Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2022/00872

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2022/00872

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, ******* ,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух,  Ц.Болдбаатар нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, *******,

Хариуцагч: Баянзүрх дүүрэгт оршин суух, Б.Дорж нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204119293 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 123а байр 32 тоот нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Б-ын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хоорондох 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.Б, Ц.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Х, хариуцагч Т.Т, хариуцагч нарын өмгөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Д.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******,******* нараас эрхийн улсын бүртгэлийн Ү-2204119293 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 123а байр 32 тоот нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Дорж, Төмөртогоо нар анх *******тай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 40.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд заасан энэ мөнгөний 20.000.000 төгрөгийг Г.Баасанжаргал, 20.000.000 төгрөгийг******* тус тус гаргасан. Зээлсэн мөнгө, хүүнд буюу уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 16-406 тоот хаягт байрлах хувийн сууцыг 1 өрөө орон сууцаар сольж уг орон сууцыг *******д шилжүүлж өгөхөөр тохиролцож гэрээг хийсэн юм. Гэрээнд дурдсан тухайн байр дахин төлөвлөлтөд орсон байр байсан бөгөөд Моннис Урбан Девелопмент ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж орон сууцны барилгын ажил маш удаашралтай, олон жил дамжин хэрэгжиж, одоо ашиглалтанд орж айлуудаа оруулж эхэлсэн. Улсын комисс барилгыг хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гарч эхэлсэн. Гэтэл*******,******* нар тохирсон ёсоор үүргийн гүйцэтгэлд тооцож өгнө гэсэн байраа одоо өгөхөөс татгалзаж байгаа юм.

Анх тус шүүхэд гэрээний дагуу 56.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно. Гэрээнд дурдсан нэг өрөө орон сууц буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2204119293 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 123а байр 32 тоотод байрших 34,22 мкв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ******* гэдэг хүнийг бид хоёр танихгүй, энэ хүнээс бид мөнгө зээлж аваагүй, зээлийн гэрээ хийгээгүй.******* миний төрсөн дүү талийгаач Т.Чинбат Би Ганболд, Батбилэг нартай хамтарч тендерийн ажил хөөцөлдөж байна. Мөнгө хэрэгтэй байгаа тул хэн нэгнээс мөнгө зээлэхэд зуучилж өгөөч гэж олон удаа гуйсан юм. Г.Төмөртогоо би 2013 онд талийгаач дүү Т.Чинбатыг дагуулан******* дээр очиход тэр хүн 30.000.000 төгрөгийг дүү Т.Чинбатад өгөхөөр амаар тохиролцсон. Талийгаач дүү Т.Чинбат дээрхи мөнгийг аваад Ганболдод 17.000.00 төгрөг, Батбилэгт 10.000.000 төгрөгийг өгч, өөртөө 3.000.000 төгрөгийг тус тус авсан гэж надад ярьсан. 2014 онд талийгаач дүү Т.Чинбат өвчилж Баянхонгор аймагт байх үед мөнгө зээлдүүлсэн******* манай гэрт ирээд дүү чинь мөнгөө төлөхгүй байна чи зуучилж өгснөөрөө гэрээ нөхөж хийе гэсэн. Бид зөвшөөрөөгүй. Гэтэл******* манай гэрт өглөө ирж суучихаад орой буцдаг болсон. Ингэсээр бараг нэг сар манайд ирж суусан. Бид сүүлдээ халшираад гэрээг чинь хийе дүү төлчих байлгүй дээ гэсэн.******* биднийг дагуулаад нэг нотариат дээр очсон. Нотариат дээр очсон хойно******* биднийг гарч ярилцая гэхээр нь гарч уулзахад Та нар 30.000.000 төгрөг дээр 10.000.000 төгрөг нэмээд бичүүлчих гэсэн. Бид тухайн үед дүү Т.Чинбат төлөх ёстой юм байна гэж бодсон. Нөхөр бид хоёр гэрээг анхааралтай уншиж судлалгүй гарын үсэг зурсан. Гэрээний хувийг бидэнд өгөөгүй. Бид*******тай гэрээ хийсэн гэж ойлгосон. Мөн 5 сарын 8 хувийн хүүтэй зээл гэдгийг ч мэдээгүй. Гэтэл огт танихгүй ******* гэгч бидэнтэй гэрээ хийсэн гээд 56.000.000 төгрөг нэхэмжилсэн. Бид хоёр*******т Т.Чинбат нь чамаас мөнгө аваад 17.000.000 төгрөгийг Ганболдод, 10.000.000 төгрөгийг Батбилэгт өгсөн байна гэж хэлэхэд Батбилэг нь миний багын найз байна. Түүнтэй уулзах шаардлагагүй гэсэн. Бид Ганболд гэдэг хүнийг нь олж*******тай уулзуулж тэд хоорондоо гэрээ хийсэн. Дараа нь 2015 онд Ганболд 8.000.000 гаруй төгрөгийг хүүгийн хамт*******т төлсөн гээд надад 2 баримт өгч, өөр баримтууд байгаа гэж хэлсэн. Энэ хоёр баримтыг бид энэ тайлбартаа хавсаргаж өгч байна. Одоо Ганболд нь 17.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлөөд дуусгасан байх. Бид*******, ******* нараас мөнгө зээлж аваагүй. *******тай гэрээ байгуулаагүй,*******таас авсан мөнгөө Ганболд төлж дуусгасан гэж ойлгож байна.*******, ******* нар хуйвалдаж хууль бусаар мөнгө авах гэж байна. Бидний хуулийн мэдлэггүй, гэрээг уншиж нягталж хараагүй, гэрээний утга агуулгыг ойлгоогүй байдлыг далимдуулан огт танихгүй ******* гэдэг хүнтэй хуурамч гэрээнд гарын үсэг зуруулж хуурч мэхэлсэн төдийгүй Ганболдын төлж дуусгасан мөнгийг биднээс давхар төлүүлэх гэж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч нараас нэхэмжлэгч *******д холбогдуулан талуудын хоорондох 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:******* миний төрсөн дүү талийгаач Т.Чинбат 2013 онд*******аас 30.000.000 төгрөгийг зээлж авахад би зуучилсан юм. Тэд гэрээ хийгээгүй амаар тохиролцсон. Жилийн дараа 2014 онд******* манай гэрт ирж танай дүү мөнгөө өгөхгүй байна та нар төл, эсхүл гэрээ нөхөн хийж нотариатаар батлуул гэхэд нь бид танаас мөнгө зээлээгүй, дүү маань өвчтэй Баянхонгор аймагт байгаа түүнтэйгээ ярь гээд зөвшөөрөөгүй юм. Гэтэл энэ хүн манай гэрээс салахаа байсан. Өглөө ирээд манай гэрт сууж байгаад орой явдаг болсон. Их олон хоног өнгөрсөн. Бид сүүлдээ халшраад түүнийг дагаж нотариат дээр очиход гэрээнд гарын үсгээ зур гэхээр уншилгүй гарын үсэг зурсан. Гэрээний хувийг бидэнд өгөөгүй. Мөн гэрээнд гарын үсэг зурахын өмнөхөн******* нотариатын өрөөнөөс биднийг гаргаад та нар 30.000.000 төгрөг дээр нэмээд 10.000.000 сая төгрөг бичүүлчих гэснийг зөвшөөрөөгүй зээлийн хүүний талаар огт яригдаагүй. Бид*******тай дүүгийнхээ нэрээр гэрээ хийлээ гэж ойлгосон.*******аас талийгаач дүү Т.Чинбат 30.000.000 төгрөгийг аваад найз Д.Ганболдод 17.000.000 төгрөг, А.Батбилэгт 10.000.000 төгрөг, өөртөө 3.000.000 төгрөг авсан гэж хэлсэн. Энэ тухай Ц Болдбаатарт хэлэхэд А.Батбилэг миний багын найз байгаа юм түүнээс авахгүй гэсэн. Бид Д.Ганболдыг олоод*******тай уулзуулж тэр хоёр гэрээ хийсэн. 2015 онд Д.Ганболд бидэнтэй уулзаад 8.000.000 гаруй төгрөгийг хүүгийн хамт*******т төлчихсөн гээд төлбөрийн хоёр баримт өгсөн ба өөр олон баримт байгаа гэж хэлсэн. Бид авсан энэ хоёр баримтыг нэхэмжлэлийн хариу тайлбартаа хавсаргаж шүүхэд өгсөн. Д.Ганболд одоо 17.000.000 төгрөгөө хүүгийн хамт*******т төлж дуусгасан гэж ойлгож байна. Гэтэл******* авах ёстой мөнгөө авчихаад ******* гэдэг хүний нэрээр дахин нэхэмжилж байгаа нь хууль бус юм.******* талийгаач дүү Т.Чинбатад мөнгө өгөхдөө бичгээр гэрээ хийгээгүй атлаа нэг жилийн дараа нөхөж хийсэн гэрээнд хүү авахаар бичсэн нь үндэслэлгүй бөгөөд*******, ******* нар хүү авахаар залилан мэхэлж үгсэн хуйвалджээ гэж ойлгогдож байна. 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй.******* нь Т.Чинбаттай 2013 онд амаар хийгдсэн хэлцлээ халхавчлах зорилгоор 1 жилийн дараа өөр хүний нэр дээр нөхөн хийлгэсэн, хуурч мэхэлсэн, дүр үзүүлэн хийсэн, бид хоёрыг ноцтой төөрөгдөлд оруулж гэрээнд гарын үсэг зуруулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2. 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Ц.Болдбаатар миний бие******* эгчтэй 2013 оны 3 дугаар сард өөртөө газар худалдаж авч байхдаа танилцсан. Тухайн үед******* Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн ахлагч хийж байсан бөгөөд миний танил Чинзориг бид хоёр хамтарч 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамж, 367 тоот 631 м.кв газрыг худалдаж авахад тэр эгч зуучилж өгсөн. Бидний энэ худалдан авалтын төлбөр тооцоо 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Үүний дараа 2013 оны 11 дүгээр сард******* дахин холбогдож манайх авах гээд авч чадахгүй байгаа нэг газар байна. Чи үүнийг авах уу гэж ярьснаар бидний хооронд дахин харьцаа үүссэн. Би зөвшөөрч мөнгө өгч эхэлсэн. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр******* миний төрсөн дүү Т.Чинзориг нь Номгон Хайрхан ХХК-ийн захирал юм. Тендерт орох гээд мөнгө дутаад байна. Одоо л чиний тус болоод байна гэж ирсэн. Ингээд бид хоёр миний /Ц.Болдбаатарын/ Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1/139 тоот 2 өрөө байрыг ББСБ-д тавихаар болсон ба ББСБ нь 10 сая төгрөгөөс дээш авах боломжгүй гэж хэлсэн. Ингээд бид Транскапитал ББСБ-д 10 саяар тавьж, үлдсэн 20 сая төгрөг дутсан ба энэ мөнгийг манай баз хүргэн *******аас 3 сарын хугацаатай авахаар болсон. Уг 20 сая төгрөгийг******* түүний дүү Т.Чинзориг нарт ******* бид хоёр бэлнээр өгсөн. 2014 оны 4 дүгээр сард ******* гэрээний хугацаа нь дуусаад нэхэж эхэлсэн. Ингээд******* түүний нөхөр******* нартай уулзаж, ******* мөнгөө нэхсэн тухай хэлэхэд дахин 6 сарын хугацаа өгөөч ээ гэж хэлсэн. Энэ үед ******* гэрээ хийхийг шаардсан ба 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бид зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Э.Баасанжаргалаас бэлэн авсан 20 сая төгрөг,*******ын байрыг тавьсан 10 сая төгрөг, тус хугацаанд газар авахаар*******д бага багаар цувуулан өгч байсан 10.000.000 төгрөгийг өгч дууссан. Гэвч чамд худалдах газар бүтэхгүй байна гэхээр нь 30.000.000 төгрөгийн зээлэн дээрээ газрынхаа 10.000.000 төгрөгийг нэмээд 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээг *******тай хийлгэсэн. Хэрэв зээл төлөгдөхгүй тохиолдолд******* дахин төлөвлөлтөнд орж захиалсан байгаа байрнаасаа 1 өрөө байр өгч, зээл барагдуулна гэж гэрээнд тусгасан байгаа.

Гэвч энэ хугацаанд захиалсан байр ашиглалтанд орохгүй байна гэсээр 2018 он хүрсэн. 2018 оны эхээр******* ер нь хууль мэдэхгүйгээсээ чамд залилуулан гэрээ хийсэн байна. Манай дүү Т.Чинзориг чамаас авсан 30.000.000 төгрөгөө Д.Ганболд, А.Батбилэг нарт өгөөд алдсан байна. Чи тэр хүмүүсээс мөнгөө олж авчирснаар би чамд газар зарна гэж мөнгө аваагүй гэж мэлзэж эхэлсэн. Иймд 2018 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргаснаар*******д эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж гэмт буруутайд тооцсон.******* надад худалдсан гэх 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 260 мкв газрыг өөрийн төрсөн охин Д.Дариймаагийн нэр дээр шилжүүлсэн байсан нь шүүхээр тогтоогдсон. Энд дурдагдсан, хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудтай******* болон түүний өмгөөлөгч Батсүх нар нь үзэж танилцсан байдаг. Эрүүгийн хэргийг дуусгаад Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгээ би тэдэнд хэлж байсан. Энэ бүх хугацаанд ББСБ дахь барьцаанд тавьсан байрны төлбөрийн хүүг нэг ч удаа ч төлөөгүй. 2019 оны 5 дугаар сард Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаагаар миний эзэмшлийн 2 өрөө байр зарагдсан. Би Д.Ганболд А.Батбилэг нарыг урьд нь таньдаггүй байсан ба би энэ хүмүүстэй гэрээ хийгээгүй.*******той үгсэн нийлж удаан хугацааны туршид төөрөгдөлд оруулан, цаг хугацаа алдахад нөлөөлсөн. Төмөртогоо 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд 10.020.000 төгрөгийг тушаасан байдаг. Миний бие хүсэлт гарган, тус мөнгийг түр хугацаанд авахаас татгалзсан. Учир нь нэхэмжлэлд дурдсан дүнд орсон болно гэв.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Дариймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дахин төлөвлөлтөд орсон байранд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хууль ёсны дагуу хамтран өмчлөх эрхтэй болсон. Нэхэмжлэгч нартай харилцаанд ороогүй тул шүүх эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэнэ гэж бодож байна гэв.

 

6.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ, Ү-2204011078 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, тус шүүхийн 2020 оны 181/ШЗ2020/05983 тоот захирамж, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦ1/850 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 831 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 599 дүгээр тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *******,******* нарын хоорондох хэлцэл, *******ын мэдүүлэг, Гарьдкапитал ББСБ-ын зээл төлөлтийн дансны хуулга зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 3-7,17, 30-41, 47-50/

Хариуцагч нараас нотлох баримтаар: Хаан банкны төлбөрийн баримт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суух тодорхойлолтууд, иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Д.Ганболд оршин суудаггүй тухай тодорхойлолт, 2020 оны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримт, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, Орон сууцны дэд бүтцийн газрын тодорхойлолт, Т.Чинбатын нас барсны гэрчилгээ хуулбараар ирүүлжээ. /1хх 14, 16, 21-22, 24, 52, 65-66, 81-85, 2хх143/

Гуравдагч этгээд Д.Дариймаагаас нотлох баримтаар: төлөөлөгчид олгосон итгэмжлэл ирүүлжээ. /2 хх 87/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр 181/ШЗ2021/09673 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Моннис урбан девелопмент ХХК-аас ирүүлсэн*******,******* нартай байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт, хоёр талт гэрээнүүд, 181/ШЗ2021/13553 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хариу, түүний хавсралтууд, 181/ШЗ2021/14559 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хариу, түүний хавсралтууд,

хариуцагч талын хүсэлтээр 181/ШЗ2022/04481 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Хаан банк ХХК-иас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дансны хуулгууд,

Шүүхийн зүгээс 181/ШЗ2022/00782 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Эрүүгийн хэргийн төв архиваас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хариу, түүний хавсралтууд, Транскапитал ББСБ ХХК-иас ирүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хариу, түүний хавсралтууд, зохигчдоос гаргасан тайлбар зэргийг бүрдүүлжээ.

/1хх 179-194, 206-228, 239-250, 2хх 1-10, 38-68, 69-76, 98-142, 143,144/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч *******,******* нараас Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 123а байр 32 тоотод байрлах 34,22 мкв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204119293 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгахаар шаардсан.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, *******,*******,******* нарын хоорондох 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар шаардаж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: талуудын хооронд урьд зээлийн харилцаа үүссэн байсан, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн төлбөрийг ирээдүйд бий болох хөрөнгийг худалдах худалдан авахаар тохиролцож арилжааны гэрээг хийх замаар үүрэг солилцсон, уг хэлцэл хүчин төгөлдөр тул хэлцэлд тусгасан орон сууцыг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хуурч мэхэлж төөрөгдүүлэх замаар бусдын өрийг төлүүлэхээр тохиролцоог хийсэн, уг тохиролцоо хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан. Улмаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1.Нэг талаас*******,******* нар, нөгөө талаас ******* нар 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр*******,******* нар гэрээ байгуулжээ.

Энэ гэрээнд*******,******* нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 14-р хороонд 33 мкв нэг өрөө орон сууц захиалгаар авна, ******* нь*******,******* нарт 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 40.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, нэг сард 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн төлбөрийг захиалсан нэг өрөө орон сууцаар барагдуулах гэж дурджээ. /1хх 3/

3.2.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011078, Г-2204000579 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 16 дугаар гудамж, 406 тоотод байрших нэгж талбарын 18645310799751 дугаарт бүртгэлтэй 565,05 мкв талбайтай газар, уг хаягт байрлах 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай хөрөнгийн өмчлөгчөөр*******,******* нар бүртгэгдэж, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээнүүд олгогдсон, уг газар дахин төлөвлөлтөд багтсан тул 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Моннис урбан девелопмент ХХК-тай дээрх газар, газар дээрх хөрөнгийг дахин төлөвлөлтөөр баригдах нийт 109,99 мкв талбай бүхий гурван ширхэг орон сууцаар солихоор тохиролцож арилжааны гэрээг байгуулжээ. /1хх 4, 81-85, 180-194/ Бүртгэх байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар дахин төлөвлөлтийн хүрээнд Моннис урбан девелопмент ХХК-ийн барьсан барилгаас жагсаалтаар салгаж бүртгэх ажиллагааг гүйцэтгэж байгаа, жагсаалтаар******* гурван орон сууцанд захиалагчаар нэр бичигдиж ирсэн, үүнээс хоёр хөрөнгийг*******ийн өмчлөлд салгаж эрхийн улсын бүртгэлийн Ү-2204119293, Ү-2204119294 дугаарт тус тус бүртгэсэн, нэг хөрөнгөд одоогоор салгаж эрхийн улсын бүртгэлд бүртгээгүй, нэрсийн жагсаалтад******* байхгүй талаарх лавлагааг ирүүлжээ. /1хх 206-207/

3.3.Нэхэмжлэлийн шаардлага болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2204119293 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, 123а байрны 32 тоотод байрлах 34,22 мкв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр******* бүртгэгдэж, түүнд өмчлөх эрхийн гэрчилгээг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн*******, Д.Дариймаа нарын хэлцлийн дагуу Д.Дариймаа,******* нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. / 1хх 240-250, 2хх 1-10/

3.4.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 831 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 599 дүгээр тогтоолоор*******г 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах газрыг иргэн*******т зарна гэж хуурч мэхлэн 10.020.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохиролд 10.020.000 төгрөгийг*******гоос гаргуулж,*******т олгохоор шийдвэрлэжээ. /1хх 30-41/

Шийтгэх тогтоолд дурдсан энэ мөнгө нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 40.000.000 төгрөгт багтсан, түүнчлэн уг мөнгийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан нэхэмжлэгчид төлсөн гэдэгт зохигчид маргаагүй болно. /1хх 65, 66/

4.Хэрэгт баримтаар нэхэмжлэгч нараас хариуцагч нарт мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгсөн гэдгийг дэмжих бичгийн баримт авагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүх хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгт өгч байсан гэрч болон зохигчдын мэдүүлэг болоод шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагч*******гийн дүү Т.Чинбатад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч*******аас зээлсэн, уг мөнгөөс 20.000.000 төгрөгийг******* нь *******аас зээлж авч өгсөн үйл баримт тогтоогдож байна. /1хх 48, 49, 2хх 41-44, 51-52, 64-66/

Мөнгөн хөрөнгийг бодитоор зээлсэн Т.Чинбат 2018 онд нас барсан, тэрээр хариуцагч*******гийн төрсөн дүү гэдэгт зохигчид маргаагүй болно.

Т.Төмөртогоо,******* нартай 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хэлцлийг уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгох үүднээс хийсэн,*******гийн дүү Т.Чинбатад мөнгийг зээлсэн гэдгээ эрүүгийн хэргийн явцад нэхэмжлэгч******* 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт Би Баасанжаргалаас 20.000.000 төгрөгийг зээлсэн байсан болохоор баталгаа болгоод Төмөртогоо, Дорж нартай зээлийн гэрээг байгуулсан, Төмөртогоогийн дүү Чинбат надаас авсан 30.000.000 төгрөгийг өгсөн гэх Д.Ганболдтой уулзаж байгаад 5.000.000 төгрөгийг авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Ганболдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн мэдүүлэгт Болдбаатар ахаас Төмөртогоо эгчийн дүү Чинбат авсан 30.000.000 төгрөгийг Батбитлэг ах авсан юм шиг байна лэ. Би Батбилэг ахаас 2 авсан 17.000.000 төгрөгөөс үлдэгдлийг Болдбаатар ахтай тохирч өгнө гэсэн мэдүүлэг, хариуцагч*******гийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт би Чинбатын өмнөөс Моннис байранд нэг өрөө байрны гэрээг хийсэн гэж мэдүүлж байснаар тогтоогдож байна. / 2хх 41-44, 51-52, 64-66/

Иймд талуудын хооронд ирээдүйд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Арилжааны гэрээ аль алин байгуулагдаагүй байхаас гадна Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжих хуульд заасан нөхцөл бүрдээгүй байна. Түүнчлэн зээлийн гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээний үүргээр солилцсон, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбарууд үндэслэлгүй гэж үзнэ.

Харин 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ болон талуудын эрүүгийн хэрэгт өгч байсан дээрх мэдүүлэг зэргээс дүгнэвэл хариуцагч*******,******* нар нь гуравдагч этгээд болох талийгаач дүү Т.Чинбатын бусдад төлбөл зохих зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар баталгаа гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь Т.Чинбатын төлбөл зохих бодит зээлийн үлдэгдлийг уг баталгааны дагуу хариуцагч нараас гаргуулахаар шаардаагүй, харин хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авахаар нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр тооцон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Хариуцагч нарын зүгээс энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, түүнчлэн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хүлээн зөвшөөрч хийсэн буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж шаардсан.

Хэрэгт авагдсан*******гийн 2018 оны 6 дугаар сарын 19-нд, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгт 2013 оны өвөл манай дүү Чинбат 30.000.000 төгрөг дутсан гээд над дээр ирсэн.Тэгэхээр нь би дүүү Чинбатыг Болдбаатартай танилцуулаад мөнгийг зээлсэн. Нилээд хугацааны дараа Болдбаатар надтай уулзаад танай дүү олдохгүй байна, та дагуулж ирснээрээ 30.000.000 төгрөгийг төл, хүүтэйгээ 40.000.000 болсон гээд надтай нотариат дээр очиж бичиг хийлгэсэн, дүүгийнхээ авсан мөнгийг төлнө гэж, Би анх Чинбатыг зээл авах үед Болдбаатарт манай дүү мөнгөө төлж чадахгүй бол би Моннис ХХК-иас авах нэг байраа зараад төлчихнө гэж хэлж байсан гэж мэдүүлснээс үзвэл тэрээр бусдын өрийг төлөхөөр баталгаа гаргах хүсэл зоригоо илэрхийлж уг гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна. /2хх 56-57, 58-60/

Иймд энэ гэрээг хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, ноцтой төөрөгдсөн гэж үзэх хууль заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн өөр ямар хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, талуудын хооронд байгуулагдсан өөр хэлцлийг ирүүлээгүй тул мөн энэ үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан үндэслэлгүй тул*******,******* нарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204119293 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 123а байр 32 тоотод байрлах 34,22 мкв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******,******* нарын үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан үндэслэлгүй тул *******д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч*******,******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438.000 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ