| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03555/И |
| Дугаар | 192/ШШ2025/01286 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01286
2025 02 13 192/ШШ2025/01286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ...............тоот хаягт оршин суух Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ...........тоот хаягт оршин суух Б холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянзул,
Хариуцагч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээж авсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.Г нь М.Б т 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг зээлсэн. Ингэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд тус мөнгийг дансаар шилжүүлсэн юм. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар М.Б нь нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байна. Хуулийн дээрх заалтын дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэв.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. 2021 оны 07 дугаар сард би жижиг дунд үйлдвэрлэлээр махны борлуулалтын цех ажиллуулахаар 35,000,000 төгрөг зээлсэн. 09 дүгээр сард том хэрчигч машин хэрэг болсон. Махаа бэлтгээд тэрийгээ хоол хоолныхоор ялгаад нарийн мах гуляш гээд хэрчээд махаа боловсруулаад явдаг байсан. Тэрэнд маань 20 сая төгрөг хэрэг болсон. Яг тэр үед мах импекст махны машин хорин саяар зарна гээд тэрийг би анх Б.Г д санал болгосон. Надад ийм машин авах гэсэн юм аа мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь би хөрөнгө оруулъя. Компаниас чинь ашгаа хуваая тэгээд хорин сая төгрөг авсан. Энэ мөнгийг би компанийн хөрөнгө оруулалт гэж ойлгосон. Би компанийнхаа байрыг түрээслэдэг байсан. Тус байр зарагдсан. Нөгөө ажил маань доголдоод гэрээ маань цуцлагдаад корона гээд бас ажлаа хийх боломжгүй болсон. Хоёр жил мөнгөө өг гээд зөндөө л дарамт шахалт ирсэн. Би төлнө өө намайг хүлээгээч би тэртээ тэргүй зөндөө өртэй байна, хөрөнгө оруулалт аваад компани маань дампуурчихлаа гэж хэлсэн. Тэр надаас мөнгөө нэхсэн учраас би ногоо тарьсан. Ийм процессууд болж явсаар байгаад сүүлд нь надаас Б.Г гийн эхнэр нь гарч ирээд намайг зөндөө л хэл амаар доромжилсон. Би өрөө хувааж төлье гээд хэлэхэд зөвшөөрөөгүй. Хөрөнгө оруулалт хийсэн болохоор нь тэр мөнгийг авсан. Одоо бол төлөхгүй л гэж үзэж байгаа. Компани дампуурчихсан бас улс орон даяар өвчин зовлон гарсан, хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань 2015 онд нас барсан. Би хүүхдүүдээ хараад гэртээ суух шаардлагатай болсон. Ковидын үед надад ямар ч ажил хийх боломж байгаагүй, компанийн үйл ажиллагаа доголдсон гэв.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Хаан банк дахь Б.Г гийн эзэмшлийн .................. дугаар дансны 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг М.Б т зээлж, түүний дансанд шилжүүлсэн. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ Б.Г нь миний махны бизнест хөрөнгө оруулж, тоног төхөөрөмж худалдаж авахад шаардлагатай 20,000,000 төгрөгийг өгсөн, бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Б.Г нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн.............дугаар данснаас хариуцагч М.Б ийн эзэмшлийн ........... дугаар данс руу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 3 дахь тал)
5.Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нотлох баримтаар дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн бол хариуцагч нь уг 20,000,000 төгрөгийг хүлээж авсан үйл баримтын хувьд маргаагүй, харин зээлж аваагүй, хөрөнгө оруулалт хэлбэрээр хүлээж авсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа тохиолдолд зохигч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүх тогтоох шаардлагатай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзаж байгаа эсэх талаарх тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэгэнт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн тайлбар, татгалзлаа нотлох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй учир нэхэмжлэгчийн тодорхойлсноор зохигч талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх гол нөхцөл бүхий Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч… энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй,… бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож… хэргийг шийдвэрлэнэ” гэж заасанд нийцнэ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 20,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.
6.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд баримт гарган мэтгэлцээгүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
7.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б ээс 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б ээс 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД