Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/03069

 

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/03069

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух Т тайж овогт С-ийн Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах А ХХК,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 20-р хороонд оршин суух, Д овогт Г-ын Б нарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах, С.Э-д холбогдох 631 483 764 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах 1 200 м.кв газарт, 273 000 ам.доллароор 378 м.кв талбай бүхий амины орон сууц захиалан бариулахаар А ХХК-тай 2009 оны 05-р сарын 22-ны өдөр Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Би гэрээний 4.2, 4.3-т заасны дагуу төлбөрөө бүрэн төлсөн, үүнд 175 500 ам.доллар, 21 490 долларын төлбөрийг тоосгоны үнэ гэж төлж барагдуулсан. Гэрээний 1.1-д зааснаар гүйцэтгэгч тал нь 2009 оны 8-р сарын 15-ны дотор бүрэн дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Гэвч энэ үүргээ зөрчин 2 давхар дүүргэлт хийгээгүй карказ босгож, санхүүгийн хүндрэлтэй, бэлэн мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар 2011 он хүртэл барилгын үйл ажиллагаа зогссон. А ХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг авсан атлаа барилгын ажлыг бүрэн гүйцэтгээгүй учраас би өөрийн зардлаар амины орон сууцаа барьж дуусгах, гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөх, газрыг миний эзэмшилд шилжүүлэхээр тохиролцож, улмаар 2014 онд барьж дуусгасан. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөөгүй хууль ёсны эрхийг зөрчсөөр байна. Өнгөрсөн хугацаанд Г.Б-тай байнга уулзаж өмчлөх эрхийг шилжүүлэх өгөх талаар шаарддаг байсан, 5-6 удаа гадаад улсад хагалгаанд орж нэлээд хэдэн сар суга таягтай, хүний асрамжид байсан хэдий ч Г.Б-тай байнга утсаар ярьж, өөртэй нь очиж уулзаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмших гэрчилгээг тасралтгүй шаардаж ирсэн. Г.Б нь байрыг чинь ашиглалтад орохоор үл хөдлөх хөрөнгийн болон газар эзэмших гэрчилгээг гаргаад өгнө, талийгаач нөхөртэй чинь ах, дүү шиг сайхан харилцаатай байснаа бодсон ч, нэг байранд ах, дүү шиг амьдарч байснаа бодсон ч хэзээ ч хохироохгүй, эхнэр маань намайг охинтой орхиод явсан, өр нэхэгдээд хэцүү байна, цагдаа, шүүхэд өгөхгүй итгээд хүлээж байгаач гэдэг байсан. Ингээд Г.Б 2015 онд Монгол банкны Ч-тай хамт Япон улсын хөрөнгө оруулагч олсон, удахгүй гэрчилгээнүүдийг чинь гаргаж өгөхөөр боллоо, хашаанд байгаагаа янзалъя, тэсээд хүлээж байгаарай гээд хэд хэдэн удаа Япон явсан байдаг. Би тухайн үед үнэхээр хөрөнгө оруулагч олчихсон юм байна, энэ балгас шиг болсон байшингуудаа засаад хүн амьдрахаар болгох юм байна гэж итгээд хүлээсэн. Гэтэл 2017 онд Г.Б ...Э-ээ чи байшингаа 800 000 000 төгрөгөөр зараач, Японы асуудал бүтсэнгүй, гэхдээ Хонг-Конгоос хөрөнгө оруулагч олсон, одоо Монгол улсад ирсэн байгаа, хамтрагч нь Ө гэж хүн бий, хөрөнгө оруулагч маань энэ хотхоныг, хотхон шиг хотхон болгоно гэсэн, гэрээ хийгдчихсэн байгаа, хөрөнгө оруулагч нь Монгол эхнэртэй, бас жаахан хүүхэдтэй тул өөрсдөө энэ хашаанд амьдарч ажлаа явуулах юм, энд ганцхан байшинд хүн амьдарч байгаа нь танайх болохоор байшинг чинь сонирхож байна, 800 000 000 төгрөгөөр худалдаж авъя, ер нь энэ хашаанд хүүхдүүд чинь тоглох газар ч байхгүй хэцүү байгаа биз дээ... гээд Ө-гийн утсыг өгсөн. Үүний дагуу би Ө-тэй хэд хэдэн удаа уулзаж, утсаар ярьсан ба өмгөөлөгчөө түүний өмгөөлөгч Маргадтай уулзуулж байсан. Ө нь ...санхүүжилт удахгүй Хонг-Конгоос ороод ирвэл Э эгчид 800 000 000 төгрөг өгч байрыг нь авна, Г.Б бидэнд үүнийг чухалчлан захисан...гээд хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээний хавсралт хэсгийн арын хуудсанд төлбөр тооцоо, өр гэдэгт манай 6 тоот байшинг 800 000 000 төгрөгөөр буцааж худалдаж авна гэж заасан, ийм гэрээг манай өмгөөлөгчид өгсөн. Харин та хүн амьдрахаар тавилгатай үлдээгээрэй, Г.Б бас танд тэгж хэлсэн байх гэсэн. Худлаа хэлээгүй байх гээд итгээд хүлээсэн. Үүнээс хойш уг асуудал нь бүтэх шинжгүй болсон тул 2018 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт Г.Б-д холбогдуулан өргөдөл гаргасан, гэтэл Г.Б миний бэлнээр 196 990 ам.долларыг бэлэн болон бартераар өгсөн, 82 595 ам.доллар нэмж зарцуулан байж босгосон байшингийн 2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр 2010 оны 2-р сард гаргаж авсныг олж мэдсэн. Г.Б нь гэрчилгээ гаргуулж авахдаа манай байшингийн зургаар биш өөр байшингийн зургаар төрийн байгууллагыг хууран мэхэлж гаргуулсан байсан. Тухайн үед миний байшин бүрэн ашиглалтад ороогүй байсан бөгөөд байшингийнхаа зургийг Г ХХК-иар хийлгэсэн байсан. Г.Б-ийн гэрчилгээ гаргуулахдаа ашигласан зураг нь Г компанийн гаргасан зургаас өөр, үүнийг ялгааг нь давхар бүрээр нь тодорхойлсон байгаа. Г.Б нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах өөрийн эзэмшлийн КТБН 32-35-аас цахилгаан хэрэглэгч уг хотхоны 113/6 тоот байшинд оршин суух С.Э-т цахилгаан олборлох хүсэлт гаргасан тул техникийн нөхцөл олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул надад цахилгааны техникийн нөхцөлийг олгосон. Өнөөдрийг хүртэл цахилгааны төлбөрт сар болгон 700 000-800 000 төгрөгийг төлж байна. Мөн миний бие Давхар богд компаниар бохирын хоолой хийлгэсэн бөгөөд гэрээгээр бол төвийн цэвэр, бохирын шугамтай холбож өгнө гэсэн байдаг ч уг үүргээ биелүүлээгүй, үнэн хэрэгтээ хотхоныхоо баруун талд 800-ын колицоонд бүх бохироо хуримтлуулж байгаад Туул голын тохой руу гономоор соруулж асгадаг байсныг 2018 онд мэдсэн. Ийм байдлаар Г.Б миний маш их хөрөнгө зарж босгосон байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авсан тул өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг түүнд холбогдуулан гаргасан. Би хүүхдүүдийнхээ хамт энэхүү амины орон сууцанд 2011 оноос хойш амьдарч холбогдох ашиглалтын зардлыг бүрэн хариуцаж төлбөрийг төлж өдий хүрлээ. Түүнчлэн дутуу орон сууцны барилгыг өөрийн зардлаар барьж гүйцэтгэсэн болон бусад этгээдтэй гэрээ байгуулан ажиллаж байсныг тус компанийн захирал Г.Б хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга тэмдгээ дарж баталгаажуулж байсан болно. Энэ нь тус компани гэрээний дагуу орон сууц барих ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйг нотолно. Хариуцагч Г.Б нь 2016 оны 6 дугаар сард С.Э нь тус компанид төлбөрийн тооцоогүй болсон тул түүний нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүссэн тодорхойлолтыг Үл хөдлөх бүртгэлийн газарт гаргасан, улмаар энэхүү тодорхойлолтод 2016 оны 6 сард үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үл маргах журмаар шилжүүлж өгнө гэсэн нь нэхэмжлэлд дурдсан амины орон сууцыг миний бие өмчлөх эрхтэй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нотлох баримт юм. Ийм байдлаар Г.Б миний маш их хөрөнгө зарж босгосон байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авсан тул өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг түүнд холбогдуулан гаргасан. А ХХК-тай захирал Г.Б-тай байгуулахад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах 9 600 м.кв талбайтай газраас 1 200 м.кв газрыг шилжүүлэхээр тохиролцсон газар нь А ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Г.Б-ийн эзэмшилд байсан. Гэрээний 4.7-д Гэрээлэгч талууд нь гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын хугацаанд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гацуурт тосгоны Хар усан тохойд байрлах иргэн Г.Б-ийн нэр дээр байгаа хувийн эзэмшлийн газраас 1 200 м.кв талбай бүхий газрыг иргэн С.Э-ийн нэр дээр шилжүүлж өгнө заасан. Г.Б нь Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх хүсэлт гаргаж байсан, гэтэл А ХХКомпанийн нэр дээр түүний газар эзэмших эрх 2014 онд шилжсэн байсан. Иймд А ХХКомпанид холбогдуулан 1 200 м.кв газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь: 2017.04.11-ний өдрийн №17/001 дугаартай, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу А ХХК нь хувьцаа эзэмшигч З.Т, Ж.С нараас Ч.Ө-гийн нэр дээр бүрэн шилжиж, улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажсан байх бөгөөд тухайн үед Г.Б нь нэг хувьцаа эзэмшигчийг төлөөлөн гарын үсэг зурсан байдаг. Гэрээний хавсралт №1-д заасан А ХХК-ийн үйл ажиллагааны зардал болж үүссэн 5 тэрбум төгрөгийн өрийн жагсаалтад нэхэмжлэгчийн шаардсан асуудал тусгагдаагүй. Г.Б нь нуун дарагдуулсан гэдгийг энэхүү нэхэмжлэлийг гардаж авснаар мэдсэн. Ч.Ө нь А ХХК-ийг худалдаж авсан асуудлаар, мөн Г.Б нь компанид мэдэгдэхгүйгээр газрын гэрчилгээг ББСБ-ын барьцаанд тавьсан асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлтийн 180604266 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа. Иймд А ХХК-ийн Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот хаягт байрлах амины орон сууцанд ямар нэг байдлаар хөдөлгөөн хийхийг хориглож, эрх бүхий байгууллагаас улсын бүртгэлийн байгууллагад хориг тавьсан учир нэхэмжлэгч С.Э-ийг 1 дэх шаардлага болох өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг нь сэргээх боломжгүй. Г.Б нь дээр дурдсан объектуудын газрын гэрчилгээг бидэнд мэдэгдэхгүйгээр ББСБ-ын барьцаанд тавьсан, барьцаалбартай учир мөн нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага болох А ХХК-ийн газар эзэмших эрхийг иргэн С.Э-ийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г Б миний бие С.Э-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах 1 200 м2 газарт 378 м2 талбай бүхий амины орон сууцыг барихаар 2009 оны 05 сарын 22-ны өдөр А ХХК-ийг төлөөлж иргэн С.Э-тэй Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус хувийн барилгын нийт өртгийг 273 000 ам.доллароор барихаар тохирч, энэхүү төлбөр 146 000 ам.долларт Баянзүрх дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-6 тоот 54.4 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-7 тоот 89.1 м.кв талбай бүхий орон сууц, 38 000 ам.долларт барилгын материал буюу тоосго оролцуулах, үлдэгдэл төлбөр 89 000 ам.долларт барилгын ажлыг 90 хувиас дээш гүйцэтгэсний дараа Баянзүрх дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-8 тоот 89.9 м.кв байраар тооцон төлөхөөр С.Э-тэй тохиролцсон юм. С.Э нь гэрээний төлбөрт 10 000 ам.доллар төлсөн бөгөөд Баянзүрх дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-6 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-7 тоот 89.1 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн 5-р хороо Энхтайваны өргөн чөлөө 68/6-8 тоот 89.9 м.кв талбайтай орон сууцыг надад огт шилжүүлэн өгөөгүй. 2009 оны 06 сарын 10-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Б-д шилжүүлсэн гэдэг боловч би орон сууцуудыг бодитойгоор хүлээн аваагүй. С.Э нь дээрх 2 орон сууцыг Н.Б-ын нэр дээр шилжүүлсэн гэдэг боловч сүүлд өөрийн танил хүмүүсийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан байдаг юм. С.Э нь гэрээний төлбөрт 175 000 ам.доллар, 21 490000 төгрөг /тоосгоны үнэ/-ийн төлж барагдуулсан гэжээ. Барилгын нийт өртгийг 273 000 ам.доллароор барихаар тохирсон ба гэрээгээр тохирсон хөлсийг бүрэн төлөөгүй гэдэг нь нотлогдож байна. Харин миний бие гэрээний дагуу С.Э-ээс авлагатай тул энэхүү төлбөрөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Г.Б миний бие 2016 онд хүндээр өвчилж, биеийн байдал маш муудаад байхад мөн оны 06 сард С.Э-ийн ажлын нягтлан гэх эмэгтэй ирж, татварын газар материал өгөхөд бичиг хэрэг болсон гэж баримт дээр гарын үсэг зуруулаад авч явж байсан. Хожим нь Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах барилгыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ гаргуулж өгөх бичигт гарын үсэг зурсан болохоо мэдсэн. С.Э нь энэхүү бичгийг миний өвчтэй байдлыг далимдуулан зуруулсан авсан тул хүчингүй бичиг гэж үзэж байна. Миний бие иргэн Ч.Ө-д холбогдуулан А ХХК- ийн хувьцааг эд хөрөнгийн хамт залилан мэхэлж авсан асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа болно. Тус асуудал эцэслэн шийдвэрлэгдсэнээр С.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн С.Э нь Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой 113/06 тоот сууцанд өөрийн нэр дээр гэрчилгээ бичүүлэн авсан байж болзошгүй тул энэхүү асуудлыг мөн шалгуулах хүсэлтэй байна. Иймд С.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд байрлах 1200 м.кв газарт 378 м.кв талбай бүхий амины орон сууцыг барихаар 2009 оны 05 сарын 22-ны өдөр А ХХК-ийг төлөөлж иргэн С.Э-тэй Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ байгуулж байсан. Тус хувийн сууцны барилгын нийт өртгийг 273 000 ам.доллароор барихаар тохирч, энэхүү төлбөрөөс 146 000 ам.долларт Баянзүрх дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-6 тоот 54.4 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 68/6-7 тоот 89.1 м.кв талбай бүхий орон сууц, 38 000 ам.долларт барилгын материал буюу тоосго оролцуулах, үлдэгдэл төлбөр 89 000 ам.долларт барилгын ажлыг 90 хувиас дээш гүйцэтгэсний дараа Баянзүрх дүүргийн 5-р хороо Энхтайваны өргөн чөлөө 68/6-8 тоот 89.9 м.кв байраар тооцон төлөхөөр С.Э-гтэй тохиролцсон. Барилгын хөлсөнд С.Э-ээс 10 000 ам.доллар, 9299 УБЗ улсын дугаартай Мерседес бенз С 240 маркийн автомашин, 21.490.000 төгрөгийн тоосгоны хөлсийг хүлээн авсан ба ажлын хөлсөнд тооцон өгөхөөр тохиролцсон 68/6-6 тоот, 68/6-7 тоот, 68/6-8 тоот талбайтай орон сууцыг надад огт шилжүүлэн өгөөгүй. Миний бие өөртөө аваагүй орон сууцуудыг хүлээн авсан гэх гарын үсэг үндэслэлгүй байна. С.Э нь гэрээний төлбөрт 175 000 ам.доллар, 21,490,000 төгрөг /тоосгоны үнэ/-ийн төлж барагдуулсан гэж бичсэн нь барилгын хөлсийг бүрэн төлөөгүй гэж үзнэ. Гэрээт ажлын хөлсийг 273 000 ам.доллароор тохирсон ба С.Э-ээс бэлнээр төлсөн 10.000 ам.доллар, 9299 УБЗ улсын дугаартай Мерседес бенз С 240 маркийн автомашин 20.000 ам.доллар, 21.490.000 төгрөгийн тоосго буюу ам.долларт шилжүүлэн /тухайн үеийн ам.долларын ханшийг 1 200 төгрөгөөр тооцсон/ 17.908 ам.доллар нийт 47.905 ам.долларыг төлсөн байна. Иймээс гэрээний нийт төлбөрөөс 47.905 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 255.095 ам.долларыг С.Э-ээс нэхэмжилж байна. Миний 2011 оноос хойш хүнд өвчин тусаж шүүх цагдаагийн байгууллагаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулж чадаагүй болно. Иймээс миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөв шийдэж өгөхийг шүүхээс хичээнгүйлэн хүсэж байна. Иймд С Э-ээс 255.095 ам.доллар буюу Монгол банкны 2020 оны 05 сарын 26-ны өдрийн ханш 2 805.41 төгрөгөөр бодож 631 483 764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би А ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг дараах байдлаар гүйцэтгэсэн. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 68/6-7 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2204020197 дугаартай 89.1 м.кв орон сууцны байрыг 89.100 ам.долларт тооцож, 68/6-6 тоот улсын бүртгэлийн Ү-2204020196 дугаартай 56.4 м.кв орон сууцны байрыг 56.400 ам.долларт тус тус тооцон А ХХК-ийн захирал Г.Б-ийн хүсэлтээр түүний гэргий Н овогтой Б-д шилжүүлсэн. Би өмнө нь Н.Б-ыг огт таньдаггүй байсан, харин тухайн өдөр Г.Б түүнийг миний гэр бүлийн хүн гэж танилцуулсан. Г.Б тухайн үед иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ мөд гарахгүй, энэ орон сууцыг борлуулаад захиалсан байрыг чинь гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж өгье гэж хүсэлт тавьсан тул Н.Б-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Г.Б, Н.Б нар нь дундаасаа нэг охинтой, энэ хотхонд бид хөрш 5, 6 жил хамт амьдарсан, би огт танихгүй хүнд өөрийн хөрөнгө болох хоёр орон сууцны байраа шилжүүлэхгүй нь ойлгомжтой. Гэрээний Төлбөр тооцоо гэсэн хавсралтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ЭТӨЧ, 68/6-н 6 болон 7 тоот орон сууцуудыг шилжүүлж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж, А ХХК-ийн УБК 0507 дугаартай 2876558 регистрийн дугаартай тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Бид төлбөр тооцоогоо үл хөдлөх хөрөнгө болон тоосгоор хийхээр тохиролцсон боловч Г.Б нь бэлэн мөнгөний хэрэг маш их байна, захиалсан байшинг хугацаанд нь ашиглалтад оруулж өгнө гээд 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 10 000 ам.доллар бэлнээр өгсөн ба үүнээс хойш нийт 21 490 төгрөгийн үнийн дүнтэй тоосго нийлүүлсэн. А ХХК нь С.Э надаас 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 176 990 ам.долларын төлбөр тооцоог бэлнээр болон бартераар авсан хэрнээ гэрээний үүргийн дагуу 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хугацаандаа уг хаусыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулж өгөөгүй. Би 2009 оны 9 дүгээр сард Тайланд улсад эмчлүүлэх, хагалгаа хийлгүүлэх зорилгоор явсан, энэ үед Г.Б нь хүү Э-тэй уулзаад ...ээжийг чинь эмчилгээнээс ирэхээс нь өмнө хоёулаа жаахан ч болов ажлаа урагшлуулъя, ах нь мөнгөгүй байна,боломжоороо мөнгө өгөөч гэж гуйж байгаад хүүгийн маань 40 000 ам.доллароор авч байсан Мерседес бенз С-240 маркийн машиныг нь 20 000 ам.долларт тооцож авсан байсан. Ингээд өмнө нь надаас авсан 176 990 ам.доллар дээр машин авч 196 990 ам.долларыг захиалагч надаас авсан. Гэтэл байшинд нэг ширхэг хадаас ч нэмээгүй байсан, ингээд машинаа буцааж авъя гэхэд аль хэдийн зарсан байсан. Г.Б нь энэ мэтчилэн хамтран ажилласан, гэрээ хийсэн хүмүүсээ хуурч мэхлэн, цалин хөлсийг нь олгохгүй хохироосоор байсан тул барилга дээр ажиллаж байсан хүмүүс нь явж, өөрөө төлбөрийн чадваргүй болсноос 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч байшин баригдаагүй балгас болсон байна. Гэрээний 4.4-т зааснаар 89 000 ам.долларыг барилгын ажлыг 90 хувиас дээш гүйцэтгэсний дараа 68/6-8 тоот 89.9 м.кв орон сууцны байраар тооцон төлөхөөр тохирсон ч барилгын ажлаа 70 хувиас дээш хувьтай хийж гүйцэтгээгүй тул тус орон сууцыг шилжүүлээгүй, өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан. Ингээд гаргасан зардлаа гэрээний үнийн дүнгээс суутган тооцохоор тохиролцож 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс ажлаа эхэлсэн. Ингэхдээ 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний гурав-т гүйцэтгэгч талын эрх, үүргийн талаар дүгнэхдээ гэрээгээр хүлээсэн үүргийн талаар жич авч хэлэлцээд барилгын ажлыг дуусгаж гэрээ дүгнэхдээ гэрээгээр хүлээсэн үүргийн бүх заалтыг баримталж шийдвэрлэхээр хоёр тал харилцан тохиролцсон бөгөөд А ХХК-ийн захирал Г.Б гарын үсэг зурж, компанийн тамгаа дарж баталгаажуулсан. 2016 онд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Г.Б нь өмчлөх эрхийн гэрчилгээг С.Э миний нэр дээр олгуулж өгөхийг хүссэн тодорхойлолт гаргахдаа миний бэлнээр болон бартераар өгсөн 196 990 ам.доллар, надаас нэмж гарсан 82 590 ам.долларын зардлын материалын тооцоо нийлээд нийт 273 229 ам.долларын тооцооны бодит баримт материалыг өгсөн. Үүгээр бид төлбөр тооцоогүй гэдгээ баталж, уг тодорхойлолтыг Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт гаргасан. Миний бие хариуцагч Г.Б болон А ХХК-д төлөх ямар ч төлбөр тооцоогүй болно. Гэтэл Г.Б нь 273 000 ам.доллароос 47 905 ам.долларыг хасаж үлдэгдэл төлбөр болох 225 095 ам.доллар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл нь илт үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан тайлбар, татгалзал, цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь А ХХК, Г.Б нарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Г.Б нь С.Э-т холбогдох 255 095 ам.доллар буюу 631 483 764 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

С.Э нь А ХХК-тай 2009 оны 05-р сарын 22-ны өдөр Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ байгуулж А ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохойд 378 м.кв талбай бүхий амины орон сууцыг 2009 оны 8-р сарын 15-ны дотор барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажил гүйцэтгэгчид 273 000 доллар төлөхөөр тус тус /1-р хавтас хх 6-7/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр А ХХК /цаашид ажил гүйцэтгэгч гэх/ нь өөрийн материалаар амины орон сууцыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, С.Э нь /цаашид захиалагч гэх/ 273 000 долларыг хэсэгчлэн эд хөрөнгө, бараа материалаар тооцож төлөхөөр тохирсон боловч ажил гүйцэтгэгч гэрээгээр тохирсон хугацаандаа амины орон сууцыг барьж хүлээлгэж өгөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Нэхэмжлэгч амины орон сууцны өмчлөх эрхийн талаар маргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээний 4.2, 4.3-т зааснаар төлбөрөө бүрэн төлсөн, дуусгаагүй орхисон барилгыг өөрийн зардлаар бусдаар гүйцэтгүүлж ашиглалтад оруулсан, гэтэл өмчлөгчөөр Г.Б бүртгэгдсэн нь хууль бус гэж тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...С.Э төлбөрт байр шилжүүлж өгөөгүй, түүнээс 10 000 ам.доллар, Мерседес бенз С 240 маркийн автомашиныг 20 000 ам.долларт, 21 490 000 төгрөгийн тоосго нийт 47 905 ам.долларыг төлсөн, бусад төлбөрөө төлөөгүй гэж тайлбарлажээ.

 

Талууд гэрээгээр тохирсон 273 000 ам.долларыг гэрээний 4.2-т заасан 146 000 долларын эхний төлбөрт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө 68/6 дугаар байрны 6 тоот 56.4 м.кв орон сууцыг 56 400 долларт, 68/6 байрны 7 тоот 89.1 м.кв орон сууцыг 89 100 долларт тооцож төлөх, гэрээний 4.3-т гэрээний үнийн дүнгийн 38 000 ам.долларт барилгын материал буюу тоосгоор, гэрээний 4.4-т гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр 89 000 ам.долларыг барилгын ажлыг 90 хувиас дээш гүйцэтгэсний дараа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 68/6 дугаар байрны 8 тоот 89.9 м.кв орон сууцаар тус тус тооцон төлөх, өөрөөр хэлбэл, ажлын хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон байна.

 

С.Э нь Н.Б-тай байгуулсан 2009 оны 06-р сарын 10-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-гээр улсын бүртгэлийн Ү-2204020196 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө, 68/6 дугаар байрны 7 тоот 56.4 м.кв талбайтай 56 400 долларын үнэ бүхий сууцыг, 2009 оны 06-р сарын 10-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-гээр улсын бүртгэлийн Ү-2204020197 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө, 68/6 дугаар байрны 8 тоот 89.1 м.кв талбайтай 89 100 долларын үнэ бүхий сууцыг тус тус өмчлөлд /1-р хавтас 9-10/ шилжүүлсэн, улмаар Н.Б өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

Бэлэг хүлээн авагч Н.Б нь Г.Б-ийн гэр бүлийн хүн гэх ба хариуцагчийн хүсэлтээр 2 сууцыг түүний өмчлөлд шилжүүлсэн, гэрээнд 68/6-7 тоотыг 6 тоот, 8 тоотыг 7 тоот гэж алдаатай тусгагдсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Захиалагч гэрээний 4.2-т заасан 146 000 долларын үүргийг гүйцэтгэсэн, 4.3 дахь заалтаар тохирсон төлбөрт 21 490 000 төгрөгийн тоосго нийлүүлсэн, үүнийг төлбөрийн тооцоо баримтаар /гэрээний хавсралт-1/ талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Хариуцагч нь гэрээний хавсралт 1-д зурсан гарын үсгийг зураагүй гэж маргаж, шүүгчийн 2020 оны 6-р сарын 25-ны өдрийн 102/ШЗ2020/09959 тоот захирамжаар шинжээч томилсон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 8-р сарын 20-ны өдөр 3230 дугаар дүгнэлтээ /3-р хавтас 81-93/ гаргажээ. Шинжээч нь гэрээнд зурсан гарын үсэг нь Г.Б-ийн гарын үсэгтэй тохирсон гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

Дүгнэлт гаргах шинжилгээний объект нь гэрээний эх хувь /хэргийн 69-72/ бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10-р зүйлийн 10.4.2.эх хувь ...байх шаардлагыг хангасан байна. Энэ хуулийн 16-р зүйлийн 16.1.6.шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл болоогүй, өөрөөр хэлбэл, гэрээнд зурсан гарын үсэг, компанийн тамга тэмдгийг скайнердсан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байна.

 

Хариуцагч нь 2009 оны 6-р сарын 22-ны өдөр 10 000 доллар, 2009 оны 9-р сарын 23-ны өдөр П.Э-ийн эзэмшлийн 92-93 УБЗ дугаартай Benz G240 маркийн машиныг 20 000 доллароор тооцож худалдах, худалдан авах гэрээгээр төлбөрт тооцон шилжүүлсэн /1-р хавтас 8, 11/ авсан, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

Захиалагч эдгээр төлбөрийг төлсөн боловч ажил гүйцэтгэгч нь ...2 давхар дүүргэлт хийгээгүй байшингийн карказ босгож, ажлыг 90 хувиас дээш хэмжээнд гүйцэтгээгүй орхисон, улмаар захиалагч, ажил гүйцэтгэгч нар харилцан тохирч барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлж, төлбөрөөс хасч тооцох, ажлын гүйцэтгэлээр хөлсийг А ХХК төлөхөөр тохирч байжээ.

 

Гэвч С.Э нь V ХХК-тай 2011 оны 8-р сарын 7-ны өдөр Гадна фасад, дээврийн дулаалгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, материалын зардал, ажлын хөлс 18 028 848 төгрөг /1-р хавтас 13-27/, С ХХК-тай 2011 оны 9-р сарын 5-ны өдөр Гачуурт тосгон Хар усан тохойд байрлах хувийн сууцны салхивчийн ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, 1 937 000 төгрөгийн зардал /хх 28-32/, И ХХк-тай 2011 оны 9-р сарын 9-ний өдөр байгуулсан хувийн сууцны шалны тэгшилгээ хийх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 4 519 000 төгрөгийн зардал /хх 35-39/, А ХХК-д камин зуухны ажлын зардал, хөлсөнд 2 488 500 төгрөгийг тус тус төлж, бусад дулааны шугам, сантехникийн ажил, цонхны зардалд 23 232 000 төгрөг /хх 42-48/, хана, шалны плита зардалд 8 414 200 төгрөг /хх 44-53/, Д ХХК-тай байгуулсан 2013 оны 3-р сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гадна бохирын шугамын ажлыг гүйцэтгүүлсэн /2-р хавтас 19-31/, халаалт, цахилгаан сантехникийн тоноглол, угсралтын зардалд 14 915 41 төгрөгийн зардал /хх 53-61, шат, обой, гадна, дотор заслын бүх зардлыг /хх 61-76/ өөрөөсөө гаргаж 2014 онд амины орон сууцаа ашиглалтад оруулсан нь тус тус тогтоогдсон, үүгээр С.Э-т амины орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэж дүгнэлээ.

 

А ХХК нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ...С.Э-ийг төлбөр тооцоогүй, 378 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар тодорхойлолтыг /1-р хавтас 77, 84/ гаргаж байсан боловч Г.Б нь улсын бүртгэлийн Ү-2204032487 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой /13130/113/6 тоот 374.9 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, 2010 оны 12-р сарын 22-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ /2-р хавтас 44-45/ олгогджээ.

 

 

Хэдийгээр Г.Б нь өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 6-р сард үл маргах журмаар шилжүүлж өгөхөө илэрхийлж баримт үйлдэж гарын үсэг зурсан /1-р хавтас хх 77, 84/ нь С.Э-ийг өмчлөх эрхтэй болохыг нотолсон байна.

 

Нэхэмжлэгч нь 2011 оноос амины орон сууцандаа амьдарч, өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан, үүгээр түүнд өмчлөх эрх үүссэн боловч гагцхүү Г.Б нь өмчлөгчөөр бүртгүүлсэн нь С.Э-ийг өмчлөгчөөр бүртгүүлэх эрх зөрчигдсөн байна. Иймд С.Э-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Г.Б нь Баянзүрх дүүргийн газрын албатай байгуулсан 2008 оны 5-р сарын 2-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээр Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохойд 9 600 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж, түүнд газар эзэмших эрхийн 0162818 тоот гэрчилгээ олгогдсон /1-р хавтас 79-81/ байжээ.

 

Тухайн газраас ажил гүйцэтгэх гэрээний 4.7-д зааснаар Г.Б-ы эзэмшлийн Хар усан тохой дахь 9 600 м.кв талбайтай бүхий газраас 1 200 м.кв газрыг С.Э-т шилжүүлэхээр тохирсон байх ба тухайн газар дээр баригдсан амины орон сууц нь газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй үл хөдлөх эд хөрөнгө байна.

 

Г.Б, С.Э нар нь 2009 оны 6-р сарын 11-ний өдөр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, улмаар Баянзүрх дүүргийн газрын алба Э-т шилжүүлээгүй бөгөөд Г.Б нь өөрийн эзэмшлийн газраас 35077 м.кв газрыг А ХХКомпанид шилжүүлж, 2014 оны 12-р сарын 26-ны өдөр 000304353 тоот эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон /2-р хавтас 69-71, 1-р хавтас 204-223/, тухайн газарт нэхэмжлэгчийн амины орон сууц баригдсан байна. Иймд А ХХК-д Газрын тухай хуулийн 38-р зүйлд заасан журмаар С.Э-т газар шилжүүлэхийг даалгах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Г.Ба нь С.Э-т холбогдох 2009 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 255 095 ам.доллар буюу 631 483 764 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээг С.Э, А ХХК-тай байгуулсан бөгөөд Г.Б нь компанийг төлөөлж гэрээ байгуулж байжээ. Компаний 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Б, Н.Н нар нь хувьцаагаа 2014 оны 1-р сарын 9-ний өдөр Б-ийн Э, Б-ны О нарт тус тус шилжүүлсэн, үүнээс хойш 2016 оны 4-р сарын 20-нд П-ийн Ц, 2016 оны 6-р сарын 22-нд Ж-ийн С, З-ийн Т нарт, 2017 оны 4-р сарын 17-нд Ч.Ө-д, 2017 оны 5-р сарын 3-нд БНХАУ-ын иргэн H.H, Ч.Ө нарт тус тус шилжсэн, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Ч.Ө /1-р хавтас 198-199/ бүртгэгджээ. Г.Б нь А ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой үүргийг шаардах эрхгүй байна.

 

Нөгөө талаас, С.Э нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт улсын бүртгэлийн Ү-2204020196 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө, 68/6 дугаар байрны 7 тоот 56.4 м.кв талбайтай 56 400 долларын үнэ бүхий сууцыг, 2009 оны 06-р сарын 10-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-гээр улсын бүртгэлийн Ү-2204020197 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө, 68/6 дугаар байрны 8 тоот 89.1 м.кв талбайтай 89 100 долларын үнэ бүхий сууц, 21 490 000 төгрөгийн тоосго, 2009 оны 6-р сарын 22-ны өдөр 10 000 доллар, 2009 оны 9-р сарын 23-ны өдөр 20 000 долларын үнэ бүхий машиныг тус тус шилжүүлж, түүнчлэн ажил гүйцэтгэгч А ХХК-ний дутуу орхисон амины орон сууцаа өөрийн зардлаар барьж ашиглалтад оруулсан нь тогтоогдож түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

Харин дээрх амины орон сууцны өмчлөгчөөр Г.Б бүртгэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийг 47 905 ам.долларыг төлсөн, үлдэх 255 095 ам.долларыг төлөөгүй гэж маргаж 631 483 764 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Хэргийн 1-р хавтас 130-137, 146-167, 2-р хавтас 32-37 дахь талд авагдсан хувьцаа худалдах, худалдан гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой маргаан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь иргэний хэргийг шийдвэрлэхэд саад болоогүй, 2-р хавтас 1-10 дахь талд авагдсан цахилгааны техникийн нөхцөл, цахилгааны төлбөр төлсөн баримтууд нь хэрэглэгч нь С.Э болохыг нотолсон, 2-р хавтас 40-56 дахь талд авагдсан барилгын зураг, Г ХХК-иар гүйцэтгүүлсэн гэх амины орон сууцны зураг, гэрээ нь Г.Б-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо бусдын байрны зургаар олгосон гэх бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хариуцагч Г.Б-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан 68/6-7, 68/6-8 тоот байрны өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй баримтууд нь С.Э эдгээр байрыг өөрийн танил хүмүүсийн нэр дээр буцааж авсан гэсэн хариуцагчийн тайлбарыг няцаасан /2-р хавтас 150-250, 3-р хавтас 1-52/, 112-119 дэх талд авагдсан Бүртгэл түдгэлзүүлэх тухай улсын байцаагчийн дүгнэлтэд 113/6 дугаартай сууцны талаар тусгагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй ...үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлсөн байх ба харин шүүх хуралдааны шатанд 199 990 ам.долларын хөлс төлсөн нь тогтоогдсон тул үүнийг тухай үеийн долларын ханш 1 427 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн үнийг 285 385 730 төгрөгөөр тооцлоо. Иймд улсын тэмдэгтийн хураамжид 1 584 878 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Хариуцагч Г.Б сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Сөрөг нэхэмжлэлийн үнэ 631 483 764 төгрөгийн хэмжээнд ногдох 3 315 368 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109-р зүйлийн 109.1 дэх хэсэг, 346-р зүйлийн 346.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т овогт С-ийн Э нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот 378 м.кв талбай бүхий амины орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, С.Э-ээс 631 483 764 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Б-ны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Газрын тухай хуулийн 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар А ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,  Хар усан тохой дахь өөрийн эзэмшлийн газраас 1200 м.кв газрыг С.Э-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1 584 878 /нэг сая таван зуун наян дөрвөн мянга найман зуун далан найм/ төгрөг, хариуцагч Г.Б-аас 3 315 368 /гурван сая гурван зуун арван таван мянга гурван зуун жаран найм/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож, А ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА.