Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/Ма2021/00381

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00381

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03069 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Э-ийн хариуцагч АТБХ ХХК, Г.Б- нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах үндсэн, 631 483 764 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Б-ы сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Б-, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Б, Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах 1 200 м.кв газарт, 273 000 ам.доллароор 378 м.кв талбай бүхий амины орон сууц захиалан бариулахаар АТБХ ХХК-тай 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Би гэрээний 4.2, 4.3-т заасны дагуу төлбөрөө бүрэн төлсөн, үүнд 175 500 ам.доллар, 21 490 долларын төлбөрийг тоосгоны үнэ гэж төлж барагдуулсан. Гэрээний 1.1-д зааснаар гүйцэтгэгч тал нь 2009 оны 8 дугаар сарын 15-ны дотор бүрэн дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Гэвч энэ үүргээ зөрчин 2 давхар дүүргэлт хийгээгүй карказ босгож, санхүүгийн хүндрэлтэй, бэлэн мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар 2011 он хүртэл барилгын үйл ажиллагаа зогссон. АТБХ ХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг авсан атлаа барилгын ажлыг бүрэн гүйцэтгээгүй учраас би өөрийн зардлаар амины орон сууцаа барьж дуусгах, гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөх, газрыг миний эзэмшилд шилжүүлэхээр тохиролцож, улмаар 2014 онд барьж дуусгасан. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөөгүй хууль ёсны эрхийг зөрчсөөр байна. Өнгөрсөн хугацаанд Г.Б-тай байнга уулзаж өмчлөх эрхийг шилжүүлэх өгөх талаар шаарддаг байсан, 5-6 удаа гадаад улсад хагалгаанд орж нэлээд хэдэн сар суга таягтай, хүний асрамжид байсан хэдий ч Г.Б-тай байнга утсаар ярьж, өөртэй нь очиж уулзаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмших гэрчилгээг тасралтгүй шаардаж ирсэн. Г.Б- нь байрыг чинь ашиглалтад орохоор үл хөдлөх хөрөнгийн болон газар эзэмших гэрчилгээг гаргаад өгнө гэдэг. 2018 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт Г.Б-д холбогдуулан өргөдөл гаргасан, гэтэл Г.Б- миний бэлнээр 196 990 ам.долларыг бэлэн болон бартераар өгсөн, 82 595 ам.доллар нэмж зарцуулан байж босгосон байшингийн 2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр 2010 оны 2 дугаар сард гаргаж авсныг олж мэдсэн. Г.Б- нь гэрчилгээ гаргуулж авахдаа манай байшингийн зургаар биш өөр байшингийн зургаар төрийн байгууллагыг хууран мэхэлж гаргуулсан байсан. Тухайн үед миний байшин бүрэн ашиглалтад ороогүй байсан бөгөөд байшингийнхаа зургийг Гэрэлт нум ХХК-аар хийлгэсэн байсан. Г.Б-ы гэрчилгээ гаргуулахдаа ашигласан зураг нь Гэрэлт нум компанийн гаргасан зургаас өөр, үүнийг ялгааг нь давхар бүрээр нь тодорхойлсон. Г.Б- нь УБЦС ХК-д Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах өөрийн эзэмшлийн КТБН 32-35-аас цахилгаан хэрэглэгч уг хотхоны 113/6 тоот байшинд оршин суух С.Э-т цахилгаан олборлох хүсэлт гаргасан тул техникийн нөхцөл олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан тул надад цахилгааны техникийн нөхцөлийг олгосон. Өнөөдрийг хүртэл цахилгааны төлбөрт сар болгон 700 000-800 000 төгрөгийг төлж байна. Мөн миний бие Давхар богд компаниар бохирын хоолой хийлгэсэн бөгөөд гэрээгээр бол төвийн цэвэр, бохирын шугамтай холбож өгнө гэсэн байдаг ч уг үүргээ биелүүлээгүй, үнэн хэрэгтээ хотхоныхоо баруун талд 800-ын колицоонд бүх бохироо хуримтлуулж байгаад Туул голын тохой руу гономоор соруулж асгадаг байсныг 2018 онд мэдсэн. Ийм байдлаар Г.Б- миний маш их хөрөнгө зарж босгосон байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авсан тул өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг түүнд холбогдуулан гаргасан. Би хүүхдүүдийнхээ хамт энэхүү амины орон сууцанд 2011 оноос хойш амьдарч холбогдох ашиглалтын зардлыг бүрэн хариуцаж төлбөрийг төлсөн. Түүнчлэн, дутуу орон сууцны барилгыг өөрийн зардлаар барьж гүйцэтгэсэн болон бусад этгээдтэй гэрээ байгуулан ажиллаж байсныг тус компанийн захирал Г.Б- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга тэмдгээ дарж баталгаажуулж байсан болно. Энэ нь тус компани гэрээний дагуу орон сууц барих ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйг нотолно. Хариуцагч Г.Б- нь 2016 оны 6 дугаар сард С.Э- нь тус компанид төлбөрийн тооцоогүй болсон тул түүний нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүссэн тодорхойлолтыг Үл хөдлөх бүртгэлийн газарт гаргасан, улмаар энэхүү тодорхойлолтод 2016 оны 6 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үл маргах журмаар шилжүүлж өгнө гэсэн нь нэхэмжлэлд дурдсан амины орон сууцыг миний бие өмчлөх эрхтэй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нотлох баримт юм. АТБХ ХХК-тай захирал Г.Б-тай байгуулахад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах 9 600 м.кв талбайтай газраас 1 200 м.кв газрыг шилжүүлэхээр тохиролцсон газар нь АТБХ ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Г.Б-ы эзэмшилд байсан. Гэрээний 4.7-д Гэрээлэгч талууд нь гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгоны Хар усан тохойд байрлах иргэн Г.Б-ы нэр дээр байгаа хувийн эзэмшлийн газраас 1 200 м.кв талбай бүхий газрыг иргэн С.Э-ийн нэр дээр шилжүүлж өгнө заасан. Г.Б- нь Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх хүсэлт гаргаж байсан, гэтэл АТБХ ХХК-ийн нэр дээр түүний газар эзэмших эрх 2014 онд шилжсэн байсан. Иймд АТБХ ХХК-д холбогдуулан 1 200 м.кв газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч АТБХ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №17/001 дугаартай, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу АТБХ ХХК нь хувьцаа эзэмшигч З.Тулгаа, Ж.С нараас Ч.Өнөртүвшингийн нэр дээр бүрэн шилжиж, улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажсан байх бөгөөд тухайн үед Г.Б- нь нэг хувьцаа эзэмшигчийг төлөөлөн гарын үсэг зурсан. Гэрээний хавсралт №1-д заасан АТБХ ХХК-ийн үйл ажиллагааны зардал болж үүссэн 5 тэрбум төгрөгийн өрийн жагсаалтад нэхэмжлэгчийн шаардсан асуудал тусгагдаагүй. Г.Б- нь нуун дарагдуулсан гэдгийг энэхүү нэхэмжлэлийг гардаж авснаар мэдсэн. Ч.Өнөртүвшин нь АТБХ ХХК-ийг худалдаж авсан асуудлаар, мөн Г.Б- нь компанид мэдэгдэхгүйгээр газрын гэрчилгээг ББСБ-ын барьцаанд тавьсан асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлтийн 180604266 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа. Иймд АТБХ ХХК-ийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот хаягт байрлах амины орон сууцанд ямар нэг байдлаар хөдөлгөөн хийхийг хориглож, эрх бүхий байгууллагаас улсын бүртгэлийн байгууллагад хориг тавьсан учир нэхэмжлэгч С.Э-ийг 1 дэх шаардлага болох өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг нь сэргээх боломжгүй. Г.Б- нь дээр дурдсан объектуудын газрын гэрчилгээг бидэнд мэдэгдэхгүйгээр ББСБ-ын барьцаанд тавьсан, барьцаалбартай учир мөн нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага болох АТБХ ХХК-ийн газар эзэмших эрхийг иргэн С.Э-ийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах 1 200 м2 газарт 378 м2 талбай бүхий амины орон сууцыг барихаар 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр АТБХ ХХК-ийг төлөөлж иргэн С.Э-тэй Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус хувийн барилгын нийт өртгийг 273 000 ам.доллароор барихаар тохирч, энэхүү төлбөр 146 000 ам.долларт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-6 тоот 54.4 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-7 тоот 89.1 м.кв талбай бүхий орон сууц, 38 000 ам.долларт барилгын материал буюу тоосго оролцуулах, үлдэгдэл төлбөр 89 000 ам.долларт барилгын ажлыг 90 хувиас дээш гүйцэтгэсний дараа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-8 тоот 89.9 м.кв байраар тооцон төлөхөөр С.Э-тэй тохиролцсон. С.Э- нь гэрээний төлбөрт 10 000 ам.доллар төлсөн бөгөөд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-6 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-7 тоот 89.1 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 68/6-8 тоот 89.9 м.кв талбайтай орон сууцыг надад огт шилжүүлэн өгөөгүй. 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Б-д шилжүүлсэн гэдэг боловч би орон сууцуудыг бодитойгоор хүлээн аваагүй. С.Э- нь дээрх 2 орон сууцыг Н.Б-ын нэр дээр шилжүүлсэн гэдэг боловч сүүлд өөрийн танил хүмүүсийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан байдаг юм. С.Э- нь гэрээний төлбөрт 175 000 ам.доллар, 21 490 000 төгрөг /тоосгоны үнэ/-ийн төлж барагдуулсан гэжээ. Барилгын нийт өртгийг 273 000 ам.доллароор барихаар тохирсон ба гэрээгээр тохирсон хөлсийг бүрэн төлөөгүй гэдэг нь нотлогдож байна. Харин миний бие гэрээний дагуу С.Э-ээс авлагатай тул энэхүү төлбөрөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Г.Б- миний бие 2016 онд хүндээр өвчилж, биеийн байдал маш муудаад байхад мөн оны 6 дугаар сард С.Э-ийн ажлын нягтлан гэх эмэгтэй ирж, татварын газар материал өгөхөд бичиг хэрэг болсон гэж баримт дээр гарын үсэг зуруулаад авч явж байсан. Хожим нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах барилгыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ гаргуулж өгөх бичигт гарын үсэг зурсан болохоо мэдсэн. С.Э- нь энэхүү бичгийг миний өвчтэй байдлыг далимдуулан зуруулсан авсан тул хүчингүй бичиг гэж үзэж байна. Миний бие иргэн Ч.Ө-д холбогдуулан АТБХ ХХК- ийн хувьцааг эд хөрөнгийн хамт залилан мэхэлж авсан асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа болно. Тус асуудал эцэслэн шийдвэрлэгдсэнээр С.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн, С.Э- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой 113/06 тоот сууцанд өөрийн нэр дээр гэрчилгээ бичүүлэн авсан байж болзошгүй тул энэхүү асуудлыг мөн шалгуулах хүсэлтэй байна. Иймд С.Э- нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах 1200 м.кв газарт 378 м.кв талбай бүхий амины орон сууцыг барихаар 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр АТБХ ХХК-ийг төлөөлж иргэн С.Э-тэй Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ байгуулж байсан. Тус хувийн сууцны барилгын нийт өртгийг 273 000 ам.доллароор барихаар тохирч, энэхүү төлбөрөөс 146 000 ам.долларт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-6 тоот 54.4 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-7 тоот 89.1 м.кв талбай бүхий орон сууц, 38 000 ам.долларт барилгын материал буюу тоосго оролцуулах, үлдэгдэл төлбөр 89 000 ам.долларт барилгын ажлыг 90 хувиас дээш гүйцэтгэсний дараа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 68/6-8 тоот 89.9 м.кв байраар тооцон төлөхөөр С.Э-тэй тохиролцсон. Барилгын хөлсөнд С.Э-ээс 10 000 ам.доллар, 9299 УБЗ улсын дугаартай Мерседес бенз С 240 маркийн автомашин, 21 490 000 төгрөгийн тоосгоны хөлсийг хүлээн авсан ба ажлын хөлсөнд тооцон өгөхөөр тохиролцсон 68/6-6 тоот, 68/6-7 тоот, 68/6-8 тоот талбайтай орон сууцыг надад огт шилжүүлэн өгөөгүй. Миний бие өөртөө аваагүй орон сууцуудыг хүлээн авсан гэх гарын үсэг үндэслэлгүй байна. С.Э- нь гэрээний төлбөрт 175 000 ам.доллар, 21 490 000 төгрөг /тоосгоны үнэ/-ийн төлж барагдуулсан гэж бичсэн нь барилгын хөлсийг бүрэн төлөөгүй гэж үзнэ. Гэрээт ажлын хөлсийг 273 000 ам.доллароор тохирсон ба С.Э-ээс бэлнээр төлсөн 10 000 ам.доллар, 92-99 УБЗ улсын дугаартай Мерседес бенз С 240 маркийн автомашин 20 000 ам.доллар, 21 490 000 төгрөгийн тоосго буюу ам.долларт шилжүүлэн /тухайн үеийн ам.долларын ханшийг 1 200 төгрөгөөр тооцсон/ 17 908 ам.доллар нийт 47 905 ам.долларыг төлсөн байна. Иймээс гэрээний нийт төлбөрөөс 47 905 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 255 095 ам.долларыг С.Э-ээс нэхэмжилж байна. Миний 2011 оноос хойш хүнд өвчин тусаж шүүх цагдаагийн байгууллагаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулж чадаагүй болно. Иймд С.Э-ээс 255 095 ам.доллар буюу Монгол банкны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ханш 2 805.41 төгрөгөөр бодож 631 483 764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Миний бие АТБХ ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг дараах байдлаар гүйцэтгэсэн. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 68/6-7 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2204020197 дугаартай 89.1 м.кв орон сууцны байрыг 89 100 ам.долларт тооцож, 68/6-6 тоот улсын бүртгэлийн Ү-2204020196 дугаартай 56.4 м.кв орон сууцны байрыг 56 400 ам.долларт тус тус тооцон АТБХ ХХК-ийн захирал Г.Б-ы хүсэлтээр түүний гэргий Н.Н овогтой Б-д шилжүүлсэн. Би өмнө нь Н.Б-ыг огт таньдаггүй байсан, харин тухайн өдөр Г.Б- түүнийг миний гэр бүлийн хүн гэж танилцуулсан. Г.Б- тухайн үед иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ мөд гарахгүй, энэ орон сууцыг борлуулаад захиалсан байрыг чинь гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж өгье гэж хүсэлт тавьсан тул Н.Б-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Г.Б-, Н.Б- нар нь дундаасаа нэг охинтой, энэ хотхонд бид хөрш 5, 6 жил хамт амьдарсан, би огт танихгүй хүнд өөрийн хөрөнгө болох хоёр орон сууцны байраа шилжүүлэхгүй нь ойлгомжтой. Гэрээний төлбөр тооцоо гэсэн хавсралтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ЭТӨЧ, 68/6-н 6 болон 7 тоот орон сууцуудыг шилжүүлж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж, АТБХ ХХК-ийн УБК 0507 дугаартай 2876558 регистрийн дугаартай тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Бид төлбөр тооцоогоо үл хөдлөх хөрөнгө болон тоосгоор хийхээр тохиролцсон боловч Г.Б- нь бэлэн мөнгөний хэрэг маш их байна, захиалсан байшинг хугацаанд нь ашиглалтад оруулж өгнө гээд 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10 000 ам.доллар бэлнээр өгсөн ба үүнээс хойш нийт 21 490 төгрөгийн үнийн дүнтэй тоосго нийлүүлсэн. АТБХ ХХК нь С.Э- надаас 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 176 990 ам.долларын төлбөр тооцоог бэлнээр болон бартераар авсан хэрнээ гэрээний үүргийн дагуу 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хугацаандаа уг хаусыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулж өгөөгүй. Би 2009 оны 9 дүгээр сард Тайланд улсад эмчлүүлэх, хагалгаа хийлгүүлэх зорилгоор явсан, энэ үед Г.Б- нь хүүгийн маань 40 000 ам.доллароор авч байсан Мерседес бенз С-240 маркийн машиныг нь 20 000 ам.долларт тооцож авсан байсан. Надаас авсан 176 990 ам.доллар дээр машин авч 196 990 ам.долларыг захиалагч надаас авсан. Г.Б- нь энэ мэтчилэн хамтран ажилласан, гэрээ хийсэн хүмүүсээ хуурч мэхлэн, цалин хөлсийг нь олгохгүй хохироосоор байсан тул барилга дээр ажиллаж байсан хүмүүс нь явж, өөрөө төлбөрийн чадваргүй болсноос 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч байшин баригдаагүй балгас болсон байна. Гэрээний 4.4-т зааснаар 89 000 ам.долларыг барилгын ажлыг 90 хувиас дээш гүйцэтгэсний дараа 68/6-8 тоот 89.9 м.кв орон сууцны байраар тооцон төлөхөөр тохирсон ч барилгын ажлаа 70 хувиас дээш хувьтай хийж гүйцэтгээгүй тул тус орон сууцыг шилжүүлээгүй, өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан. Ингээд гаргасан зардлаа гэрээний үнийн дүнгээс суутган тооцохоор тохиролцож 2011 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс ажлаа эхэлсэн. 2016 онд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Г.Б- нь өмчлөх эрхийн гэрчилгээг С.Э- миний нэр дээр олгуулж өгөхийг хүссэн тодорхойлолт гаргахдаа миний бэлнээр болон бартераар өгсөн 196 990 ам.доллар, надаас нэмж гарсан 82 590 ам.долларын зардлын материалын тооцоо нийлээд нийт 273 229 ам.долларын тооцооны бодит баримт материалыг өгсөн. Үүгээр бид төлбөр тооцоогүй гэдгээ баталж, уг тодорхойлолтыг Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт гаргасан. Миний бие хариуцагч Г.Б- болон АТБХ ХХК-д төлөх ямар ч төлбөр тооцоогүй болно. Гэтэл Г.Б- нь 273 000 ам.доллароос 47 905 ам.долларыг хасаж үлдэгдэл төлбөр болох 225 095 ам.доллар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл нь илтэд үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэг, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төгс тайж овогт С-ийн Э нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот 378 м.кв талбай бүхий амины орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, С.Э-ээс 631 483 764 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Б-ы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар АТБХ ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой дахь өөрийн эзэмшлийн газраас 1200 м.кв газрыг С.Э-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1 584 878 /нэг сая таван зуун наян дөрвөн мянга найман зуун далан найм/ төгрөг, хариуцагч Г.Б-аас 3 315 368 /гурван сая гурван зуун арван таван мянга гурван зуун жаран найм/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож, АТБХ ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Б нар давж заалдах гомдолдоо:

... Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн маргаан нь үл хөдлөх хөрөнгө, түүний өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргаан учраас шүүхийн онцгой харьяалалд хамаарна. Шүүхийн онцгой харьяаллыг зохигчид өөрчлөх эрхгүй тул тус хэргийг үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газрын шүүх буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хуульд нийцэх талаар бичгээр болон амаар удаа дараа дурдсаар ирсэн байна. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан шүүхийн онцгой харьяаллыг зөрчин хэргийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч С.Э- болон АТБХ ХХК-ийн хооронд байгуулсан Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ-ний 4.2-т Энэхүү гэрээний эхний төлбөрт 146 000 ам долларт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Энх тайвны өргөн чөлөө 68/6-6 тоот 56.4 м.кв, 68/6-7 тоот 89.1 м.кв байруудаар тооцон төлөх гэж тусгасан. Үүний дагуу С.Э- тус байруудыг 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-ээр иргэн Н.Б-д шилжүүлсэн боловч үүний дараагаар тохиролцооноос буцаан тухайн орон сууцуудыг өөрийн хамаарал бүхий этгээдүүд рүү буцаан шилжүүлэн авсан. Энэ талаарх асуудлыг сайн мэдэх, мөн болсон зүйлсийг бодитоор гэрчлэх хүн нь Н.Б- мөн бөгөөд түүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө хариуцагч талаас гаргасан байна. Гэтэл шүүхээс тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгон гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хариуцагчийн эзгүйд, дан ганц нэхэмжлэгч талыг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг үнэн зөв, бодитой байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай гэрчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө Г.Б- миний бие, мөн миний охины бие гэнэт муудсан хүндэтгэн үзэх гэнэтийн шалтгаантай болсон талаар шүүгчийн туслахад удаа дараа мэдэгдэж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахыг хүссэн атал намайг эзгүйд, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбоотой Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ-г С.Э- нь АТБХ ХХК-тай байгуулсан байдаг. Г.Б- миний хувьд АТБХ ХХК-ийн цорын ганц үүсгэн байгуулагч бөгөөд иргэн С.Э-ийн нэхэмжлээд буй 1200 м.кв газрыг 2014 онд өөрийн компани болох АТБХ ХХК-д мөн шилжүүлсэн. Үүнээс үзэхэд үл хөдлөх хөрөнгө болон газарт эзэмшилтэй холбоотой маргаан нь шууд АТБХ ХХК-тай холбогдож байна. Миний бие өөрийн АТБХ ХХК-ийг 10 тэрбум төгрөгөөр иргэн Ч.Өнөртүвшинд зарах талаар тохиролцсон боловч одоог болтол ямар нэгэн төлбөр мөнгө авч чадалгүй, хувьцаагаа 100 хувь бусдад шилжүүлэн залилуулсан. Энэ талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Г.Б- намайг Иргэний нэхэмжлэгчээр, мөн өдөр Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолууд тус тус гарсан. Нэгэнт маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө нь АТБХ ХХК-тай шууд холбогдсон, мөн газар нь түүний нэр дээр байгаа, мөн нэхэмжлэгч С.Э- нь АТБХ ХХК-тай байгуулсан Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ-тэй холбоотой маргаан үүсгэсэн байхад юуны түрүүнд АТБХ ХХК нь хэний эзэмшилд байгаа, хувьцаа эзэмшигч, төлөөлөх эрх бүхий этгээд нь хэн бэ гэдэг асуудлыг урьдчилан шийдвэрлэхгүйгээр тус компанитай байгуулсан гэрээ, тус компанийн өмчийн талаарх асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Энэ талаар шүүхэд удаа дараа хандан, хэргийг түдгэлзүүлж АТБХ ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсний дараа тухайн хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан. Гэтэл шүүхээс хүсэлтийг хангаагүй. Хариуцагч болох АТБХ ХХК-ийн зүгээс ч тэр хувьцаа эзэмшлийн талаар маргаантай байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцоогүй нь миний эрх ашгийг зөрчсөн.

С.Э-ийн зүгээс Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ-ний дагуу 10 000 ам доллар, 92-99 УБЗ улсын дугаартай Мерседес бенз С240 маркийн автомашиныг 20 000 ам.долларт тооцон, мөн 21 490 000 төгрөгийг тоосгыг хүлээлгэн өгсөн бөгөөд төлбөрт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Энх тайвны өргөн чөлөө 68-6 дугаар байрны 6,7,8 тоот байрнуудын алиныг нь ч шилжүүлж өгөөгүй. Тодруулбал, С.Э- гэрээний төлбөрт нийтдээ 47 905 ам.долларыг шилжүүлсэн байна. Гэтэл шүүхээс энэ талаар үнэлэлт дүгнэлт өгч бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, нэхэмжлэгч гэрээний бүх төлбөр тооцоог төлсөн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь бодит үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч гэрээний төлбөрөө бүрэн гүйцэд төлөхгүйгээр 47 905 ам.долларт шилжүүлсэн байхад үл хөдлөх хөрөнгө болон газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн үйлдэл нь эвлэрч боломгүй, Г.Б- намайг аваагүй зүйлээ авсан мэтээр дүгнэн хохироож байна. Мөн нэхэмжлэгч С.Э- нь хүлээн авсан хаусд нэмэлт ажил хийсэн, сольсон хэмээн ихээхэн зардал гарсан мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргасан байна. Тийнхүү зардал гаргасан эсэх нь хариуцагч надад ямар ч хамааралгүй бөгөөд миний бие С.Э-ийн өмнө тухайн орон сууцтай холбоотой гарсан бүх зардлыг хариуцах үүрэг хүлээх үндэслэлгүй.

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын байцаагч 3362 тоот Улсын байцаагчийн дүгнэлтэд Хяналтын улсын байцаагчийн 2020 оны 2356 дугаар дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, 133/1, 2, 3, 4, 6 тоот хаягт тус тус байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054920, Ү-2204054921, Ү-22040549248, Ү-220405492, Ү-2204054923 дугаартай бүртгэлд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, уг бүртгэлүүдийг давхардуулсан, хуурамч баримт бичигт үндэслэн бүртгэсэн эсэх асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй гээд тус үл хөдлөх хөрөнгүүдэд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн, мөн Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, эрхийн улсын бүртгэл давхардуулсан, хуурамч баримт бичигт үндэслэн хөтөлсөн эсэх асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8/6154 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Тодруулбал, миний бие С.Э- болон АТБХ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу С.Э- барилгын төлбөрийг бүрэн төлөөгүй атал түүний нэр дээр гэрчилгээг давхардуулан олгосон эсэх талаар шалгуулахаар хүсэлт гаргасныг Улсын бүртгэлийн байгууллага шалгаж, дүгнэлт гарган, бүртгэлийг түдгэлзүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү ноцтой үйлдлийг үл харгалзан С.Э-ийг өмчлөгчөөр тогтоож байгаа нь хуулийн болон бодит үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Э- нь Г.Б- болон АТБХ ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, Г.Б- нь С.Э-ээс 255 095 ам.доллар буюу 631 483 764 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг гаргажээ.

 

С.Э- болон АТБХ ХХК-ийн хооронд 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ-гээр 373 м.кв талбай бүхий амины орон сууцыг 2009 оны 8 дугаар сарын 15-ны дотор барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг АТБХ ХХК, захиалагч С.Э- нь ажил гүйцэтгэгчид 273 000 ам.долларын ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин ажлын үр дүнг хугацаанд нь бүрэн хүлээлгэн өгсөн эсэх, ажлын хөлсийг бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч амины орон сууцны өмчлөх эрхийн талаар маргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээний 4.2, 4.3-т зааснаар төлбөрөө бүрэн төлсөн, дутуу баригдсан барилгыг өөрийн зардлаар гүйцээн бариулж, ашиглалтад оруулан, эзэмшиж байгаа өмчлөгч атал Г.Б- нь өмчлөгчөөр бүртгүүлсэн нь хууль бус тул шүүхээр өмчлөгч болохоо тогтоолгоно гэсэн бол, хариуцагч Г.Б- нь С.Э- нь гэрээний төлбөрөө бүрэн төлөөгүй тул өмчлөх эрх үүсэхгүй гэж татгалзлаа тайлбарласан.

 

Гэрээний 4.2, 4.3, 4.4 дэх заалтаар ажлын хөлсийг хэсэгчлэн төлөх хуваарийг талууд харилцан тохиролцож тогтоосон байх ба захиалагч С.Э-ээс 10 000 ам.долларыг бэлнээр, 20 000 ам.долларт Мерседес бенз С 240 маркийн автомашиныг, 21 490 000 төгрөгийн тоосго, нийт 47 905 ам.долларыг ажлын хөлсөнд төлснийг хариуцагч Г.Б- хүлээн зөвшөөрчээ.

 

Харин захиалагч гэрээнд заагдсан 146 000 ам.долларын төлбөрт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6 дугаар байрны 6 тоот 56.4 м.кв орон сууцыг 56 400 ам.долларт, 68/6 тоот байрны 7 тоот 89.1 м.кв орон сууцыг 89 100 ам долларт тооцон шилжүүлэх үүргээ захиалагч биелүүлээгүй, уг орон сууцыг өөрөө хүлээн аваагүй гэж татгалзал гаргасан.

 

Нэхэмжлэгч С.Э- нь дурдсан 2 орон сууцыг Г.Б-ы өөрийнх нь хүссэнээр түүний эхнэр Н.Б-ын нэр дээр гэрээ байгуулан шилжүүлсэн гэж тайлбарлаж байх ба С.Э-, Н.Б- нарын хооронд байгуулагдсан 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-гээр улсын бүртгэлийн Ү-2204020196 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 68/6 дугаар байрны 7 тоот 56.4 м.кв талбайтай 56 400 ам.долларын үнэ бүхий орон сууц, мөн 68/6 байрны 8 тоот 89.1 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2204020197 дугаар бүхий 89 100 ам.долларын үнэ бүхий сууцыг тус тус Н.Б-ын өмчлөлд шилжүүлсэн, өмчлөгчөөр бүртгэгдсэн баримтууд хэрэгт авагджээ. /хх1-9-10, хх2-107-111/

 

Нэгэнт өмчлөлдөө шилжүүлж, бүртгэлээр баталгаажсан хөрөнгийг захиран зарцуулах эрх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчид зөвшөөрөгдөнө. Өмчлөх эрхийг шилжүүлэн авсан Н.Б- нь орон сууцыг цааш С.Цолмон, П.Цээсүрэн нарт гэрээгээр шилжүүлсэн, улсын бүртгэлээр өмчлөгч өөрчлөгдөж бүртгэгдсэн 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад баримтууд хэрэгт авагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон бүртгэлийн үнэн зөв эсэхэд Г.Б- гомдол гаргаж, маргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Н.Б- нь гэр бүлийнх нь хүн гэдгийг хариуцагч Г.Б- үгүйсгээгүйгээс гадна гэрээний Хавсралт 1 гэсэн баримтад дурдсан 2 орон сууцыг 56 400 ам.доллар, 89 100 ам.долларт тооцон төлбөрт авсан гэсэн тэмдэглэлд Г.Б- гарын үсэг зурсан, уг гарын үсэг түүний гарын үсгийн загвартай тохирч байгааг түүний хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч дүгнэлтээрээ тогтоосон байна. /хх3-72, 81-84/

 

Дээрхээс үзвэл 2 орон сууцыг төлбөрт хүлээн аваагүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна. Хүчин төгөлдөр гэрээ болон эрх бүхий этгээдээс хийсэн албан ёсны бүртгэлтэй, бичгийн нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан байдлаар авагдсаныг шүүх үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчихгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотолгооны ач холбогдолгүй баримтыг шаардаж авахаас татгалзах эрхийнхээ хүрээнд Н.Б-, С.Цолмон, П.Цээсүрэн, Б.Жаргалсайхан нарыг гэрчээр асуулгах хариуцагч талын хүсэлтийг шүүх хангаагүйг буруутгахгүй.

 

Ажил гүйцэтгэгч нь дээр дурдсанаар 21 491 000 төгрөгийн тоосго, 10 000 ам.долларыг бэлнээр, автомашиныг 20 000 ам.долларт тооцож, 2 орон сууцыг 145 500 /56 400+ 89 100/ ам.долларт тооцож ажлын хөлс, зардалд тус тус авсан ч 2010, 2013 онд харилцан тохиролцож барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлж, хөлсийг С.Э- төлж төлбөрөөс хасуулж тооцох, ажлын гүйцэтгэлээр хөлсийг төлөх баримтууд хэрэгт авагдсан, Г.Б- нь зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулж байснаас үзвэл барилгыг 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдөр багтаан дуусгах гэрээний үүргээ ажил гүйцэтгэгч биелүүлээгүй, барилгыг өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд төлсөн төлбөрийнх нь хэмжээнд баригдсан дуусаагүй ажлын гүйцэтгэлийг захиалагч хүлээн авсан нь хуулийн дурдсан зохицуулалт, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт тус тус нийцнэ.

 

Хэргийн дээрх нөхцөл байдлыг нотлохоор нэхэмжлэгчээс шүүхэд ВГС ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гадна фасад, дээврийн дулаалгын ажил гүйцэтгэх гэрээ, материалын зардал, ажлын хөлсөнд 18 028 848 төгрөг төлсөн баримт /хх1-13-27/, С ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Гачуурт тосгон Хар усан тохойд байрлах хувийн сууцны салхивчийн ажил хийж гүйцэтгэх гэрээ, 1 937 000 төгрөгийн зардал төлсөн баримт /хх1-28-32/, Их борхойдой ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан хувийн сууцны шалны тэгшилгээ хийх ажил гүйцэтгэх гэрээ, ажлын хөлсөнд 4 519 000 төгрөг төлсөн баримт /хх35-39/, АТБХ ХХК-д камин зуухны ажлын зардал хөлсөнд 2 488 500 төгрөг төлсөн баримт, бусад дулааны шугам, сантехникийн ажил, цонхны зардалд 23 232 000 төгрөгийн зардал гаргасан /хх1-42-48/, хана, шалны плитаны зардалд 8 414 200 төгрөг /хх1-44-53/, ДВ ХХК-тай байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу болон халаалт, цахилгаан сантехникийн тоноглол, угсралтын зардалд 14 915 410 төгрөг төлсөн /хх1-53-61/ зэргийг баримтаар гаргасан, эдгээр баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй, татгалзлаа нотлоогүй байна.

 

Хэрэгт маргаж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, 113/6 тоот 374.9 м.кв талбайтай өмчлөх улсын бүртгэлийн Ү-2204032427 дугаартай хувийн орон сууцыг Г.Б- өмчлөх эрхдээ бүртгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ авагджээ. Гэвч 2011 оноос хойш С.Э- нь маргаж буй амины орон сууцанд оршин сууж, 2014 онд бүрэн ашиглалтад оруулсан нөхцөл байдлыг тэрээр үгүйсгээгүй, С.Э-ээс байрыг суллахыг шаардаж байсан баримтгүй байна.

 

Харин ч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт АТБХ ХХК-ийн захирлын хувиар ...С.Э- нь тус компанитай төлбөрийн тооцоогүй болсон тул АТБХ ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 6 тоот 378 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцыг С.Э-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү гэсэн агуулга тодорхойлолт гаргаж байжээ. /хх1-77, 84/

 

Эдгээрээс үзвэл АТБХ ХХК нь 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг гэрээнд зааснаар хүлээлгэж өгөөгүй боловч урьдчилан төлсөн төлбөрийн хэмжээнд баригдсан дуусаагүй гүйцэтгэлийг захиалагч хүлээн авч өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан, энэ байдлыг ажил гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна. Иймд барилгыг өөрийн хөрөнгөөр босгосон өмчлөгч нь С.Э- гэж үзэх үндэслэлтэй, шүүх хэргийн баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсэн, түүнийг өмчлөгч гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

Иргэн Г.Б- нь дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь тогтоогдож байх ба үүний улмаас өмчлөгчийн эрх зөрчигдсөн, өмчлөгчөөр тогтоолгохоор Г.Б-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Мөн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 4.7-д Г.Б-ы эзэмшлийн Хар усан тохой дахь 9 600 м.кв талбай бүхий газраас С.Э-ийн амины орон сууц барьсан хэсгийн 1200 м.кв газрыг түүнд шилжүүлэн өгөх үүрэг хүлээснээ хариуцагч биелүүлээгүй, Г.Б- нь өөрийн эзэмшлийн 35077 м.кв газрыг АТБХ ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, гэрчилгээ олгогдсон 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00304353 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газарт С.Э-ийн амины орон сууц баригдсан байсан үйл баримт тогтоогджээ.

 

Гэрээний үндсэн дээр бий болсон барилга байгууламж нь байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдэх учраас түүнд хамаарах газрыг гэрээгээр С.Э-т шилжүүлэхээр тохиролцсон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй бөгөөд гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүснэ.

 

Иймд 1 200 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар АТБХ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зөрчихгүй, хариуцагч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд С.Э- нь АТБХ ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд компанийг төлөөлсөн этгээд нь Г.Б- байсан, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Эрхэс-Од, Г.Одбаяр нарт Г.Б-, Н.Нармандах нар нь тус тусын эзэмшдэг 50, 50 хувийн хувьцааг шилжүүлсэн, үүнээс хойш компанийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр П.Цэрэнбаатар, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ж.Сарнай, З.Тулгаа нарт, 2017 оны 4 дүгээр сарын 17-нд Ч.Өнөртүвшинд шилжсэн байна. Иймд Г.Б- нь АТБХ ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой үүргийг шаардах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв. Түүнчлэн С.Э- нь компанитай байгуулсан гэрээний дагуу бий болсон барилгын гүйцэтгэлийг хүлээн авч өөрөөс хөрөнгө гарган, бусдаар ажил гүйцэтгүүлэн барьж дуусгасныг Г.Б- захирлын хувиар зөвшөөрч байсан атлаа гэрээний үүрэг биелэгдээгүй буюу төлбөр дутуу төлөгдсөн гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр бий болсон хөрөнгийг өөрийн нэр дээр хууль бусаар бүртгүүлснээр Г.Б- шаардах эрх үүсэх үндэслэлгүй юм.

 

Иймд төлбөр бүрэн төлөгдөөгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээр 255 095 ам.доллар буюу 631 483 764 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч АТБХ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагаа явуулах албан ёсны хаяг нь Баянгол дүүргийн 5 дугаар хороололд байх тул нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар харьяалах дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг шүүх хэргийн онцгой харьяалалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Г.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан, харин хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг гаргаагүй байна. Иймд шүүх хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй гэж түүний эзгүйд хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Мөн АТБХ ХХК-ийг бусад этгээдэд шилжүүлсэнтэй холбоотой маргаантай асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь нэхэмжлэгч С.Э-ийн Г.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй, эрүүгийн хэрэг шийдвэрлэж дуустал иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хүссэн хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн АТБХ ХХК-ийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Хар Усан тохой дахь амины орон сууц барих төслийн үр дүнд хийгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг шалгаж, эрх бүхий этгээдээс бүртгэлийг түдгэлзүүлсэн баримт хэрэгт /хх3-112-114/ авагдсан ба түдгэлзүүлсэн бүртгэлийн жагсаалтад маргаж буй 113/6 хаягт байрлах С.Э-ийн орон сууц багтаагүй тул 44 хуурамч гэрчилгээтэй холбоотой асуудлыг тодруулах талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг зөрчихгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч талын хэргийн харьяалал зөрчсөн, шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан, гэрч асуулгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, нотлох баримт цуглуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх журмын зохицуулалт болох Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй болсныг залруулж, ажил гүйцэтгэгч, захиалагчийн үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Хариуцагч Г.Б-ы улсын тэмдэгтийн хураамж төлөхийг давж заалдах шатны журмаар хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүгчийн захирамжаар хойшлуулж шийдвэрлэсэн, хураамжийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 102/ШШ2020/03069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 346-р зүйлийн 346.2 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 5 110 846 төгрөг төлөхийг шүүгчийн захирамжаар хойшлуулсныг хариуцагч Г.Б-аар нөхөн төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ