Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0815

 

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0815

Улаанбаатар хот

 

 

Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0691 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0691 дүгээр шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцлагаар халагдсан гэх 229 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж зөвтгөн, өндөр насны тэтгэвэрт цэргийн алба хаасан тэтгэвэр, тэтгэмж олгох тушаал гаргуулахыг даалгуулах” Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О давж заалдах гомдолдоо: “Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б овогт Г-ийн О би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0691 дугаар шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг дордуулсан, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн уг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

Ц.Б нь Хилийн цэргийн байгууллагад нийт 25 жил 08 cap ажилласан бөгөөд хуульд зааснаар цэргийн дээд офицерийн насны хязгаар буюу 57 нас хүрч цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох талаар нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тухай тушаал шаардсан. Үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийн дагуу мөн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж заасны дагуу Хил хамгаалах ерөнхий газарт хандан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тушаал гаргаж өгөх хүсэлтийг гаргасан боловч боломжгүй гэсэн хариу өгч Захиргааны хэргийн шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвлөсөн. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.Б нь цэргийн албан хаагчийн бүрэн буюу хувь тэнцүүлэн тэтгэврийг тогтоолгох эрх үүсэхгүй байгаа гэх маргаан бүхий “2002 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 229 дүгээр тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг өөрчлөн хүчингүй болгож, цэргийн алба хаасан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тушаал гаргахыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, манай үйлчлүүлэгчийн хуулиар олгогдсон цэргийн тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй хуулийн заалт байсаар байхад ноцтойгоор хуулийг буруу тайлбарлаж зөрчиж шийдвэр гapгасан. Захиргааны ерөнхий хуулийн заалтууд болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд цэргийн албан хаагч нь 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй бүрэн тэтгэвэр, 10-аас доошгүй жил цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй гэсэн заалтуудыг зөрчиж эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасны дагуу хуучин ажиллаж байсан байгууллага буюу Хил хамгаалах ерөнхий газарт тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тушаал гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцлагаар халагдсан гэх 229 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж зөвтгөн, өндөр насны тэтгэвэрт цэргийн алба хаасан тэтгэвэр, тэтгэмж олгох тушаал гаргуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ “маргаан бүхий Хил  хамгаалах  ерөнхий  газрын даргын 2002 оны 229 дүгээр тушаал нэхэмжлэгч Ц.Б-ын цэргийн алба хаасан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжийг хаасан хууль бус тушаал” гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас  үзэхэд,

1. Ц.Б-ыг улс 1977-1982 онд Хилийн цэргийн дээд сургуульд сонсогчоор сургасан.

2. 1982 оны 07 дугаар сарын 15-ны 358 дугаар тушаалаар Хилийн цэргийн 0129 дүгээр ангид “дэслэгч” цолтойгоор хилийн албаны ахлах офицероор ажилд авч ажлын байраар хангасан.

3. 1994 онд ажлаас чөлөөлөгдсөн байснаа 1996 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаартай тушаалаар хошууч цолоо сэргээн ахлах офицероор ажилд орж дахин ажлын байраар хангуулсан байна.

4. Түүнийг 2000 онд албаны шугамаар Египет улсад айлчлуулахад цэргийн анги байраа орхиж улсын нэрийг унагааж, улмаар өөрөө гэмт хэрэгт шалгуулж шийтгэгдсэн байна. Иймд түүнийг Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 229 дүгээр тушаалаар хариуцлагаар халжээ.

5. Гэсэн хэдий боловч түүнийг Хилийн цэргийн 0253 дугаар ангид 2003 оны 06 дугаар сарын 01-нээс дуу чимээний туслах ажилтнаар /энгийнээр/ томилон ажиллуулж бас дахин ажлын байраар хангасан байна.

6. Ц.Б нь ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр мөн ангийн захирагчийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны 19 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдөж улмаар АНУ явж одоо тэндээ ажиллаж, амьдарч байгаа ажээ.

Ц.Б нь одоо “өөрийн хүсэлтээр” чөлөөлсөн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны 19 дүгээр тушаалтай маргаагүй харин Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “хариуцлагаар” халсан гэх 229 тушаалтай маргаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч 2000 онд цэргийн анги байраа дур мэдэн орхисон гэмт хэрэгт холбогдон Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 27-ны  өдрийн  678 дугаар Таслан  шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  278  дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэнсэн хянан  харгалзсаныг  Нийслэлийн  давж  заалдах  шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 572 дугаар магадлалаар “..Ц.Б нь алба хааж байгаа газраа дур мэдэн орхисон гэм буруутай байх боловч 2002 оны Эрүүгийн хуулиар уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохоо больсон тул...” түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхисон үйл баримтыг Баянзүрх дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд гэм буруутайд тооцож дүгнэсэн бөгөөд маргаан бүхий 229 дүгээр тушаалаар Ц.Б-ыг олон сараар ажил тасалж хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус гэж дүгнэх боломжгүй байна. Энэ тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газар түүнийг ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй юм. Гэвч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж энгийн ажилтнаар авч ажиллуулж байжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “цэргийн алба хаасан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжийг хаасан хууль бус тушаал” гэсэн үндэслэлээр энэхүү тушаалтай маргаж байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн “Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх” гэсэн 8 дугаар зүйлд цэргийн алба хаасан үндэслэлээр бүрэн ба хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох 2 нөхцөлийг зааж өгчээ.

Нэхэмжлэгчийн тухайд хэрвээ Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 нөхцөлийн аль нэгийг хангасан байсан бол нас харгалзахгүйгээр, цэргийн албанаас ямар байдлаар халагдсан, чөлөөлөгдсөнөөс үл шалтгаалан бүрэн тэтгэвэр авах эрхтэй юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй”, 1/ орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, 2/ биеийн эрүүл мэндээр, 3/ цэргийн алба хаах нас хэтэрч гэсэн 3 шалтгааныг нэрлэн заажээ.

Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын байгууллага тушаал нэхсэн, өөрөө шүүхэд зөвтгөсөн тушаал гаргуулахыг хүсэж байгаа зэргээс үзэхэд тэрээр “цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасны дагуу хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохыг хүсэж байгаа ажээ.

Хэдийгээр ажилласан жил нь 10 буюу түүнээс дээш ч гэсэн орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрч гэсэн 3 үндэслэлийн аль нэгээр нь цэргийн албанаас халагдсан байх ёстой.

Хил хамгаалах ерөнхий газрын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “хариуцлагаар” халсан гэх 229 тушаалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээр одоо өөрчлөн, зөвтгөж дээрх 3 үндэслэлийн аль нэг болгож хувиргах боломжгүй. Нөгөө талаар тухайн үеийн огноо, дугаартай зөвтгөсөн тушаал гаргах боломжгүй төдийгүй өнөөдрийн огноогоор цэргийн албанаас халсан тушаал ч гаргах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хууль бус тушаал гаргахыг хариуцагчаас шаардах боломжгүй.

Нэхэмжлэгчийг “дутагдал”-аар чөлөөлөгдөж байх үед Захиргааны хэргийн шүүх байгуулагдаагүй /2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн/, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болоогүй, /2004 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр болж үйлчилсэн/, тухайн үед Төрийн албаны тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд дээрх хуулийн “Гомдлоор авч хэлэлцэх хэрэг“ гэсэн бүлэгт заасны дагуу хариуцагчийн оршин байх Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж хэрэг, маргааныг шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Гэсэн хэдий боловч Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3/5183 дугаар албан бичгээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх хариу өгсөн байх тул нэхэмжлэгчийн “эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй” болох тухай Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмыг удирдлага болгон хэргийг хэлэлцэн шийдвэрлэв.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0691 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХЙИ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР