Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00410

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02974 дугаар шийдвэртэй, Ж.Э-ын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 сарын 17-ны өдрийн 181/Ш32018/08353 дугаар захирамжаар Насны зам ХХК, Монгол кобел ХХК, Эх жаргалан ХХК, НЗФ ХХК, Газар орд ХХК, Ж.Э-, Ч.Болормаа нараас 5 303 168 008 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти, Тэнгэр рашаан гудамжны 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг зоорийн давхрын 2 тоот автозогсоолын хамт 865 000 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168021/0082 дугаартай 6 716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, 168023/5194 дугаартай 10 000 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар, 8021/0153 дугаартай 1 302 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газрыг 2 057 180 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна. Ж.Э- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний тухай мэдэгдлийг 2020 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авсан бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн, газар дээр баригдсан барилга байгууламжуудыг үнэлгээнд огт оруулахгүй зөвхөн доод газрыг үнэлсэн байх тул гомдлын шаардлага гаргаж байна.

Иймд дээрх үнээр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.Энхмөрөнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Хан-уул 11 дүүргийн дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр Рашааны гудамж 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 2 тоот авто зогсоол, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168021/0082 дугаартай 6 716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, нэгж талбарын 168023/5194 дугаартай 10 000 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар, нэгж талбарын 2081/0153 дугаартай 1 302 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжилж хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авч, төлбөр авагчид танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул "Файн эстимэйт ХХК, Виннэр вэй ХХК-аар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн.

Үнэлгээ тогтоосон хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 10 сарын 29-ний өдөр оруулахаар талуудад мэдэгдэж, нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 181/Ш32020/13791 дугаар захирамжаар дээр дурдсан орон сууц, эзэмших эрхтэй газруудад явагдах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Э-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Э.Энхмөрөнгийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Рояал Каунти /17024/, Тэнгэр рашааны гудамжны 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын №2 тоот авто зогсоол зэргийн зах зээлийн үнийг 865 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 168021/0082 дугаартай 6 716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, нэгж талбарын 168023/5194 дугаартай 10 000 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар, нэгж талбарын 2081/0153 дугаартай 1.302 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар зэргийн зах зээлийн үнийг 2 057 180 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ж.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь өөрийн хүү буюу Насны зам ХХК-ийн захирал Э.Энхмөрөнд эрхийн улсын Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти, Тэнгэр рашаан гудамжны 306 дугаар байр, 2020 тоотод байрлах 231 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг зоорийн давхрын 2 тоот авто зогсоолын хамт 1 тэрбум төгрөгөөр худалдан авч өгсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн худалдааны зуучийн сайтад авто зогсоолгүй үнэ нь 1 тэрбум орчим төгрөгийн үнээр үнэлэгдэн худалдахаар зар тавигдсан байна. Гэтэл манай дээрх байрыг 2 авто зогсоолын хамт 865 000 000 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнээс хэт бага үнэлэгдсэн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрээс дээрх үнэлгээтэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Э- нь хариуцагч НШШГГт холбогдуулан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти, Тэнгэр рашаан гудамжны 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг зоорийн давхрын 2 тоот автозогсоолын хамт 865 000 000 төгрөгөөр, нэгж талбарын 168021/0082 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 6 716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, 168023/5194 дугаартай 10 000 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар, 8021/0153 дугаартай 1 302 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газрыг нийтэд нь 2 057 180 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэх үндэслэлээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэжээ. /хх 1-2, 30/

 

Хэргийн баримтаас үзвэл, төлбөр төлөгч Ж.Э-, Насны зам ХХК, Монгол кобел ХХК, Эх жаргалан ХХК, НЗФ ХХК, Газар орд ХХК, Ч.Болормаа нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 сарын 17-ны өдрийн 181/Ш32018/08353 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн /хх32-34/ дагуу Хаан банк ХХК-д 2018 оны 05 сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 сарын 25-ны өдрийн хооронд нийт 2 820 000 000 төгрөгийг төлсөн тохиолдолд 941 027 785 төгрөгийн үүргээс чөлөөлөх талаар тохиролцсон байна. /хх/

 

Төлбөр төлөгч нар нь дээрх үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх31/ бичигдэж, хариуцагч тал барьцаа хөрөнгөнүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулжээ. /хх 44-58/ Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч нараас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар санал авсан боловч төлбөр авагч нь зах зээлийн бодит үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлт /хх60-64/ гаргасан тул хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК, Виннер-Вэй ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон байна. /хх65-67, 78-80/ Эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

Хариуцагч байгууллагаас 2020 оны 09 сарын 08-ны өдөр 9/418 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон Файн эстимэйт ХХК нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр рашааны гудамж, 306 дугаар байрны 202 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаартай 231 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 2 тоот автозогсоолын хамт зах зээлийн үнийг 865 000 000 төгрөгөөр тогтоожээ. /хх 66-77/

 

Анхан шатны шүүх шинжээч Файн эстимэйт ХХК-ийг үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандарт, нийтлэг арга зүйг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдол өгч үнэлсэн нь хуульд нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээ дээрх үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, 231 м.кв 4 өрөө орон сууц нь дангаар 1 000 000 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа талаар болон анх энэхүү үнээр худалдаж авсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 9/419 тогтоолоор томилогдож, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168021/0082 дугаартай 6 716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, 168023/5194 дугаартай 10 000 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар, 8021/0153 дугаартай 1 302 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газрыг нийтэд нь 2 057 180 000 төгрөгөөр үнэлсэн шинжээч Виннер вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Учир нь, шинжээч Виннер вэй ХХК -ийн 2020 оны 09 сарын 14-ний өдөр Ш-9/7 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан-д газар болон түүний салшгүй хэсэг болох мод, эрдэс баялаг, түүн дээр хүмүүсийн бий болгосон барилга ба сайжруулалт, шугам сүлжээ, хоолой, цахилгааны утас, цахилгаан шат зэрэг барилгад хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байгууламж зэрэг газрын дээрх болон доорх бүх зүйлсийг үл хөдлөх хөрөнгөд хамруулах талаар тодорхойлсон байна. Тайлангаар бэхжигдсэн үл хөдлөх хөрөнгийн харагдах байдлын зургаас үзвэл /хх84, 88/, зах зээлийн жишиг үнийн хандлагын үзүүлэлтүүдэд дээрх газар дээр оршин буй эд юмсын талаар тусгагдаагүй байна. Анхан шатны шүүх дээрх газруудад байрлаж байгаа эд юмсыг газраас салгаж болох эсэхийг тогтоогоогүйн улмаас тухайн эд юмсын өртөг газрын үнэлгээнд нөлөөлөх эсэхийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02974 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР