Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0574/З |
Дугаар | 157 |
Огноо | 2019-05-15 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 157
“Ш б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/427 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0167 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш б” ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/427 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0167 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 45 дугаар зүйлийн 45.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “...газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж буруу дүгнэсэн, давж заалдах шатны шүүхээс харин газрын төлбөрөө төлөөгүй гэж нэхэмжлэгчийн буруутгах боломжгүй талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч Усны тухай хуулийг хэрэглэн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зорчиж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
4. ... Маргаж байгаа захиргааны акт нь өөрөө “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” гэсэн агуулгатай бөгөөд уг актын 1 дэх заалтаараа газар ашиглах эрхийг дуусгавар болгосугай гэсэн байдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй этгээдийн энэхүү эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар эсхүл тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг ...зөрчсөн тохиолдолд дуусгавар болохоор зохицуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Усны тухай хуулийг зөрчсөн учраас газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, энэ тохиолдолд хэрэглэх ёсгүй байсан хуулийг хэрэглэсэн байна.
5. Нөгөө талаар хэргийн оролцогчид, хариуцагчийн зүгээс маргаж байгаа захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Усны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн гэдэг үндэслэлийг нэхэмжлэгчид хамааралгүй гэж тайлбарласаар байсан, нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлаар маргаагүй, холбогдох нотлох баримтыг цуглуулж мэтгэлцээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс энэ талаар дүгнэлт хийж, Усны тухай хууль зөрчсөн эсэхтэй холбоотой ямар ч баримт байхгүй байхад хэргийг ийнхүү шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
6. Анхан шатны шүүхээс уг захиргааны хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын бас нэг маргасан асуудал болох Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа явуулаагүй гэх үйл баримтад огт дүгнэлт өгөөгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг батлан гаргахад сонсгох ажиллагаа явуулаагүй талаар дүгнэж, энэ хуулийг мөн зөрчсөн болохыг тогтоосон болно.
7. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/427 дугаар тушаалаар хуульд нийцэхгүй, захиргааны актад тавигдах хуульд заасан шаардлагыг хангахгүй тушаалаа зассан асуудлыг хуульд нийцнэ гэж үзсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл энэхүү гомдлын нэг дэх хэсэгт дурдсан үндэслэлүүдээр “...анхнаасаа газар ашиглуулах үндэслэлгүй...” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тул энэ талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатайн зэрэгцээ хууль бус захиргааны акт гараад манай компанийн эрхийг зөрчөөд 5 сар болсных нь дараа засаж гаргаснаар манай компанийн эрх сэргэж, хөндөгдөхгүй нөхцөл байдал үүсэхгүй байхад ийнхүү засвар хийж, нэмэлт, өөрчлөлт оруулах нь хуульд хэрхэвч нийцэхгүй.
8. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг Усны тухай хуулиар огт зохицуулаагүй байгаа бөгөөд зөвхөн ус ашиглах эрх зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан ус ашиглах гэрээг зөрчсөн үйлдэлд энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан хариуцлагуудыг тооцохоор хуульчилсан байгааг илт зөрчиж гарсан магадлал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн байх тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-пы өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0167 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
10. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг тус тус үндэслэн “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” гэх 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд нэхэмжлэгч “Ш б” ХХК нь хамаарсан; мөн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/427 дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг баримтлан А/76 дугаар тушаалын “үндэслэл” хэсэгт шинээр хууль, журмын зүйл, заалтыг нэмж, зарим зүйл, заалтыг өөрчилсөн, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг “газрын төлбөрөө төлөөгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үйл баримтад хамааруулж дуусгавар болгосонтой хэргийн оролцогчид маргаагүй байна.
11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан ба маргаан бүхий 2018 оны А/76 дугаар тушаалын 1 дэх заалтад “дархан цаазат газарт хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон үйл ажиллагаа явуулсан, усан сан бүхий газар, усны эх үүсвэрт мөрдөх хамгаалалтын дэглэмийг зөрчсөн” гэх зөрчлүүдийг дурдаж газар ашиглагч 28 иргэн, аж ахуйн нэгжид нийтэд нь хамааруулсан, харин хавсралтад тус бүрийн “зөрчил”-ийг ялгаж тодорхойлсон, уг хавсралтын 11-д “... “Ш б” ХХК-ийг 2017, 2018 онд газрын төлбөр төлөөгүй, газар нь хоосон /ашиглагдаагүй/” гэж бичсэн, эндээс үзвэл уг тушаалын “үндэслэх” хэсэгт нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлд хамаарах хуулийн зүйл, заалтыг орхигдуулсан гэж үзэхээр байна.
12. Иймээс “газар ашиглах эрхийг дуусгавар болгох” зохицуулалт агуулсан 2018 оны А/76 дугаар тушаалын зорилго, агуулгыг өөрчлөхгүйгээр уг тушаалын “үндэслэх” хэсэгт нэхэмжлэгчид холбогдох зөрчилд нийцүүлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-г нэмж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн “40.1.2, 40.2” гэснийг “40 дүгээр зүйлийн 1,2” гэж өөрчлөх зэргээр 2018 оны А/427 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасанд нийцжээ.
13. Түүнчлэн, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “...усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрхийг алдагдуулах, эрсдэл бүхий 37 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-ыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот албан бичгээр хүргүүлсэн, уг жагсаалтын 18-д “...”Ш б” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчилтэй, газрын гэрээгүй”-г тодорхойлж байснаас үзэхэд, маргаан бүхий 2018 оны А/76 дугаар тушаалд “засвар” оруулах замаар нэхэмжлэгчид холбогдуулан шинээр “зөрчил” бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... хуульд нийцэхгүй тушаал гаргаж, түүнтэй нь маргаад эхлэхээр 5 сарын дараа засвар хийж нэмэлт, өөрчлөлт оруулсан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
14. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн “газар”-ыг гэрээний үндсэн дээр ашиглуулахаар; 37 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тухайн газар нь харьяалагдаж байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг дарга нь газар ашиглагчтай “газар ашиглах тухай гэрээ”-г өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар; 37 дугаар зүйлийн 2-т заасны дагуу гэрээнд “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа”-г тусгахаар заасан байна.
15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /тухайн үеийн нэрээр/-ын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Ш б” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын “Чандманы ам”-нд 0.25 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь газар ашиглах талаар гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй нь тогтоогджээ.
16. Нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөөгүй шалтгаанаа “гэрээ” байгуулаагүйтэй холбон “... гэрээ байгуулахаар очиход хариуцсан ажилтан нь солигдсон, байхгүй байсан” гэх боловч тухайн харилцаанд хүчин төгөлдөр мөрдөж буй Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т “... Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын Захиргаа болон сум дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж зааснаас үзэхэд, нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2016/229 дугаартай “газар ашиглах гэрчилгээ”-г авч уг газрыг ашиглаж байсны хувьд “гэрээ”-г санаачлан байгуулах үүрэгтэй, гэрээ байгуулагдаагүй нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрээ байгуулах асуудлаар нэхэмжлэгч маргаж байгаагүй байна.
17. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “газрын төлбөр төлөөгүй” гэх зөрчлийг “гэрээ” байгуулах үүрэгтэй нь холбож, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх “гэрээ” байгуулах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй мэтээр дүгнэж, анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг буруутгаж, улмаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 120 дугаар зүйлийн 120.3-т “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэсэнд нийцэхгүй болжээ.
18. Түүнчлэн, анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн бүсэд багтсан бүхлээрээ багтсан, Туул голын усны тэжээгдлийн мужид байрлаж байгаа энэ тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн тухайлбал, “байгалийн төлөв байдлыг өөрчлөх” болон 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглосон тул газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэх боломжгүй” гэх, давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 0.25 га газар нь голын эрэг дээр буюу Усны тухай хууль, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмаар тогтоосон ... хамгаалалтын бүсэд хамаарч байгаа, ...хязгаарлалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглосон, ... маргаан бүхий байршилд анхнаасаа газар ашиглуулах шийдвэр гаргах үндэслэлгүй байсан” гэх зэргээр хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар тус тус дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
19. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн гаргасан “... хариуцагчийн зүгээс Усны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн гэдэг үндэслэлийг нэхэмжлэгчид хамааралгүй гэж тайлбарласаар байсан тул энэ асуудлаар маргаагүй,... баримт цуглуулж мэтгэлцээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, Усны тухай хуулийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй” гэх гомдлын энэ хэсгийг хүлээн авч шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, харин гомдлын бусад үндэслэл дээр дурдсанаар үгүйсгэгдэж байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0167 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 45 дугаар зүйлийн 45.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6” гэснийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 2, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ