Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/02643

 

 

 

 

 

 

 

2020 10 23

181/ШШ2020/02643

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.О-т холбогдох,

2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01, 01-01 тоот Өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Т.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Д, Г.Ч, Г.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б, гэрч Г.Б, Г.М , гэрч Г.М -н өмгөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нотариатчийн өв нээсэн үл хөдлөх эд хөрөнгө нь өвлүүлэгчийн эд хөрөнгө мөн эсэхийг тодруулалгүйгээр нотариатын үйлдэл хийснээс болж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Миний бие Г.Н нь Сэрээтэрийн Галсанжавын эд хөрөнгийн өвлөгч байх ёстой гэж маргахгүй.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах агуулах болон хувийн сууц хоёулаа Г.Баярсайхан, Г.М  нарын өвлөх эрх бүхий хөрөнгө байсан эсэх нь тодорхойгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Миний бие Гомбожавын Нарантуяа нь иргэн Галсанжавын Батсайхантай 1982 онд МУИС-ийн оюутан болсон үеэсээ үерхэн нөхөрлөж, улмаар гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн.

Ингээд 1988 оны 8 дугаар сард Сүхбаатарын районы Орон сууц гудамжны 9 дүгээр хороо, Алтайн 4-16 одоогийн 14-430 тоот хаягт байрлах амины хэрэгцээний хашааны газрыг иргэн Буяндэлгэрээс 500 төгрөгөөр худалдан авч нөхөр Г.Бы нэр дээр амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмэлэхийг шилжүүлэн авч тухайн газарт гэрээ барьж, гал голомтоо үүсгэн гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт амьдарч эхлэсэн.

1986 онд хадам ээж насан өөд болж, хадам аав Галсанжав маань хэдэн өнчин дүү нарын хамт Завхан аймагт үлдэж, амьдрал ахуй, сэтгэл санааны хувьд хүнд байдалд байсан тул бид өөрсдийн хашаатай болсноо ашиглан 1988 оны намар нөхөр бид хоёр ярилцаж байгаад хадам аав С.Г ыг дүү нарын хамт Улаанбаатарт шилжүүлэн авч ирж, хашаандаа айл буулган хамтран амьдарч эхэлсэн.

Нөхөр Г.Б 1992 онд ажиллаж байсан байгууллагаасаа орон сууцаар хангуулж, бид хүүхдүүдийн хамт орон сууцанд орсон тул хадам аав, дүү нарыг өөрсдийн эзэмшиж байсан Алтайн 4-16 тоот хашаандаа үлдээсэн.

Миний бие 2005 онд өөрийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор уг хашаанд бараа хадгалах Агуулахыг банкны зээл оролцуулан барьж ашиглалтад оруулан өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байсан.

Гэтэл 2019 оны эхээр манай нөхөр Г.Бы зээ дүү болох Г.М  нь дээрх Алтайн 14-430 тоот хаягт байрлах газрыг, газар дээрх үл хөдлөх хөрөнгө болох миний агуулахыг оролцуулан худалдан борлуулах тухай зарыг зарын сайтад тавьсан байсныг бид интернэтээс олж мэдсэн.

Дүү Г.М тэй очиж уулзаад яагаад бидний зөвшөөрөлгүйгээр газар, үл хөдлөхийг зарах гэж байгааг тодруулахад тэрээр тухайн үедээ ер нь энэ газар хэр үнэд орохоор байгааг тандах зорилгоор зар тавьж судалж байгаа юм аа. Юу гэж та нарын юмыг зарах юм бэ гэхлээр нь нээрээ ч байж болох асуудал юм байна гээд тэгсхийгээд орхисон. Харин сүүл рүүгээ дээрх газар, үл хөдлөх хөрөнгүүдийг Г.М  нь бусдад зарсан болж таараад намайг агуулахаа чөлөөлж өгөх тухай асуудал хөндөгдөж эхлэхээр нь асуудал руу гүнзгий ороод ирсэн чинь газар, үл хөдлөх хөрөнгийг Ж.Намуун гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байна.

Миний нөхөр Г.Бы төрсөн дүү Г.Баярсайхан, зээ дүү Г.М  нар нь 2011 онд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оаар өвлөх эрх нээлгэхээр гаргасан хүсэлтдээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоотод байрлах 000156315 тоот гэрчилгээлтэй, Ү-2205012818 тоот улсын бүртгэлтэй агуулах, хувийн сууцыг өвлөж авах хүсэлтэй байгаа тул Г.Баярсайхан, Г.М  бидэнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэж бичсэнийг нотариатч Т.О хуульд нийцүүлэн судлалгүйгээр 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 01 тоот Өвлөх эрхийн гэрчилгээндээ Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо. Алтайн 14-430 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлүүлэв гэж өвлөгдөж байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нь байхгүй хөрөнгө болох Агуулахыг оруулж бичсэнээс өнөөдөр би өөрийн өмч хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ эдлэх нь бүү хэл өөрийнхөө хөрөнгөөс өөрөө хөөгдөж эрх, хууль ёсны ашиг сонирхол маань хөндөгдөж байна.

Нотариатчийн өвлүүлсэн Агуулах бол Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д зааснаар Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс...-ын хүрээнд багтах учир үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай 2003 оны хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой.

Гэтэл нотариатч Т.О нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын Дөрөвдүгээр зүйлийн 4.10.13-ийн Улсад заавал бүртгэгдэх хөрөнгө өвлүүлэгчийн өмчид байгаа эсэхийг шалгаж, өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн өвлөгчид дээрх хөрөнгийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх талаар зөвлөнө. гэсэн заалтыг зөрчиж бие даасан тусдаа үл хөдлөх хөрөнгө болох Агуулахыг өвлүүлэгчийн өмчид байгаа хөрөнгө мөн болохыг тогтоолгохын тулд бүртгэлийн байгуууллагад бүртгүүлсний эцэст өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүйгээр өөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд хавсруулан өв нээж өгснөөрөө хууль зөрчсөн гэж үзэж байна.

1.Нотариатч нотариатын үйлдэл хийхдээ дээрх зааврын Нэгдүгээр зүйлийн 1.11-д заасан Нотариатч, Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах бүх бичиг баримт бүрдсэн, тохиолдолд үйлдлийг хийнэ. ,

2. Хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгохдоо мөн дээрх зааврын Дөрөвдүгээр зүйлийн 4.10.2.3-д заасан өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримыг үндэслэж,

3. Зааврын дөрөвдүгээр зүйлийн 4.10.9-д зааснаар Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөх эд хөрөнгө, хувь хэмжээг тодорхой заах бөгөөд хувь хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 532, 533 дугаар зүйлийн заалтыг баримтална.

4. Мөн түүнчэн нэг өвлөх эрхийн гэрчилгээг 2 этгээдэд олгосноороо зааврын Дөрөвдүгээр зүйлийн 4.10.6-ын Хоёр буюу хэд хэдэн өвлөгч өв залгамжилж байгаа тохиолдолд эрхийн гэрчилгээг тус тусад нь олгоно. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөн уг зааврын Гуравдугаар зүйлийн 3.7-ын Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчиж хийсэн нотариатын үйлдэл хүчингүйд тооцогдоно. гэсэн заалтад хангалттай хамаарч байна.

Эдгээрээс гадна 1997 оны Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасанчилан үйлчлүүлэгчийн бичиг баримт нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал, нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой атал өв хүлээн авах хүсэлт гаргагч улсын бүртгэлийн гэрчилгээтэй өөр хөрөнгө дотор улсын бүртгэлд бүртгэгдээгүй өөр үл хөдлөх хөрөнгө/агуулах/-ийг өвлөн авахыг хүссэн өргөдөлдөө оруулсан байгааг үл хэрэгсэн нотариатын үйлдэл хийсэн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оын Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлүүлэв. гэсэн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 01 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Д , Г.Ч , Г.Ж  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Г.Б, Г.Н бид хоёр 1984 оноос оюутан үеэсээ үерхэн нөхөрлөж гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн. 1988 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 4-16 тоот хаягт байрлах амины хэрэгцээний хашааны газрыг иргэн Буяндэлгэрээс 500 төгрөгөөр Г.Б миний бие худалдан авсан. Тухайн газарт гэр барьж, гал голомтоо үүсгэн гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байсныг тухайн үеийн Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх нотлоно.

1986 онд ээж маань нас барж аав хэдэн өнчин дүү нарын хамт Завхан аймагт үлдсэн тул 1988 оны намар Г.Б би аав С.Г ыг дүү нарын хамт Улаанбаатарт шилжүүлэн авч ирж, нэг хашаанд айл буун, амьдарч эхэлсэн. 1992 онд би ажиллаж байсан байгууллагаасаа орон сууцаар хангуулж, тус хашаанаас нүүсэн. Миний хашаанд аав С.Г , дүү нарын хамт үлдэж амьдрах болсон.

2002 онд Сүхбаатар дүүргийн газрын албанаас гудамжны зохион байгуулалтад өөрчлөлт хийж, тухайн 9 дүгээр хорооны гудамжуудыг дахин хаягжуулснаар Алтайн 4-16 тоот хаяг нь Алтайн 14-430 болж өөрчлөгдсөн.

Энэ үед анх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжих тухай яригдаж эхэлсэн. 2002 онд Сүхбаатар дүүргийн газрын албанаас газар эзэмшигч нарыг дахин бүртгэн баталгаажуулахдаа газар дээрээ заавал амьдран суудаг байх гэсэн шаардлага тавьсан тул би аав С.Г ын нэр дээр амины хэрэгцээнд газар ашиглах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн засаг даргад хаяглан явуулсан. Уг хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 309 тоот захирамжаар Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хашааг аав С.Г ын нэр дээр шилжүүлсэн.

2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсанаар иргэд амьдран суугаа газраа өмчлөх боломжтой болсон тул уг Алтайн 14-430 тоот газрын өмчлөгчөөр аав С.Г ыг 2003 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн. Учир нь Г.Б миний бие нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот газрыг өөрийн хөрөнгөөр худалдан авч эзэмшиж, ашиглаж ирсэн хэдий ч ирээдүйд миний хөрөнгө болох талаар надтай маргах хүн байхгүй гэдэгт итгэлтэй байсан тул аав С.Г ын нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан.

Энэ газартаа хашаан дотроо 2002 онд хоёр айл амьдрах зориулалттай амины орон сууц барьж, аав дүү нараа суулгаж байсан.

Мөн 2005 онд эхнэр Г.Н маань бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор уг хашаанд бараа хадгалах Агуулахыг банкны зээл оролцуулан барьж ашиглалтад оруулсан. Агуулахын барилгыг эхнэр Г.Н маань бизнесийн үйл ажиллагаандаа одоо хүртэл ашиглаж байна.

2005 оноос аав С.Гмаань хүнд өвчнөөр өвдөж сүүлийн 3-4 жил хэвтэрт орж, ухамсарт үйлдэл байхгүй, өтгөн шингэнээ зөөлгөж хүний асрамжинд орсон тул өөрийн байранд дулаан газар байлгаж, асарч халамжилж байгаад 2009 оны 9 дүгээр сарын 15-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

Гэтэл 2019 оны эхээр дүү Г.М  нь уг Алтайн 14-430 тоот хаягт байрлах газрыг, газар дээрх үл хөдлөх хөрөнгийн хамт худалдан борлуулах тухай зарыг тавьсан байсныг би интернэтээс олж мэдсэн. Дүү Г.М тэй очиж уулзаад яагаад бидний зөвшөөрөлгүйгээр хашаа, байшинг зарах гэж байгааг тодруулахад тэрээр уг газар, амины орон сууц, агуулахыг аав С.Г ыг нас барсны дараа бидэнд мэдэгдэлгүй нууцаар 2011 онд өөрсдийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлж авсан болохыг олж мэдсэн.

Үүнээс болж асуудал үүсэхэд бидний барьсан хувийн сууцыг төдийгүй эхнэрийн аж ахуйн үйл ажиллагаандаа зориулж барьсан Агуулахыг хүртэл өөрсдийн нэр дээр өвлөж аваад улмаар бусдад худалдсан гэх яриа гарч эхнэр Г.Н маань шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Сүхбаатар дүүргийн нотариатч Т.О нь өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосноос болж эхнэр Г.Нгийн төдийгүй гэр бүлийн дундын өмчийг хамтран өмчлөх эрх бүхий этгээд болох Г.Б миний эрх зөрчигдсөн нь харагдаж эхэллээ. Нотариатч Өвлөх эрхийн гэрчилгээ бичихдээ Н.Баярсайхантай ижил эрхтэй Г.Д , Г.Ч , Г.Ж  бид дөрөвт мэдэгдээгүй, зохих газраас лавлагаа аваагүй тул бидний эрхийг зөрчиж байна. Ядаж хэдэн ах эгчтэйг нь асуух байсан.

Иймд Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, 14-430 тоотхаягт байрлах 000038656 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 18643312041487 дуугартай, улсын бүртгэлийн Г-2203001724 дугаартай 462 м.кв газрыг, мөн хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлүүлсэн гэх Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 01, 01-01 тоот Өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Д , Г.Ч , Г.Ж  нар шүүхэд ирүүлсэн шаардлагадаа:

Бидний дүү Г.Бы 1988 онд Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах амины хэрэгцээний хашааг иргэн Буяндэлгэрээс худалдан авч, уг хашаанд тухайн үед ажиллаж байсан байгууллагаасаа гэр авч барин, гал голомтоо үүсгэн гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байсан.

1986 онд ээж маань нас барж аав хэдэн өнчин дүү нарын хамт Завхан аймагт үлдсэн тул 1988 оны намар дүү Г.Б аав С.Г ыг дүү нарын хамт Улаанбаатарт шилжүүлэн авч ирж, хашаандаа буулган, хамтаар амьдарч эхэлсэн.

1992 онд ажиллаж байсан байгууллагаасаа орон сууцаар хангуулсан тул өөрийн хашаандаа аав С.Г ыг дүү нарын хамт үлдээсэн. 2001 онд отгон дүү маань өвчний учраас нас барж аав маань сэтгэл санаагаар их унаж байснаас гадна Энэ газар удахгүй газарт орох юм байна. Би нүүмээр байна. Хөдөө орон нутагт эсвэл хотын захад очмоор байна гэж бидэнд ихээхэн зовлон тоочиж эхлэсэн. Энэ үед дүү Г.Б л бүхнийг зохицуулж, өөрийн газраа аавын нэр дээр болгож хувьчлуулах ажлыг хөөцөлдөн улмаар хувьчилж авлаа гэж байсан бөгөөд ...одоо газар хувьчлагдсан юм чинь таныг энэ газраас хөөхгүй таньд одоо амины орон сууц барьж өгнө... гэж аавыг тайтгаруулж, зовлон тоочдогийг нь хэсэг хугацаанд ч болсон болиулж байсан юм.

Ер нь газрыг аавын нэр дээр шилжүүлж, хувьчилж авсан ч гэсэн энэ газар, хашаа болон орон сууц, агуулах бүгд дүү Г.Бы мэдэлд байсан тул тэдгээрийг эзэмших, захиран зарцуулах, шаардлагатай бол зарах, зарсаны дараа ах дүүдээ хуваарилах зэрэг эрхлэн удирдах, зохицуулах асуудалд бүрэн эрхтэй гэж ах дүү бид бодож, найдаж, энэ газартай холбоотой бүх л зүйлийг Г.Бд даатгаж явсан.

2002 онд дүү Г.Б дүү Г.Баярсайхантай хамтран хоёр айл амьдрах зориулалтын амины орон сууцыг өөрсдийн хөрөнгөөр барьж, нэг талд нь аав С.Г ыг зээ дүү Г.М ийн хамт, нөгөө талд нь охин дүү Г.Дэнсмааг нөхөр, хүүхдүүдийнх нь хамт оруулж эдгээр хүмүүсийг амьдрах оронтой болгосон.

2005 онд дүү Г.Бы гэр бүлийн хүн Г.Н уг хашаанд аж ахуйн зориулалтаар агуулах бариулж эд нар гэр бүлийн бизнесдээ одоо хүртэл ашиглаж байгааг бид мэднэ.

Түүнчлэн аав С.Г ыг насны доройтолд орж, бие муу хүний асаргаанд орох үеэс нь эхлэн насан өөд болтол нь дүү Г.Б өөрийн дулаан орон сууцанд амьдруулж, харж хандан бүхий л асуудлыг зохицуулж, удирдан чиглүүлж ирсэн.

Гэтэл сая мэдвээс, аав С.Г ыг нас барсны дараа дүү Г.Баярсайхан, Г.М  нар нь аавын нэр дээр байсан Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 462 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууц болон дүү Г.Бы гэр бүлийн хүн Г.Нгийн агуулахыг хүртэл оролцуулан өв залгамжлах эрхийг шилжүүлэн авч улмаар зээ дүү Г.М  өнгөрсөн жилийн 6 дугаар сард уг хашаа байшинг зарсан байна.

Асуудлыг бид судалж, холбогдох бичиг баримтыг нягталж үзвэл аавыг нас барсны дараа аавын нэр дээр байсан газар, хувийн орон сууц болон дүү Г.Бы гэр бүлийн хүн Г.Нгийн Агуулахыг хүртэл оролцуулан өв залгамжпах эрх шилжүүлж авсан нь бүх асуудалд хор уршигтай үр дагавар дагуулсан үйлдэл болсон байна.

Бидний дүү Г.Баярсайхан, зээ дүү Г.М  нар өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа бидэнд мэдэгдээгүй ба энэ үйлдэлд бидний дүү нар болох Г.Баярсайхан, Г.М  нар хууль эрх зүйн талаас нь сайн мэдэхгүй байсан байж болох ч уг үйлдлийг хийхэд эрх зүйн боломж олгосон наториатч Т.Оын үйлдлийг бид буруутай гэж үзэж байна.

Дүү Г.Бы эхнэр Г.Нгийн өөрийн хөрөнгөөр барьсан агуулахаа эзэмших эрх болон дүү Г.Бы газар, амины сууцыг захиран зарцуулах эрх, мөн бидний өвлөх эрх давхар давхар зөрчигдөж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оын олгосон 2011 оны 01дүгээр сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлүүлэв гэж, мөн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 462 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг өвлүүлэв гэж нэг ижил 01, 01-01 тоот дугаар олгосон Өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Нгийн нэхэмжлэлд хавсаргасан өвлөх эрхийн гэрчилгээ нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоотод байрлах дундын өмчлөлийн 462 м.кв газрын өвлүүлэгч С.Г т оногдох хэсгийг хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээг Г.Баярсайхан, Г.М  нарт олгосон үйлдэл байна.

Миний бие уг гэрчилгээг олгохдоо ямар нэг хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй болно.

Иргэний Хуулийн 183 дугаар зүйлд Улсын бүртгэлд бичсэн тэмдэглэл үнэн зөв байх гэсэн заалтын дагуу нэгэнт бүртгэгдсэн гэрчилгээг үндэслэн өв нээсэн болно.

Мөн хуулийн 183.3-д Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.

Миний бие Т.О 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Галсанжавын Баярсайхан, Галсанжавын Мөнхтөр нар нотариат дээр өөрийн биеэр ирж бидний аав Сэрээтэр овогтой Галсанжав 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан тул бидний дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах Г-2203001724 тоот улсын бүртгэлтэй 462 м.кв газар, Ү-2203012818 тоот улсын бүртгэлтэй 128 м.кв агуулах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт гаргасныг үндэслэн хууль ёсны өвлөгч болох Г.Баярсайхан, Г.М  нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Өвлөх эрхийн гэрчилгээг олгоход Иргэний хуулийн 515.1.-д заасан өвлөгдөх хөрөнгө гэдэгт өвлүүлэгчийн өмч болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр нотлогдсон хөрөнгө байна гэсний дагуу 2005 оны 8 дугаар сарын 17-нд Газрын харилцаа геодези зураг зүйн газраас олгосон 000156315 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй С.Г , Г.Баярсайхан, Г.М  нарын гурван хүний өмч болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах агуулах, хувийн сууцны зориулалттай 128 мкв талбайтай Ү-2203012818 тоот улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон 000380560 тоот гэрчилгээтэй С.Г , Г.Баярсайхан, Г.М  нарын гурван хүний өмч болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах 18643312041487 тоот нэгж талбарын дугаартай, Г-2203001724 тоот улсын бүртгэлийн дугаартай 462 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэсэн.

Иймд 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өв нээх үед дээрх үл хөдлөх хөрөнгүүд улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байсан.

Иргэний Хуулийн 518.1.-д зааснаар өвлүүлэгч нас барснаар өв нээгдэнэ гэсний дагуу өвлүүлэгч нь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нас барж НУБГ-аас 00257296 тоот нас барсаны гэрчилгээ олгогдсон. Өв нээгдсэнээс хойш 1 жил 3 cap 20 хоногийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

Иргэний Хуулийн 519.1.-д заасан өв нээх газар нь өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар байна гэсэн. Өвлүүлэгч нь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн гудамж 14-430 тоот хаягт тус хорооны өрхийн бүртгэлээр ам бүл 6 / С.Г , хүү Галсанжавын Мөнхтөр, хүү Галсанжавын Баярсайхан, бэр Батсуурийн Ариунаа, Баярсайханы Нямханд, Баярсайханы Идэрдагва нарын хамт/ байсан байна. Уг өрхийн бүртгэлээр Г.Б, Г.Ж , Г.Д , Г.Ч  нар нь хамт амьдардаггүй байсан.

Иргэний Хуулийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч нь хамт амьдарч байсан хүү Г.М , Г.Б  нар бөгөөд мөн хуулийн 527.1-д өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авсанаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно.

Иргэний Хуулийн 527.3-д Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгө нь өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 528.1.-д Өвлүүлэгч нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй бол өвийг хүлээн авсанд тооцно.

Мөн Иргэний Хуулийн 528.2, 528.3. дугаар зүйлд 528.1-д зааснаас бусад /тусдаа амьдарч байсан/ өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг хүлээн авах талаар хүсэлт гаргах, хэрэв зохих байгууллагад хүсэлт гаргаагүй бол өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Иймээс Г.Б, Г.Ч , Г.Д , Г.Ж  нар нь 528.1-д заасан хууль ёсны өвлөгч мөн боловч өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байгаагүй /өрхийн бүртгэлд байгаагүй / мөн хуульд заасан хугацаанд зохих байгууллагад уг өвийг авах тухай хүсэлтээ гаргаагүй нь Монголын Нотариатын танхимын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 340 тоот лавлагаагаар нотлогдож байна.

Иргэний Хуулийн 91.1.2-д зааснаар 2005 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн бүртгэлийн газраас Г-2203001724 тоот дугаарт бүртгэж олгосон 0000300556 тоот гэрчилгээгээр Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 14-430 тоот хаягт байрлах 462 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, мөн 2005 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн бүртгэлийн газраас Ү-2203012848 дугаарт бүртгэж 000156315 тоот гэрчилгээгээр дээрх хаягт байрлах 128 мкв талбайтай агуулах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С.Г , Г.Баярсайхан, Г.М  нарыг бүртгэж гэрчилгээ олгосон нь тэднийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож байна.

Нэгэнт хууль ёсны өмчлөгч болохоо нотолсон үл хөдлөх хөрөнгийг Иргэний Хуулийн 515.1-д зааснаар Хөрөнгийн гэрчилгээг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Уг өвлөгдөж буй хөрөнгө нь анх улсын бүртгэлд бүртгэгдэхээсээ өмнө хэнийх байсан, маргаж буй этгээд одоо хүртэл эд хөрөнгийг ашиглаж байгаа гэсэн атлаа яагаад зохих байгууллагад бүртгүүлээгүй нь Нотариатын шийдэх асуудал биш юм.

Өвлөгч Г.Баярсайхан, Г.М  нарыг дээрх хөрөнгийг өвлөхдөө бидэнд мэдэгдээгүй гэж байгаа нь уг өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед Нотариатын тухай хууль болон ХЗДХСайдын 2003 оны 216-р тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааварын 4.10.1-д зааснаар өвлөгч нарын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 4.10.2.1-д заасан хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримт болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хүсэлт болон засаг захиргааны өрхийн бүртгэл, 4.10.2.5-д заасан оршин суугаа газрын өрхийн бүртгэл, 4.10.2.3-д заасан өвлөгдөх эд хөрөнгийг оршин байгаа газар бүрэлдэхүүн тоо хэмжээ тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотолсон бичиг баримт /газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд/-ыг үндэслэн мөн Монголын Нотариатын Танхимаас өвийн цахим бүртгэлээс өвлүүлэгчийн дээрх хөрөнгийг өвлөх талаар бусад хууль ёсны өвлөгчдөөс хуульд заасан хугацаандаа хүсэлт гаргасан эсэхийг нягталсаны үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно.

Хуульд нэгэнт өв авах хүсэлт гаргах болон өвөөс татгалзсанд тооцох хугацааны талаар зохицуулалт тодорхой заасан байхад хууль ёсны өвлөгч боловч уг өвийг хүлээн авахаас хуульд зааснаар татгалзсанд тооцогдсон өвлөгчдийг заавал ирүүлэх шаардлагагүй болно.

Мөн иргэний хуулийн 84-р зүйлийн 84.3-д газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна, 85.1 -д устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь бие даасан обект болно, 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой , түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэснийг үндэслэн газар болон уг газар дээр байгаа агуулах хувийн сууцыг нэг бүрдэл гэж үзэж нэг дугаарт бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ тус бүрд нь өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно.

Нэхэмжлэгч Г.Нгийн нэхэмжлэл болон нэхэмжлэлийг дэмжиж гаргасан Г.Б, Г.Д , Г.Ж , Г.Ч  нарын бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй ба хуульд зааснаар тэд хууль ёсны өмчлөгч болон өвлөгч биш тул уг өвийн талаар шаардлага гаргах эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Г.Баярсайхан, Г.М  нарын мэдүүлгийг сонсов.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Г.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б, Г.Д , Г.Ч , Г.Ж  нар нь нотариатч Т.О-т холбогдуулан 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 01, 01-1 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Т.О нь хуулийн дагуу үйлдэл хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О нь 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоотод байрлах 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг өвлөх эрхийг Г.Баярсайхан, Г.М  нарт олгож №01 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг, мөн хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлөх эрхийг Г.Баярсайхан, Г.М  нарт олгож №01-1 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна./хх-ийн 6. 62, 63-р хуудас/

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ.

43.2.1. өвлөгч болохыг нотлох баримт бичиг;

43.2.2.өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр;

43.2.3.өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг;

43.2.4. өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр;

43.2.5.өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэж заасан.

Хариуцагч /нотариатч/ Т.О нь 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01, 01-1 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүдийг олгохдоо Г.Баярсайхан, Г.М  нарын иргэний үнэмлэх, С.Г ын нас барсны гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнүүд, өвлөгчийн бичгээр гаргасан гэх хүсэлт зэргийг үндэслэсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 62-65, 131-134-р хуудас/

Өвлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатч Т.От гаргасан хүсэлтийг нотариатчийн туслах бичсэн, өвлөгч Г.Баярсайхан, Г.М  нар бичээгүй, гарын үсэг зураагүй талаар талууд маргадаггүй.

Нотариатч Т.Оын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01, 01-1 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүдийг дараах үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэв.

1. Нотариатч тухайн үед мөрдөгдөж байсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар /2003он/-ыг мөрдөх үүрэгтэй байх бөгөөд уг зааврын 4.10.2.5.-д өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтыг авна гэжээ. Гэтэл нотариатч Т.О өвлөгч Г.Баярсайхан, Г.М  нар хүлээн зөвшөөрсөн тул бусдаар бичүүлсэн гэж тайлбарладаг боловч нотариатчийн туслахын бичсэн хүсэлтийг өвлөгч Г.Баярсайхан, Г.М  нар бичсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд тэд нотариатчид хандан өвлөх эрхийн гэрчилгээг олгох тухай хүсэлтийг бичих итгэмжлэлийг бусдад олгоогүй болох нь нотариатч Т.О, өвлөгч /гэрч/ Г.Баярсайхан, Г.М  нарын тайлбараар тогтоогдож байна. Тухайн хаягт оршин суугчдыг бүртгэсэн өрхийн бүртгэлийг тус хорооны засаг захиргааны тодорхойлолт гэж үзэх боломжгүй юм.

2.Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны 430 тоотод байрлалтай агуудах, хувийн сууцны зориулалттай 128 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь С.Г , Г.Баярсайхан, Г.М  гэж бичигдсэн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг эд хөрөнгийн өвлөгч нь Г.Баярсайхан, Г.М  нар гэж үзэн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №01-01 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо тус хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах , хувийн сууцыг өвлүүлэв гэсэн байх бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд агуудах гэж бичсэнийг зохих байгууллагын залруулгагүйгээр агуулах гэж бичсэн нотариатч Т.Оын үйлдлийг зөв гэж үзэх боломжгүй.

3.Хариуцагч /нотариатч/ Т.О нь 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №01, №01-01 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо тухайн үед мөрдөгдөж байсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар /2003он/-ыг мөрдөх үүрэгтэй байсан байх бөгөөд уг зааврын 4.10.2.1.-т заасан хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, Иргэний бүртгэлийн архивын лавлагаа зэргийг бүрэн аваагүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 6, 7, 62-65-р худас/

Өөрөөр хэлбэл талийгаач С.Гнь хэдэн хүүхэд төрүүлсэн тухай ам бүлийн лавлагаа, хүн амын тооллогын лавлагааг шаардаж аваагүй байна.

Нотариатч Т.О нь С.Г ын ам бүлийн талаар дээрх лавлагааг аваагүйгээс Г.Баярсайхантай ижил эрхтэй, талийгаач С.Г ын төрсөн хүүхэд Г.Б, Г.Ж , Г.Ч , Г.Д  нарын эрх ашиг хөндөгдсөн байна.

4. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоотод байрлах 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг өвлөх эрхийг Г.Баярсайхан, Г.М  нарт олгож №01 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг, мөн хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлөх эрхийг Г.Баярсайхан, Г.М  нарт олгож №01-1 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4., Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар /2003он/-ын 4.10.6. -д заасны дагуу тэдэнд ногдох хэсгийг тодорхой заагаагүй буюу өвлөх эрхийн гэрчилгээг тус тусад нь олгоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна./хх-ийн 62, 63, 6-р хуудас/

5. Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1.-д зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн тохиролцож өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилж хийсэн хэлцлийг Г.Баярсайхан, Г.М  нар хийсэн эсэхийг тодруулаагүй байна.

6. Нотариатч хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгохдоо Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар /2003он/-ын 4.10.2.3.-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримтыг үндэслэж олгох байтал зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэсэн нь өвлөгдөх эд хөрөнгийн бүрэлдэхүүн, тоо хэмжээг тодруулж тулгаагүйгээс 128 м.кв хувийн сууцыг агуулахын хамт бичсэн буруутай байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэжээ.

Өв залгамжлалын талаарх маргаанд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.

Нэхэмжлэгч Г.Н нь өөрийн эрх зөрчигдсөн талаар мэдсэн 2019 оноос хойш дээрх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь төрсөн аав С.Г ын өвийг Г.Баярсайхан, Г.М  нар хүлээн авсаныг 2019 оны эхээр мэдсэнээс хойш тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх дээрх хугацаанд байна.

Шүүх хуралдаанд гэрч Г.М , Г.Б  нарын мэдүүлгийг сонсов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1., 43.2.5., 43.4.-т заасныг баримтлан нотариатч Т.О-ын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бичсэн №01, 01-01 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид 70.200 төгрөгийг, 210.600 төгрөгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт хувь тэнцүүлэн олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   

     

ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО