Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2021/03567

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        11         04                                     101/ШШ2021/03567         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О,

 

Хариуцагч: А.А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 55,163,145 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагч бөгөөд хариуцагч А.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Ц.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И ББСБ” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №18/41 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 /хорин сая/ төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр №18/52 тоот зээлийн гэрээгээр 8,000,000 /найман сая/ төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нийт 28,000,000 /хорин найман сая / төгрөгийг иргэн Б.О, А.А нарт зээлдүүлсэн.

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаяг бүхий 40 м.кв талбайтай, Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай иргэн Б.О-ийн өмчлөлийн нэг хүний, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Талууд зээлийн болон барьцааны гэрээг хуульд нийцүүлэн байгуулан, нотариатаар баталгаажуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг хүчин төгөлдөр болгосон.

Гэтэл хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 08 дугаар сараас эхлэн огт биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлөлтийг төлөөгүй байна. Ингээд манай зүгээс төлбөрийг төлүүлэхийн тулд хариуцагч Б.О-ийн ажлын байранд очиж, 2020.05.08-нд 100,000 төгрөг, 2020.05.10-нд 60,000 төгрөг, 2020.05.13-нд 100,000 төгрөг, 2020.05.14-нд 50,000 төгрөг, 2020.05.16-нд 100,000 төгрөг тус тус авсныг бүгдийг зээлийн төлбөрт суутгаж тооцсон.

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хариуцагч Б.О, А.А нарт холбогдуулан үндсэн зээл 28,000,000 төгрөг, үндсэн хүү 7,729,410 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,830,970 төгрөг, нийт 37,560,380 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах, барьцаа хөрөнгө Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаяг бүхий 40 м.кв талбайтай, Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

Гэтэл хариуцагч Б.О нь тухайн үед Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны урд хаягтай 30 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 0 тоот нэгж талбарын дугаартай газрыг барьцаалаагүй бөгөөд газар байдаг тухай хэлээгүй бөгөөд тэрээр барьцааны үл хөдлөх хөрөнгө нь газар эзэмших гэрчилгээний хамт хүчинтэй гэдгийг мэдсээр мөртлөө гаргаж өгөөгүй, үүнийгээ манай ажилтанг нэхээгүй гэдэг шалтгаан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үүргийн гүйцэтгэлийг газраар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн.  

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020.01.07-ны өдөр дуусгавар болсон, тэрээр хуримтлагдсан хүүгээ төлсөн тул Б.О-ийн хүсэлтийн дагуу гэрээг сунгасан.

Б.О нь 2020.01.07-ны өдөр А.У-тай 3,000,000 төгрөгийн, бэр Н.Б нь 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авснаас Б.О 2,500,000 төгрөгийг хүүд төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021.01.20-ны өдөр дуусгавар болсон.

2018.05.14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг төлөгдөөгүй, хүүд 2018.06.14-ний өдрөөс 2020.05.14-ний өдөр хүртэлх хугацаанд хүүд 11,632,954 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 799,803 төгрөг, нийт 12,432,757 төгрөг,

2018.07.19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг төлөөгүй, 2018.08.19-ний өдрөөс 2020.01.07-ны өдөр хүртэлх хугацаанд хүүд 3,947,309 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 208,628 төгрөг, нийт 4,155,937 төгрөг, 2 гэрээний үүрэгт хүүд нь бүгд 16,588,694 төгрөгийн хүү төлсөн, үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй.

Б.О нь зээлийг өөрийн бэр Н.Б-ийн ХААН банкны дансанд хийж өгөхийг хүссэн хүсэлтийг бичгээр гаргасан учраас зээлийг уг дансанд шилжүүлсэн.

Манай ББСБ нь гэрээ байгуулах үед 2018 оны 05 сард данс нээлгээгүй байсан, 2018.07.02-ны өдөр данстай болсон учраас зээлийн төлбөрийг үүсгэн байгуулагч н.Д-ийн дансаар хүлээн авсан.

Анх нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг шийдэгдэхгүй өдий хүрч байгаа бөгөөд Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй,

/шинэ хуулийн/ 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн болно.

Иймд хариуцагч Б.О, А.А нараас үндсэн зээл 28,000,000 төгрөг, үндсэн хүү 23,512,778 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,650,367 төгрөг, нийт 55,163,145 төгрөг нэхэмжилж байна. 

Хүүд нэхэмжилсэн 23,512,778 төгрөг дараах байдлаар задарна. Үүнд: 20,000,000 төгрөгийн хүүд 16,811,978 төгрөг /гэрээний хугацааны хүү 10,828,416 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 5,983,562 төгрөг/,

8,000,000 төгрөгийн хүүд 6,700,801 төгрөг /гэрээний хугацааны хүү 4,353,403 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 2,347,398 төгрөг/ тус тус болно.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ биелүүлэхгүй бол барьцааны зүйл Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаяг бүхий 40 м.кв талбайтай, Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай иргэн Б.О-ийн өмчлөлийн нэг хүний, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо 0 дугаар байрны урд хаягтай З0 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай №0 тоот нэгж талбарын дугаартай газраар хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч А.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И ББСБ” ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөг зээлж аваад зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байсан.

Гэтэл 2018.07.01-ний өдөр Ж.О гэдэг хүн 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, А рестораныг түрээсэлнэ гэж орж ирсэн. Ажилчид зохион байгуулагч нар үйл ажиллагааг жигдрүүлэх зэргээр үйл ажиллагаанд оролцож эхэлнэ, чи түрээст санаа зовох зүйлгүй, наад байгууллага чинь манай байранд үйл ажиллагаа явуулдаг, танай түрээсийг би зохицуулна гэсэн. Тэр хүний талаар Д.Э захирал найдвартай хүн гээд байсан юм. Үүнээс болоод түүний төлбөр нь бараг 10 гаруй сая төгрөг болсон. Тэгээд тэр хүн байранд орж түлхүүр авчхаад засвар хийж байна гээд цоожлоод явчихсан, утсаар нь ярихаар бараандаа явж байна гээд 8 сар хүртэл алга болчихсон.

“И ББСБ” ХХК нь надад зээл олгохдоо газар гэрчилгээтэй эсэхийг асууж байгаагүй. Зээлийн барьцаанд зөвхөн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны урд хаягтай 30 м.кв худалдаа үйлчилгээний барилгыг тавихаар тохиролцсон. Тус байгууллагын зээлийн эдийн засагч болон ажилчид нь ирж үзэж харж яваад зөвшөөрсөн. Гэтэл барьцааны гэрээгээр барьцаалаагүй Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны урд дахь 30 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 0 тоот гэрчилгээтэй газраар үүргийн гүйцэтгэл хангуулна гэдгийг зөвшөөрөхгүй.  

Уг байгууллага нь анхнаасаа зөвхөн байшинг барьцаалахаар тохирчихоод одоо болохоор ийм сонин үйлдэл гаргаад байгаа нь зохимжгүй байна. Би байшингаа барьцаална гэсэн, тэгээд байшингаа барьцаалсан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш газартай гэдгийг мэдсэн.

Би 28,000,000 төгрөгийн зээл авсан, уг мөнгийг миний дансанд шилжүүлэх байтал шилжүүлээгүй нь хуульд нийцэхгүй, энэ асуудлаар Монгол банкинд хандах болно. Гэрээ нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна.

Зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг дандаа хувь данс буюу н.Д болон Д.Э-ийн хувийн дансаар төлж байсан, танай байгууллагын дансанд төлье гэхэд Б.Э захирал нь гэрээнд тусгасан ХААН банкны дансанд төлбөрийг битгий хийгээрэй, манайд данс байхгүй гэж байсан.

Уг нь миний бие ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан гэж бодсон, гэтэл Д.Э захирал нь өдрийн зээл гаргадаг Б.У гэдэг хүнтэй танилцуулж, түүнтэй зээлийн гэрээ байгуул гэсэн, ингээд өдөрт 33,000 төгрөг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээний мөнгийг Н-ийн данс руу шилжүүлэхээр гэрээнд тусгасан, гэтэл Н-ийн данс руу миний төлсөн мөнгө орсон байгааг ойлгохгүй байна. 

Үүнээс болоод би энэ банкны байтугай өөр банкны өр зээлийг төлж чадахаа больсон, мөн энэ байгууллагын өрийг төлөх гээд авсан өдрийн зээлээ одоог болтол төлж чадахгүй явна. Уг нь эдний Солонгос захирал нь манай бэр Н.Б-тэй уулзаад төлбөрийг боломжоороо төлөөрэй гэсэн юм.   

Иймд Ковид цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа доголдсоноос эдийн засаг зогсонги байдалд орсон, мөн нэхэмжлэгч нь хууль зөрчсөн зээлийн гэрээ байгуулсан байх тул “И” ББСБ-ын нэхэмжилсэн 55,163,145 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь хариуцагч Б.О, А.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,560,380 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагыг 17,602,045 төгрөгөөр ихэсгэж, нийт 55,163,145 төгрөг болгосон байх ба хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.   

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

“И ББСБ” ХХК, зээлдэгч Б.О, А.А нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №18/41 дугаартай зээлийн гэрээ  байгуулагдсан, уг гэрээгээр 20,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувь, 12 сарын хугацаатай, хөрөнгө оруулалт хийх зориулалттай байхаар,

Мөн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр №18/52 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 8,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувь, 12 сарын хугацаатай, хөрөнгө оруулалт хийх зориулалттай байхаар тус тус тохиролцжээ.

 

/хх-ийн 7-12 тал/

 

Мөн талууд 2019.01.14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай №18/41А дугаартай гэрээгээр 2018.05.14-ний өдрийн 18/41 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 20,000,000 төгрөг төлөгдөөгүй, энэхүү гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөрт 5,638,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 391,221 төгрөг төлсөн, гэрээний хугацааг 2020.01.14-ний өдөр хүртэл, 12 сарын хугацаатай сунгах,

-2019.01.21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах №18/52А дугаартай гэрээгээр 2018.07.19-ний 18/52 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 8,000,000 төгрөг төлөгдөөгүй, уг гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөрт 1,693,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 212,641 төгрөг төлсөн, гэрээний хугацааг 2020.01.19-ний өдөр хүртэл, 12 сарын хугацаатай сунгах талаар тохиролцсон.

 

/хх-ийн 137-140 тал/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож талууд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №18/41 дугаартай, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №18/52 дугаартай барьцааны гэрээгээр зээлдэгч нар нь Б.О-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулжээ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т:Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т: “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2018.05.14-ний өдрийн №18/41 дугаартай барьцааны гэрээ, 2018.07.19-ний өдрийн №18/52 дугаартай барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. 

 

/хх-ийн 13-17 тал/

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д: “Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заажээ.

 

Нэгж талбарын 0 дугаар бүхий, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар байрны урд байрлалтай, худалдаа, үйлчилгээ /оёдлын цех/ зориулалтаар 10 жилийн хугацаатай, 30 м.кв газар эзэмших эрх бүхий №000317083 тоот гэрчилгээг Б.О-т олгосон байх ба энэхүү газрын гэрчилгээнд уг газрыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан талаарх тэмдэглэл хийгдээгүй байгаа нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож, барьцаалсан барьцааны гэрээг зохих газрын албанд бүртгүүлж, тэмдэглэл хийлгэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

/хх-ийн 62-66 тал/    

 

Хариуцагч нар “Ковид” цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа доголдсон, үүнээс болж эдийн засаг зогсонги байдалд орсон, мөн нэхэмжлэгч нь хууль зөрчиж зээлийн гэрээ байгуулсан, гэрээний зүйл 28,000,000 төгрөгийг зээлдэгч бус этгээдэд олгосон, газар эзэмших эрх барьцаалаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж,

2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”,19.5-т “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно”, 19.6-т “Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно” гэж тус тус заасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд  2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №18/41 дугаартай зээлийн гэрээнд зээл олгох хэлбэрийг сонгоогүй,

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан №18/52 дугаартай зээлийн гэрээнд “дансанд” гэх хэлбэр сонгосон боловч дансны дугаар тодорхойгүй байхаас гадна зээлдүүлэгчээс зээлдэгч нарт зээлийн данс нээж, зээл олгосон болох нь тогтоогдсонгүй.

 

Зээлдүүлэгч “И ББСБ” ХХК нь гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг 2018.05.14-ний өдөр, 8,000,000 төгрөгийг 2018.07.20-ны өдөр тус тус зээлдэгч Б.О-ийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Н.Б-ийн ХААН банк ХХК-ийн 0 тоот дансанд шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу гэрээний зүйлийг өөр этгээдийн буюу Н.Б-н дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж,

1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, 

2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

 

Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь дээр дурдсан хуульд заасны дагуу зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлийн данс нээж, гэрээгээр тохирсон хэлбэрээр шилжүүлсэн гэх үүргээ биелүүлснийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь зээлдэгч нараас гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэхээр байна. 

 

Нэхэмжлэгч нь 2018.05.14-ний өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас хүүд 11,632,954 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 799,803 төгрөг, нийт 12,432,757 төгрөг,

2018.07.19-ний өдрийн 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүд 3,947,309 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 208,628 төгрөг, нийт 4,155,937 төгрөг, нийт 16,588,694 төгрөг төлсөн, үндсэн зээлийн төлөлт хийгдээгүй гэж тайлбарласан болно.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон, үүнээс болж эдийн засаг зогсонги байдалд орсон гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой хүсэлтийг зээлдүүлэгчид гаргаж байсантай холбоотой баримтыг болон зээлийн гэрээний үүрэгт 16,588,694 төгрөгөөс өөр буюу илүү төлсөн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иймд зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлийн данс нээж, гэрээгээр тохирсон хэлбэрээр шилжүүлсэн гэх үүргээ биелүүлсэн нь баримтаар нотлоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч нараас үндсэн зээл 28,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний дагуу хүүд төлсөн гэх 16,588,694 төгрөгийг хасч тооцон, үлдэх 11,411,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,751,839 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Б.О-ийн өмчлөлийн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна. 

 

Харин нэгж талбарын 0 дугаар бүхий, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар байрны урд байрлалтай, худалдаа, үйлчилгээ /оёдлын цех/ зориулалтаар 10 жилийн хугацаатай, 30 м.кв газар эзэмших эрх бүхий, №0 тоот гэрчилгээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн шаардлага нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасантай нийцэхгүй тул уг газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.О, А.А нараас зээлийн гэрээний үүрэгт 11,411,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,751,839 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.О, А.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

Б.О-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их тойруу гудамж, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,

Б.О-ийн эзэмшлийн нэгж талбарын 0 дугаар бүхий, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар байрны урд байрлалтай, худалдаа, үйлчилгээ /оёдлын цех/ зориулалттай, 30 м.кв газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.О, А.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 267,730.9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 732,112.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ