Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00086

 

 

И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03509 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн хариуцагч Б.О , А.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 37 560 380 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18/41 тоот зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 18/52 тоот зээлийн гэрээгээр 8 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар тус тус зээлийг Б.О , А.А нарт олгосон. Дээрхи зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Их тойруу гудамж 30/4-А тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай Ү-2204094610 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Б.О ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Талууд зээлийн болон барьцааны гэрээг хуульд нийцүүлэн байгуулан, нотариатаар баталгаажуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг хүчин төгөлдөр болгосон. Гэтэл хариуцагч Б.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 8 дугаар сараас эхлэн биелүүлээгүй. Иймд хариуцагч Б.О , А.А нараас нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 28 000 000 төгрөг, хүү 7 729 410 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 830 970 төгрөг, нийт 37 560 380 төгрөгийг гаргуулж, үүргээ биелүүлэхгүй бол барьцааны гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, үл хөдлөх эд хөрөнгө газраас салшгүй юм. Хариуцагч Б.О ийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 30 дугаар байрны урд байрлах хаягтай 30 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газрыг барьцаалаагүй бөгөөд газар байдаг тухай хэлээгүй. Миний ч алдаа бас байгаа. Иймд Баянзүрх дүүргийн 7-р хороо, 30 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газраар мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И ББСБ ХХК-с 28 000 000 төгрөгийн зээлийг хүү А.А ын хамт зээлж авсан дээр маргах зүйл байхгүй. 2019 оны 7 дугаар сар хүртэл зээлийг би хугацаанд нь төлж байсан. Ингээд 2019 оны 12 дугаар сараас эхлэн Монгол улсад шинж тэмдэг нь мэдэгдэхгүй өвчин гарч үйл ажиллагаа жигдэрч чадахгүй байсаар 2020 оны 3 дугаар сараас эхлэн бидний хийж байсан бизнес үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Үүний улмаас өр зээлээ төлж чадахгүй байдалд хүрэхэд Ж.Оргил, И ББСБ ХХК-ийн захирал Д.Э нар буруутай. Зээлийг авахдаа үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан, надаас газрыг хамт барьцаалахыг хэн ч шаардаагүй, би газартай гэдгээ нуусан зүйл байхгүй. Үндсэн авсан зээлээ төлөхийг зөвшөөрч байна, Баянзүрх дүүргийн 7-р хороо, Их тойруу гудамж 30/4-А тоот хаяг бүхий 40 м.кв талбайтай, Ү-2204094610 улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан дээр маргахгүй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О , А.А нараас 21 385 164 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 16 175 216 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны урд хаягтай 30 м.кв худалдаа үйлчилгээ оёдлын цехийн зориулалтай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О , А.А нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.О ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу гудамжны 30/4 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-2204094610 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 486 151,90 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.О , А.А нараас 335 076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зээлийн гэрээний зөрчигдсөн хугацааны талаар харилцан адилгүй дүгнэлтийг хийсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа, уг хугацаа сунгагдсан эсэх талаар зохигчдоос бүрэн гүйцэд тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь эцэслэн шийдвэрлэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч би өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө аваагүй талаараа болон нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх байсан нотлох баримтууд байсан атлаа хэрэгт өгч чадаагүй талаараа тодорхой тайлбарласан. Хэдийгээр нэхэмжлэгч хууль зүйн мэдлэггүйн улмаас нэхэмжпэлийн шаардлагыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэн эрхийн заалтаа хэрэгжүүлж нэхэмжпэгчийн тайлбарыг үндэслэн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж нэхэмжпэгчээс нотлох баримтыг гаргуулан авч нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх ёстой байсан. Энэ нь бодит байдлыг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан болно. Нөгөө талаар шүүхээс зээлийн гэрээг сунгасан асуудал үнэн эсэх талаар хариуцагчаас тодруулалгүй орхигдуулсанд гомдолтой байна. Хэрэв энэ талаар хариуцагчаас тодруулсан бол нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд байгаа эсэх нь улам ч тодорхой болох байсан болно. Нэхэмжлэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж нэхэмжпэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг хариуцагч Б.О , А.А нар хэзээ гардан авсан нь тодорхойгүй, баримт огт байхгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Б.О , А.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37 560 380 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болон зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь татгалзалдаа бизнесийн үйл ажиллагаа доголдсон, ковид цар тахал гарсантай холбоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас төлбөр төлөх боломжгүй болсон гэж 2 үндэслэл заан маргасан.

 

Хариуцагч нь 2019 оны 8 дугаар сараас эхэлж гэрээний үүрэг зөрчсөн гэж, нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн гэрээний үүрэгт 37 560 380 төгрөг шаарджээ. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөн хөрөнгийг ямар бизнест зарцуулсан нь хэзээнээс доголдсон шалтгаан болон ковид цар тахал өвчин гарсан нь гэрээний үүргээ биелүүлэхэд нөлөөлсөн эсэх үйл баримтыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний талаар маргасантай холбогдуулан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар талуудыг мэтгэлцүүлж тухайн үйл баримтыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь алдаа болжээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хангаагүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03509 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ