Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/03673

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Виста оффис 2 давхарт байрлах, М.Н.С.К ББСБ ХХК /РД:5801826/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байр, 1 тоот хаягт оршин суух, Д.Х,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байр, 1 тоот хаягт оршин суух Б.Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 83.250.376 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н.С.К ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Д.Х, Б.Э нар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус ББСБ-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 60.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

 

Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгон Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Хайрхан 8 гудамж, 149 тоотод байрлах Ү-2201051349 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18626308093096 дугаартай газар, мөн хорооны Хайрхан 8 гудамж, 149а тоотод байрлах Ү-2201051347 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц болон гараж, нэгж талбарын 1862630079082 дугаартай газар зэргийг тус тус барьцаалсан болно.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг графикийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар өргөдөл гаргасан ч мөн хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлд 4.517.008 төгрөг, зээлийн хүүд 22.367.542 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 99.550 төгрөг, нийт 26.984.100 төгрөг төлсөн.

Зээлийн гэрээний 1.1.-д зээлийн хүү 30 хоногт 2.7 хувь гэж заасныг төлбөр төлөх графикт тодорхойлохдоо энэ хүүгийн хэмжээнээс илүү тооцоогүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зээлийн хүүг тодорхойлсны дагуу зээлийн хүүг тооцсон. Мөн Монгол банкнаас гаргасан журмын дагуу зээлийн хүүг тооцоолсон. Өөрөөр хэлбэл 36, 37 хоног гэдэг нь зээл ашигласан хоногийг хуанлийн хоногийн дагуу тооцоолсон болохоос зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн зүйл биш юм.

Талууд зээлийн гэрээг байгуулахдаа зээл эргэн төлөх хуваарийг тохиролцсон, үүний дагуу эхний гурван сар хүү төлж, үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлөгдөхөөр тохирсон, үүнийг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй.

Хариуцагч нар 2019 оны 09 сард зээлээ төлөх боломжгүй гэж мэдэгдсэн учраас энэ хүртэлх хугацааны хүүг зөвшөөрнө гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Хариуцагч нар 26.984.100 төгрөгөөс илүү төлөлт хийсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Зээлдүүлэгчийн зүгээс 2019 оны 10 сард зээл эргэн төлөх мэдэгдэх хуудсыг зээлдэгч нарт хүргүүлэхэд Д.Х нь 2019 оны 12 сард зээлийг бүрэн төлж дуусна гэж бичгээр хүсэлтээ өгсөн.

Зөрчлөө арилгавал зээлийн харилцаа үргэлжлэх боломжтой байсан. Удаа дараа шаардахад төлнө хүлээж байгаач гэж хэлдэг байсан. Гэхдээ утсаар ийнхүү ярьсан тухай баримтыг хэрэгт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн хүсэл сонирхол, гуйлтын дагуу зээл төлөхийг хүлээсэн. Тиймээс 2019 оны 09 сард төлөхгүй гэж мэдэгдсэнээр зээлийн гэрээг цуцлах боломжгүй. Хэрвээ энэ үеэс гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа бол энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хариуцагч нарт байсан. Тиймээс хүүг багасгах болон чөлөөлөх боломжгүй юм. Ковид өвчинтэй холбогдуулан Монгол банкнаас гаргасан шийдвэр нь зээлийн хугацааг сунгах буюу уртасгах тухай зохицуулснаас биш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх, хасах тухай шийдвэр биш. Хэрэв гэрээний хугацааг дуусгаж нэхэмжилсэн бол үүнээс илүү хүү нэхэмжлэх байсан.

2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Д.Х, Б.Э нарын үндсэн зээлийн үлдэгдэл 55.482.992 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 26.469.060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.298.324 төгрөг, нийт 83.250.376 төгрөг болж байгаа бөгөөд мөн хугацаагаар тооцож, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг зээлдүүлэгчийн саналаар цуцалж байна.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар Д.Х, Б.Э нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн тул зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Д.Х, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 83.250.376 төгрөгийг гаргуулж, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эзэмших эрхтэй газар, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Х, Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч байгууллагаас 60.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд 27.000.000 төгрөгийг уг хугацаанд төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа боловч бодит байдал дээр үүнээс илүүг төлсөн.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авснаас хойш эхний 100 гаруй хоног үндсэн мөнгөнөөс хасалгүй төлсөн мөнгийг зөвхөн хүү болгон авч байсан, гэрээ 48 сар гэж заасан байхад хоногоор хүү тооцож байгааг гэрээний хавсралт гэх график алдаатай гэж үзэж байна.

2019 оны 11 сард манай компанийн үйл ажиллагаа суларч төлбөр төлөх боломжгүй болсон талаар С.Ж.Э.Ф ББСБ ХХКнь мэдсээр байж гэрээний үүргийг дуусгавар болгож барьцаа хөрөнгөөр хангуулсан бол ямар ч үр дүнгүй 7-8 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэхгүй байсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1-д зээлийн хүү 30 хоногийн 2.7 хувь гэх боловч эргэн төлөх графикт ийнхүү гэрээгээр тохирсноос өөрөөр буюу нэг бол илүү, нэг бол дутуу хоногоор тооцоолсон байдаг. Мөн гэрээгээр 3 сарын хүүг урьдчилж авахаар заасан байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд 3 сарын хүүд 5.616.000 төгрөг төлсөн. Уг хүүг үндсэн зээлд төлсөн гэх 4.517.801 төгрөг дээр нэмж тооцоход үндсэн зээлд 10.132.807 төгрөг төлсөн гэж үзэж байна.

Зээлийн хүүд 26.469.060 төгрөг шаардсаныг зөвшөөрөхгүй, хариуцагч нарын зүгээс 2018 оны 09 сар хүртэл ямар нэгэн зөрчилгүй зээлээ төлж байсан бөгөөд 2019 оны 02 сараас зээлээ төлөх боломжгүй болсон, энэ тухайгаа ББСБ-д 2019 оны 09 сард бичгээр мэдэгдсэн.

Ийнхүү 2019 оны 09 сард зээлээ төлөх боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэнээр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэж байна. Энэ хугацаагаар тооцоход 2019 оны 09 сар хүртэл зээлийн хүүд 10.634.414 төгрөг төлөхөөр байна.

Зээлийн гэрээний 3.3.6-д зээлдэгч аливаа өр төлбөрөө хугацаандаа төлөх чадваргүй гэдгээ бичгээр мэдэгдсэн бол зээлийн гэрээг цуцална гэж заасан тул нэхэмжлэгчийн 2019.06.25-ны өдрийг хүртэл зээлийн хүү тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Ийнхүү үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дах хэсэгт зааснаар хүү, алданги авах эрхээ алдахаар зохицуулсан байдаг.

Зээлдэгч нар 2019 оны 02 сараас хойш зээлээ төлөхгүй, эргэн төлөлтийн график зөрчигдсөн, 2019 оны 09 сард зээл төлөх боломжгүйгээ бичгээр мэдэгдсэн байхад гэрээг цуцлахгүй байсны эцэст шүүхэд хандсан нь зээлийн хүүг хэт өндөр болгоход хүргэж байна.

Түүнчлэн 2020 онд дэлхий даяар Ковид өвчин тархсаны улмаас компанийн үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон нөхцөлийг харгалзан зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд нэхэмжилсэн 49.866.992 төгрөгийг зөвшөөрч байх ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н.С.К ББСБ ХХК нь хариуцагч Д.Х, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83.250.376 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

М.Н.С.К ББСБ ХХК, зээлдэгч Д.Х, хамтран зээлдэгч Б.Э нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №110108 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр 60.000.000 төгрөгийг, 30 хоногт 2.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн болон тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай болох нь зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, төлөлтийн талаарх баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 10-13, 22-24 тал/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч Д.Хүрэлтулгын эзэмших эрх бүхий, №000584036 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308093096, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

Д.Хүрэлтулгын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051349 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байршилтай, 462 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,

Д.Хүрэлтулгын эзэмших эрх бүхий, №000584035 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308079082, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

Д.Хүрэлтулгын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051347 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байршилтай, 153 м.кв талбайтай, хувийн сууц гаражын зориулалттай, үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан №110108-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. /хх-ийн 14-21, 69-73 тал/

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна,

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д :Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заажээ.

 

Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэл болон Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газар эзэмших эрх барьцаалсан болохыг тус тус бүртгүүлсэн, газар эзэмших гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. /хх-ийн 15, 70, 72 тал/

 

Нэхэмжлэгч нь зээл буцаан төлөх хуваарийг зээлдэгч нар удаа дараа зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зөрчлөө арилгахыг шаардсан боловч арилгаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зээлдэгч нар биелүүлээгүй, тэдэнд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлөө арилгаагүй нь гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх тул зээлдүүлэгч нь Д.Х, Б.Э нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №110108 дугаартай барьцаат зээлийн гэрээ нь 48 сар буюу, тодруулбал 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай, эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлийг, хүүгийн хамт зээлдэгчид төлж байхаар тохиролцсон байгаагаас үзэхэд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.

 

Зээлдэгч Д.Х, Б.Э нар гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 3.3-д зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцсон байх ба 3.3.1-т :Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-д заасан зээлийн эрэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд зөрчлийг арилгахыг зээлдэгчээс бичгээр шаардсан хугацаанд арилгаагүй, 3.3.6-д:Зээлдэгч аливаа өр, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй эсвэл төлөх чадваргүй гэдгээ бичгээр мэдэгдсэн... гэх үндэслэлийг зохицуулжээ.

 

Хариуцагч Д.Х, Б.Э нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд үндсэн зээлд 4.517.008 төгрөг, хүүгийн төлбөрт 22.367.542 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 99.550 төгрөг, нийт 26.984.100 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, мөн өдрөөс зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 23 тал/

 

Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нарт дээрх өдрөөс эхлэн шаардсан, зээлдэгчийн зүгээс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх хүсэлт гаргаж байсан гэх зохигчийн тайлбараас үзэхэд зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс тэдэнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.3.6-т заасан зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлдүүлэгч нь 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Д.Х, Б.Э нар талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт гэрээгээр тохирсноос өөр байдлаар хүүгийн тооцоолол хийсэн, зээлийн гэрээний эргэн төлөлтөд 26.984.100 төгрөгөөс илүү төлөлт хийгдсэн, зээлийн гэрээг 2019 оны 09 дүгээр сард цуцлах талаар зээлдүүлэгчид мэдэгдсэн тул мөн хугацаагаар тооцож, гэрээг цуцлах үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 49.866.992 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Хариуцагч нь ийнхүү татгалзлаа баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болжээ.

 

Энэхүү байдлаас үзэхэд талууд зээлийн болон барьцааны гэрээг харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу зээлдэгч Д.Х, Б.Э нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч нараас шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох эрхтэй байхаар зохицуулсны дагуу үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч Д.Х, Б.Э нар гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэлх хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт: Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Иймд талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №110108 дугаартай барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тооцон цуцалж, хариуцагч Д.Х, Б.Э нараас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 55.482.992 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 26.469.060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.298.324 төгрөг, нийт 83.250.376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н.С.К ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох зээлдэгч Д.Хүрэлтулгын эзэмших эрх бүхий, №000584036 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308093096, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

Д.Хүрэлтулгын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051349 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байршилтай, 462 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,

Д.Хүрэлтулгын эзэмших эрх бүхий, №000584035 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308079082, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

Д.Хүрэлтулгын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051347 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байршилтай, 153 м.кв талбайтай, хувийн сууц гараж зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахын нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Д.Х, Б.Э нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №244 дугаартай Оноосон нэрийг өөрчлөхийг зөвшөөрөх тухай тушаалаар нэхэмжлэгч Си жи эф финанс ББСБ ХХК-ийн оноосон нэрийг М.Н.С.К ББСБ ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрсөн байх ба шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2020/18233 дугаартай захирамжаар Иргэний хэрэг үүсгэсэн захирамж-ийн Удиртгал, тодорхойлох, захирамжлах хэсэгт өөрчлөлт оруулсан болно. /хх-ийн 25, 47-52, 56-58 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Д.Х, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 55.482.992 төгрөг, хүүд 26.469.060 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.298.324 төгрөг, нийт 83.250.376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н.С.К ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Х, Б.Э нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №110108-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ээр барьцаалсан:

-Д.Х-ын  эзэмших эрх бүхий, №000584036 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308093096, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

-Д.Хүрэлтулгын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051349 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байршилтай, 462 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,

-Д.Х-ын эзэмших эрх бүхий, №000584035 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308079082, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

-Д.Х-гын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051347 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байршилтай, 153 м.кв талбайтай, хувийн сууц гараж зориулалттай, үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Х, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 644.402 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н.С.К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 644.402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2020/18233 дугаартай захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ