Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 413

 

Ж.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 412 дугаар магадлалтай, Ж.Мд холбогдох 1811023390877 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2016 оны 3 дугаар сарны 10-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2018 оны 1 дүгээр сарын 4-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 24-нд ялаа эдэлж дууссан, Боржгон овогт Ж.М нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.М хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хохирогч Ж.С нь гэмт хэргийн улмаас учирсан үлдэх хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Ж.Мд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж шийдэх боломжтой байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.М нь хохирогч Ж.Стэй маргалдан зодолдсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, хувийн байдал зэрэгт нь шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Мийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч Ж.М нь  2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 58 дугаар гудамжны 675 тоотод согтуурсан үедээ Ж.Стэй маргалдан зодож, улмаар архины шилний хагархайгаар нуруунд нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл хэмжээний буюу 2 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Ж.Мд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.   

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 412 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН