Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00359

 

 

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00359

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02929 дугаар шийдвэртэй

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 656 333 857 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, түүний өмгөөлөгч ....., хариуцагчийн өмгөөлөгч ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ...........шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр С ХХК-тай Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 1 жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолт, уулын ажил гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр С ХХК гэрээ цуцлах тухай мэдэгдэл гэнэт ирүүлж, нутгийн иргэдийн эсэргүүцэл гараад байгаа учир ажлаа зогсоохыг хүсээд техникүүдийг уурхайн талбайд дахин оруулаагүй. Гэрээний 7.1-д зааснаар гэрээ цуцлах 30 хоногийн хугацаатай байхаар тохирсон боловч уг хугацааг баримтлаагүй болно. Иймд манай компани 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олборлолтын ажлаа зогсоогоод техник, ажиллах хүчээ өөрийн зардлаар татсан. Үүнээс хойш ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө авах гэсэн боловч С ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан гэх шалтгаанаар манай ажлын хөлсийг өгөхөөс татгалзаж ирлээ. Гэрээ цуцалсантай холбоотойгоор манай компанийн хувьд төлөвлөгдөөгүй техник, ажиллах хүчний татан авалт, сул зогсолтын илүү зардал, гэрээ цуцлах хугацаанд олох ёстой байсан ашгийн алдагдал хүлээгээд байна. Түүнчлэн энэхүү гэрээт ажилд зориулан тус компани нь өндөр үнэтэй техникүүдийг С ХХК-тай байгуулсан олборлолтын гэрээгээ сунгах нөхцөлийн дагуу захиалагчтай доод тал нь 2 жил хамтран ажиллана гэсэн тооцоолсноор Хера экуйпмент ХХК-иас энгийн түрээсээр, Хера майнинг экуйпмент ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээгээр 24 сарын хугацаагаар тус тус авсан болно. Гэтэл техникийн түрээсийн компаниуд гэрээний дагуу тооцоогоо өнөөг хүртэл хийж манай компанид илүү зардал, хохирол учруулсаар байна. Манай компанийн хувьд С ХХК-ийн зүгээс гэрээнд зааснаар, түүнчлэн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу цуцлах үндэслэл болох нөхцөл байдал үүсээгүй гэж үзнэ. Учир нь 1-рт Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ- ний 7.1 дэх хэсэг нь гэрээг цуцлах журамтай холбоотой заалт бол 7.2 дахь хэсэгт зааснаар захиалагч тал дангаар гэрээг цуцлах зөрчил гаргаагүй, энэ талаар хариуцагчийн мэдэгдэл дурдагдаагүй байна. 2-рт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй юм. Харин Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 7.3.2 дахь хэсэгт зааснаар буюу захиалагч тал гүйцэтгэгчийг гэрээт ажлыг саадгүй гүйцэтгэх боломжоор хангаагүй гэх үндэслэлээр гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Зохигчдын хоорондын санхүүгийн тооцоо нийлсэн актаар гэрээ цуцлах үе хүртэлх хугацаанд манай компанийн гүйцэтгэсэн бөгөөд төлөгдөөгүй ажлын хөлс нь 462 555 905 төгрөг байсан. Хариуцагч байгууллага 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөг төлөгдсөн байх тул түүнийгээ хасаж 437 555 905 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй. Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 4.18-д зааснаар тооцогдох алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас давсан учир 437 555 905 төгрөгийн алданги 218 777 955 төгрөг, нийт 656 333 857 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Баянтэс гэх нүүрсний уухайг нээн ажиллуулж байсан. Ашигт малтмалын олборлолтынхоо үйл ажиллагааны хүрээнд Ч ХХК, П ХХК нартай 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр "Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Поларинг инженеринг ХХК нь менежментийн ажлыг хийж гүйцэтгэх, Ч ХХК нь олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх, С ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээж байсан. Талуудын хооронд байгуулагдсан 3 талт гэрээний дагуу Ч ХХК нь ажлыг эхлүүлэхэд урьдчилгаа төлбөр шаардлагатай байгаа тухай илэрхийлж, ажлын хөлсний урьдчилгаанд 400 000 000 төгрөг шилжүүлэхийг хүсэж, төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсаны дараа манайд ирүүлсэн. Манай байгууллага Ч ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөрийг бүхэлд нь шилжүүлэн өгсөн болно. Гэрээ байгуулаад 8 сар гаруйн хугацаа өнгөрөхөд гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хоцроох болсон. Энэ талаар удаа шаардлага тавихад манай компани өөрийн гэсэн тоног төхөөрөмжгүйн улмаас ажил явуулах боломжгүй байна. Гэхдээ өөрийн тоног төхөөрөмжтэй Г ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр аваад, гурвалсан гэрээ байгуулаад хамтраад олборлолтын ажлаа хийе. Харин урьдчилгаа төлбөрийг манай компани Г ХХК-д хоорондын өглөг авлагын тооцоогоор шилжүүлэн төлөх болохоор танайх ажлын хөлснөөсөө хасаж болно гэсэн. Олборлолтын ажлаа зайлшгүй эхлүүлэх шаардлагатай байсан тул тэдгээрийн тавьсан саналыг хүлээн авч Ч ХХК, Г ХХК нартай 2017 оны 12 дугаар сарын 18-ны 2017/12.18.1 тоот Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж талууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Гэтэл Г ХХК нь мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг огт хийгээгүй. Тиймээс гэрээгээ Г ХХК-ийн нэр дээр шилжүүлье гэх саналыг тавьсан. Гэрээ байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн, урьдчилгаа төлбөр олгосон боловч ажил нэг ч хийгдээгүй тул тэдний тавьсан саналыг хүлээн зөвшөөрч Г ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан байдаг. Урьд олгогдсон 400 000 000 төгрөгийн тооцоог ажил гүйцэтгэх гэрээний дагуу олборлолтын ажил гүйцэтгэх явцад олгогдох төлбөр тооцооноосоо хасаж тооцох, харин одоо ажил гүйцэтгэхэд шаардлагатай урьдчилгаа төлбөрийг олгохыг хүссэн. Улмаар талууд гэрээнийхээ 3.3 дах хэсэгт 200 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг олгохоор харилцан тохиролцсон бөгөөд урьдчилгаа ажлын хөлсийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэгчид шилжүүлж өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т 1-р сард 300000 м.куб, 2-р сард 600 000 м.куб. 3-р сард нь 900 000 м.куб ажил гүйцэтгэж, 4-р сараас ажлыг жигдрүүлж сард 900 000 м.куб ажил гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээнд заасан хэмжээгээр ажил гүйцэтгээгүй. Энэ талаар Г ХХК-д удаа дараа сануулж, шаардлага тавьж байсан боловч үр дүн гараагүй хэвээр үргэлжилсээр гэрээ цуцлагдсан. Талууд гэрээнд заасан хуваарьт хугацаанд тооцоо нийлж, С" ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу бүрэн биелүүлж ирсэн болох нь тодорхой харагдана. Хамгийн сүүлд Г ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлэхэд 437 555 905 төгрөгийг төлөгдөөгүй талаар тооцоо гарсан. Уг төлбөрөөс 400 000 000 төгрөгийг С ХХК нь төлсөн бөгөөд одоогийн төлбөр тооцоо нь 37 555 905 төгрөг байгаа. Энэ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин үлдэх 400 000 000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь алдангид 218 777 955 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсанчлан манай компанийн Г ХХК-д төлөх төлбөрийн хэмжээ нь 37 555 905 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д гэрээний талуудын үйл ажиллагаанаас үл хамаарах гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр /газар хөдлөлт, үер усны гамшиг, гал түймэр, дайн байлдаан, халдварт өвчин, хөл хорио, төр засгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, иргэдийн бослого, тэмцэл, үймээн гэх мэт/ талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хугацаанд биелүүлээгүй байсан нь талуудад хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж заасан. Төрийн эрх бүхий байгууллагын гэнэтийн шийдвэр, үйл ажиллагааны улмаас манай байгууллагын үйл ажиллагаа доголдож, орлого олох эх үүсвэр хаагдаж, хамтран ажиллагч хуулийн этгээдүүдэд төлбөл зохих төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хариуцлага буюу алдангиас төлөх үндэслэлд зайлшгүй хамаарах юм. Иймд дээрх нөхцөл байдал, гэрээний 5.1-д заасан үндэслэлээр алдангийн төлбөрөөс бүхэлд нь чөлөөлж өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан С ХХК-иас 437 555 905 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 218 777 955 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 627 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 345 729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнгөнтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй. Шүүх хавтаст хэрэгт баримтаар авагдсан тооцоо нийлсэн актыг хариуцагчийн тайлбар, татгалзалтай харьцуулалгүй, шууд л зохигчид 437 555 905 төгрөгийн өглөг, авлагатай буюу хариуцагч уг төлбөрийг төлөх ёстой гэх байдлаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хариуцагч нь нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн агуулга, зорилго нь Г ХХК-ийн нийт олборлосон нүүрсний хэмжээ, тус компанид С ХХК-иас шууд өгсөн төлбөрийн дүнг тодорхой болгож, улмаар Г ХХК-ийн барьцаагаар хангагдсан 400 000 000 төгрөгийн олборлолт хийх үүргийг хасуулах байсан бөгөөд ийм ч учраас шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хүртэл нэхэмжлэгчтэй тооцоо нийлж байсан. Хавтаст хэргийн 66-р талд захиалагч С ХХК, гүйцэтгэгч Ч ХХК, П ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх 3 талт гэрээ авагдсан. Уг гэрээгээр С ХХК нь Ч ХХК-иар Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд олборлолтын ажлыг эхлүүлэхэд шаардагдах анхны санхүүжилтэд зориулж 400 000 000 төгрөгийг С ХХК нь Ч ХХК-д шилжүүлэх, хожим гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажпын гүйцэтгэл буюу ажлын хөлснөөс дээрх 400 000 000 төгрөгийг хасуулахаар тус гэрээний 3.6, 3.7 дугаар зүйлүүдэд тусган тохиролцсон байдаг. Улмаар С ХХК нь Баянтэсийн нүүрсний ордоос олборлолтын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 400 000 000 төгрөгийг Ч ХХК-руу шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэгч талаас Ч ХХК, Г ХХК нар, захиалагч С ХХК гэх 3 тал Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний 3.7-д гүйцэтгэгчийн уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардалд 214 900 000 төгрөгийг захиалагч тал гэрээ байгуулахаасаа өмнө урьдчилан шилжүүлсэн байх бөгөөд энэхүү зардлыг энэ гэрээний 3.4-т заасантай адил нөхцөлөөр суутган тооцно. Энэхүү төлбөрийн барьцаа нь энэ гэрээний хавсралт 4-т дурдсан гэрээгээр зохицуулагдана гэж заасан. Мөн гэрээний 3.8-р зүйлд гүйцэтгэгчийн баирлах түр кэмпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт болох 185 100 000 төгрөгийг захиалагч тал шилжүүлсэн бөгөөд нийт 24 сараар элэгдэл байгуулан түр кемпэд байрлах хугацааны элэгдлийн зардлыг захиалагч тал хариуцан үлдэх өртгөөр нь гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх ба үлдэх өртгийг тухайн шилжүүлэх өдрөөс хойш 12 сарын хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно. Шинэчлэн байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч Г ХХК-ийн нийт хувьцааны 47.5%-ийг эзэмшигч Г ХХК нь Ч ХХК-ийн хамт нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх үүргийг хамтран хүлээж, улмаар Ч ХХК-руу шилжүүлсэн 400 сая төгрөгт олборлолт хийх үүргийн баталгаа болгож машин, тээврийн хэрэгслүүдээ барьцаалж барьцааны гэрээнүүд байгуулсан болно. Өөрөөр хэлбэл, Г ХХК, Ч ХХК-иуд нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон. Үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох бөгөөд Г ХХК болон Г мине ХХК-иудын захирал Ч.Алтангэрэл нь урьдчилгаа санхүүжилт 400 000 000 төгрөгийг ажлын хөлснөөсөө хасуулна гэж амлалт өгч, эд хөрөнгөө барьцаалах байдлаар итгэл төрүүлсний үндсэн дээр Г мине ХХК-раа олборлолтын ажил гүйцэтгүүлэх боломжийг олж авсан байдаг. Олборлолтын ажлын хэмжээ нь асар их буюу тусгай зөвшөөрлийн хугацаанд тухайн нүүрсний ордын батлагдсан нөөцийг бүрэн ашиглаж хийгдэх бөгөөд 400 000 000 төгрөг нь ойролцоогоор 117 тн л нүүрс олборлох хөлс юм. Ийнхүү олборлолтын ажпын хэмжээ 400 000 000 төгрөгөөр хязгаарлагдахгүй учраас Г мине ХХК-тай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд олборлолтын ажил гуйцэтгэх ерөнхий нөхцөлийг тусгасан. Харин анхан шатны шүүх Г ХХК, Г мине ХХК-иуд нь тус тусдаа гэрээтэй учраас Г мине ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг Г ХХК, Ч ХХК-ийн өрөнд суутгах ёсгүй гэх дүгнэлт хийсэн нь гэрээ байгуулагдсан бодит нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлт болсон учраас гомдолтой байна. Мөн гэрч Д.Сүхтулгын шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлгээр давхар нотлогддог. Гэвч шүүх гэрчийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлээгүй тухайгаа шийдвэртээ дурдаагүй.

Шүүх нотлох баримт бүрдүүлэх талаарх хариуцагчийн хүсэлтийг хангаагүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй талаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр Ч ХХК- ийн гүйцэтгэх захирал Н.Пүрэвдоржийг гэрчээр асуулгах, тус компанийн лавлагааг улсын бүртгэлээс гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүй байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г ХХК, Г мине ХХК-иудын нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй, үйл ажиллагаанаас нь ашиг хүртдэг эцсийн өмчлөгчийн мэдээллийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас эцсийн өмчлөгчийн мэдээллийг гаргуулан авах ажиллагааг хийгээгүй. Хур системээс хуулийн этгээдийн лавлагааг гаргуулж хавтаст хэрэгт хавсаргасан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн лавлагаа гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тухайд: Хавтаст хэрэгт Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх нэртэй 3 гэрээ нотлох баримтаар авагдсан. Эдгээр гэрээнүүдээс дүгнэхэд: Г ХХК, Ч ХХК-иуд нь 2017 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн гэрээг хариуцагчтай байгуулж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу Саудгоби коал транс ХХК нь үүргийн гүйцэтгэлийг дан ганц Г ХХК-иас шаардах эрхтэй болно. Нөгөө талаас Г ХХК нь өөрийн болон харилцан хамаарал бүхий хуулийн этгээд Г майнинг ХХК, А нарын өмчлөлийн тээврийн хэрэгслийг 400 000 000 төгрөгийн олборлолтын ажлыг гүйцэтгэх барьцаа болгон Саудгоби коэл транс ХХК-тай барьцааны гэрээнүүд байгуулсан нь Ч ХХК-тай хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг давхар нотолж байгаа юм. Улмаар Г ХХК нь дээрх гэрээний үүргээ гүйцэтгэхийн тулд өөрийн хараат компани болох нэхэмжлэгч Г мине ХХК-ийгтатан оролцуулж /Иргэний хуулийн 347.1, 210.1/ олборлолтын ажил гүйцэтгүүлсэн бөгөөд энэ үйл баримт нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Г ХХК нь Готикгопд ХХК-ийн өмнөөс олборлолтын ажил гүйцэтгэж ажлын үр дүнг Саудгоби коэл транс ХХК-д шилжүүлсэн нь Г ХХК- ийн олборлолтын ажил гүйцэтгэх үүргийг зөвшөөрснийг нотлох бөгөөд 400 000 000 төгрөгөөс илүү давсан олборлолтын ажлын хөлсөө 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу шаардах эрхтэй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 37 555 905 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний дутуу төлбөрт 437 555 905 төгрөг, алдангид 218 777 955 төгрөг, нийт 656 333 857 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 37 555 905 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байна. /хх.10-14/ Уг гэрээнд зааснаар гүйцэтгэгч Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолтын ажлыг 1 жилийн хугацаатайгаар хийхээр 1 метр куб уулын цулд 3400 төгрөг байхаар тооцож тохиролцсон байна.

Гэрээний 1.2-т гэрээний хавсралтын талаар заасан, уг хавсралтад ажлын хэмжээ, хуваарь, тоног төхөөрөмжийн жагсаалт, ажиллах хүч зэрэг асуудлын талаар нэг бүрчлэн тохиролцжээ. Мөн гэрээний 3.3-т ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх хуваарийн талаар тохиролцсон байна. Урьдчилгааг 200 000 000 төгрөг байхаар, 3.4-т захиалагч нь ажил гүйцэтгэх эхний 3 сарын ажилчдын цалин, кемп болон урсгал зардлууд төлбөр гэх мэт зардлуудын тодорхой хувь болгож эхний сар 400 000 000 төгрөг, хоёр дахь сард 500 000 000 төгрөг, гурав дахь сард 600 000 000 төгрөгийг тус бүр гүйцэтгэгч талд шилжүүлэхээр дараагийн саруудын төлбөрийг гүйцэтгэсэн ажлын хэмжээн дээр үндэслэн 100 хувь төлөхөөр харилцан тохирчээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С ХХК нь Г ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр СКГ/01-83 тоот албан бичиг хүргүүлж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээнээсээ татгалзаж байгаа тухайгаа мэдэгдэж, нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олборлолтын ажлаа зогсоосон үйл баримт тогтоогдсон байна.

Хэргийн 15-17 дугаар талд талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 05, 2019 оны 6 дугаар сарын 13, 2019 оны 6 дугаар сарын 21, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд хийсэн тооцоо нийлсэн акт нотлох баримтаар авагдсан, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн актаас үзэхэд 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хэмжээг, тохирох үнийн дүнгийн хамт бичиж, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 462 555 905 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, улмаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хариуцагч тал нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр талууд 437 555 905 төгрөгийн өглөг, авлагатай болох талаар тооцоо нийлжээ ./хх.62-65/

Хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажил гүйцэтгэгч захиалагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсөө шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч С ХХК-аас 437 555 905 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч байгууллага 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хоногийн алдангид 218 777 955 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар алданги нь гэрээний үүргийн биелэлтийг хангах нэг арга бөгөөд цуцлагдсан гэрээнд алданги тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн ...Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг Г ХХК Ч ХХК-ийн өрөнд суутгах ёсгүй гэх дүгнэлт хийсэн нь бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. Учир нь, хариуцагч байгууллагаас Ч ХХК-д шилжүүлсэн 400 000 000 төгрөгийг Г ХХК-ийн ажлын хөлсөнд тооцогдох үндэслэл тогтоогдохгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт буруу биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02929 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО