Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0916/З |
Дугаар | 170 |
Огноо | 2019-05-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 170
А.Е-ы нэхэмжлэлтэй, Цагдаагийн
ерөнхий газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576 дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай А/246 дугаар тушаалуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж, Цагдаагийн дэд хурандаа А.Е-ы зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын тасгийн даргаар эгүүлэн томилуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0081 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0185 дугаар магадлалтай,
Шүүх хурандаанд оролцогч:
Нэхэмжлэгч А.Е, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Х.Н нар
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0081 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 78 дугаар зүйлийн 78.1, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Е-ы “Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576 дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай А/246 дугаар тушаалуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж, Цагдаагийн дэд хурандаа А.Е-ы зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын тасгийн даргаар эгүүлэн томилуулах” шаардлага бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0185 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Е-ы Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/246 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, А.Е-ныг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч З.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.” гэж, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ”, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.” гэж заасны дагуу цагдаагийн дэд хурандаа А.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын үүрэгт ажлаас Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Алтай сум дахь хэсгийн даргын үүрэгт ажилд шилжүүлэн томилсон.
4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн алба нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд нэг нэгжээс нөгөө нэгжид алба хаагчийг шилжүүлэн томилохдоо тухайн алба хаагчтай Цагдаагийн ерөнхий газрын дарга тохиролцох талаар зохицуулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс алба хаагчтай тохиролцоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан бөгөөд цагдаагийн байгууллага, алба хаагчийн тухайд түүний эрх зүйн байдлыг илүү нарийвчилсан зохицуулалттай Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох хэсгийн баримтлан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/246 дугаар тушаалыг гаргасан болно.
6. Анхан шатны шүүхээс маргаж буй тушаалууд гаргаагүй байх үеийн буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдсөн Төрийн албаны тухай хуулийг хэрэглэсэн нь буруу гэж 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг хэрэглэнэ гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалттай зөрчилдөж байна.
7. Мөн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь хэсгийн дарга нь ТТ-12 зэрэглэлтэй, албан тушаал, цалингийн зэрэглэл буураагүй байх тул Цагдаагийн дэд хурандаа А.Еыг албан тушаал бууруулж, эрхийг нь зөрчсөн гэж үзэхээргүй байна.
8. Иймд Захиргааны хэрэг шүүхээд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь заалтад заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
10. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/576 дугаар тушаалаар А.Е-ыг “удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, чөлөө авах талаар шууд удирдах албан тушаалтанд мэдэгдсэн боловч шийдвэр гаргаагүй байхад ажлын байрыг 8 хоног дур мэдэн орхиж, мөн 2 хоног ажил таслан гадаад улсад зорчсон, төлөвлөгөөт шалгалтаар хариуцсан тасгийн үйл ажиллагаа нь “дутагдалтай” дүгнэгдсэн” гэх зөрчилд холбогдуулан Баян-өлгий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан; 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/246 дугаар тушаалын 1 дэх заалтаар уг Б/576 дугаар тушаалын “албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан” хэсгийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан “Баян-өлгий аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд явагдсан төлөвлөгөөт шалгалтаар хариуцсан тасгийн үйл ажиллагаа нь “дутагдалтай” дүгнэгдсэн” гэж А.Е-ыг Замын цагдаагийн тасгийн даргын ажлаас чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар шилжүүлэн томилсон, нэхэмжлэгч А.Е нь “...сахилгын зөрчил гаргаагүй, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан, ... сахилгын арга хэмжээ авснаа хүчингүй болгосон мөртлөө сахилгын арга хэмжээг хэвээр хадгалсан, учир нь ойлгогдохгүй, үндэслэл тодорхойгүй, хууль бус тушаал гаргасан” гэж маргаж, дээрх тушаалуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11. Хэрэгт авагдсан баримтаар Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл нь А.Е-ы гомдлыг хянаж “төлөвлөгөөт шалгалтаар Замын цагдаагийн тасгийн ажил “дутагдалтай” үнэлэгдсэн, иймээс А.Е-ы ажлын байрыг өөрчлөх шаардлагаар түүнийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар шилжүүлэн томилсон нь албан тушаалыг нь бууруулаагүй байна” гэж дүгнэж, уг дүгнэлтээр 2018 ны Б/576 дугаар тушаалын үндэслэлд баримталсан Цагдаагийн албаны тухай хуулийн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг хүчингүй болгож, үүний оронд мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг оруулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасан, энэ шийдвэрийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга 2018 оны А/246 дугаар тушаалыг гаргасан нь тогтоогджээ.
12. Үүнээс үзвэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/246 дугаар тушаалаар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/576 дугаар тушаалд “өөрчлөлт” оруулахдаа уг тушаалын зорилго, агуулгыг өөрчилж, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалтыг хэрэглэж шинээр өөр акт гаргасан гэж үзэх бөгөөд энэ тохиолдлын хувьд А.Е-ыг Говь-Алтай аймаг дахь Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар шилжүүлэн томилох үндэслэл, шаардлага байгаагүй нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.
13. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж зааснаас үзэхэд, эдгээр урьдчилсан нөхцөл шаардлага хангагдсан тохиолдолд цагдаагийн алба хаагчийг “шилжүүлэн ажиллуулах”-аар шийдвэрлэсэн хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцнэ.
14. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны А/246 дугаар тушаал нь А.Е-д “сахилгын шийтгэл оногдуулах” агуулгагүй байхад нэхэмжлэгчийн даргаар нь ажиллаж байсан Замын цагдаагийн тасгийн үйл ажиллагаа “дутагдалтай” үнэлэгдсэний улмаас А.Е-ы “албан тушаалыг бууруулж, сахилгын шийтгэл оногдуулсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасанд нийцжээ.
15. Түүнчлэн, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох”-оор заасан, энэ маргааны хувьд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэглэх бөгөөд шүүхүүд уг хуулийг хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсний дагуу хууль хэрэглэх асуудлаар энэ хэргийг шийдвэрлэхэд зөрчил үүсээгүй болно.
16. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа “А.Е-тай шилжүүлэн ажиллуулах талаар тохиролцоогүй” гэж дүгнэсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалтыг агуулгад нийцээгүй хэдий ч уг дүгнэлт нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болоогүй байна.
17. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “... албан хаагчтай тохиролцоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна, ... Төрийн албаны тухай хуулийн 22.1 дэх заалтыг хэрэглэнэ гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дахь заалттай зөрчилдсөн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0185 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ