын орон сууцны 1 ба 2 тоот орон сууцыг "Хулан-Эрдэнэ" ХХК-ийн 2002 оны 6 тоот албан бичиг, "Хүлан-Эрдэнэ" ХХК болон иргэн Д.Оргил нарын байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ, орон сууцны үнийг төлсөн баримт, үнэлгээний тайлан, хорооны засаг даргын ам бүлийн тодорхойлолт, фото зүраг, бүртгүүлэхийг хүссэн өргөдлийг үндэслэн эрхийн
улсын бүртгэлиин Ү-2206004388 дугаарт Д.Оргилын өмчлөлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулсан байна. 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өмчлөгч иргэн Д.Оргилоос 2 орон сууцыг тусад нь бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, үнэлгээний тайланг үндэслэж 1 тоот орон сууц 20,5 мкв талбайтай орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004388 дугаарт хэвээр үлдээж, 2 тоот 20,5 м.кв талбайтай орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004395 дугаарт тусад нь бүртгэсэн байна" гэсэн байдаг. Тиймээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004388 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн хувийн хэргийг гаргуулан авах нь "үл хөдлөх эд хөрөнгийг хаяг өөр, хариуцагч нарын өмчлөлд байсан барилгын дотор нэхэмжлэгчийн орон сууц байсан, байгаагүй гэх асуудал, нэхэмжлэгчиин байр анхнаасаа хууль зөрчиж бүртгэгдсэн гэх асуудал"-ыг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2206004388 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн хувийн хэргийг гаргуулах зайлшгүй шаардлагатай байсан. Эдгээр нотлох баримт нь хэргийн оролцогчид өөрсдөө бүрдүүлэх боломжгүй баримтууд учраас манай өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Н.Л-, Н.С-, Х.Б- нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 77 900 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004395 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 16 айлын 02 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2008 оны 1-7125 тоот, 1-5571 тоот, 2016 оны 501 тоот хариу, лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 5, 18, 2хх-ийн 32/

 

Мөн маргааны зүйл болох уг орон сууц нь Хулан-Эрдэнэ ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж-29/2 тоот хаягт байршилтай, 3 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай 16 айлын орон сууцны барилгын нэг хэсэг болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэлгэрэнгүй лавлагаа, хариу зэрэг нотлох баримтад үндэслэгдсэн байна. /хх-ийн 18, 48, 116, 177-189, 210-218/

 

Хулан-Эрдэнэ ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард үйлчилгээтэй 16 айлын орон сууцны барилга барьсныг барилга байгууламжийг улсын комисс 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ашиглалтад оруулахаас өмнө буюу 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20.5 м.кв талбайтай 2 тоот орон сууцыг Д.Оргилын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч Б.М-ы өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02517 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1245 дугаар магадлалаар хариуцагч Н.С-, Х.Б-, Н.Л- нарт холбогдох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 16 айлын байрны 02 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түрээсээр олох байсан орлого 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн орон сууцны бүртгэлийг хэн ч буруу ташаа гэж эсэргүүцээгүй, улсын бүртгэлээр баталгаажсан уг эрхийг давхардуулан шүүх тогтоох үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн ба уг шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /1 хх-ийн 11-17/

 

Иймд нэхэмжлэгч Б.М- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004395 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 16 айлын 02 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар бусдын буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгөний хохирлыг шаардах эрхтэй.

 

2.Хариуцагч Н.Л- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 29/2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005023 дугаартай, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл нь хариуцагч Н.С-тэй байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч Х.Б-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн арилжааны гэрээнүүд байх бөгөөд эдгээр гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүхэлд нь шилжүүлэн авсны дараа 2017 оны 9 дүгээр сард уг барилгыг нурааж, өөр барилга барьсан, ийнхүү барилгыг буулгаснаар нэхэмжлэгч Б.М-ы өмчлөлийн уг барилгын 02 тоотод байрлах, 20.5 м.кв талбай бүхий орон сууц нураагдаж, эд хөрөнгийн гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 70-84, 136-137/

 

Хариуцагч Н.С- нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 67.3 хувийг хариуцагч Н.Л-д шилжүүлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ...эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... үүргээ биелүүлээгүй байна.

 

Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн эдлэх эрхийн талаар мэдэгдэж байсан болох нь хариуцагч Н.Сэлэнгийн өөрийнх нь ...анх Г.Баасанжав гэж хүн надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байснаа шүүх хуралдаа ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан, дараа нь 2015 онд энэ Б.М- гэж хүн гудамжинд таараад та энэ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 29/2 тоот хаягт байршилтай барилгын өмчлөгч үү, би уг барилгын 2 тоотын өмчлөгч байна гэж хэлж байсан... гэсэн тайлбар болон Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1198 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2723 дугаар шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.М-д учирсан эд хөрөнгийн гэм хорын хохирлыг арилгах үүргийг хариуцагч Н.С-д хариуцуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. /хх-ийн 149-153, 2хх-ийн 31-33/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М-ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж нураасны улмаас түүнд эд хөрөнгийн гэм хорын хохирол учирсанд хариуцагч Н.Л-, Х.Б- нарын буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Б.М-д учирсан эд хөрөнгөний гэм хорын хохирлын хэмжээг шүүхээс томилогдсон шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-иас тогтоосон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг баримтлан 25, 603, 300 төгрөгөөр тогтоож, хариуцагч Хариуцагч Н.С-эс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд болон хариуцагч Н.Л-, Х.Б- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

УБЕГ-ын болон Хан-Уул дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн албан бичиг, лавлагаануудад Хулан Эрдэнэ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан 1037.8 м.кв талбайд уг барилгын 1 ба 2 тоот орон сууцны тус бүр нь 20.5 м.кв буюу 41 мкв талбайтай хэсэг ороогүй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004395 дугаарт бүртгэлтэй орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.М- болохыг удаа дараа тодорхойлж байсан ба уг бүртгэл, бүртгэлийн үндсэн дээр олгогдсон гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллага болон шүүхээс хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй тул ...уг байрны өмчлөх эрхийн бүртгэл анхнаасаа хууль ёсоор үүссэн эсэх асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй... гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Улсын бүртгэлийн Ү-2206004395 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 56 тоот, 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 810 тоот албан бичгүүд энэ хэрэгт хамааралгүй, уг орон сууцны өмнөх өмчлөгчид болох Д.Баяраагийн нэхэмжлэлтэй, Д Оргилд холбогдох иргэний хэрэг маргаанд хамааралтай байна.

 

Түүнчлэн энэ хэргийн маргааны зүйл биш байхаас гадна шүүх бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх маргааныг авч хэлэлцээгүй тул Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2206004388 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг гаргуулах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч Н.Сэлэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Сэлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ