| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/00216/И |
| Дугаар | 192/ШШ2025/01170 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 395 862 305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А*******, Д.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Хариуцагч Б******* ХХК-ийн ерөнхий захирал Б.У******* нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 395 862 305-* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай компани Б******* ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 004 дугаартай Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний дагуу 3000 тонн арматур төмрийг нэг тонныг нь 1.690.000 төгрөгөөр тооцон нийт 5.070.000.000 төгрөгийн арматур нийлүүлэхээр тохиролцсон. Хариуцагч Б******* ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 35 удаагийн ачилтаар 3026,037 тонн буюу 5.114.002.530 төгрөгийн арматурыг авсан. Энэхүү 5.114.002.530 төгрөгөөс 3.123.749.825 төгрөгийг бэлнээр төлж, харин 1.726.344.500 төгрөгт дүйцэхүйц үл хөдлөх эд хөрөнгө буюу бартераар төлбөр төлсөн. Ингээд үлдэгдэл болох 263.908.205 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөхгүй, гэрээний заалтыг зөрчсөөр өдий хүрлээ. Тус гэрээний 6.1-д зааснаар худалдан авагч төлбөр төлөх хугацааг хоцроосон тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд алданги тооцоход 131.954.100 төгрөг болж байгаа. Иймд Б******* ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 263.908.205 төгрөг, алданги 131.954.100 төгрөг, нийт 395.908.205 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Амаар санал тавиад дараа нь гэрээгээ байгуулсан. Нийт 5 тэрбум 070 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Нийт 3 026 тонн арматур төмрийг 5 114 230 000 төгрөгийг арматурыг нийлүүлсэн худалдан авагч талаас бэлэн 3 123 749 825 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэх 1 726 344 500 төгрөгт дүйцэх үл хөдлөх хөрөнгийг төлсөн. Үлдэх 263 908 205 төгрөгийг нэхэмжлэл гаргах хүртэл буюу өнөөг хүртэл төлөөгүй байгаа. Гэрээний 6.1-д зааснаар хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол алданги төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Иймд үндсэн төлбөр болон алдангийн хамт 395 862 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ хэрэг анхан шатны шүүхээр орж хэлэлцэгдсэн, хариуцагч талаас давах гомдол гаргаад хэргийг буцаан дахин шийдвэрлүүлэхээр болсон. Үндэслэл нь Т******* ХХК-тай холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байна гээд яриад байна гээд буцаасан байдаг юм. Тухайн үед ийм хэрэг шалгагдаж байгаа талаарх мэдээлэл байгаагүй, дараа нь бид судлаад үзэхэд манайхыг шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч нь эрүүгийн журмаар гээд гомдол гаргасан байдаг юм. Энэ гомдол нь хаагдаад дууссан, энэ гомдол нь дахин сэргээсэн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Тооцооны зөрүү гарсан гэдэг боловч аль аль нь акт үйлдээд тооцоо нийлсэн, ня-бо мэйлд үзлэг хийсэн байдаг, мөн өмнөх шүүх хуралдааны явцад нягтлантай байнга мэйлээр тооцоо нийлдэг гэж тайлбарласан байдаг юм. Тиймээс зохигчийн тайлбар нь нотлох баримтаар үнэлэгдэнэ, энэ нь харилцан ажил хэргийн харилцаатай буюу тогтсон заншлын дагуу харилцсан гэсэн. Тиймээс эрүүгийн журмаар шалгагдах ямар ч үндэслэлгүй, тиймээс хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь өөрсдөө хуралдаандаа ч ирэхгүй, удаа дараа хойшлуулж, хугацаа хожиж байгааг анхаармаар байна гэв.
2.Хариуцагч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Талууд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр №004 дугаартай Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1 нэг тонн тус бүрийг нь 1 690 000 төгрөгөөр тооцож нийт 5 070 000 000 төгрөгийг арматурыг худалдаж авахаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу арматур худалдан авах ажиллагаа хэвийн явагдсан. Ийнхүү гэрээний явцад талуудын хооронд тооцоо нийлсэн актад тодорхой алдаа гарсны улмаас нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа шаардлагын дүн манай байгууллагын тооцоотой зөрүүтэй байна. Иймд Т******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гарган өгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэх болно гэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Б******* ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус компаниас 3000 тонн арматур төмрийг нэг тонныг нь 1.690.000 төгрөгөөр тооцон нийт 5.070.000.000 төгрөгийн арматур худалдан авахаар тохиолцсон. Дээрх гэрээний дагуу арматур төмөр худалдан авах ажиллагаа хэвийн явагдсан. Харин талуудын хооронд тооцоо нийлсэн актад тодорхой алдаа гарсны улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн манай байгууллагын тооцоотой зөрүүтэй байна. Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нөгөө талаар, Т ХХК-ийн нийлүүлсэн арматур төмөр нь жиндээ хүрээгүй, чанарын шаардлага хангаагүй төмөр нийлүүлсэн. Энэ талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст уг хэрэг шалгагдахаар 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 0230600293 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 2.137.261,5 төгрөг төлсөн баримт, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Ө.А*******д олгосон итгэмжлэл, Ө.А*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 004 дүгээр Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ, Б******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар мэдэгдэл, Б******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2010/А08 тоот хариу албан бичиг, Б******* ХХК-ийн худалдан авсан арматурын тооцоо нийлсэн хүснэгт, Т ХХК-ийн зарлагын баримт 41 хуудас, нэхэмжлэгчээс иргэн Б.Эт олгосон итгэмжлэл, мөн иргэн Д.Г*******д олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг,
хариуцагчаас иргэн П.Лд олгосон итгэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр Ц.Э, Б.Э нарыг оролцуулах тухай хүсэлт, Б******* ХХК-иас иргэн д олгосон итгэмжлэл, мөн Ц.Эод олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 0230600293 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа №02, Б******* ХХК-ийн худалдан авсан арматурын тооцоо нийлсэн хүснэгтийг баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б******* ХХК-тай бараа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 3000 тонн арматур төмрийг нэг тонныг 1 690 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, нийт 5 114 002 530 төгрөгийн арматур төмрийг нийлүүлсэн боловч 3 123 749 825 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэх 1 726 344 500 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгийг бартерт тооцон төлж, үлдэх 263 908 205 төгрөгийг өнөөг хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул хугацаандаа төлөөгүй алданги 131 954 100 төгрөгийн хамт нийт 395 862 300 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т******* ХХК-тай бараа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, арматур төмөр хүлээн авсан боловч тооцоо нийлсэн актад зөрүүтэй байдал үүсч, эрүүгийн журмаар уг маргаантай асуудал шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Т ХХК нь Б******* ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр №004 тоот Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б******* ХХК нь Т ХХК-иас 3000 тонн арматур төмрийг нэг тонныг нь 1 690 000 төгрөгөөр тооцон нийт 5 070 000 000 төгрөгийн арматур худалдан авахаар тохиролцсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг буюу худалдсан арматур төмрийн үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
6.1.Хэрэгт авагдсан Т ХХК-иас ирүүлсэн Б******* ХХК-ийн худалдан авсан арматурын тооцооны хүснэгт болон 41 хуудас бүхий зарлагын баримтаар 5 114 002 530 төгрөгийн арматур худалдсан, үүнээс хариуцагч нь 3 123 749 825 төгрөгийг мөнгөөр төлсөн дүн, 1 726 344 500 төгрөг бартерын дүн, нийт төлсөн дүн 4 850 094 325 төгрөг, авлагын дүн буюу үлдэгдэл 263 908 205 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч нар нь гарын үсгээ зурж, тэмдгээ даржээ.
6.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа тооцоо нийлсэн актад тодорхой алдаа гарсны улмаас нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа шаардлагын дүн манай байгууллагын тооцоотой зөрүүтэй байна, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гарган өгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэх болно гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй болно.
6.3.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийлүүлэгдсэн арматурын чанар шаардлага хангаагүй байсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байгаа гэж хэрэгт 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №0230600293 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг ирүүлсэн боловч Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №1905а дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор ...хэрэг бүртгэлтийн 230600293 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасугай гэжээ.
6.4.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэрээний доголдлын талаар буюу арматур нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаараа гомдол, санал гаргаж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр арматур нийлүүлэгдсэнээс хойш хариуцагчаас эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан талаарх баримтгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн байна.
6.5.Хэрэгт авагдсан хариуцагч Б******* ХХК-иас нэхэмжлэгч Т******* ХХК-нд хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2010/А08 дугаартай албан бичигтээ төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд багтаан төлбөр төлж дуусгахаар эрмэлзэж байгаа талаараа илэрхийлснээс эд хөрөнгийн доголдлын талаар дурдаагүй байна гэж үзэв.
6.6.Иймд хариуцагчаас бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт буюу үлдэгдэл арматурын үнэ болох 263 908 205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №004 тоот Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээний 6.1-д худалдан авагч төлбөр хийх хуваарийг хоцроосон хоног тутамд нийт үнийн дүнгээс 0,3 хувийн алданги тооцож үндсэн төлбөртэй хамт төлнө гэж харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид гүйцэтгээгүй үүрэг 263 908 205 төгрөгний 50 хувь болох 131 954 100 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хууль зөрчөөгүй байна.
7.1.Дээрх баримтыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б******* ХХК-иас бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт буюу үлдэгдэл арматурын үнэ болох 263 908 205 төгрөг, алданги 131 954 100 төгрөг, нийт 395 862 305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрлэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 137 261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 2 137 261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б******* ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 263 908 205 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 131 954 100 төгрөг, нийт 395 862 305 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 137 261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 2 137 261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН