Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00383

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02269 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Н-гийн хариуцагч А.Д ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н- нь 2019 оны 09 сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд өөрийн эзэмшлийн 21-30 ТӨА улсын дугаартай Жи донг загварын автомашинтай явж байхад цахилгаанаас үүдэлтэй гал гарч автомашин бүрэн шатсан. А.Д ХК-тай 2019 оны 01 сарын 31-ний өдөр даатгалын гэрээ байгуулж, автомашинаа бүрэн даатгуулсан учраас хууль, гэрээнд зааснаар өөрийн хохирлоо гаргуулахаар даатгалын газарт хандсан боловч та шүүхэд ханд гэж амаар мэдэгдсэн. Ингээд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад уг хорооноос 2019 оны 12 сарын 10-ны өдөр 9/4249 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн даатгуулагчийн сонгосон багцын хувиар тооцож даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн. Уг шийдвэрийн хэрэгжилтийг 2019 оны 12 сарын 25-ны өдрийн дотор тус хороонд эргэж мэдэгдэхийг үүрэг болгосон. Гэтэл А.Д ХК-д хандаж хяналт тавих эрх бүхий байгууллага нь үүрэг болгосоор атал өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

Иймд даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгчид учирсан хохирол болох автомашины үнэ 5 000 000 төгрөгийг А.Д ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн тухайд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч даатгалын компани болоод даатгуулагчийн хооронд гарсан маргааныг хороо урьдчилан шийдвэрлэнэ. Талууд энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж болно гэсэн зохицуулалтын хүрээнд урьдчилан шийдвэрлэсэн буюу уг шийдвэр нь эцсийн шийдвэр биш юм гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр олгохгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын тохиолдол өөрөө гэрээнд заасан шалтгааны улмаас болсон байх ёстой. Дурдсан эрсдэл учирсан бол даатгагч нөхөн төлбөр төлнө гэж хуулийн урьдчилсан нөхцөл байна. Нэхэмжлэгчийн хувьд ямар шалтгааны улмаас автомашин шатсан гэдгийг нотолж чадаагүй байна. Төв аймгийн Онцгой байдлын газраас цахилгааны утсанд масс гарсан гэсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй. Ослын газар дээр онцгой байдлын газраас хүн очоогүй. Өөрөөр хэлбэл, галын дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Баттулга нь Л.Н- болон хамт явж байсан хүний тайлбар, цагдаагийн ослын актыг харж байгаад дүгнэлт гаргасан гэсэн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт дараах баримтыг үндэслэж нөхөн төлбөр олгоно гэсэн байдаг бөгөөд мөн зүйлийн 8.4.3-т учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт, материал гэсэн. Өөрөөр хэлбэл бодит хохирлыг тогтоох зорилготой. Энэхүү зохицуулалт даатгалын гэрээний 5.1.4-т орсон байгаа. Мөн гэрээний 5.2-т хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэгчээр гаргуулна гэсэн. Нэхэмжлэгчээс хохирлын хэмжээгээ Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй даатгалын хохирогчийн үнэлгээ тогтоогчоор үнэлүүлээгүй. Иймээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3, даатгалын гэрээний 5.1.4, 5.2-т заасны дагуу ямар хохирол учирсан гэдгийг баримтаар нотолж нөхөн төлбөр олгох боломжгүй байна. Даатгалын гэрээний 5.1.5-д мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолтод үндэслэнэ гэсэн. Энэ дүгнэлт, тодорхойлолтоо Төв аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 01 дугаартай гал түймрийн улсын байцаагчийн хяналтын акт байгаа. Бид үндэслэлгүй гэдгийг дээр дурдсан. Нөхөн төлбөрийн албаны дарга н.Сумьяа нэхэмжлэгч Л.Н-тэй уулзаж тодорхой улсын дугаартай автомашин өгнө гэсэн нөхцөл байдал болсон юм шиг байна. Энэ талаар нэхэмжлэгчийн тайлбараас өөр зүйлээр нотлогдохгүй байна. Н.Сумьяагийн хувьд шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш. А.Д ХК-ийн нөхөн төлбөрийн үйл ажиллагааны журамд заасны дагуу 2 000 001 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хохирлыг эрсдэлийн удирдлагын хороогоор орж хэлэлцүүлээд эцсийн шийдвэр гаргадаг. Эрсдэлийн удирдлагын хороо нэхэмжлэгчийн хэлснээр 7 хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Энэ хорооны хуралд гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд оролцдог. Энэ хорооны хурлаас олгохгүй гэдэг шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрээ бид нэхэмжлэгч Л.Н-д албан бичгээр хүргүүлсэн.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нөхөн төлбөр олгох боломжгүй байна. Түүнчлэн даатгалын тохиолдлын улмаас хохирол учирсан болох нь шүүхэд ирүүлсэн баримтаар нотлох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Д ХК-аас 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Н-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Даатгалын үнэлгээ нь даатгалын хураамжийн хэмжээ, даатгалын зүйлийн үнийг тодорхойлох, даатгалын тохиолдлын улмаас учирсан нөхөн төлөгдөх хохирлын дээд хязгаарыг тогтоох ач холбогдолтой байдаг. Даатгалын үнэлгээнээс давсан хохирол учирсан нь даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлтээр даатгалын үнэлгээнээс давсан тохиолдолд даатгагч нь даатгалын үнэлгээний хэмжээгээр нөхөн төлбөр олгож, илүү гарсан хохирлыг даатгагч өөрөө хариуцдаг. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-т учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал-ыг үндэслэн олгоно гэж заасан ба Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4-т даатгалын хохирол үнэлэгч гэж ..., бодит хохирлыг тогтоох, .... эрх бүхий этгээдийг; гэснээс үзвэл даатгалын тохиолдлын улмаас учирсан бодит хохирлыг зөвхөн даатгалын хохирол үнэлэгч тодорхойлж, тэрхүү тодорхойлолтыг үндэслэн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөрийг олгохоор байна. Гэвч хариуцагч Л.Н- нь даатгалын хохирол үнэлүүлэх мөнгөгүй гэх шалтгаанаар хохирлоо үнэлүүлээгүй /энэ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан/, автомашин галд шатсаны улмаас 5 500 000 төгрөгийн хохирол учирсан, шатсан эд зүйлээ хасаад 5 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Түүнчлэн хэргийг ийнхүү шийдвэрлэснээр хохирлын үнэлгээгүйгээр, даатгуулагч өөрийн хүссэнээр нэхэмжилсэн нөхөн төлбөрийг даатгагч олгодог болох, цаашид даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг үнэлүүлэхгүй байх сөрөг үр дагавар үүсэхээр байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ даатгагч Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2 дахь хэсэгт даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу даатгалын хохирлын үнэлгээ хийлгээгүй тул бодит хохирлын хэмжээ тодорхойгүй, нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг анхаарч үзээгүй. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-т зааснаар хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан актыг үндэслэж нөхөн төлбөр олгох хуулийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.4 дэх хэсэгт зааснаар даатгалын үнэлгээг талууд тохиролцсон тул хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь талууд үнэлгээгээ тохирсон бол даатгалын хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.2, 438.3 дах хэсэгт даатгалын гэрээ байгуулах үед талууд үнэлгээг тохиролцоход хэрэглэгдэх ба харин даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд талууд үнэлгээний талаар маргаагүй байхад хэрэглэгдэхгүй тул хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч А.Д ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1, 20/

 

Л.Н- болон А.Д ХК нь 2019 оны 01 сарын 31-ний өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л.Н- нь өөрийн өмчлөлийн арлын LHA01YKC77A002867 дугаартай тээврийн хэрэгсэлд учрах даатгалын эрсдэлийн төрлийг стандарт багцаар сонгож, даатгалын үнэлгээний хэмжээг 6 000 000 төгрөгөөр тодорхойлон 1 жилийн хугацаатай А.Д ХК-д даатгуулж, даатгалын хураамжид 90 000 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 9930020848 дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа /хх 5/, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Даатгалын гэрээ нь хэрэгт бичгийн хэлбэрээр авагдаагүй байх боловч талууд уг гэрээг байгуулсан эсэхэд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн болон уг хэлцэл хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан Замын цагдаагийн газрын 2019 оны 09 сарын 26-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 01 тоот акт /хх6, 9-10/ зэргээс үзвэл, 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 06 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Чигчий толгой гэх газар даатгалын гэрээний зүйл болох дээрх тээврийн хэрэгслийн цахилгааны утсанд гэмтэл гарсны улмаас гал түймэр гарч бүрэн шатсан болох нь нотлогдсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа-нд гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт-ийг даатгалын эрсдэлд хамааруулахаар тусгаж, даатгалын үнэлгээг 6 000 000 төгрөгөөр тодорхойлсон байх бөгөөд Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 01 тоот актад уг гал түймрийн улмаас иргэн Л.Н-гийн ...тээврийн хэрэгсэл, өөрийн хэрэглэж байсан гар цүнх, эд зүйлс, хувцас зэрэг шатаж нийт 5 500 000 төгрөгийн хохирол учирсан байна гэжээ. /хх 4, 6/

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан. Даатгуулагч Л.Н- нь даатгалын хураамж төлөх үүргээ биелүүлсэн, даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон байх тул А.Д ХК нь даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 438 дугаар зүйлд заасантай нийцэж байна.

 

Хариуцагч талаас гаргасан нэхэмжлэгчид учирсан гэх хохирол нь хуульд зааснаар эрх бүхий этгээдээр үнэлэгдээгүй, анхан шатны шүүх даатгалын гэрээг байгуулах үед талуудын харилцан тохиролцдог даатгалын үнэлгээний талаарх хуулийн зохицуулалтыг даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд хэрэглэсэн нь буруу гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, талуудын байгуулсан даатгалын гэрээний 5.1-д даатгалын нөхөн төлбөр олгоход үндэслэх материалыг нэрлэн заажээ. /хх 36/ Хэрэгт авагдсан Төв аймгийн Замын цагдаагийн газар болон Онцгой байдлын газраас тус тус гаргасан баримт, акт зэрэг нь уг гэрээний 5.1.4, 5.1.5-д заасан хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг тодорхойлсон эрх бүхий байгууллагын акт, мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт, шүүхийн шийдвэр зэрэгт хамаарах тул ...хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал байхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны аль үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж байгаагаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт зааснаар тодорхой гаргаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Л.Н-д нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ, ...даатгалын тохиолдлын улмаас бодит хохирол учирсан байх хууль зүйн урьдчилсан нөхцөлийг хангаагүй.. гэснийг /хх 3/ Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 12 сарын 20-ны өдөр 9/4249 тоот албан бичгээр үндэслэлгүй гэж үзэж, ...даатгуулагч гэрээнд заасан үүргээ биелүүлж даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор Төв аймгийн Замын цагдаагийн газар болон Онцгой байдлын газарт ослын дуудлага өгч гал гарсан шалтгаан, хохирлын актыг тогтоолгосон байна.. даатгуулагчийн сонгосон багцын хувиар тооцож даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй... гэж шийдвэрлэсэн байна.

 

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болох талаар хуульчлан зохицуулсан байх боловч хариуцагч нь хуульд заасан энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /хх11/

 

Иймд хариуцагч тал нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ хуульд заасны дагуу тодорхой тайлбарлаагүйн гадна нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 438 дугаар зүйлд заасан даатгалын үнэлгээний хэмжээ нь даатгалын зүйлийн үнийг талууд харилцан тохиролцсоноор тодорхойлсон үнэлгээ бөгөөд хожим даатгуулагчийн сонгосон багцаас шалтгаалж хувь тэнцүүлэн даатгалын нөхөн төлбөрийг тооцон олгоход үндэслэдэг хэмжээ тул уг хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаас хэргийн 13 дахь талд авагдсан гэрэл зургаас үзэхэд, даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэл бүрэн шатсан болох нь тогтоогдож байх тул хохирлын үнэлгээ гаргуулах шаардлагагүй буюу гэрээнд заасан даатгалын үнэлгээнд нийцүүлэн хохирлыг тогтоох боломжтой юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02269 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР