| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2319000540094 |
| Дугаар | 2023/ДШМ/29 |
| Огноо | 2023-10-04 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 24.5.1., |
| Улсын яллагч | А |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2023/ДШМ/29
М, Э,
Д, А,
Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: А,
Шүүгдэгч: А,
Шүүгдэгч: Г,
Шүүгдэгч А, Г нарын өмгөөлөгч: Г, Д/зайнаас цахимаар/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г/зайнаас цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А, Г нарын өмгөөлөгч Г, Д нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгдэгч М, Э, Д, А, Г нарт холбогдох 2319000540094 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1.1. А, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,
1.2. Г, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,
1.3. Э, Монгол Улсын иргэн, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №97/A дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялаар шийтгэсэн,
1.4. Д, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,
1.5. М, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй.
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
2.2. шүүгдэгч Д 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын *** газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг хадгалсан мөн 2022 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг/ 600,000 төгрөгийн үнэ бүхий/ хууль бусаар агнасан,
2.3. шүүгдэгч А 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг *** УЕК улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан,
2.4. шүүгдэгч Г 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг тээвэрлэж явсан гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн хэрэгт тус тус холбогджээ.
3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс шүүгдэгч М, Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Д, А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан,
Шүүгдэгч М, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг,
Шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан...” гэмт хэргийг,
Шүүгдэгч Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг,
Шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч М, Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч М, Э нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Д, А нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М, Э, Д, А нар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э, Д, А нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүгдэгч Мад тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М, Н.Э, Д, А нарт мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 60 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М, Э нараас байгаль экологид учруулсан хохирол болох 54,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Маас 27,000,000 төгрөгийг, шүүгдэгч Эгаас 27,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газарт олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн “***” ХХК-ны эзэмшлийн УАЗ Фургон маркийн, *** ДГА улсын дугаартай, 80467484 арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Маас 3,750,000 төгрөгийг, шүүгдэгч Эгаас 3,750,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод,
Шүүгдэгч Агаас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн *** тоот дансанд “А сэ76021772 торгуулийн төлбөр” гэсэн гүйлгээний утгаар хийсэн 3,400,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн Б.Цэцэгсайханы эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн, *** УЕК улсын дугаартай, *** арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн *** тоот дансанд тушаасан 3,400,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146,600,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн Дробинк маркийн, 1192 гол төмрийн, замгийн 1192 дугаартай, онгоц мод хөх өнгийн лентээр ороосон галт зэвсгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 7 тооны хар сүүлтий зээрийн махыг устгуулахаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдаж,
Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д, А, Г нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч А, Г нарын өмгөөлөгч Г, Д нар давж заалдсан гомдолдоо: “5.1. ...шүүгдэгч А тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүлээн зөвшөөрч, өөрийн гаргасан хууль бус үйлдлээ ухаарч ойлгон гэмшиж, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан, гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирол 1 тооны эр бодгаль хар сүүлтийн үнэ болох 1,700,000 төгрөгийг Амьтны тухай хуульд заасны дагуу 2 дахин өсгөж 3,400,000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө Хатанбулаг сумын нэр дээрх төрийн сангийн дансанд төлж улсыг хохиролгүй болгож хохирол төлсөн баримтаа шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Шүүгдэгч Агийн хувийн байдлын хувьд эхнэр 4 хүүхдийн хамт шатны шүүхийн амьдардаг, өөрийн цалингаас өөр өрхийн орлогогүй тул анхан шийдвэрийн дагуу 146,600,000 төгрөгийг төлөх нь түүний амьдралд маш хүнд байна. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “болно” гэх зохицуулалтаас үзэхэд, оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн буюу заавал хэрэглэх шинж чанартай зохицуулалт биш, нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ нь “бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” зорилгоор хөрөнгө, орлогыг хураахаар албадлагын арга хэмжээг хэрэглэхээр заасан байх ба харин шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн,...Агийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш гэдэг нь тогтоогдож байх тул албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх буюу хэрэглэхгүй байх эрх хэмжээ шүүхэд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж, түүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчээс 146,600,000 төгрөг гаргуулах хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү.
5.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар түүний үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна, бусад шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Г хууль бусаар ан агнах, агнасан амьтны түүхий эд зүйлийг хадгалсан болон тээвэрлэсэн гэмт хэргийн талаар огт мэдээгүй байсан нь тогтоогддог. Харин шүүгдэгч Аг цагдаагийн байгууллагаас саатуулан зогсоох үед шүүгдэгч А цагдаагийн алба хаагчид “тээвэрлэж явсан 1 тооны бодгаль хар сүүлтийг замаас олсон” гэх тайлбар хэлж байсан тул өөрийн сонссон зүйлээ 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн улмаар цагдаагийн ажилтнууд, Агийн хамтаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шүүгдэгч Дгийн гэрт очсоноор хэргийн бодит байдлыг мэдсэн. Хэргийн бодит нөхцөл байдлыг мэдсэн даруйдаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хатанбулаг сумаас ирмэгцээ Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өгсөн гэрчийн мэдүүлгээ залруулан дахин мэдүүлэг өгсөн. “Худал мэдүүлэх” гэмт хэргийн субьектив санаа зорилго буюу гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан зорилго нь “мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор зориуд худал мэдүүлэг санаатайгаар өгч эсвэл өгөхөөс зайлсхийж шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх”-ийг оролдсон байхыг шаарддаг...өөрийн сонссон зүйлээрээ мэдүүлэг өгсөн нь зориуд санаатайгаар худал мэдүүлэг өгч мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй, үндэслэлгүй, иймд шүүгдэгч Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.
6. Шүүгдэгч А, Г нарын өмгөөлөгч Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...шүүгдэгч Агийн тохиолдлын шинжтэй анх удаа үйлдсэн, гэр бүлийн болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 146,600,000 төгрөгийг бүрэн гаргуулахыг хүчингүй болгож өгнө үү. ... Шүүгдэгч Гын тухайд ... хэрэг гарах үеийн нөхцөл байдал, цаг агаарын болон гэмт хэргийн нөхцөл байдал объектив хүчин зүйлийн нөхцөл байдлыг бодитоор зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан ийм дээд шүүхийн тогтоол гарсан байна. Тэгэхээр өөрийн сонссон зүйлээр санаатайгаар мэдүүлэг өгсөн нь шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэл болохгүй юм. ...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
7. Шүүгдэгч А, Г нарын өмгөөлөгч Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгуулах боломж шүүхэд байна гэж үзэж байна,...Гын хувьд энэ бол гэмт хэрэг биш гэж тайлбарлаад байгаа юм, ... цаг агаарын болон объектив хүчин зүйлийн улмаас бодит байдлыг тусган авч чадаагүй нь өгсөн мэдүүлгийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй,... замаас олсон гэхээр нь үнэхээр замаас олсон юм байна гэж бодсон, тийм учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ад хүлээлгэсэн эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, Гыг цагаатгаж өгнө үү” гэв.
8. Шүүгдэгч А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...150,000,000 төгрөг төлөхөд үнэхээр хүнд байна, би Голомт банканд орон сууцны зээлтэй, Хас банканд бизнесийн зээл гээд сардаа 3,400,000 төгрөгийн төлөлт хийгээд явдаг. Би цалингаа бараг зээлдээ өгдөг. Энэ дээр миний торгуулийн 150,000,000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
9. Шүүгдэгч Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би тухайн үед шатахуун тээвэрлэж шөнөжин яваад маргааш нь 11 цагийн үед Ханги мандалд очиж шатахууныг хүлээлгэж өгөх ажиллагаа 17 цагийн үед дуусаад буцахдаа А Дорноговь явна гэхээр нь сууж явсан. Тэгээд тухайн үед унтаж явсан. Тэгээд цагдаа зогсоосон байхад жолооч олсон гэж хэлэхээр нь би жолоочийн хэлснийг хэлсэн. Тэгээд тэр шөнө цагдаатай хамт Ханги руу буцаж явж мөрдөн шалгах ажиллагаа явуулж би буруу мэдүүлэг өгснөө ойлгож, маргааш дахин ирж өмнөх мэдүүлгээ буруу зүйл мэдүүлж гэдгээ хэлсэн, ... надад оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
10. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн нэг бодгаль хар сүүлтийн төлбөрийг төлж төрийг хохиролгүй болгосон тул өөр хэлэх санал хүсэлт байхгүй” гэв.
11. Прокурор А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “11.1. ... Гын тухайд гэрч өөрийн харсан мэдсэн зүйлээ санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлага хүлээнэ гэсэн хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөвөөр мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Г болоогүй үйл явдлыг болсон мэтээр худал мэдүүлсэн үйлдэл нь худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан учир шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, түүнчлэн Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 428 дугаартай тогтоолд шүүгдэгч нь худал мэдүүлэх болсон санаа зорилго нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг харсан атлаа үгүйсгэх байдлаар бусдын гэм бурууг нотлох, тогтооход түүний гуйлтаар эсхүл өөрийн санаачилгаар саад учруулсан явдал байна. Энэ тохиолдолд түүний үйлдэл сөрөг үр дагавар үүсгэсэн байхыг хууль шаардахгүй худал мэдүүлэг өгөхийн нийгмийн хор аюулыг шүүн таслах ажиллагаанд ноцтой алдаа гаргах эрсдэлийг ихээр нэмэгдүүлж байгаа талаас нь үнэлдэг. Хүн хилсээр шийтгэсэн эсхүл ял завшсан байхыг заавал шаардахгүйгээр уг гэмт хэргийн бүрдэл хангагдсан төгс үйлдсэн гэж хуульчилсан. ... Г танд хэрвээ худал мэдээлэх юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ шүү гэж баталгаа гаргасны дараа шүүгдэгч Г гэрчээр мэдүүлэг өгөхдөө болоогүй үйл явдлыг болсон мэтээр мэдүүлэг өгч байгаа нь өөрөө гэрч баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
11.2. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тухайн хэрэгт учирсан хохирлыг нөхөн төлөхөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тухайн унаж явсан тээврийн хэрэгсэл ч юм уу, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслээр төлүүлнэ гэж заасан. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж эрүүгийн хариуцлагын зорилгод заагдсан. Энэхүү зорилгоос харахад гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэ хоёр нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. ... Энэ 150,000,000 төгрөг улсын төсөвт шилжүүлж байгаа нь дахиж энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, мөн энэ гэмт хэрэг үйлдсэн хүн дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхийг цээрлүүлж байгаа ийм эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна. Тийм учраас тухайн 150,000,000 төгрөг улсын төсөвт шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх, Шүүгдэгч А, Г нарын өмгөөлөгч Г, Д нарын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангаж, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М, Э нарыг бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Эргэлийн 3oo гэх газарт *** ДГО улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг унаж ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийг /54,000,000 төгрөгийн үнэ бүхий/ тусгай зөвшөөрөлгүйгээр буудан алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Дг 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын *** газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг хадгалсан мөн 2022 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг/ 600,000 төгрөгийн үнэ бүхий/ хууль бусаар агнасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Аг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг *** УЕК улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Гыг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг тээвэрлэж явсан гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар” Ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг бөгөөд “Хар сүүлтий” гэх зээр нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтжээ. Эрүүгийн хуульд “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, ..тээвэрлэсэн” бол “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд ховор амьтныг агнасан, түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн үйлдлээр энэ гэмт хэргийн шинж бүрэн хангагдана.
3. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Гийн мэдүүлэг /1хх 26/, гэрч Ө.Огийн мэдүүлэг /1хх 45-46/, гэрч Б.Оын мэдүүлэг /1хх 71-72/, Дорноговь аймгийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль Орчин Аялал жуулчлалын газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан тоот /1хх 117-188/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №1001289 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зураг /1хх 107-110/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 552 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1хх 96-100/, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай албан бичгийн хавсаргасан тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 191-192/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-14/, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 183-185/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 18-20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 93-94/ зэрэг нотлох баримтыг тус тус үнэлсэн нь үндэслэлтэй байх ба эдгээр баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч М, Э нарыг бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Эргэлийн 3oo гэх газарт *** ДГО улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг унаж ховор амьтан болох 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийг /54,000,000 төгрөгийн үнэ бүхий/ зохих зөвшөөрөлгүйгээр агнасан,
шүүгдэгч Дг 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын *** газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтан болох 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг хадгалсан мөн 2022 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг/ 600,000 төгрөгийн үнэ бүхий/ хууль бусаар агнасан,
шүүгдэгч Аг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтан болох 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг тээвэрлэсэн гэж хэргийн нотлох баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоожээ.
4. Түүнчлэн шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд анхан шатны шүүхээс шүүгдэгч М, Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д, шүүгдэгч А нарын үйлдлийг мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгаа талаар хуулийг зөв тайлбарлан, хэрэглэсэн, гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр буюу шүүгдэгч М, Э нарыг 2 жил, шүүгдэгч Дг 1 жил 2 сар, шүүгдэгч Аг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Засгийн газрын 2011 оны 23 дугаар “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах” тухай тогтоолын хавсралтад үндэслэн нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэсний дагуу хохирлыг тооцсон нь үндэслэлтэй байна.
5. Харин Анхан шатны шүүхээс шүүгдэгч Гыг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг тээвэрлэж явсан гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь гэмт хэргийн талаар гэрч, хохирогчоос үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, гарын үсэг зурж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэмт хэрэгт тооцох буюу “гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэдэгт гэрчээс гэмт хэргийн үйл баримтын талаар өөрийн харсан, үзсэн, сонссон, мэдсэн зүйлийн талаар огт хэлээгүй эсхүл хэргийн үйл баримтыг өөрчилж, санаатайгаар худал мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зэргийг ойлгох төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох учиртай.
Тиймээс шүүгдэгч Гын холбогдсон хэргийн тухайд дурдсан хуулийн агуулга болон хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үзвэл:
Гэрч Г 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр /1хх 32/ өгсөн мэдүүлэгтээ “... 2023 оны 1 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчимд Сайншанд сумын Содмонгол шатахуун түгээх станцаас түлштэй цистернд сууж, Ханги боомт руу хөдөлсөн, 14-ний өглөө 11 цагийн үед Хангид очиж, “***” ХХК-ны кемп дээр ачааг буулгаж, хэмжилт хийж хүлээлгэж өгөөд Сайншанд сум руу 17 цаг өнгөрөөгөөд “***” компанийн Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээр хөдөлсөн, замдаа Хөвсгөл сумын цаахан талд жолооч зогсоод машины ар руу нэг зүйл авч хийсэн, юу юм бэ гэж асуухад мах байна гэж хэлсэн, юуны мах гэдгийг хэлээгүй, өчигдөр шөнө унтаагүй болохоор замдаа зүүрмэглэж явсаар 21 цагийн орчимд Сайншанд сумын постоор орж ирэхэд цагдаа зогсоогоод шалгасан, шалгуулах үед тухайн махыг бор гөрөөс гэж ярьж байхыг сонссон” гэж,
2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...тухайн үед А машиндаа шуудайтай ангийн мах хийснийг мэдээгүй, хаанаас юуны мах авсан талаар би мэдэхгүй, Хангиас түүний машинд суугаад Сайншанд руу гарсан, цагдаа дээр баригдаад ирсэн байхад нэг цагдаа хаанаас аваад явж байгаа юм гэхэд А, Хөвсгөл сумын хойд талаас замын хажуугаас олсон гэж хэлснийг сонсоод хамт явсан хүнээ баллаад яах вэ гээд Хөвсгөл сумын хойноос олсон гэж мэдүүлсэн, замдаа унтаж явсан болохоор юу болсныг мэдээгүй” гэж,
шүүгдэгч А “...Дгийнхээс зээр авахад Г мэдээгүй, пост дээр саатуулахад л зээр тээвэрлэж, явсныг мэдсэн” гэж тус тус мэдүүлжээ.
Эдгээрийг дүгнэж, үзвэл шүүгдэгч Г нь шүүгдэгч Аг зээрийн мах тээвэрлэж явсан гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээгүй байх ба энэ нь түүний “...жолооч замдаа Хөвсгөл сумын цаахан талд зогсоод машины ар руу нэг зүйл авч хийсэн, юуны мах гэдийг хэлээгүй, мах гэж хэлсэн, замдаа зүүрмэглэж явсан болохоор хаанаас юуны мах авсан талаар мэдээгүй, цагдаад А Хөвсгөл сумын хойд талаас замын хажуугаас олсон гэж хэлснийг сонсоод Хөвсгөл сумын хойноос олсон гэж мэдүүлсэн” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Агийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Гын өгсөн эдгээр мэдүүлэг, шүүгдэгч Агийн “ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн” гэмт хэрэгтэй холбоотой ямар нэг мэдээлэл агуулаагүй байх ба 1 тооны зээрийн махыг тээвэрлэсэн хэргийн талаар түүнийг зориуд санаатайгаар худал мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж үзэх гэм буруутай үйлдэл тогтоогдсонгүй.
Зөвхөн “...хаанаас юуны мах авсныг мэдээгүй, цагдаад А Хөвсгөл сумын хойд талаас замын хажуугаас олсон гэж хэлснийг сонсоод Хөвсгөл сумын хойноос олсон” гэж мэдүүлсэнд үндэслэн, болсон бодит байдлыг болоогүй гэж зориуд худал мэдүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч Гын юуны мах болохыг мэдээгүй гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч Агийн мэдүүлэгтээ тохирсон зөрүүгүй байхын зэрэгцээ бусад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ холбоотой өөрийн харсан, үзсэн, сонссон, мэдсэн зүйлийн талаар огт хэлээгүй эсхүл өөрчлөн мэдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Гын холбогдсон “хэргийг хэрэгсэхгүй” болгох нь зүйтэй юм.
6. Түүнчлэн анхан шатны шүүх, шүүгдэгч Агаас “1 тооны зээрийн мах буюу түүхий эдийг тээвэрлэсэн” тээврийн хэрэгслийн үнэ 146,600,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлгүй байх ба тус албадлагын арга хэмжээг хэрэглэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай бүрдээгүй байх тул хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Тухайлбал шийтгэх тогтоолд шүүгдэгч Аг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг, иргэн Б.Цэцэгсайханы эзэмшлийн Тоёота Ланд Круйзер 200 маркийн, *** УЕК улсын дугаартай, 150,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба хэрэгт цугларсан нотлох баримтаар тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь Б.Цэцэгсайхан биш, мөн уг тээврийн хэрэгслийн үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, бодитой биш байна.
Тодруулбал гэрч Н.Тогтохбаяраас “...би *** ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажилладаг, А манайд менежерээр ажилладаг, тэрээр Тоёота Ланд Круйзер-200 маркийн, *** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг албан ажилдаа унаж, хэрэглэж байсан, манай компанийн эзэмшлийн машин” гэж /1хх 83/ мэдүүлсэн,
Дорноговь аймгийн Автотээврийн төвийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа” баримтад *** УЕК Toyoto эзэмшигч “*** ББСБ” ХК гэсэн /1хх 192/ лавлагаа баримт,
“*** ББСБ” ХК, *** транс ХХК-ны захирал Д.Нарантуяа хооронд 74,500,000 төгрөгийн “Автомашин худалдан авах зээл”-ийн гэрээ байгуулагдсан,
*** УЕК Toyoto land Gruiser маркийн тээврийн хэрэгслийг тус ББСБ-ийн эзэмшилд шилжүүлсэн,
*** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчдийн мэдээлэл /1хх 193/-д Б.Цэцэгсайхан гэж тэмдэглэгдсэн,
*** УЕК Toyoto land Gruiser маркийн автомашины техникийн үнэлгээний тайланд “... “*** ББСБ” ХК-ний эзэмшлийн *** УЕК, Ланд Круйзер 200 маркийн автомашины үнийг 150,000,000 төгрөг гэж тодорхойлсноос үзэхэд уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь иргэн Б.Цэцэгсайхан, “***” ХХК, “*** транс” ХХК, “*** ББСБ” ХК-ний аль нь болох нь тодорхойгүй.
Мөн уг тээврийн хэрэгслийн үнийг 150,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь бодит байдалд нийцээгүй байх ба тухайлбал “*** ББСБ” ХК, “*** транс” ХХК-ны захирал Д.Нарантуяа хооронд байгуулагдсан“Автомашин худалдан авах зээл”-ийн гэрээнд машины үнийг 74,500,000 төгрөг гэж тодорхойлсноос үзэхэд энэхүү үнийн дүнгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүн илтэд зөрүүтэй, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн хохирол болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй, хөрөнгийн үнэлгээ бодит байдалд нийцээгүй зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай, тиймээс Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэм буруугүйд тооцох зарчимд тус тус үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Ад хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “... шүүгдэгч Тугчин овогт Энэбишийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн ...” гэмт хэргийг ...” гэснийг хасч, заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Тэрбишийн Гт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,
3,8,9 дүгээр заалтыг хүчингүй болгож,
10 дугаар заалтаас “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн Б.Цэцэгсайханы эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн, *** УЕК улсын дугаартай, *** арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн *** тоот дансанд тушаасан 3.400.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146.600.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.” гэснийг хасч өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А, Г нарын өмгөөлөгч Г, Д нарын давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА