Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 86

 

 

Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Н.Гачмаа, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                             Прокурор Ц.Батзориг

                                            Өмгөөлөгч А.Адъяасүрэн                                                                                                                                            Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан,           

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн гаргасан 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 153 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Батзоригийн бичсэн эсэргүүцлээр,  Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарт холбогдох эрүүгийн 201615000043 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Гачмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн “Өлт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/05 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дашням овогт Батбаярын Батбямба, /Регистрийн дугаар ЙЮ85122830/

Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багт “Туяа” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/20 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Төрболд овогт Доржхорлоогийн Жаргалтогтох, /Регистрийн дугаар ЙМ84091532/

Яллагдагч Д.Жаргалтогтох нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг “Өлт” гэх газар хохирогч Б.Батдуламын эзэмшлийн 26-89 ӨВА улсын дугаартай “Тоёота Королла” маркын автомашины хөгжим болон баруун урд талын крилог цохиж, санаатайгаар гэмтээж 201.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг “Өлт” гэх газар хүргэн ах байсан гэх хохирогч Б.Батбямбыг автомашин цохиж гэмтээсэн гэж маргалдан нүүрэн тус газар нь чулуугаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Яллагдагч Б.Батбямба нь согтуурсан үедээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг “Өлт” гэх газар хүргэн байсан гэх хохирогч Д.Жаргалтогтохын эзэмшлийн 94-40 ӨВР улсын дугаартай “Верна аксент” маркын автомашины баруун урд талын крилог цохиж, санаатайгаар гэмтээж 77.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Д.Жаргалтогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1,  Б.Батбямбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 153 дугаар шүүгчийн захирамжинд:

Яллагдагч Д.Жаргалтогтох, Б.Батбямба нарт холбогдох эрүүгийн 201615000043 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өвөрхангай аймгийн прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол Д.Жаргалтогтох, Б.Батбямба нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

           Прокурор Ц.Батзориг бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжинд яллагдагч Д.Жаргалтогтохын өмгөөлөгч Б.Энхтуяагаас Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан 2015 оны 07 дугаар сард Д.Жаргалтогтохын эзэмшлийн 12-10 УНД улсын дугаартай автомашины урд талын их гэрэл, копудын дээр чулуугаар цохиж, зөв талын хаалганы ард талд бас өшиглөж хонхойлгосон үйлдэлд, гэм буруутай гэмтэл учруулсан Б.Батдуламыг шалгах тухай хүсэлтийг хяналтын прокурор Ц.Батзориг хангаж, Б.Батдуламыг хохирогчоор дахин, Д.Мэндбаяр, Б.Хүрэлчулуун, Р.Батгэрэл нарыг гэрчээр байцааж мэдүүлэг авч мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Гэвч шүүхээс Б.Батдуламын дээрх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэх үндэслэлийг дурдан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч Б.Батдулам, яллагдагч Д.Жаргалтогтох нар нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг “Өлт” гэх газар маргалдах явцад дэргэд нь А.Сосорбурам гэгч байсан бөгөөд тухайн цаг хугацаанд П.Мэндбаяр, Ц.Анхбаяр, Л.Буянтогтох нар хэрэг учрал болсон газарт ирсэн байдаг. Иймд Б.Батдулам нь Д.Жаргалтогтохын эзэмшлийн 12-10 УНД улсын дугаартай “Истана” маркын автомашины их гэрлийг хагалж, копудын дээр чулуугаар цохиж, зөв талын хаалганы ард өшиглөж гэмтээсэн гэх үйлдлийг тогтоох зорилгоор хэрэгт П.Мэндбаярыг гэрчээр байцааж асуудлыг нэр мөр тодруулахаар Д.Жаргалтогтохын өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Сосорбурамын гэрэл ерөөсөө хагалаагүй, П.Мэндбаярын Жаргалтогтох тухайн үед машин эвдчихлээ гэж ярихгүй байсан. Би машиныг нь анзаарч хараагүй, ил харагдах гэмтэлгүй зүгээр л байх шиг байсан. Ц.Анхбаярын би Жаргалтогтохын машиныг анзаарч хараагүй. Л.Буянтогтохын Батдуламын машины хөгжим нь эвдэрчихсэн харагдсан. Өөр бусад зүйлийг анзаарч хараагүй. Жаргалтогтохын машиныг анзаарч хараагүй гэх мэдүүлгүүдээр хохирогч Б.Батдулам нь Д.Жаргалтогтохын Истана маркын автомашины урд талын их гэрлийг хагалж, копудын дээр чулуугаар цохиж гэмтээсэн гэх үйлдэл тогтоогдоогүй, хэрэг учрал болсон гэх газарт байсан гэрчүүд Д.Жаргалтогтохын автомашинд учирсан байж болзошгүй гэмтлийг Б.Батдулам учруулсан эсэх талаар гэрчүүд мэдүүлээгүй байхад Б.Батдуламыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож шалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн хэрэг учрал болсон гэх газарт байсан А.Сосорбурам, П.Мэндбаяр, Ц.Анхбаяр, Л.Буянтогтох нарыг гэрчээр байцааж нотловол зохих нөхцөл байдлыг тогтоосон байхад мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь үндэслэлгүй шүүгчийн захирамжинд чухам ямар асуудлыг дутуу шалгасан, цаашид ямар нөхцөл байдлыг шалгах шаардлагатай талаар дурдаагүй байгаа нь шүүгчийн шийдвэр хууль ёсны ойлгомжтой байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлтээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт зааснаар гаргаж байна гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Батзориг гаргасан дүгнэлтдээ:

Хохирогч Б.Батдулам нь Д.Жаргалтогтохын машиныг санаатай гэмтээсэн гэх нотлох баримт байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад эрүүгийн хариуцлагад татуулахаар буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлд заасан үр дагаварт хүргэж мэднэ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр хэлэлцүүлэх саналтай гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч А.Адъяасүрэн гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх буцаасан нь буруу. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай болжээ.

Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, яллах дүгнэлтийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Хохирогч Б.Батдулам нь Д.Жаргалтогтохын машиныг санаатай гэмтээсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайн үед хамт байсан гэрч А.Сосорбурамын …Д.Жаргалтогтох ах “Истана” машинтай явсан. Машинаасаа бууж ирэнгүүтээ Батдулам эгчтэй маргалдаж барилцаж авсан. Би буугаад боль гэж хэлсэн. Тэр үед Батдулам эгч машиндаа гүйж орж ирж суугаад хөдөлтөл араас нь Жаргалтогтох ах ирчихээд цонхоо онгойлгоод төмрөөр яваан дунд нь чичлээд байсан. Батдулам эгчийн машиныг өшиглөсөн чинь хонхойсон. Буруу талын урд крило хэсгийг хонхойлгосон. Тэгээд Батдулам эгчийн цамцыг ураад цээжийг нь ил гаргаад маажаад байсан. Тэгээд Батдулам эгч машиндаа буцаж орж ирсэн. Тэгээд машинаа асаах гэхэд нь орж ирээд түлхүүрийн нь булааж аваад өгөхгүй, чиний машин мөн юм уу, яаж авсан юм, янхандаж авсан юм уу гээд хөгжмийг нь түлхүүрээр цохиод эвдчих шиг болсон. Жаргалтогтох ах Батдулам эгчийн машиныг явуулахгүй цохиод байхаар нь Батдулам эгч Жаргалтогтохын машины крило хэсэгт нэг удаа чулуугаар цохисон, гэрлийг нь хагалаагүй… гэж мэдүүлсэн байхад хохирогч Б.Батдуламыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулахаар прокурорт буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон;

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

          2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарт хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулдийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

       

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА       

                                                                                     Н.ГАЧМАА