Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00406

 

МАГАДЛАЛ

2021.03.

Г.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02643 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.От холбогдох, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот гэрчилээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл болон 01-01 дугаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч Т.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Д, Г.Ч, Г.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Галсанжавын эд хөрөнгийн өвлөгч юм. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах агуулах болон хувийн сууцыг Г.Б, Г.М нарын өвлөх хөрөнгө байсан эсэх нь тодорхойгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Миний бие Г.Бтай 1982 онд танилцаж улмаар гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн. 1988 оны 8 дугаар сард Сүхбаатарын районы Орон сууц гудамжны 9 дүгээр хороо, Алтайн 4-16 одоогийн 14-430 тоот хаягт байрлах газрыг н.Буяндэлгэрээс 500 төгрөгөөр худалдан авч нөхөр Г.Бы нэр дээр газар эдлэх эрхийн үнэмлэхийг шилжүүлэн авсан. 1986 онд хадам эх нас барж хадам эцэг С.Галсанжав болон дүү нарыг 1988 оны намар хашаандаа айл буулган хамтран амьдарч эхэлсэн. Нөхөр Г.Бд 1992 онд ажиллаж байсан байгууллагаас орон сууц өгч манай гэр бүл орон сууцанд орсон тул хадам эцэг, дүү нар Алтайн 4-16 тоот хашаанд үлдээсэн. Миний бие 2005 онд өөрийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор уг хашаанд бараа хадгалах агуулахыг банкны зээл оролцуулан барьж өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байсан. Гэтэл Г.М 2019 онд Алтайн 14-430 тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах тухай зар нийтэлснийг интернэтээс олж мэдсэн. Г.Мтэй уулзаж энэ талаар лавлахад тэрээр энэ газрын үнийг судлах зорилгоор зар тавьсан гэж хэлсэн. Гэвч Г.М нь газар болон үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж улмаар агуулахыг чөлөөлөх асуудал гарсан. Г.Б, Г.М нар нь 2011 онд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оаар өвлөх эрх нээлгэх хүсэлтдээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоотод байрлах 000156315 тоот гэрчилгээлтэй, Ү-2205012818 тоот улсын бүртгэлтэй агуулах, хувийн сууцыг өвлөж авах хүсэлттэй тул бидэнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэж бичснийг нотариатч Т.О хуульд нийцүүлэн судлалгүйгээр 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 01 тоот өвлөх эрхийн гэрчилгээнд Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлүүлэв гэж өвлөгдөж байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нь байхгүй хөрөнгө болох агуулахыг оруулж бичсэн. Нотариатчийн өвлүүлсэн агуулах бол газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж болохгүй хөрөнгөд хамаарна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай 2003 оны хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл нотариатч Т.О нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчиж бие даасан тусдаа үл хөдлөх хөрөнгө болох агуулахыг өвлүүлэгчийн өмчид байгаа хөрөнгө мөн болохыг тогтоолгохын тулд бүртгэлийн байгууллагад бүртгүүлсний эцэст өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүйгээр өөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд хавсруулан өв нээж өгсөн. Мөн 1997 оны Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1.1-д үйлчлүүлэгчийн бичиг баримт нь хууль тогтоомж, Монгол Улсын Олон улсын гэрээнд харшилж байвал, нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой атал өв хүлээн авах хүсэлт гаргагч улсын бүртгэлийн гэрчилгээтэй өөр хөрөнгө дотор улсын бүртгэлд бүртгэгдээгүй өөр үл хөдлөх хөрөнгө /агуулах/-ыг өвлөн авахыг хүссэн өргөдөлд оруулан нотариатын үйлдэл хийсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оын Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлүүлэв. гэсэн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 01 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Д, Г.Ч, Г.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Г.Нтай 1984 онд танилцаж гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн. 1988 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 4-16 тоот хаягт байрлах газрыг н.Буяндэлгэрээс 500 төгрөгөөр худалдан авсан. 1986 онд эх маань нас барж эцэг маань хэдэн өнчин дүү нарын хамт Завхан аймагт үлдсэн тул 1988 оны намар эцэг С.Галсанжавыг дүү нарын хамт Улаанбаатарт шилжүүлэн авч ирж хашаандаа буулгасан. 1992 онд ажиллаж байсан байгууллагаас орон сууц өгсөн тул тус хашаанаас нүүсэн. Уг хашаанд эцэг С.Галсанжав нь дүү нарын хамт амьдрах болсон. 2002 онд Сүхбаатар дүүргийн газрын албанаас газар эзэмшигч нарыг дахин бүртгэн баталгаажуулахдаа газар дээрээ заавал амьдран суудаг байх шаардлагатай гэсэн тул эцэг С.Галсанжавын нэр дээр шилжүүлсэн. Учир нь миний бие нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот газрыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан, ирээдүйд миний хөрөнгө болох талаар маргах хүн байхгүй гэдэгт итгэлтэй байсан. Мөн 2005 онд Г.Н бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор уг хашаанд бараа хадгалах агуулахыг банкны зээл оролцуулан барьж ашиглалтад оруулсан. Эцэг С.Галсанжав нь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Гэтэл 2019 оны эхээр Г.М нь уг Алтайн 14-430 тоот хаягт байрлах газрыг худалдан борлуулах тухай зар интернэд нийтэлснийг олж мэдэж түүнээс энэ талаар тодруулахад газар, амины орон сууц, агуулахыг эцэг С.Галсанжавыг нас барсны дараа бидэнд мэдэгдэлгүй 2011 онд өөрсдийн нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдсан. Сүхбаатар дүүргийн нотариатч Т.О нь өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосноос болж Г.Н болон Г.Бы эрх зөрчигдсөн. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ бичихдээ Н.Баярсайхантай ижил эрхтэй Г.Д, Г.Ч, Г.Ж нарт мэдэгдээгүй, зохих газраас лавлагаа аваагүй тул бидний эрхийг зөрчиж байна. Иймд Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, 14-430 тоот хаягт байрлах 000038656 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 18643312041487 дуугартай, улсын бүртгэлийн Г-2203001724 дугаартай 462 м.кв газрыг, мөн хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлүүлсэн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01, 01-01 тоот өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Д, Г.Ч, Г.Ж нар шүүхэд гаргасан шаардлагадаа: 1988 онд Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах амины хэрэгцээний хашааг н.Буяндэлгэрээс худалдан авч, уг хашаанд тухайн амьдарч байсан. 1986 онд хадам эх нас барж хадам эцэг дүү нарын хамт Завхан аймагт үлдсэн тул 1988 оны намар Г.Б эцэг С.Галсанжав болон дүү нарын хамт Улаанбаатарт шилжүүлэн авч ирж, хашаандаа буулгасан. 1992 онд ажиллаж байсан байгууллага нь орон сууц өгсөн тул өөрийн хашаандаа эцэг С.Галсанжавыг дүү нарын хамт үлдээсэн. 2001 онд отгон дүү маань өвчний учраас нас барж эцэг маань сэтгэл санаагаар унаж хөдөө орон нутагт эсвэл хотын захад очмоор байна гэдэг байсан. Энэ үед Г.Б өөрийн газрыг эцгийн нэр дээр хувьчлуулах ажлыг хөөцөлдөж гэрчилгээ авч өгсөн. Энэ газар, хашаа болон орон сууц, агуулах бүгд Г.Бы мэдэлд байсан тул тэдгээрийг эзэмших, захиран зарцуулах эрхтэй. 2002 онд дүү Г.Б дүү Г.Бтай хамтран хоёр айл амьдрах зориулалттай амины орон сууцыг өөрсдийн хөрөнгөөр барьж, нэг талд нь эцэг С.Галсанжавыг дүү Г.Мийн хамт, нөгөө талд нь дүү Г.Дэнсмааг гэр бүлийн хамт оруулсан. 2005 онд дүү Г.Бы эхнэр Г.Н уг хашаанд аж ахуйн зориулалтаар агуулах бариулсан. Эцэг С.Галсанжавыг нас барсны дараа дүү Г.Б, Г.М нар Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 462 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууц болон агуулахыг оролцуулан өв залгамжлах эрхийг шилжүүлэн авч улмаар Г.М хашаа байшинг зарсан байна. Г.Б, Г.М нар өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа бидэнд мэдэгдээгүй. Уг үйлдлийг хийсэн наториатч Т.О буруутай. Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оын олгосон 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01, 01-01 тоот өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг гэрчилгээг олгохдоо ямар нэг хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй болно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд Улсын бүртгэлд бичсэн тэмдэглэл үнэн зөв байх гэсэн заалтын дагуу нэгэнт бүртгэгдсэн гэрчилгээг үндэслэн өв нээсэн. Мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу талаар өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй. Миний бие Т.О 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.Б, Г.М нар ирж бидний эцэг Сэрээтэр овогтой Галсанжав 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан тул бидний дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах Г-2203001724 тоот улсын бүртгэлтэй 462 м.кв газар, Ү-2203012818 тоот улсын бүртгэлтэй 128 м.кв агуулах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасныг үндэслэн хууль ёсны өвлөгч болох Г.Б, Г.М нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өвлөх эрхийн гэрчилгээг олгоход Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлөгдөх хөрөнгө гэдэгт өвлүүлэгчийн өмч болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр нотлогдсон хөрөнгө байна гэсний дагуу 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Газрын харилцаа геодези зураг зүйн газраас олгосон 000156315 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй С.Галсанжав, Г.Б, Г.М нарын гурван хүний өмч болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах агуулах, хувийн сууцны зориулалттай 128 м.кв талбайтай Ү-2203012818 тоот улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон 000380560 тоот гэрчилгээтэй С.Галсанжав, Г.Б, Г.М нарын гурван хүний өмч болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах 18643312041487 тоот нэгж талбарын дугаартай, Г-2203001724 тоот улсын бүртгэлийн дугаартай 462 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэсэн. Иймд 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өв нээх үед дээрх үл хөдлөх хөрөнгүүд улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байсан. Өвлүүлэгч нас барснаар өв нээгдэнэ гэсний дагуу өвлүүлэгч нь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нас барж барсаны гэрчилгээ олгогдсон. Өв нээгдсэнээс хойш 1 жил 3 cap 20 хоногийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Өвлүүлэгч нь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн гудамж 14-430 тоот хаягт тус хорооны өрхийн бүртгэлээр ам бүл 6 /С.Галсанжав, хүү Галсанжавын Мөнхтөр, хүү Галсанжавын Баярсайхан, бэр Батсуурийн Ариунаа, Баярсайханы Нямханд, Баярсайханы Идэрдагва нарын хамт/ байсан байна. Уг өрхийн бүртгэлээр Г.Б, Г.Ж, Г.Д, Г.Ч нар нь хамт амьдардаггүй байсан. Хууль ёсны өвлөгч нь хамт амьдарч байсан хүү Г.М, Г.Б нар бөгөөд өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгө нь өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзэх бөгөөд өвлүүлэгч нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй бол өвийг хүлээн авсанд тооцно. Мөн өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг хүлээн авах талаар хүсэлт гаргах, хэрэв зохих байгууллагад хүсэлт гаргаагүй бол өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Иймээс Г.Б, Г.Ч, Г.Д, Г.Ж нар нь хууль ёсны өвлөгч мөн боловч өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байгаагүй, мөн хуульд заасан хугацаанд зохих байгууллагад уг өвийг авах тухай хүсэлтээ гаргаагүй нь Монголын Нотариатын танхимын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 340 тоот лавлагаагаар нотлогдож байна. 2005 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн бүртгэлийн газраас Г-2203001724 тоот дугаарт бүртгэж олгосон 0000300556 тоот гэрчилгээгээр Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах 462 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, мөн 2005 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн бүртгэлийн газраас Ү-2203012848 дугаарт бүртгэж 000156315 тоот гэрчилгээгээр дээрх хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С.Галсанжав, Г.Б, Г.М нарыг бүртгэж гэрчилгээ олгосон нь тэднийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон байна. Уг өвлөгдөж буй хөрөнгийг Г.Н одоо хүртэл ашиглаж байгаа гэсэн атлаа зохих байгууллагад бүртгүүлээгүй нь нотариатын шийдэх асуудал биш юм. Өвлөгч Г.Б, Г.М нарыг дээрх хөрөнгийг өвлөхдөө бидэнд мэдэгдээгүй гэж байгаа нь уг өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааварын 4.10.1-д зааснаар өвлөгч нарын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 4.10.2.1-д заасан хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримт болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хүсэлт болон засаг захиргааны өрхийн бүртгэл, 4.10.2.5-д заасан оршин суугаа газрын өрхийн бүртгэл, 4.10.2.3-д заасан өвлөгдөх эд хөрөнгийг оршин байгаа газар бүрэлдэхүүн тоо хэмжээ тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотолсон бичиг баримтыг үндэслэн мөн Монголын Нотариатын Танхимаас өвийн цахим бүртгэлээс өвлүүлэгчийн дээрх хөрөнгийг өвлөх талаар бусад хууль ёсны өвлөгчдөөс хуульд заасан хугацаандаа хүсэлт гаргасан эсэхийг нягталсаны үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Мөн газар болон уг газар дээр байгаа агуулах хувийн сууцыг нэг бүрдэл гэж үзэж нэг дугаарт бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ тус бүрд нь өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2.5, 43.4-т заасныг баримтлан нотариатч Т.Оын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бичсэн №01, 01-01 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид 70 200 төгрөгийг, 210 600 төгрөгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт хувь тэнцүүлэн олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хангаж хуулийн үндэслэлгүй. Г.Нг өвийн талаар маргаагүй. Харин өвлөгдсөн хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаартай 000156315 тоот гэрчилгээтэй 128 м.кв агуулах, хувийн сууцнаас агуулахыг Г.Б, Г.М нарт хамтад нь өв нээж өгч өмчлөх эрхийг зөрчсөн гэж маргасан. Өвлүүлэгч Сэрээтэрийн Галсанжав нь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. түүний хүү Г.Б, Г. Мөнхтөр нар 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өвлүүлэгч С.Галсанжавтай хамтран өмчилдөг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 462 м.кв талбай бүхий, 18643312041487 нэгж талбартай, Г-2203001724 улсын бүртгэлтэй, 000038056 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 128 м.кв талбайтай, 000156315 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Ү-2203012818-тай улсын бүртгэлтэй агуулах, хувийн сууцыг өвлөж авахаар хүсэл зоригоо илэрхийлж, өргөдлөө бичүүлж нотариатчаас 01, 01-1 тоот өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Нотариатчийн зүгээс 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.Б, Г.М нарын хүсэлтийн дагуу хувийн байдлыг тогтоож, бичиг баримтыг судалж үзэхэд өвлүүлэгч С.Галсанжав нь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нас барсныг нотолсон гэрчилгээ, өвлөгдөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хорооны өрхийн гэр бүлийн бүртгэлийн лавлагаа бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул өвлөх эрхийн гэрчилгээг хуульд нийцүүлэн олгосон. Өв хүлээн авагч Г.М, Г.Б нар Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан, мөн тухайн өв болох хөрөнгийг хууль ёсны дагуу хамтран өмчилж байсан болох нь хууль ёсны нотлох баримтуудаар нотлогддог. Иймд Г.Б, Г.М нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвийг хүлээн авсан өвлөгч мөн. Өвлүүлэгчийг нас барах үед хамт амьдарч байсан Г.М, Г.Б нар өвлөгч гэж үзэх үндэслэлтэй. Харин Г.Б, Г.Ж, Г.Д нар нь өвлөгчид хамаарч байх бөгөөд өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй учир өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх хуулийн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь өөрсдөө хууль ёсны дагуу өвлөх эрхээ алдсан нь тодорхой байхад тэдгээрийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Өвлөгч нар нь 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатын газар гаргасан өв хүлээн авах хүсэлтийг гаргахдаа хууль зүйн мэдлэг аливаа зүйлийг бичгийн хэлбэрт буулгах тал дээр муу байсан учраас нотариатчийн туслахыг гуйж тус хүсэлтээ бичүүлсэн болох талаар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, мөн шүүх хуралдаанд гэрч энэ талаар мэдүүлсэн ба гарын үсэг зураагүй талаар маргаагүй. Иймд дээрх үйлдлийг буруутгахгүй. Мөн Улсын бүртгэлийн гэрчилгээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоотод байрлах өвлөх эрхийг Г.Б, Г.М нарт олгож 01 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцны гэрчилгээнд "Агуудах" гэснийг зохих байгууллагын залрууллагагүйгээр агуулах гэж бичсэн үйлдлийг зөв гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Өв хүлээн авагч нар нь өвийн хөрөнгө болох агуулах, хувийн сууцыг өөрсдөө өвлөн авах хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхой байсан учир нотариатчийн "Агуудах" гэдгийг "Агуулах" гэж бичсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 532 дугаар зүлйин 532.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн тохиролцож өвлөгч бүрт ногдох хэмжээгээр хувиарлаж хийсэн хэлцлийг Г.Б, Г.М нар хийсэн эсэхийг тодруулаагүй гэж дүгнэсэн. Гэтэл өв залгамжлалд оролцсон өвлөгч болох Г.М, Г.Б нар өвийг хүлээж авсан талаар маргаагүй болно. Иймд нотариатын үйлдэлийг шууд буруутгах үндсэлэлгүй. Г.Н, Г.Б Г.Ж, Г.Д нар өвлүүлэгч С.Галсанжав 2009 онд нас барж өв нээгдэх хугацааг мэдэж байсан атлаа өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй. Иймд нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүйг залруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Т.От холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг Г.Б, Г.Мт өвлүүлсэн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй тул өвлөх эрхээ алдсан гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Г.Б, Г.Д, Г.Ч, Г.Ж нар оролцож өв эрхийн гэрчилгээ олгохдоо бусад өвлөгч нарт мэдэгдээгүй гэж 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01, 01-01 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

 

Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоотод байрлах 128 м.кв талбай бүхий хувийн сууц, агуулах болон мөн хаягт байрлах 162 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр С.Галсанжав, Г.Б, Г.М бүртгэлтэй байсан улсын бүртгэлийн гэрчилгээ, С.Галсанжав нь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нас барсны бүртгэлийн гэрчилгээ хэрэгт тус тус авагджээ. /1хав-62, 131, 173-х/

 

Г.Б, Г.М нар 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нас барагч С.Галсанжавын өв болох Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн-14-430 тоотод байрлах агуулах, хувийн сууц, газрыг өвлөх талаар хүсэлтийг Сүхбаатар дүүргийн нотариатч Т.От гаргаж улмаар 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот гэрчилгээгээр дээрх хаягт дурдсан газрыг, мөн өдрийн 01-01 тоот гэрчилгээгээр агуулах, хувийн сууцыг өвлөн авсан байна. /1хав-6, 62/

 

Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын /2003 оны/ 4.10.2.1-т хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримт /төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, Иргэний бүртгэлийн архивын лавлагаа гэх мэт/, мөн зааврын 4.10.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн тоо хэмжээ тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримтыг үндэслэн нотариат тодорхой үйлдэл хийхээр заасан.

Нотариатч Т.О нь Г.Б, Г.М нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ өвлүүлэгч С.Галсанжавын өвийг өвлөх эрх бүхий хууль ёсны өвлөгч нар буюу түүний гэр бүл, хүүхдийн талаарх ам бүлийн лавлагаа, хүн амын тооллогын лавлагааг шаардаж аваагүйгээс, Г.Б, Г.М нартай адил эрхтэй, түүний төрсөн хүүхэд Г.Б, Г.Ж, Г.Ч, Г.Д нарын эрх ашиг хөндөгдсөн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өв залгамжлагчийг шалгаж тогтоогоогүй атлаа тэднийг өв хүлээн авах эрхээ алдсан гэж хариуцагч тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн нотариатын туслах зохих итгэмжлэлгүйгээр өвлөгчдийн өмнөөс өвлөх эрхийн талаарх хүсэлт гаргасан болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дэх бичилтийг зохих ёсоор залруулахгүй бичилт хийсэн нотариатчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Харин нэхэмжлэгч Г.Н нь өөрийн өмчлөлийн хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах агуулгаар маргасан буюу зохигчийн хооронд өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой бус нотариатчийн үйлдэлтэй холбоотой маргаан үүссэн тул гомдолд нэхэмжлэгч Г.Н хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй гэж дурдсаныг хангах үндэслэлгүй.

 

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, нотариатын үйлдэл хийхтэй холбоотой хуулиар тогтоосон журмыг хариуцагч баримтлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасан байхад анхан шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээ олгох журмыг зохицуулсан Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5, 43.4 дэх хэсэгт заасныг баримталсан хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02643 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан нотариатч Т.Оын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.Б, Г.М нарт олгосон №01, 01-01 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 280 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БАЙГАЛМАА