Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02637

 

    2020         09             30

                   183/ШШ2020/02637

                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, шүүгч Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул .............. тоотод оршин суух Ө овогт Б-гийн М/РД:............/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. оршин суух Х овогт Н-ын Л/РД:................./,

Хариуцагч: Орхон ............... оршин суух Б овогт Н-гийн С /РД:.............../,

Хариуцагч: Баянзүрх .................оршин суух Г овогт Х-ийн Б/РД:............/ нарт холбогдох,

эд хөрөнгөд учруулсан хохирол 77.900.000 төгрөг гаргуулахыг хүссэн хүссэн иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б /ШТЭҮД:000/, хариуцагч Н.М, түүний өмгөөлөгч Н.Э /ШТЭҮД:0000/, хариуцагч Н.С, түүний өмгөөлөгч Б.М /ШТЭҮД:0000/, хариуцагч Х.Б-ын өмгөөлөгч А.Э /ШТЭҮД:0970/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар  оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.М миний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-............ дугаартай, 20.5 м2 талбайтай орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нурааж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар, нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газар шалгаж хянан үзээд “Иргэн Б.М нь Хан-Уул дүүргийн-ийн 0 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 06 сарын 28-ны өдөр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна гэж үзээд дээрх барилгыг буулгаж шинээр барилгажуулах явцад үүсэн эд хөрөнгийн маргаантай асуудал нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Н.С, Н.М, Х.Б нар нь 1078.8 м2 /барилга 100%/ талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалтай барилгыг өөрсдийн өмчлөлийн Ү-2206005023 дугаартай 1037,8 м2 талбайтай /барилгын 96.1%/ хэсгийг буулгаж шинээр барилгажуулах явцад иргэн Б.М миний өмчлөлд бүртгэлтэй  Эрхийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаартай 20.5 м.кв бүхий орон сууцыг хууль бусаар санаатайгаар нурааж гэм хохирол учруулсан тул иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорийг хариуцан арилгах үүрэгтэй,  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд  нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтээсэн эд хөрөнгийг засар зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу нэгэнт өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүйгээр гэм хор учруулсан тухайн барилгад ( Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо Үйлдвэр 17042, Чингисийн өргөн чөлөө 0 хаягтай “Уайт гэйт цэнтр”-т адил нэр төрлийн буюу орон сууц өгөх боломжгүй болсон байх тул учирсан хохирлыг мөнгөөр буюу 77.900.000 төгрөгөөр хариуцагч нараас хувь тэнцүүлэн нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Н.М шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Н.М  миний бие Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 0 гэсэн хаягт байрлах 1037.8 м2 талбайтай, Ү-.............дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 04 сарын 18-ны иргэн Н.Сэс хөрөнгийн 67.3 хувийг худалдан авахаар хөрөнгө оруулан, хамтран ажиллах гэрээг байгуулж 34 хувийг 150.000 ам.доллараар, үлдэх хувьд нь тухайн газар дээр барьж байгуулах барилгын 1 давхрын талбайг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцон уг барилгыг буулган үйлчилгээтэй орон сууцны барилгад хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Барилгын нөгөө өмчлөгч Х.Б-тай 32.7 хувийг нь 2017 оны 08 сарын 18-ны өдөр арилжааны гэрээ байгуулан 522.500.000 төгрөгөөр үнэлэн авсан болно. Энэхүү барилга Н.С, Х.Б гэсэн өмчлөгчтэй, өөр өмчлөгч байхгүй, үүрэг ногдуулсан ямарваа нэгэн гэрээ хэлцэлгүй, бусдад барьцаалаагүй, эд хөрөнгийн эрхийн зөрчилгүй болох талаар өмчлөгч нарын баталгаа болон эрх бүхий бүртгэлийн байгууллагын лавлагаагаар баталгаажсан гэж үзэн хэлцэл хийж гэрээ байгуулсан байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон уг барилгыг улсын комисст ашиглалтад авсан акт болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон “Х” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр барилгын нийт талбай  1037.8м2 талбай болно. Шударга өмчлөгч би хуульд заасны дагуу гэрээгээр өмчлөх эрхээ баталгаажуулсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ болон уг барилгыг улсын комисс ашиглалтад авсан акт болон шинжээчийн дүгнэлтээр барилгын нийт талбай болох 1037.8м2 талбайгаар эзэмшиж байсан. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх ба энэхүү гэрчилгээгээр миний хууль ёсны эрх баталгаажсан болно. Өмнөх өмчлөгч Н.С, Х.Б нар нь барилгын анхны эзэн болох Х ХХК /Б ХХК/-иас өр төлбөртөө тооцон авсны дагуу 2006 оны 01 сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу шилжсэн, ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас удаа дараа барилгыг бүхэлд нь дуудлага худалдаагаар зарахаар нийтэд зарлаж байсан болон төлбөр авагчид 2007 оны 09 сарын 27-ны өдрөөс шилжүүлсэн шийдвэрээр шилжсэн болох нь нотлогдож байна. 2017 оны 08 дугаар сарын 18-нд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 100 хувь өмчлөх эрхтэй болсны дараа нураасан. Гэтэл Б.М нь гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллагад дуудагдаж эхэлсэн. Энэ талаар Н.С эгчээс асуухад энэ хүний гэрчилгээ хуурамч, би энэ объектыг дуудлага худалдаагаар худалдаж авсан гэсэн. Прокурор хэргийг хянаад намайг шударга өмчлөгч байна, барилгыг нураасан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шийдвэрлэсэн. Миний хувьд тухайн барилгад тусдаа 20.5 м.кв орон сууц байгаагүй байх гэж бодож байна. Иймд миний хувьд хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй тул хүлээх  хариуцлага байхгүй   гэж  үзэж байх тул нэхэмжлэлийн надад холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Н.С шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Иргэн Н.С Х.Б нар нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаар шүүгчийн захирамжаар “Б”ХХК-ийн 0 давхар барилгын 70 хувийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч “Б”ХХК-ийн захирал Б.З-тай 195.164.600 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Улмаар төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө үйлчилгээний зориулалтай 1037.8 м2 талбайтай Ү-...........дугаартай үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч “Б” ХХК-аас шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын шийдвэрээр албан ёсоор 2007.09.27-д хүлээн авсан шударга өмчлөгч юм.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2 удаа нээлтэй дуудлага худалдааг “Зууны мэдээ” сонинд зарлаж оруулсан. Худалдан авах аж ахуйн нэгж, хувь хүн гараагүй. Энэ үеэр ямар нэгэн маргаантай өмчлөгч гарч ирээгүй. Энэ хүн хэрвээ өмчлөх эрх зөрчигдсөн гэж байгаа бол энэ байгууллагын ажиллагаанд гомдол гаргах ёстой. Тухайн барилгад 2005 оноос хойш цахилгаан, ус, дулаан байхгүй байсан учир ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Ингээд 10 орчим жил барилгыг харж манаач ажиллуулж байгаад иргэн Н.М-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 онд өөрийн хувийг худалдаж, түүнд шилжүүлэн өгсөн. Барилгад Б.М гэдэг хүн огт амьдарч байгаагүй. Түүний гэрчилгээ уг барилгыг анх улсын комисс хүлээж авахаас өмнө бичигдсэн гэрчилгээ байдаг. Миний Н.М-д шилжүүлсэн  барилгад 20.5 м.кв талбайтай байр байгаагүй. 12-16 м.кв талбайтай өрөөнүүд байсан. Тэгэхээр энэ барилгад орон сууц эзэмшиж байгаагүй байх. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг буруу бүртгэсэн асуудлаар  энгийн хохирох ёсгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ яаж авсныг мэдэхгүй байна.Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ямар ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Х.Б-ын шүүхэд  гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагч Х.Б-ын өмгөөлөгч А.Э-иас шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Х.Б нь 2007 онд Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө үйлчилгээний зориулалтай 1037.8 м2 талбайтай Ү-...........дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу “Б” ХХК-ийн өмчлөлөөс иргэн Н.С-гийн хамт өрөндөө шилжүүлэн авсан. Үүнээс хойш уг объект газрын маргаантай явсаар шийдэгдэж, 2014 онд уг объектын 67.3%-ийг иргэн Н.М Н.С-эс худалдаж авсан бөгөөд үлдэх хувь Х.Б-ын эзэмшилд байх үед дээрх нэхэмжлэгч гэх Б.М нь 2016 онд гэнэт гарч иргэн маргаан үүсгэх, нэхэмжлэх гаргасан боловч, анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон байхад ямар ч үндэслэлгүйгээр дахин нэхэмжлэл гаргасан нь хууль бус тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Х.Болдбаатар одоо уг объектод хамаарах, эзэмшил байхгүй болсон бөгөөд шүүхээр хууль ёсны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний дараа өөрийн эзэмших хувийг бүгдийг нь арилжааны гэрээгээр иргэн Н.М-д шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 20.5м2 өрөө байр нь хууль бусаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. Дээрх объект нь салгаж үл болох нийлмэл нэг объект байхад салгаж нэг өрөө байрыг Б.М-д ганцхан өмчлөлөөр олгож гэрчилгээ гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд үүнийг тухайн бүртгэсэн Улсын бүртгэлийн Ерөнхий бүртгэгч хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Аливаа объект болох үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ хууль ёсны өмчлөгч мөн болохыг нотолсон бичиг баримтыг үндэслэн өмчлөх эрх олгох ёстой байдаг. Гэтэл Б.М-д юуг үндэслэж, нотолж ямар газар, хэний зөвшөөрлөөр олгосон нь тодорхой бус, уг объект ганц үл хөдлөх хөрөнгө биш мөн газар нь хамт эрхийн дагуу шилжиж явдаг, газраас салгаж үл болох эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө мөн гэж тодорхойлдог байхад ганцхан 20.5м2 өрөө гэж нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Дээрх маргаан бүхий объект нь аль 2004 оноос эхлэн маргаантай, өрөнд хураагдсан, үл ажиллагаа явуулах аргагүй, олон жил болж байхад шүүхэд хуураагдсан, дуудлага худалдаагаар зарагдах гэж хэвлэл мэдээллээр зар тавьж байсан. Энэ үед хэн ч ямар ч хүн гомдол нэхэмжлэл гаргаагүй. Дүүрэг, Улсын Прокурорын газраас хэргийг хааж, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой гэж заасан нь уг объектын маргаан шүүхээр хэдийн шийдэгдсэн асуудлыг мэдээгүй, гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан нь үндэслэлтэй. Мөн Иргэний хуульд заасан эд хөрөнгийн маргаан бүхий хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байх тул Б.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н.М, Н.С, Х.Б нарт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан хохирол 77.900.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 25.603.300 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 52.296.700 төгрөгийн болон хариуцагч Н.М, Х.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч Б.М нь эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 0 айлын 0 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1 хав, хуу-5/

        Нэхэмжлэгч Б.М-аас хариуцагч Н.С, Н.М, Х.Б нар нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж-0 тоот хаягт байршилтай, 0 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай 16 айлын орон сууцны барилгыг буулгаж, шинээр барилгажуулах явцдаа уг барилгын 0 тоот хаягт байршилтай, түүний өмчлөлийн 20.5 м.кв талбай бүхий орон сууцыг түүний зөвшөөрөлгүйгээр санаатайгаар нурааж, өмнө байсан байдалд нь  сэргээх боломжгүйгээр  хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тухайн орон сууц байсан байршилтай ойролцоо баригдсан орон сууцны 1 м.кв талбайн үнэ болох 3.800.000 төгрөгийг нураагдсан орон сууцны 20.5 м.кв талбайгаар тооцон 77.900.000 төгрөгийг хариуцагч Н.С, Н.М, Х.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан бол хариуцагч Н.М-гээс Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-0 гэсэн хаягт байрлах 1037.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 67.3 хувийг иргэн Н.С-эс, 32.7 хувийг иргэн Х.Б-аас арилжааны болон худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч барилгыг 100 хувь өмчлөх эрхтэй болсны дараа шинээр барилга барихаар нураасан. Энэхүү барилгад өөр өмчлөгч байхгүй, үүрэг ногдуулсан ямарваа нэгэн гэрээ хэлцэлгүй, бусдад барьцаалагдаагүй, эд хөрөнгийн эрхийн зөрчилгүй байсан бөгөөд барилгын нийт талбай 1037.8 м.кв талбай болно. Миний хувьд хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй тул хүлээх хариуцлага байхгүй гэсэн үндэслэлээр, хариуцагч Н.С-эс Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө үйлчилгээний зориулалтай 1037.8 м2 талбайтай Ү-......... дугаартай үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч “Б” ХХК-аас шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын шийдвэрээр  шүүхийн шийдвэрт заасан төлбөртөө  хүлээн авч,  хууль ёсны өмчлөгч болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2 удаа нээлтэй дуудлага худалдааг “Зууны мэдээ” сонинд зарлаж байхад энэ үеэр ямар нэгэн маргаантай өмчлөгч гарч ирээгүй. Тухайн барилгад 2005 оноос хойш цахилгаан, ус, дулаан байхгүй байсан учир ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Ингээд 10 орчим жил барилгыг харж манаач ажиллуулж байгаад иргэн Н.М-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 онд өөрийн хувийг худалдаж, түүнд шилжүүлэн өгсөн. Барилгад Б.М гэдэг хүн огт амьдарч байгаагүй. Түүний гэрчилгээ уг барилгыг анх улсын комисс хүлээж авахаас өмнө бичигдсэн гэрчилгээ байдаг. Миний Н.М-д шилжүүлсэн  барилгад 20.5 м.кв талбайтай байр байгаагүй. 12-16 м.кв талбайтай өрөөнүүд байсан. Тэгэхээр энэ барилгад орон сууц эзэмшиж байгаагүй байх. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг буруу бүртгэсэн асуудлаар  энгийн хохирох ёсгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ яаж авсныг мэдэхгүй гэсэн үндэслэлээр, хариуцагч Х.Б-аас Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө үйлчилгээний зориулалтай 1037.8 м2 талбайтай Ү-............ дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу “Б” ХХК-ийн өмчлөлөөс иргэн Н.С-гийн хамт өрөндөө шилжүүлэн авсан. Үүнээс хойш уг объект газрын маргаантай явсаар шийдэгдэж, 2014 онд уг объектын 67.3 хувийг Н.С-эс, 32.7 хувийг надаас иргэн Н.М худалдаж авсан бөгөөд одоо миний бие уг объектод хамаарах, эзэмшил байхгүй болсон. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 20.5м2 өрөө байр нь хууль бусаар улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэж байна. Учир нь дээрх объект нь салгаж үл болох нийлмэл нэг объект байхад салгаж нэг өрөө байрыг Б.М-д ганцхан өмчлөлөөр олгож гэрчилгээ гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд үүнийг тухайн бүртгэсэн Улсын бүртгэлийн Ерөнхий бүртгэгч хүчингүй болгох ёстой. Аливаа объект болох үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ хууль ёсны өмчлөгч мөн болохыг нотолсон бичиг баримтыг үндэслэн өмчлөх эрх олгох ёстой байдаг. Гэтэл Б.М-д юуг үндэслэж, нотолж ямар газар, хэний зөвшөөрлөөр олгосон нь тодорхой бус, уг объект ганц үл хөдлөх хөрөнгө биш мөн газар нь хамт эрхийн дагуу шилжиж явдаг, газраас салгаж үл болох эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө мөн гэж тодорхойлдог байхад ганцхан 20.5м2 өрөө гэж нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуульд заасан эд хөрөнгийн маргаан бүхий хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

        Хариуцагч нарын татгалзал үндэсгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Учир нь нэхэмжлэгч Б.М-ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 16 айлын 0 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц нь  “Х”ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж-0 тоот хаягт байршилтай, 3 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай 16 айлын орон сууцны барилгын нэг хэсэг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дүгээр албан бичиг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дүгээр албан бичиг, орон сууц хөлслөх гэрээ,  анх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ гаргасан Д.О-ын өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг, эд хөрөнгийн хаяг байршлын зураг, эд хөрөнгийг үнэлсэн “Мөнгөн капитал”ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, “Х”ХХК-ийн  16 айлын орон сууцны 0 тоот орон сууцыг Д.О, 0 тоот орон сууцыг Д.Б-д худалдсан гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0 дугаар магадлал,  Улсын Дээд шүүхийн  2003 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0 дүгээр тогтоол зэргээр тогтоогдож байна. /1 хав, хуу-18, 48, 116, 177-189/, 210-218/     

            Иймд хариуцагч нарын дээрх барилгад 20.5 м.кв талбай бүхий орон сууц байгаагүй, нэхэмжлэгч Б.М нь орон сууцны барилгад амьдарч байгаагүй атлаа юуг үндэслэж, хэний зөвшөөрлөөр олгосон нь тодорхой бус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

        “Х”ХХК нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард үйлчилгээтэй 16 айлын орон сууцны барилга барьсныг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12/0 дугаар актаар улсын комиссын протоколоор өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн нөхцөлөөр ашиглалтад оруулахыг хүлээн зөвшөөрчээ. /1 хав, хуу-121-122, 2 хав, хуу-38/

        Гэвч уг барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулахаас өмнө  Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын хойно байрлах 16 айлын орон сууцны 20.5 м.кв талбайтай  0 тоот орон сууцыг үнэлгээний тайлан, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн иргэн Д.О-ын өмчлөлд 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. /1 хав- хуу-206

        Улмаар уг орон сууцыг 202 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Б-д, 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  бэлэглэх гэрээгээр иргэн Ц.Ц-т,  2006 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн  худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Б-д, 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн   бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Б-т, 2011 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн  худалдах, худалдан авах гэрээгээр  Б.М-д тус тус шилжин бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.М бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн лавлагаа, орон сууцны бүртгэлийн хувийн хэрэг зэргээр нотлогдож байна. /1 хав, хуу-144, 146-246, 2 хав, хуу-1-33/

        Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд  бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд  бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог.

        Нэхэмжлэгч Б.М-аас миний улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамч гэж үзэж, миний өмчлөх эрхийг хааж байна гэсэн үндэслэлээр хариуцагч Н.С, Х.Б, Н.М нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 16 айлын байрны 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түрээсээр олох байсан орлого 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/0000 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн орон сууцны бүртгэлийг хэн ч буруу ташаа гэж эсэргүүцээгүй байх ба улсын бүртгэлээр баталгаажсан уг эрхийг давхардуулан шүүх тогтоох үндэслэлгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаар магадлалаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, уг шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /1 хав, хуу-11-17/

        Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 16 айлын 0 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчийг нэхэмжлэгч Б.М гэж үзэх үндэслэлтэй.

        Гэвч хариуцагч Н.М нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0/0 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-........дугаартай орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээдүүд болох хариуцагч Н.С-тэй хөрөнгө оруулах, хамтран ажиллах болон худалдах, худалдан авах гэрээг, хариуцагч Х.Б-тай арилжааны гэрээг тус тус байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүхэлд нь шилжүүлэн авсны дараа  2017 оны 09 дүгээр сард уг барилгыг нурааж, шинээр “Уайт гэйт центр”нэртэй барилгыг барьсан байна. /1 хав, хуу-70-84, 136-137,

        Энэхүү барилгыг нураахдаа уг барилгын 02 тоотын 20.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нураасан гэх гомдлыг нэхэмжлэгч Б.М цагдаагийн байгууллагад гаргасныг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, уг прокурорын тогтоолд гаргасан гомдлыг Хан-Уул дүүргийн Ерөнхий прокурор болон Монгол Улсын Ерөнхий прокуророос хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /1 хав, хуу-6-10

        Иймд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаартай орон сууц үйлчилгээний зориулалттай барилгыг буулгаж нураахдаа уг барилгын 0 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч Б.М-тай харилцан тохиролцож түүний зөвшөөрлийг аваагүй байх тул түүнд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510  дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй.

        Хариуцагч Н.М нь 2017 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 29/2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү............... дугаартай орон сууц үйлчилгээний зориулалттай барилгыг буулгаж нураасан боловч тэрээр тус барилгын 02 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбай бүхий орон сууцыг бусад этгээд өмчилсөн болохыг мэдээгүй байх үедээ өөрийн өмчилж буй  1037.8 м.кв талбай бүхий барилгын хамт буулгасныг буруутгах үндэслэлгүй.

        Учир нь хариуцагч Н.С-эс шүүх хуралдаанд өгсөн “анх Г.Б гэж хүн надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байснаа шүүх хуралдаа ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан, дараа нь 2015 онд энэ Б.М гэж хүн гудамжинд таараад та энэ Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 тоот хаягт байршилтай барилгын өмчлөгч үү, би уг барилгын 0 тоотын өмчлөгч байна гэж хэлж байсан” гэх тайлбар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1198 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаар шүүгчийн захирамж зэргээс хариуцагч Н.С нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх  үүрэгтэй атал Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 29/2 тоот хаягт байршилтай, орон сууц үйлчилгээний зориулалттай барилгын өөрт ногдох 67.3 хувийг 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Н.М-д худалдаж, хамтран ажиллах гэрээ байгуулахдаа тус барилгын  0 тоот хаягт байрлах 20.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг гуравдагч этгээд өмчлөх эрхтэй, түүнтэй холбоотойгоор бусад этгээдүүдээс маргаж байсан талаар мэдэгдээгүй эс үйлдэхүй гаргасан гэм буруутай байна. /1 хав, хуу-148-150/

        Харин хариуцагч Х.Б-ыг Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 тоот хаягт байршилтай, орон сууц үйлчилгээний зориулалттай барилгын 0 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг гуравдагч этгээд өмчлөх эрхтэй, түүнтэй холбоотойгоор бусад этгээдүүдээс маргаж байсныг мэдэж байсан атлаа  Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 тоот хаягт байршилтай, орон сууц үйлчилгээний зориулалттай барилгын өөрт ногдох 32.7 хувийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ энэ талаар эд хөрөнгө солилцож буй талд мэдэгдээгүй гэж шууд  дүгнэх боломжгүй бөгөөд түүнтэй холбоотой баримтууд байхгүй байна.

        Иймд нэхэмжлэгч Б.М-ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.........дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 16 айлын 0 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг буулгаж, нурааснаас учирсан хохирлыг хариуцагч Н.С-д дангаар хариуцуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт нийцнэ.

        Нэхэмжлэгч Б.М нь өөрт учирсан гэм хорын хохирлыг тухайн орон сууц байсан байршилтай ойролцоо баригдсан орон сууцны 1 м.кв талбайн үнэ болох 3.800.000 төгрөгийг нураагдсан орон сууцны 20.5 м.кв талбайгаар тооцон 77.900.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхээс томилогдсон шинжээч “И”ХХК-иас барилгыг нураасан 2017 оны 10 дугаар сарын байдлаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ойролцоо байрлаж буй орон сууцны зориулалттай 20.5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 25.603.300 төгрөгийн үнэтэй гэж тогтоож дүгнэлт ирүүлсэн нь хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.М-ы өмчлөлийн орон сууцыг 2017 оны 10 дугаар сард буулгаж нурааснаас 25.603.300 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх үндэстэй. /2 хав, хуу-48-62/

        Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.С-эс 25.603.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52.296.700 төгрөгийн болон хариуцагч Н.М, Х.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгч Б.М нь 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 16 айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түрээсээр олох байсан орлого 8.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 16 айлын 0 тоот 20.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй нураасан асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргах зэргээр өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж байсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагч Х.Б болон түүний өмгөөлөгч А.Э-ийн тайлбар үндэслэлгүй.

        Түүнчлэн нэхэмжлэгч Б.М-д олгосон эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 16 айлын 0 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй, эрхийн маргаангүй байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээр гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг  нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх боломжгүй.

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Б”ХХК-ийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы зүүн талд төв замын дагуу гол зам руугаа харсан байрлалтай барилгыг нийт 1037.8 м.кв талбайтай, үүнээс 1018.5 м.кв талбай нь цэвэр талбай гэж дүгнэж,  тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон “Х”ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн тайланг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлж тухайн барилга нь нийт 1037.8 м.кв талбайтай байсан гэж дүгнэх боломжгүй бөгөөд барилгын нийт талбайг хэрхэн яаж хэмжиж 1037.8 м.кв хэмжээтэй болохыг тогтоосон нь тодорхойгүйгээс гадна, тухайн хэмжилтийг хийхдээ өрөө тус бүрээр бус давхар тус бүрээр хэмжсэн нь талбайн хэмжээг бодитоор тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай. Түүнээс гадна үнэлгээ хийсэн “Х”ХХК нь барилгын зах зээлийн үнэ ханшийг тогтоох эрхтэйгээс гадна  талбайн хэмжээ тогтоох тусгай зөвшөөрөлтэй байсан, үүний дагуу хэмжилт хийсэн болох нь тогтоогдохгүй байх тул дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С-эс улсын тэмдэгтийн хураамжид 285.966 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.С-эс 25.603.300 /хорин таван сая зургаан зуун гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52.296.700 төгрөгийн болон хариуцагч Н.М, Х.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1,60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С-эс улсын тэмдэгтийн хураамжид 285.966  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                                     

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР                                

      ШҮҮГЧИД                                               Д.МӨНГӨНТУУЛ

                                                                      Н.ГЭРЭЛТУЯА