Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00360

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02706 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч Б.Д-, Т.Т- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 42 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, түүний өмгөөлөгч М.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д-, Т.Т- нар нь 2014 оны 04 сарын 17-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл 40 000 000 төгрөг, 5 сарын хүү 16 000 000 төгрөг, нийт 56 000 000 төгрөгт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 16-406 тоотод байрлах хувийн сууцыг нэг өрөө орон сууцаар сольж, шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсоноор гэрээ байгуулсан. Тухайн үед орон сууц нь баригдаж байсан бөгөөд ашиглалтад ороогүй гэх шалтгаан тайлбарлан зээлийн төлбөрийг төлөөгүй. Гэтэл одоо орон сууц нь ашиглалтад орсон боловч тохирсон ёсоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өгөхөөс татгалзсан.

Иймд хариуцагч Б.Д-, Т.Т- нараас үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 16 000 000 төгрөг, нийт 56 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагаас өнөөдрийн шүүх хуралдаанд 10 000 000 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 12 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар хариу тайлбартаа: Г.Б-ыг танихгүй, мөнгө зээлээгүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Т.Т-гийн төрсөн дүү талийгаач Т.Чинбат нь Д.Ганболд, А.Батбилэг нартай хамтарч ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна гэсэн тул 2013 онд Ц.Болдбаатар 30 000 000 төгрөг өгөхөөр амаар тохиролцсон. Талийгаач нь уг мөнгөнөөс Д.Ганболдод 7 000 000 төгрөг, А.Батбилэгт 10 000 000 төгрөг, өөрөө 3 000 000 төгрөг тус тус авсан гэж байсан. 2014 онд Т.Чинбат өвдөж, Баянхонгор аймагт байх үед Ц.Болдбаатар ...дүү чинь мөнгөө төлөхгүй байна, зуучилж өгснөөрөө гэрээ нөхөж хийе... гэхэд нь зөвшөөрөөгүй. Гэтэл Ц.Болдбаатар сар орчим манай гэрт өглөө ирээд орой хүртэл байдаг болсон учраас дүү мөнгийг нь төлнө байх гээд гэрээ байгуулсан. Тухайн үед Ц.Болдбаатар нотариат руу дагуулж очсоныхоо дараа та нар 30 000 000 төгрөг дээр 10 000 000 төгрөг нэмээд бичүүлчих гэсэн. Т.Чинбат төлөх ёстой юм байна гэж бодсон. Б.Д- бид хоёр гэрээг анхааралтай уншиж судлалгүй гарын үсэг зурсан. Гэрээний хувийг бидэнд өгөөгүй. Ц.Болдбаатартай гэрээ хийсэн гэж ойлгосон бөгөөд 5 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээл гэдгийг ч мэдээгүй. Гэтэл огт танихгүй Г.Б- бидэнтэй гэрээ хийсэн гээд мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Д.Ганболд гэдэг хүнийг олж Ц.Болдбаатартай уулзуулснаар тэд хоорондоо гэрээ байгуулсан. 2015 онд Д.Ганболд нь 8 000 000 гаруй төгрөгийг хүүгийн хамт Ц.Болдбаатарт төлсөн гэж өгсөн 2 баримтыг өгч байна. Мөн өөр баримтууд байгаа гэсэн.

Ц.Болдбаатар, Г.Б- нараас мөнгө зээлээгүй, Г.Б-тай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдааны шатанд татгалзсан 10 000 000 төгрөгийн тухайд, шийдвэр гүйцэтгэлээр төлсөн баримт байна. 10 000 000 төгрөгийг зээлээгүй нь шийтгэх тогтоолоос харагдана гэжээ.

 

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ: Д.Ганболд 17 000 000 төгрөгийг хүүгийн хамт Ц.Болдбаатарт төлж дуусгасан гэж ойлгож байна. Гэтэл Ц.Болдбаатар авах ёстой мөнгөө авсан атлаа Г.Б- гэдэг хүний нэрээр дахин нэхэмжилж байгаа нь хууль бус юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ Ц.Болдбаатар нь талийгаач Т.Чинбатад мөнгө өгөхдөө бичгээр гэрээ байгуулаагүй атлаа жилийн дараа нөхөж хийсэн гэрээнд хүү авахаар бичсэн нь үндэслэлгүй. Ц.Болдбаатар, Г.Б- нар хүү авахаар залилан мэхэлж үгсэн хуйвалдсан байна. 2014 оны 04 сарын 17-ны өдрийн гэрээ нь хууль зөрчсөн, Ц.Болдбаатар нь Т.Чинбаттай 2013 онд амаар хийгдсэн хэлцлээ халхавчлах зорилгоор 1 жилийн дараа өөр хүний нэр дээр нөхөн гэрээ хийлгэсэн, хуурч мэхлэн дүр үзүүлэн хийсэн, хариуцагч нарыг ноцтой төөрөгдөлд оруулж, гэрээнд гарын үсэг зуруулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2014 оны 04 сарын 17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдбаатар нь Т.Т-той 2013 онд танилцсан. Г.Б-, Ц.Болдбаатар нар Т.Т-гийн дүү Т.Чинбат нарт 20 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Мөнгөө өгөхгүй байсан тул Т.Т- түүний нөхөр Б.Д- нартай уулзаж, Г.Б- мөнгөө нэхсэн тухай хэлсэн. Энэ үед Г.Б- гэрээ хийхийг шаардсаны дагуу 2014 оны 04 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Г.Б-аас бэлэн авсан 20 000 000 төгрөг, Ц.Болдбаатарын орон сууцыг ББСБ-д барьцаалсан 10 000 000 төгрөг, газар авахаар Т.Т-д хэсэгчлэн төлсөн 10 000 000 төгрөг нийт 40 000 000 төгрөг өгсөн. Гэвч худалдах газар бүтэхгүй байна гэхээр нь 30 000 000 төгрөгийн зээлд газар худалдаж авахаар өгсөн 10 000 000 төгрөгийг нэмээд 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Г.Б-тай хийлгэсэн. Хэрэв зээлийн гэрээний дагуу мөнгийг төлөхгүй гэвэл Т.Т- 1 өрөө орон сууц өгнө гэж гэрээнд тусгасан. Гэтэл энэ хугацаанд захиалсан байр ашиглалтад орохгүй байна гэсээр 2018 он хүрсэн. Т.Т- нь хууль мэдэхгүйгээсээ чамд залилуулан гэрээ хийсэн байна, манай дүү Т.Чинбат чамаас авсан 30 000 000 төгрөгөө Д.Ганболд, А.Батбилэг нарт өгөөд алдсан байна, чи тэр хүмүүсээс мөнгөө олж ав, би чамаас мөнгө аваагүй... гэсэн тайлбар хэлж эхэлсэн.

Иймд 2018 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаснаар Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн, шалгаж гэмт буруутайд тооцон 10 000 000 төгрөгийг Т.Т-гоос гаргуулан надад олгохоор шийдсэн. Д.Ганболд А.Батбилэг нарыг урьд нь таньдаггүй байсан, энэ хүмүүстэй гэрээ хийгээгүй, Т.Т-той үгсэн нийлж удаан хугацааны туршид төөрөгдөлд оруулан, цаг хугацаа алдахад нөлөөлсөн. Т.Т- нь 2020 оны 05 сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд тушаасан 10 020 000 төгрөгийг түр хугацаанд авахаас татгалзсан хүсэлт гаргасан. Учир нь, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хамаарах дүн юм. Үүнтэй холбоотойгоор 10 000 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Г.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-, Т.Т- нараас 42 000 000 төгрөг гаргуулах, 2014 оны 04 сарын 17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Б.Д-, Т.Т- нарын Г.Б-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Г.Б- нь 2014 оны 04 сарын 17-ны өдөр Б.Д-, Т.Т- гэх хүмүүст 40 000 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд бидний байгуулсан зээлийн гэрээнд Б.Д-, Т.Төмөртогтоо нар нь Нийслэлийн захирагчийн албанаас хэрэгжүүлж буй хотын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 16-406 тоот газрыг 33 м.кв 1 өрөө орон сууц захиалгаар бариулж орон сууц ашиглалтад орсон даруйд байрыг шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч уг үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан үүссэн. Анх Ц.Болдбаатараар дамжуулан уулзсан учраас энэ үйл явдлын учрыг олж, тохиролцсон ёсоор орон сууцыг авч өг гэсэн үүднээс түүнд шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн оролцогч нь үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй атал зээлсэн мөнгөө өгөхгүйн тулд намайг танихгүй гэж, мөн нас барсан дүү Т.Чинбат нь уг мөнгийг авсан гэх зэргээр огт худал тайлбар гаргаж уг тайлбарт нь шүүх хөтлөгдөж үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Д-, Т.Т- нар нь эрх зүйн бүрэн чадамжтай, өөрийн үйлдлийг ойлгох хүмүүс учир 2014 оны 04 сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, газраа барьцаалан мөнгө зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг тухайн газрыг байраар солигдмогц байрыг өгч гэрээний үүргийг хангахаар тохиролцсон. Тухайн үед хотын дахин төлөвлөлтийн ажил саадгүй явж байсан учраас дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч мөнгө зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээнд Б.Д-, Т.Т- болон миний бие гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байдаг. Мөн Б.Д-, Т.Т- нар нь уг зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Мөн шүүхэд хэрэг хэлэлцэх үеэр Ц.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Өөрөөр хэлбэл 56 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын 16-406 тоот хаягт байрлах газрыг байраар сольсон 33 м.кв байрыг нэхэмжилснийг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхтэй. Энэ эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлвэл нэмэгдүүлсэн хэмжээгээр тэмдэгтийн хураамж нэмж төлнө гэж заасан. Харин нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөхөөр заагаагүй байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр хоёр удаа хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэгч талын эрхийг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, мөн нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж процессын хуулийг ноцтойгоор зөрчсөн зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байхаас гадна зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Б.Д-, Т.Т- нарт холбогдуулан гаргасан 2014 оны 04 сарын 17-ны өдрийн Гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 16 000 000 төгрөг, нийт 56 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрийг гэрээнд заасан 1 өрөө орон сууцаар хангуулах агуулгаар өөрчлөх талаар удаа дараа хүсэлт гаргаж, мөн хариуцагч нарт зээлсэн 40 000 000 төгрөгийн 20 000 000 төгрөгийг Ц.Болдбаатар гаргасан гэх үндэслэлээр хамтран нэхэмжлэгчээр түүнийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ. /хх1, 54, 60-62, 87-89, 101-102/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-ын 2020 оны 10 сарын 07-ны өдөр, 2020 оны 11 сарын 03-ны өдөр тус тус өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамждаа /хх60-62, 101-102/ уг нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг тодорхой дурдаагүйн гадна цаашид шүүхэд хэрхэн мэдүүлэх, шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй бөгөөд анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэгчид хуулиар олгогдсон энэхүү эрхийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих эрхийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дурдагдсан 1 өрөө орон сууцны үнэ тодорхой бус, нэхэмжлэгч урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлсөн, бичгээр шүүхэд гаргасан шаардлагаа өөрчилсөн гэж тодорхойлж байхад шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй адилтган үзэж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан нь буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас гаргасан хэн алины тайлбарт тэдгээрийн хооронд үүссэн дээрх маргаантай харилцаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдбаатар хамааралтай талаар дурдагдсан байхад шүүх түүнийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх54, 56, 60-62/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээлсэн гэх мөнгөний тодорхой хувийг нэхэмжлэгчээс өөр этгээд буюу Ц.Болдбаатар гаргасан талаар нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч нар уг мөнгийг хүлээн аваагүй гэх татгалзалдаа нэхэмжлэгчийн нэр заасан этгээд талийгаач дүүд нь мөнгө зээлдүүлсэн талаар тус тус тайлбарласан байна. Анхан шатны шүүх зохигчдын ийнхүү гаргасан тайлбарыг хуульд заасны дагуу үнэлээгүйн улмаас бусдын хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсанаар хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байхаас гадна анхан шатны шүүхийн гаргасан эдгээр зөрчлийг залруулан зөвтгөх эрх хуулиар олгогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс төлсөн 440 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР