Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 158

 

Б д З д ү г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн

Газрын албанд холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Л.Атарцэцэг

                                                  Б.Мөнхтуяа

                                                 Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                         Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаал, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0858 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0161 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0858 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай Б д З д ү г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0161 дүгээр магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0858 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Б д З д ү г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албаны даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг баримтлан захиргааны байгууллага хуульд тусгайлан заасан тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиудад дүүргийн Засаг даргаас дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд шүүхэд хандана гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй тул дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн.

4. Тухайлбал, дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нь Нийслэлийн Газрын албаны даргад холбогдуулан дүүргийн Газрын албаны даргыг томилсон захиргааны актыг илт хууль бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзвэл Монгол Улсын Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан захиргааны актыг хэрхэн хэрэгжүүлэх, мөн цаашид тухайн хуулийн зохицуулалтыг хэрхэн бүрэн эрхийн хүрээнд хэрэглэх, хуулийн давхардалтай холбоотой үүссэн маргааныг хаана, хэнд хандаж хэрхэн шийдвэрлүүлэх боломжтой эсэх, нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засах, уг нэхэмжлэлийг дахин гаргах эсэх зэрэг асуудлуудад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй. Мөн түүнчлэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарсан, хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргаагүй буюу хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ талаар дурдаагүй атал давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөх бус нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт явцуу буюу үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нь нийслэлийн Газрын албаны даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн юм.

5. Хуулийг буруу тайлбарласан тухайд: Монгол Улсын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна”, .23 дугаар зүйлийн 23.2.6 дахь хэсэгт Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах, тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх” бүрэн эрхтэй байхаар хуульчилсан ба 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус заалтад нэмэлт өөрчлөлт орсон.

6. Энэ талаар анхан шатны шүүхээс “...орон нутгийн боловсон хүчний босоо тогтолцоог өөрчилж, орон нутгийн эрх хэмжээнд шилжүүлэхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн газрын албаны томилгоог аймаг, нийслэлийн Засаг дарга хийх бүрэн эрхийг олгож, харин сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргын томилгоог хийх эрх аймаг, нийслэлийн газрын алба болон сум, дүүргийн Засаг даргад хэн алинд нь олгожээ” гэж хэт явцуу үнэлэлт дүгнэлт өгсөн.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу тус харилцаанд сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалт болох 2006 оны Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийг буюу Газрын тухай хуулийн 20.2.8 дахь заалтад өөрчлөлт оруулсан хэм хэмжээг баримтлах ёстой.

8. Анхан шатны шүүхээс тухайн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд нэгдсэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хоёрдмол агуулгатай үндэслэл гаргаж ирсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

9. Хэргийн үйл баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй тухайд: ... гэтэл дээрх үйл баримтад анхан шатны шүүх “маргаан бүхий актуудад ... заалтыг тус тус баримталсан байх тул захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.”, “...Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тушаалуудад дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх эрх олгосон давхардсан зохицуулалт бүхий заалтыг баримтлаагүй ч энэ нь мөн л захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж илт хууль бус актад тооцох, гарсан цагаас нь эрх зүйн үйлчлэлгүй болгох үндэслэл болохгүй” гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөн. Тухайн харилцаанд нийслэлийн Газрын албаны даргаас нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг баримтлаагүй буюу Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтаар дүүргийн Засаг даргад тус бүрэн эрх олгогдсон тул 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг баримталж, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх боломжгүй болохыг харуулж байна.

10. Дээрх маргааны хувьд нийслэлийн газрын албаны дарга нь дүүргийн Засаг даргын тушаалаас он цагийн хувьд хойно дүүргийн Газрын албаны даргыг томилсон тушаал гаргасан, тус тушаалууд нь хууль зүйн үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг баримтлаагүй буюу хэдий тус заалтад нэмэлт, өөрчлөлт ороогүй ч хуулийн хэм хэмжээний давхардалтай холбоотой маргааныг сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн хэм хэмжээгээр буюу Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн дахь заалтыг баримталж шийдвэрлэх нь зүйтэй байсан.

11. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0161 дугаартай магадлал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0858 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

13. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б нь “... дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх эрх олгогдоогүй этгээдээс гаргасан” гэж маргаж Д.Б-У-ыг Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн даргаар нь томилсон нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

14. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг хэрэглээгүй байна.

15. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “..., дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.8. ... дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга томилох, чөлөөлөх”, 23 дугаар зүйлийн 23.3-т “..., нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.3.6.тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр ..., дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх” гэж тус тус зааснаас үзэхэд дүүргийн Засаг дарга, нийслэлийн Газрын албаны даргын аль аль нь дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх эрхтэй, энэ тохиолдолд хуулийн зүйл, заалт өөр хоорондоо зөрчилдсөн байна.

16. Маргааны үйл баримтаас үзвэл нийслэлийн Газрын албаны дарга нь Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг томилсон, үүний улмаас Баянзүрх дүүргийн Засаг дарга нь тухайн томилгоог зэрэгцүүлэн хийх боломжгүй, энэ тохиолдлын хувьд хууль хэрэгжүүлж гаргасан нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны Б/18, 2017 оны Б/100 дугаар тушаалууд нь эдгээр албан тушаалтнуудын хувьд “дотогшоо” чиглэлтэй учраас уг актыг захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй.

17. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл нь Баянзүрх дүүргийн Засаг даргын /эсвэл нийслэлийн Газрын албаны дарга/ хуулиар олгогдсон бүрэн эрхийг хангахад чиглэгдсэн буюу эрх хэмжээг хэн хэрэгжүүлэхийг тогтоох агуулгатай, иймээс дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлдөг, түүнчлэн нийслэлийн Газрын албыг /хэрэгжүүлэгч агентлаг/ өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулж, даргыг нь томилж, чөлөөлдөг эрх бүхий нийслэлийн Засаг дарга нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Газрын албаны даргын хооронд буюу “дотоод”-д үүссэн маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

18. Харин маргааныг шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хянуулах боломжтой юм.

19. Дээрх байдлаас дүгнэвэл, уг маргаан нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй ба нэгэнт харьяаллын бус тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-ээс 54.1.8-д эрэмбэлэгдсэн дарааллын дагуу тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бусад үндэслэлүүдийг шүүх тогтоох шаардлагагүй, уг үндэслэлээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяагийн хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0161 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1” гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ