Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00434

 

Ц КББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03203 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц КББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.О, Э.Ц нар холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 443 184 024 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтөр, Б.Нямхүү, С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг, хариуцагч Э.Ций өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагч С.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Өнөрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтөр, Б.Нямхүү нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С.О Э.Ц нар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-1802076 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр БГ-1802076 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 433 600 000 төгрөгийг сарын 0,4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай, орон сууц худалдан авахаар зээлсэн. Зээлдэгч С.О, Э.Ц нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гараагүй. Зээлдэгч С.О, Э.Ц нар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тул мөн гэрээний 7.2.4-т заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийн гэрээг дангаар цуцалж, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн үүрэг 433 600 000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 8 972 648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 611 376 төгрөг нийт 443 184 024 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ц, С.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О, Э.Ц нар Ц КББСБ ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр БГ-1802076 дугаартай зээлийн гэрээг байгуулж нийт 433 600 000 төрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар зээлэн авч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улс гудамжны 126 байрны 160 тоотод байрлах, 184 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авсан. Зээлийн хүүг төлсөөр ирсэн бөгөөд дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахал болон бусад шалтгааны улмаас зээлийг төлж барагдуулах хугацаа тохирох тухай хүсэлтийг нэхэмжлэгчид удаа дараа бичгээр тавьж уулзаж байсан боловч шийдэж өгөөгүй. Уг хүсэлтүүдийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаагүй байна. Зээлийн төлбөрийг төлөх талаарх мэдэгдэлд төлбөр төлөх хугацаанаас 1-2 хоногийн өмнө өгч гарын үсэг зуруулж төлбөр төлөх боломж олгоогүй. Зээлийг төлөх хугацаа тохирох тухай хүсэлтийг удаа дараа гаргасан байхад Ц КББСБ ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц КББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.О, Э.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 443 184 024 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 2 373 870,12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Өнөрцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. С.О, Э.Ц нар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс үндсэн зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлснөөр 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 482 954 524 төлж дуусахаар тохирсон. Иргэний хуулиин 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд зохиох ёсоор, шударгаар гүйцэтгэнэ" гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ" гэж тус тус заасан. Хариуцагч зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ. Энэ нь хууль болон гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2020 оны 7 дугаар сарын байдлаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 203 560 024 төгрөг төлөхөөс 20 536 000 төлсөн. Бид зээлийн төлбөрийг төлөх талаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж хариуцагч нарт зээл төлөх хугацаа боломж олгосон боловч зээлийн төлбөрөө төлж хэвийн болгоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарт тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан огт байгаагүй бөгөөд бидэнтэй уулзахдаа 2020 оны Улсын Их хурлын сонгууль өнгөрөхөөр ажилдаа орно тэр хүртэл хүлээж өгнө үү гэж байсан. Уг хугацааг олгосон боловч зээл төлөх талаар ямар нэгэн үйлдэл хийлгүй дахин 2020 оны 10 сард орон нутгийн сонгууль хүртэл хугацаа сунгах талаар хүсэхэд зээл төлөхөд ямар ч нөлөө байхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрт "Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчих гэдэг нь хоёр талын гэрээнд нөгөө талын эрх ашгийг илт хохироосон байж болохгүйгээс гадна зөрчигдсөн үүргийг хожим биелүүлж, цаашид зохих ёсоор хэвийн үргэлжлэх боломжтой байх учиртай. Тодруулбал, хэрэв хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд зөрчсөн ч тэр нь нэхэмжлэгчиин эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд гэрээг цуцлахгүй байж болно гэсэн нь ойлгомжгүй ба дээр дурдсан төлөөгүй мөнгөн дүн нь ялимгүй зөрчил гэдэг нь хууль болон гэрээнд тодорхойлогдоогүй бөгөөд гэрээний дагуу зээлээ төлөөгүй байх нь зээлийн гэрээний ноцтой зөрчил болно. Иймд анхан шатны шүүхийн өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц КББСБ ХХК нь хариуцагч С.О, Э.Ц нарт холбогдуулан үндсэн зээл 433 600 000 төгрөг, хэтэрсэн хүү 8 972 648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 611 376 төгрөг, нийт 443 184 024 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

Ц КББСБ ХХК нь С.О, Э.Ц нартай 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 433 600 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 4.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь байх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нар төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /хх-9-11/

Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр барьцааны гэрээг байгуулж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Их монгол улс гудамж 126 дугаар байр 160 тоот хаягт байршилтай С.Огийн өмчлөлийн 184 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-12-14/

 

Зээлдүүлэгч Ц КББСБ ХХК нь зээлдэгч С.О, Э.Ц нарт зээлийн гэрээгээр тохиролцсон 433 600 000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй.

 

Ц КББСБ ХХК болон С.О, Э.Ц нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Зээлийн гэрээний 2.14-т зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр тохиролцсон Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу төлнө гэж тохиролцож, зээлдэгч С.О, Э.Ц нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хавсралт-1-д гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд зээлдэгч нар зээлийн төлбөрийг уг хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Мөн зээлийн гэрээний 3.8-т зааснаар зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч үл маргах журмаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөх-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Ц КББСБ ХХК зээлдэгч С.О, Э.Ц нар зээлийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 05, 06-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. /хх-16-17/

 

Хариуцагч мэдэгдлийг зохих журмаар хүргүүлээгүй гэж маргасан боловч өөрсдийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж, үгүйсгэж чадаагүй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт урт хугацаатай гэрээг цуцлахад мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт журмыг баримтална гэж заасан.

 

Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл эргэн төлөлтийн хуваариас үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 86 720 000 төгрөгөөр 2 удаа төлөх, дээр нь сар бүр хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлбөр төлөх үүргийг хариуцагч С.О, Э.Ц нар хүлээсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 205 949 160 төгрөг төлөх үүрэг үүссэн байна. Өөрөөр хэлбэл, 20 536 000 төгрөг төлж үлдэгдэл 185 413 160 төгрөг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогджээ. /хх19/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж зааснаар шүүх хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ хэр хэмжээгээр зөрчсөн эсэхийг шалгахдаа тэдний нийт гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, хэтэрсэн нийт хугацаа зэргийг зөв тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуульд зааснаар үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх, үүргийн ноцтой зөрчил байгаа эсэх, үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хугацаа, үүргийг гүйцэтгэх талаар шаардлага хүргэгдсэн эсэх нөхцөл байдлын талаар хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Тодруулбал, хариуцагч С.О, Э.Ц нар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний хавсралт 1-д заасны дагуу нийт 205 949 160 төгрөг төлөхөөс 20 536 000 төгрөг төлж, үлдэгдэл 185 413 160 төгрөг төлөгдөөгүй буюу уг хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргээс 10 хүрэхгүй хувийг гүйцэтгэсэн байгааг ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймээс нэхэмжлэгч Ц КББСБ ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлийн гэрээг цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.О, Э.Ц нараас үндсэн зээл 433 600 000 төгрөг, хэтэрсэн хүү 8 972 648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 611 376 төгрөг, нийт 443 184 024 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч С.О, Э.Ц нарын гүйцэтгэх үүргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тооцоход үндсэн зээл 433 600 000 төгрөг, зээлийн хүү 433 600 000 х 4.5= 19 512 000 төгрөг /жилийн хүү/, 2 жилийн хүү 39 024 000 төгрөг, нэмэгдүүлсэн 7 804 800 төгрөг, нийт 480 428 000 төгрөгөөс төлсөн 20 536 000 төгрөгийг хасахад 459 892 800 төгрөг төлөх үүрэгтэй байна. Гэвч нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээ болох 443 184 024 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Ц КББСБ ХХК болон С.О, Э.Ц нарын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. /хх-12-14/ Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй тул хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг болох 443 184 024 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлэхгүй бол уг хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон шийдлийн хувьд өөрчлөлт оруулж хариуцагч С.О, Э.Ц нараас 443 184 024 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц КББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.О, Э.Ц нараас 443 184 024 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц КББСБ ХХК-д олгосугай гэсэн өөрчлөлт оруулж,

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.О, Э.Ц нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206057932 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Их монгол улс гудамж 126 дугаар байр, 160 тоот, 184 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн 2 дахь заалтыг нэмж,

2 дахь заалтын дугаарыг 3 гэж, уг заалтад ... 2 373 870,12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг ... хэвээр үлдээж, хариуцагч С.О, Э.Ц нараас 2 373 870 гаргуулж нэхэмжлэгч Ц КББСБ ХХК-д олгосугай гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2 373 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БАЙГАЛМАА