Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00382

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00382

 

В.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01203 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В.Б-ын хариуцагч Г.И-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1 256 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагч Г.И-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаар тогтоолтой 201625011041 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогч Г.И-аас Монгол Улсын Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийн дагуу эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжилж байна. Г.И- нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна авто машины зогсоол дээр зогсож байхад 84-83 УНЗ улсын дугаартай миний машины араар мөргөчхөөд миний зогсоол яв зайл гээд хэл амаар доромжлон хэрүүл маргаан үүсгэн, намайг /хөгжлийн бэрхшээлтэй/ санаатайгаар зодож миний бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон. 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх эмнэлгийн 33, 31 тоот шинжээчийн дүгнэлтээр гэмтэл учирсан болохыг тогтоосон. Хэдийгээр хөнгөн гэмтэл гэж тогтоосон боловч эмчилгээний явц нь удаашралтай явагдаж, өнөөг хүртэл эдгэхгүй байгаа. Энэ хугацаанд В.Б- нь нэлээд их хэмжээний зардал гаргаж, эмчилгээ хийлгэсэн хэдий ч одоогоор өөрийнхөө гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд 1 256 000 төгрөгийн шаардлага гаргаж байгаа. Тухайн үед Г.И- мэдээгүй байж болно. В.Б- нь хөгжлийн бэрхшээлтэй, хиймэл хөлтэй учир эсэргүүцэх чадвар байхгүй. Ганц түлхэхэд нь тархиараа газар савж унасан. Түүнээс хойш эмчилгээ хийлгэсээр байгаад өнөөг хүрсэн. Жижигхэн эд зүйл урагдсан, энд тэнд шалбарсан гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. В.Б- эд зүйлтэй холбоотой зүйлийг нэхээгүй. Зөвхөн эрүүл мэндийн үзлэг эмчилгээнд орсон зардлаа нэхэж байгаа. 1 256 000 төгрөг нь өөрөө нотолж өгсөн мөнгө бөгөөд түүнээс бариачаар үзүүлсэн бичиг нь байдаг. Энэ хэрэг 3 шатны шүүхээр явсан. Архивын баримт авах гэж их удсан учраас нэлээд хожим нэхэмжлэл гаргасан. Учруулсан хохирол нь баримтаар батлагдсаныг нь шүүхэд өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр гэмтэл учруулсан нотлогдож байгаа учир үүнийг хасах үндэслэлгүй. Хэдийгээр гэмтлийн зэрэг тогтоогдсон хэдий эмчилгээний явц удаашралтай байгаа. Иймээс эмчилгээний зардал 1 250 000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаар шийтгэх тогтоолын 6 дугаар талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3331 дугаар дүгнэлтэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хохирогч В.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Г.И-аас нийт 1 035 000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 180 000 төгрөг хасч үлдэх 855 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тэрээр нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул В.Б- нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй хэмээн бичигдсэн байна. 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зогсоол дээр тавих гэж байгаад иргэн В.Б-ын машиных нь арын куперийг шүргэсэн. Үүнээс үүдэн бидний дунд маргаан үүсэж В.Б- бид 2 хоорондоо барилцан авсан. Тухайн үедээ В.Б- надаас 250 000 төгрөг нэхэж байсан. Учир нь барилцаж байхдаа В.Б-ын цамцных нь зах урагдсан байсан. Бөөгийн толь тасарч алга болсон зүйл байгаа. Тухайн үед хэн хэндээ хүлээцгүй хандсанаас болоод ийм зүйл боллоо гээд энэ хүмүүсээс уучлалт гуйсан. Хөнгөн зэргийн зулгаралт гэмтэл гарсан. Би В.Б-той уулзаж эмнэлэгт үзүүлсэн зардлыг төлсөн. В.Б-ын найз н.Буянхишиг нь надаас 3 500 000 төгрөг нэхээд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнтэй муудаагүй. В.Б- нь эмнэлгийн хяналтад байдаг групптэй хүн юм байна. Тэр үед би мэдээгүй дараа нь мэдсэн. Энэ нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.И-т холбогдох гэм хорын хохиролд 1 256 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч В.Б- давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 тоот шийтгэх тогтоол нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 тоот магадлан, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 тоот тогтоолтой 201625011041 тоот эрүүгийн материалд авагдсан нотлох баримтуудаар надад учирсан гэмтлийн гэм хор нотлогдсон байгаа. Би Г.И-т зодуулсны улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхдээ 1 256 000 төгрөгийн зардал гаргаж учирсан гэм хорыг арилгуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.И-ын үйлдлээс болж эмчилгээ шинжилгээ хийлгэсэн баримтууд 2017оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн яаралтай тусламжийн 14678 хуудсанд бичигдсэн өвчний зовиур болон өвчний түүхийн тухай бичилт зэргийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01203 шийдвэр гаргахдаа хуулийн шаардлага хангаагүй буюу улсын ерөнхий прокурорын газрын эрүүгийн хэргийн төв архивын хуулбар дарсан мөн хавсаргасан баримтыг хавсаргасан гээд Монгол улсын Ерөнхий прокурорын газраас өгсөн хууль ёсны баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэсэн шалтаг зааж нотлох баримтыг тооцолгүй хасаж хуулийг буруу тайлбарлаж миний гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч В.Б- нь хариуцагч Г.И-т холбогдуулан гэм хорын хохиролд 1 256 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Г.И- нь В.Б-ын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоолоор Г.И-т 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 744 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаар тогтоолоор шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх 20-35/

 

Нэхэмжлэгч В.Б- нь Г.И-т зодуулсны улмаас эрүүл мэндэд хохирол учирч эмчилгээний зардал гарсан гэж 1 256 000 төгрөгийн хохирол нэхэмжилж, холбогдох баримтуудыг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол авагдсан, уг тогтоолд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар арын 07-ны өдрийн дүгнэлтээр В.Б-ын биед доод уруулд няцарсан шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон, энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэж дүгнэснийг тэмдэглэжээ. /хх 22 ар тал/

 

Хэрэгт авагдсан эмчид үзүүлсэн, яаралтай тусламж дуудаж үзлэг хийлгэсэн баримтууд нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр огноологдсон, 2016 оны 3 дугаар сард үүссэн хөнгөн гэмтэл буюу хариуцагч Г.И-ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор эмчилгээ шинжилгээ хийлгэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр огноологдсон эмийн сангийн зарлагын баримтыг гаргасан ч тэнд бичигдсэн эм, тариаг хэзээ, ямар оношоор, хэн гэдэг эмч бичсэн талаар жор байхгүй байна. Иймд хариуцагч Г.И-ын үйлдлээс бий болсон хөнгөн гэмтлийг эмчлэхтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй.

 

Гэм хор учруулсны улмаас нөхөн төлбөр төлөх үүрэг үүсэх үндэслэл нь хариуцагчийн үйлдэл хууль бус буюу хуулиар хориглосон байхаас гадна уг үйлдэл /эс үйлдэл/ нэхэмжлэгчид учирсан гэх хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч В.Б-ын эрүүл мэндэд гэм хор учруулсан Г.И-ын гэм буруутай үйлдлийн улмаас зардал гарсан шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй, хариуцагчаар хохирлыг арилгуулах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэхдээ хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ