Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00370

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00370

 

 

М.Н.С.К.Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03673 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Н.С.К ХХК-ийн хариуцагч Д.Х, Б.Э нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 83 250 376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Х, Б.Э нар нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай байгууллагатай барьцаат зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэйгээр зээлж авч, өөрийн хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар өргөдөл гаргасан ч мөн хугацаанд үүргээ гүйцэтгээгүй.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлд 4 517 008 төгрөг, зээлийн хүүд 22 367 542 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 99 550 төгрөг, нийт 26 984 100 төгрөг төлсөн.

Зээлийн гэрээний 1.1.-д зээлийн хүү 30 хоногт 2.7 хувь гэж заасныг төлбөр төлөх хуваарьт тодорхойлохдоо энэ хүүгийн хэмжээнээс илүү тооцоогүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл болон Монголбанкнаас гаргасан журмын дагуу зээлийн хүүг тооцоолсон. 36, 37 хоног гэдэг нь зээл ашигласан хоногийг хуанлийн хоногийн дагуу тооцоолсон болохоос зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн зүйл биш юм.

Талууд зээлийн гэрээг байгуулахдаа зээл эргэн төлөх хуваарийг тохиролцсон, үүний дагуу эхний гурван сар хүү төлж, үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлөгдөхөөр тохирсон, үүнийг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй.

Хариуцагч нар 2019 оны 9 дүгээр сард зээлээ төлөх боломжгүй гэж мэдэгдсэн учраас энэ хүртэлх хугацааны хүүг зөвшөөрнө гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Зээлдэгч нарын хүсэл сонирхол, гуйлтын дагуу зээл төлөхийг хүлээсэн. Тиймээс 2019 оны 9 дүгээр сард төлөхгүй гэж мэдэгдсэнээр зээлийн гэрээг цуцлах боломжгүй. Хэрвээ энэ үеэс гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа бол энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хариуцагч нарт байсан. Тиймээс хүүг багасгах болон чөлөөлөх боломжгүй юм. Ковид-19 өвчинтэй холбогдуулан Монголбанкнаас гаргасан шийдвэр нь зээлийн хугацааг сунгах буюу уртасгах тухай зохицуулснаас биш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх, хасах тухай шийдвэр биш. Хэрэв гэрээний хугацааг дуусгаж нэхэмжилсэн бол үүнээс илүү хүү нэхэмжлэх байсан.

2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Д.Х, Б.Э нарын үндсэн зээлийн үлдэгдэл 55 482 992 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 26 469 060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 298 324 төгрөг, нийт 83 250 376 төгрөг болж байгаа бөгөөд мөн хугацаагаар тооцож, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг зээлдүүлэгчийн саналаар цуцалж байна.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар Д.Х, Б.Э нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн тул зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Д.Х, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 83 250 376 төгрөгийг гаргуулж, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагаас 60 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд 27 000 000 төгрөгийг уг хугацаанд төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа боловч бодит байдал дээр үүнээс илүүг төлсөн.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1-д зээлийн хүү 30 хоногийн 2.7 хувь гэх боловч эргэн төлөх хуваарьт ийнхүү гэрээгээр тохирсноос өөрөөр буюу нэг бол илүү, нэг бол дутуу хоногоор тооцоолсон байдаг. Мөн гэрээгээр 3 сарын хүүг урьдчилж авахаар заасан байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд 3 сарын хүүд 5 616 000 төгрөг төлсөн. Уг хүүг үндсэн зээлд төлсөн гэх 4 517 801 төгрөг дээр нэмж тооцоход үндсэн зээлд 10 132 807 төгрөг төлсөн гэж үзэж байна.

Зээлийн хүүд 26 469 060 төгрөг шаардсаныг зөвшөөрөхгүй, хариуцагч нарын зүгээс 2018 оны 9 дүгээр сар хүртэл ямар нэгэн зөрчилгүй зээлээ төлж байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сараас зээлээ төлөх боломжгүй болсон, энэ тухайгаа нэхэмжлэгчид 2019 оны 9 дүгээр сард бичгээр мэдэгдсэн.

Ийнхүү 2019 оны 9 дүгээр сард зээлээ төлөх боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэнээр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэж байна. Энэ хугацаагаар тооцоход 2019 оны 9 дүгээр сар хүртэл зээлийн хүүд 10 634 414 төгрөг төлөхөөр байна.

Зээлийн гэрээний 3.3.6-д зээлдэгч аливаа өр төлбөрөө хугацаандаа төлөх чадваргүй гэдгээ бичгээр мэдэгдсэн бол зээлийн гэрээг цуцална гэж заасан тул нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн хүү тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Ийнхүү үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дах хэсэгт зааснаар хүү, алданги авах эрхээ алдахаар зохицуулсан байдаг.

2020 онд дэлхий даяар Ковид-19 өвчин тархсаны улмаас орлогогүй болсон нөхцлийг харгалзан зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд нэхэмжилсэн 49.866.992 төгрөгийг зөвшөөрч байх ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Д.Х, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 55 482 992 төгрөг, хүүд 26 469 060 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 298 324 төгрөг, нийт 83 250 376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н.С.К.Б ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Х, Б.Э нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №110108-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан:

-Д.Х-ын эзэмших эрх бүхий, №000584036 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308093096, Сонгинохайрхан дүүргийн ....дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

-Д.Х-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220105.... дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байршилтай, 462 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,

-Д.Х-ын эзэмших эрх бүхий, №000584035 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308079082, Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

-Д.Х-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220105.... дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн .....дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байршилтай, 153 м.кв талбайтай, хувийн сууц гараж зориулалттай, үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Х, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 644.402 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н.С.К.Б ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 644.402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Хариуцагчийн компанийн үйл ажиллагаа Ковид-19 цар тахал өвчний улмаас муудаж, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа барагдуулах боломжгүй болсон тухайгаа 2019 оны 9, 10 дугаар сард мэдэгдэж, гэрээг цуцлах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан. Энэ тухай нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зээлдэгч нар нь гэрээний үүргийг графикийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар өргөдөл гаргасан ч мөн хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байна" гэж хариуцагч нарыг хүсэлт гаргасан байсан болохыг дурдсан болно.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн тогтоож өгсөн нэмэлт хугацааны дотор үүргээ гүйцэтгээгүй буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан байхад шүүх нэхэмжлэл гаргах өдрөөр гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэрээ, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч хүү, анз авах эрхээ алдана гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хүүд 5 972 618 төгрөгийг хариуцагч нар төлөх үндэслэлгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд 30 хоногт хүү 2,7 хувь гэж заасан байхад, эргэн төлөлтийн графикт 37 хоног, 31 хоног, 28 хоног гэж гэрээгээр тохиролцсон хоногоос зөрүүтэй тогтоосон, эхний 3 сар зөвхөн хүү авахаар тохиролцсон хууль бус юм. Эхний 3 сар хүүнд төлсөн 1 998 007+1 944 007+1 674 007=5 616 007 үндсэн зээлд тооцогдох ёстой юм. Ийнхүү тооцож үзвэл үндсэн зээлд 49 866 992 төгрөг +хүүнд 20 853 060 төгрөг +нэмэгдүүлсэн хүү 1 298 992 төгрөг =72 018 376 төгрөг төлөхөөр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 11 232 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М.Н.С.К.Б ХХК нь хариуцагч Д.Х, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83 250 376 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч нар уг шаардлагаас 49 866 992 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 33 383 384 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 110108 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч М.Н.С.К.Б ХХК нь 60 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Х, Б.Э нар нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-10-13/ Энэ гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн зээлдэгч нар зээлдүүлэгчээс 60 000 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримтад маргаангүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасанд нийцжээ. /хх-17/

Хариуцагч нар 2019 оны 02 дугаар сараас хойш зээлийн төлбөр төлөөгүйгээр зээлийн гэрээний хуваариар тохирсон үүргээ зөрчсөн нь тэдгээрийн тайлбар, зээлийн дансны хуулга гэх баримтуудаар тогтоогдсон байна. /хх-23,76/

Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй, харин хариуцагч нар ... зээл авснаас хойш эхний 100 хоногт төлсөн төлбөрийг зээлийн хүүд суутгасан нь хууль зөрчсөн ..., ...гэрээнд заасан 30 хоногт 2.7 хувь гэж тохиролцсон байхад зээл эргэн төлөх хуваарьт хоногийг зөрүүтэй тогтоосон ..., ...зээл төлөх боломжгүй талаар мэдэгдсэн байхад гэрээ цуцлаагүйгээс зээлийн хүү нэмэгдсэн ..., гэж маргажээ.

Зээл эргэн төлөх хуваариас дүгнэвэл 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 60 000 000 төгрөгийн зээлийг хариуцагчид хүлээлгэж өгсний дараах 3 сар буюу 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01,02 дугаар сарын хугацаанд зээлдэгч үндсэн зээл эргэн төлөхгүй, зөвхөн зээлийн хүү төлөхөөр тохиролцсон нь зээлдэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Зээлдэгч зээлийг хүлээн авч ашигласан тул гэрээгээр тохирсон зээлийн хүүг төлөх үүрэгтэй. Иймд эхний 100 хоногт төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох байсан гэсэн хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Гэрээний 1.1-д заасан ..30 хоногт 2.7 хувийн хүү төлнө.. гэх тохиролцоог талууд зээлийн хуваарьт буулгахдаа зээл ашигласан хугацааг хуанлийн хоногоор буюу 37, 36, 31 гэж тоолж түүнд ногдох хүүг 30 хоногийн 2.7 хувиар тооцохоор баталсан нь гэрээний 1.1-д заасныг зөрчөөгүй. Иймээс гэрээнд 30 хоногт 2.7 хувийн хүү төлнө гэж тохиролцсон байхад зээл эргэн төлөх хуваарьт хоногийг зөрүүтэй тогтоосноор эрх зөрчигдсөн гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар талууд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэрээг цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй. Гэрээг хариуцагч нар иргэний хувиар байгуулсан тул Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа муудсан гэх тайлбар нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүйгээс гадна зээл хойшлуулах тухай хүсэлт гаргах үед 2019 оны 09, 10 дугаар сард Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал үүсээгүй байсан тул холбогдох тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч зээл хойшлуулах тухай хариуцагчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 12 дугаар сар хүртэл үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх-78-80/ Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дах хэсэгт зааснаар гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дах хэсэгт заасанд нийцнэ.

Мөн зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ цуцлах нөхцлийг тодорхойлсон гэрээний 3.3 дах заалт нь нэхэмжлэгчийн үүрэг биш тул гэрээ цуцлах үүргээ биелүүлээгүй, шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Гэрээний 3.1-д Нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн дүнгээс үндсэн хүүний 20 хувиар тооцож зөрчил арилах хүртэл хугацаанд авна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасанд нийцжээ. Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг зөрчигдсөн хугацаанаас гэрээ цуцлагдах өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд хариуцагч нарын зээлийн төлбөрөөс тэдгээрийн төлсөн 26 984 100 төгрөгийг суутган, үндсэн зээл 55 482 992 төгрөг, зээлийн хүүд 26 469 060 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 298 324 төгрөг нийт 83 250 376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ дээрх хуульд заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

М.Н.С.К.Б нь Д.Х, Б.Э нартай зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Д.Х-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, .... дугаар хороо, Хайрхан 8 гудамж, .....тоот, 462 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Хайрхан 8 гудамж, 149А тоот 153 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцнэ. /хх14-15/ Уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Х-ын өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар 175.1 дэх хэсгийн заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 194 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД