Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/02269

 

 

 

 

 

 

 

 

                    2020       09         09  

                               181/ШШ2020/02269

          

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух Л.Н / РД:......................../-гийн

 

Хариуцагч: давхарт байрлах “Даатгал”ХК /ХЭРД:............../-д холбогдох,

 

“даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Н би 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд өөрийн эзэмшлийн 0000улсын дугаартай Жи донг загварын автомашинтай явж байхад утаа гарч машины цахилгаанаас үүдэлтэй гал гарч машин маань бүрэн шатаж устсан. Би унтраах гээд дийлээгүй, тухайн үедээ цагдаа, гал комманд дуудсан боловч машин бүрэн шатчихсан. Би уг тээврийн хэрэгслийг “Даатгал”ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр автомашинаа бүрэн даатгуулсан бөгөөд уг автомашин шатаж устсан учир даатгалын хууль, гэрээнд зааснаар өөрийн хохирлоо гаргуулахаар даатгалын газарт хандсан.

Анх би даатгалд хандахдаа гал гарсан бичлэг, мөн цагдаагийн газрын үзлэг хийсэн акт, Онцгой байдлын газрын нотлох баримтуудыг хавсаргаж хүсэлтээ гаргасан. Даатгалын мэргэжилтэн надад хэлэхдээ мөнгө өгч чадахгүй, өөр автомашин өгнө гэж үзүүлж байснаа хэсэг хугацааны дараа машин өгөхгүй та шүүхэд ханд гэж амаар мэдэгдсэн. Надад гомдолтой байсан тул би Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Санхүүгийн зохицуулах хороо надад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 9/4249 дугаартай хариуг ирүүлсэн. Уг албан бичигт “...Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар мөн Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус үндэслэн даатгуулагчийн сонгосон багцийн хувиар тооцож даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор тус хороонд эргэж мэдэгдэхийг үүрэг болгосон. Гэтэл “Даатгал”ХК-д хандаж хяналт тавих эрх бүхий байгууллага нь үүрэг болгосоор атал өнөөдрийг хүртэл Даатгал үүргээ биелүүлэхгүй иргэн намайг хохироосоор өнөөдрийг хүрлээ. Иймд даатгалын гэрээний дагуу надад учирсан хохирол болох автомашны үнэлгээнд 5 000 000 төгрөгийг “Даатгал”ХК-иас гаргуулж өгнө үү.Миний автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”машин дотор байсан нь машинтай хамт шатаж үгүй болсон” гэв.  

 

Хариуцагч “Даатгал”ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 5,000,000 төгрөгийг ДаатгалХК-иас гаргуулъя гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн тухайд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч даатгалын компани болоод даатгуулагчийн хооронд гарсан маргааныг хороо урьдчилан шийдвэрлэнэ. Талууд энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж болно гэсэн зохицуулалтын хүрээнд урьдчилан шийдвэрлэсэн буюу уг шийдвэр нь эцсийн шийдвэр биш юм гэдгийг дурдах нь зүйтэй байх. Нэхэмжлэгч Нд даатгалын нөхөн төлбөр олгохгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэд хэдэн нөхцөл шалтгаан байгаа. Тус бүрд нь тайлбарлая.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг үзэхээр даатгалын тохиолдол өөрөө гэрээнд заасан шалтгааны улмаас болсон байх ёстой. Ийм ийм эрсдлээс таны хөрөнгийг буюу авто машиныг хамгаалж даатгана. Дурдсан эрсдэл учирсан бол даатгагч нөхөн төлбөр төлнө гэж хуулийн урьдчилсан нөхцөл байна. Нэхэмжлэгч Нгийн хувьд ямар шалтгааны улмаас авто машин шатсан гэдгийг өөрөө тайлбараараа нотолж чадахгүй байна. Явж байтал утаа гарсан тэгээд шатсан гэж байна. Төв аймгийн Онцгой байдлын газраас цахилгааны утсанд масс гарсан гэж онцгой байдлын актаар ирүүлсэн байдаг. Энэ актыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ослын газар дээр онцгой байдлын газраас хүн очоогүй. Би өчигдөр онцгой байдлын акт тогтоосон Баттулга гэдэг хүнтэй утсаар ярьсан, ослын газарт очоогүй гэсэн. Өөрөөр хэлбэл галын дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Баттулга Н гэдэг хүн болон хамт явж байсан хүний тайлбар, цагдаагийн ослын актыг харж байгаад дүгнэлт гаргасан гэсэн.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт дараах баримтыг үндэслэж нөхөн төлбөр олгоно гэсэн. 8.4.3-т учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт, материал гэсэн. Өөрөөр хэлбэл бодит хохирлыг тогтоох зорилготой. Яг энэ зохицуулалт нь даатгалын гэрээний 5.1.4-т энэ бичвэрээр орсон байгаа. Мөн гэрээний 5.2-т хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэгчээр гаргуулна гэсэн. Нэхэмжлэгчээс хохирлын хэмжээгээ Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй даатгалын хохирогчийн үнэлгээ тогтоогчоор үнэлүүлээгүй. Тийм учраас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 болон даатгалын гэрээний 5.1.4, 5.2-т заасны дагуу ямар хохирол учирсан гэдгийг баримтаар нотолж нөхөн төлбөр олгох боломжгүй байна.

Даатгалын гэрээний 5.1.5-д мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолтод үндэслэнэ гэсэн. Энэ дүгнэлт, тодорхойлолтоо Төв аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай гал түймрийн улсын байцаагчийн хяналтын акт байгаа. Бид үндэслэлгүй гэдгийг дээр дурдсан.

Нөхөн төлбөрийн албаны дарга С гэдэг хүн нэхэмжлэгч Нтэй уулзаж тодорхой улсын дугаартай авто машин өгье гэдэг санал тавьсан ч юм уу?, шийдвэр гаргасан ч юм уу? ийм нөхцөл байдал болсон юм шиг байна. Энэ талаар нэхэмжлэгчийн тайлбараас өөр зүйлээр нотлогдохгүй байна. Сгийн хувьд шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш.

ДаатгалХК-ийн нөхөн төлбөрийн үйл ажиллагааны журамд заасны дагуу 2,000,001 төгрөгөөр дээш үнийн дүнтэй хохирлыг эрсдлийн удирдлагын хороогоор орж хэлэлцүүлээд эцсийн шийдвэр гаргадаг. Эрсдлийн удирдлагын хороо нэхэмжлэгчийн хэлснээр 7 хоног бүрийн Лхагва гарагт хуралддаг. Энэ хорооны хуралд гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд оролцдог. Энэ хорооны хурлаас олгохгүй гэдэг шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрээ бид нэхэмжлэгч Нд албан бичгээр хүргүүлсэн. Энэ дурдсан үндэслэлүүдээр бид нөхөн төлбөр олгох боломжгүй байна. Түүнчлэн даатгалын тохиолдлын улмаас хохирол учирсан болох нь шүүхэд ирүүлсэн баримтаар нотлох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох  баримтуудыг шинжлэн судлаад            

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч “Даатгал”ХК-д холбогдуулан “даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч “Даатгал”ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 9930020848 дугаартай “автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”байгуулсан, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр даатгалын зүйл болох авто машин замд явж байхад гал гарч бүрэн шатсаны улмаас даатгалын нөхөн төлбөр төлүүлнэ гэсэн үндэслэл гаргаж, шүүх хуралдаанд шаардлагаа дэмжиж оролцлоо.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж “даатгалын тохиолдол болоогүй, даатгалын тохиолдлын улмаас хохирол учирсан болох нь баримтаар нотлогдоогүй” гэж маргана.

Иргэн Л.Н “Даатгал”ХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан 9930020848 дугаартай “автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”машин дотор байсан нь машинтай хамт шатаж үгүй болсон гэж тайлбар гаргаж байгааг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй ба хариуцагч уг гэрээг шүүхэд ирүүлээгүй болно.

Талууд харин 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан 9930020848 дугаартай “автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааг ирүүлсэн бөгөөд гэрээнд энэхүү баталгааг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох зохицуулалттай талаар маргаагүй.

Иргэн Л.Н нь “Даатгал”ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2020 оны 1 сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, 9930020848 дугаартай “автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”байгуулж, өөрийн өмчлөлийн ТӨА 2130 улсын дугаартай hongxing маркийн тээврийн хэрэгслийг 6 000 000 төгрөгөөр даатгуулсан/хэргийн 4, 32-33/, 9930020848 дугаартай гэрээний даатгалын хураамжид 90 000 төгрөг төлсөн/хэргийн 30/, 2019 оны 9 сарын 26-ны өдөр Л.Н Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт машинаа жолоодон явах үед авто машин бүрэн шатсан үйл баримт бий болсон, энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтуудаар;

-”Төв аймгийн Эрдэнэсант сумын  Замын цагдаагийн “Зам тээврийн осол,хэрэг үзлэгээр тогтоосон байдал 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 09 цаг 08 минутад хийгдсэн тэмдэглэл/хэргийн 7-10/-д, жолооч Л.Н биеийн байдал хэвийн, суурингийн гаднах шулуун тэгш хуурай асфальтан замд үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун орчинд 2-р эгнээний замд 50-60 км/цагийн хурдтай явах үед Л.Нгийн ТӨА 2130 улсын дугаартай тээврийн хэрэгсэл их хэмжээгээр шатсан,техникийн байдал тогтоох боломжгүй байдал тогтоогдсон болохыг тодорхойлжээ.  

-Төв аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 01 дугаартай акт/хэргийн 6/-д, Л.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед гэрээсээ гарч Төв аймгийн Дэлгэрхаан сум орохоор явж байсан ба үүрээр 06 цагийн үед машины дотор талд хиншүү үнэртээд байснг мэдэж зогссоноор гал түймрийг илрүүлсэн, унтраах арга хэмжээ авсан боловч гал түймрийг унтрааж дийлэлгүй машин бүрэн шатсан, уг гал түймэр тээврийн хэрэгслийн цахилгааны утсанд гэмтэл гарч масс үүссэний улмаас гарч шатсан, гал түймрийн улмаас Л.Нгийн ТӨА 2130 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, өөрийн хэрэглэж байсан гар цүнх, эд зүйлс хувцас зэрэг шатаж 5 500 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

-“Даатгал”ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/19/997 дугаар нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичигт, ...даатгалын нөхөн төлбөрийг төлөх даатгалын тохиолдлын улмаас бодит хохирол учирсан байх хуулийн урьдчилсан нөхцлийг хангахгүй байгаа тул даатгалын нөхөн төлбөрийг олгох боломжгүй/хэргийн 3/ гэжээ.

-Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9/4249 тоот даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг/хэргийн 11/-т,...даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна,..даатгуулагчийн сонгосон багцийн хувиар тооцож,даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй..гэжээ.

Нэхэмжлэгч Л.Н “Даатгал”ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2020 оны 1 сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, 9930020848 дугаартай “автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа”-ны нотариатаар гэрчлэгдсэн, түүний гарын үсэг зурагдаагүй хуулбарыг ирүүлсэн ба уг баталгааг хариуцагч тал мөн ирүүлсэн, энэ баримтад талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч даатгалын гэрээ болон баталгаа нь шатсан машин дотор байсан нь гал түймэрт шатсан гэж байх ба энэ нь түүнийг буруутгах үндэсгүй, хариуцагч тал нэхэмжлэлд маргаж буй үндэслэлээ нотлох даатгалын гэрээ баталгааны эх хувийг гаргаж ирүүлээгүй, эсвэл гаргах боломжгүй тухайгаа нотлоогүй болно.

Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.3.”Даатгуулагч гагцхүү даатгалын баталгаа үзүүлсэн тохиолдолд даатгагч үүргээ гүйцэтгэхээр гэрээнд заасан бөгөөд баталгааг алдаж үрэгдүүлсэн бол тусгай журмын дагуу уг баталгаа хүчингүй болсон тухай зарлан мэдэгдсэн тохиолдолд л даатгуулагч гэрээний биелэлтийг шаардах эрхтэй.”гэж заасан ба хариуцагч тал энэ талаар маргаагүй, шаардлага гаргаагүй, холбогдох журам ирүүлээгүй тул хуульд заасан үндэслэл болох Л.Нгийн “автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа”-г үрэгдүүлсний улмаас хүчингүй болсон тухай зарлан мэдэгдэх шаардлага тусгай журамд зааснаар үүсээгүй, баталгаа шаардлага хангасан байна гэж үзэх үндэс болж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болон шүүхэд гаргасан тайлбар түүнтэй холбоотой татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай гэж үзэх үндэс болно.

Шүүх хэргийн үйл баримт, талуудын тайлбар, цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”гэж заасны дагуу талуудын хүсэл зориг илэрхийлэгдэн тохиролцсон бичгээр баталгаа хийгдсэн, Л.Н даатгалын хураамж 90 000 төгрөг төлсөн хуулийн шаардлага хангасан даатгалын хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан байна.

Л.Н уг тээврийн хэрэгслийг 2019 оны 1 сарын 28-ны өдөр иргэн Л.Эоос “Худалдах худалдан авах гэрээ”-ээр 6 000 000 төгрөгөөр худалдан авсан/хэргийн 21-22/, “автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа”-нд даатгалын үнэлгээг 6 000 000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.1.”Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно.”,438.3.Эд хөрөнгийн даатгалын үнэлгээний хэмжээ түүний өртгөөс илүүгүй байна.”гэж заасанд нийцэж байна.

Талууд гэрээнээс татгалзаагүй болно.

Даатгалын гэрээгээр даатгагч “Даатгал”ХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

Л.Н “Даатгал”ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан “автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа”-д, даатгуулагч Л.Н нь стандарт багцыг сонгож, даатгалын эрсдэлд гал, бүх төрлийн тэсрэлт дэлбэрэлт орсон, уг эрсдлийн улмаас 100 хувь  хамгаалагдсан байна.

Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 01 дугаартай актыг хариуцагч “Даатгал”ХК-д хүргүүлсэн, хариуцагч тал галын улсын байцаагч газар дээр нь очиж үзээгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж өнгөрсөн 7 хоногийн 4 дэх өдөр албан бичиг хүргүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул энэ актад одоог хүртэл гомдол санал гаргасан зүйлгүй, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 01 дугаартай акт хүчин төгөлдөр байна гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгчээс даатгагч компанид гаргаж өгсөн өргөдөл, даатгалын баталгаа, шатсан тээврийн хэрэгслийн гэрэл зургууд/хэргийн 13/ болон ”Төв аймгийн Эрдэнэсант сумын  Замын цагдаагийн “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал болон Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 01 дугаартай актаар, Л.Нгийн тээврийн хэрэгсэл гал түймрийн улмаас их хэмээгээр шатсан, техникийн байдал тогтоох боломжгүй байдлыг тогтоосноор Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2.-т заасан даатгалын зүйл буюу эд хөрөнгө болох тээврийн хэрэгсэлд гал түймэр гарч, даатгалын эрсдэл бий болсон, үүний улмаас тээврийн хэрэгсэл их хэмжээгээр шатаж,техникийн байдал тогтоох боломжгүй даатгалын зүйл болох автомашин бүрэн устсан болох нь нотлогдож, нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх бий болсон байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.-т даатгалын нөхөн төлбөрийг 8.4.1.даатгуулагчийн өргөдөл, 8.4.2.даатгалын баталгааны эх хувь, 8.4.3.учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал, 8.4.4.шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт”-г үндэслэн олгохыг зохицуулсан.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.-д заасан даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болох үндэслэлүүд хэрэгт тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгчээс бүрдүүлсэн баримтуудаар хуулийн шаардлага гэрээний нөхцөл хангагдсан, даатгалын нөхөн төлбөрийг олгох баримтуудын бүрдэл хангагдсан байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгчид 2019 оны 10 сарын 22-ны өдөр нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай албан бичгээр Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1.-д зааснаар даатгуулагч Л.Н нь даатгагчид даатгалын тохиолдол бий болсон тухай нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн болох нь нотлогдоно.

Хариуцагч тал Нг ямар шалтгааны улмаас авто машин шатсан гэдгийг өөрөө тайлбараараа нотолж чадахгүй гэсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.1.”Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно.”, 438.2.”Эд хөрөнгийг даатгах тохиолдолд даатгагч эд хөрөнгийг үзэж үнэлгээний хэмжээг тогтоох эрхтэй.”, 438.3.”Эд хөрөнгийн даатгалын үнэлгээний хэмжээ түүний өртгөөс илүүгүй байна.”гэж зохицуулсан ба талууд даатгалын баталгаанд заасан даатгалын үнэлгээний хэмжээг эд хөрөнгийн өртгөөс илүүгүй, мөн багагүйгээр хуульд нийцүүлэн харилцан тохиролцож тодорхойлсон байх тул хариуцагчийн маргаж байгаа тайлбарт дурдсанаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлага бий болоогүй байна.

Даатгалын зүйл устаж үгүй болсон байх тул даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 438 дугаар зүйлд зааснаар тохиролцсон даатгалын үнэлгээ буюу эд хөрөнгийн өртөг болох 6 000 000 төгрөгөөр нөхөн төлбөр олгох үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч бага дүн болох 5 000 000 төгрөгийг шаардсан тул энэ дүнгээр хариуцагчид хариуцуулан нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Даатгал”ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д  зааснаар хариуцагч “Даатгал”ХК-иас 5.000.000/таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгосугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Даатгал”ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.УРАНЧИМЭГ