Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/02929

 

 

 

 

 

 

 

 

 

 2020           10             29                                              183/ШШ2020/02929

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ............ тоот хаягт байрлах “Г” ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт байрлах “С” ХХК /РД:0000000/-д холбогдох,

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 656 333 857 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.М, нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Манай компани 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “С” ХХК-тай “Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г нэг жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Бийн нүүрсний уурхайд олборлолт, уулын ажил гүйцэтгэж ирсэн. Гэтэл “С” ХХК 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл гэнэт ирүүлж, нутгийн иргэдийн эсэргүүцэл гараад байгаа учир ажлаа зогсоохыг хүсээд техникүүдийг уурхайн талбайд дахин оруулаагүй бөгөөд гэрээний 7.1-д зааснаар гэрээ цуцлах 30 хоногийн хугацааг баримтлаагүй болно. Иймд манай компани 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олборлолтын ажлаа зогсоогоод техник, ажиллах хүчээ өөрийн зардлаар татсан. Үүнээс хойш ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө авах гэсэн боловч “С” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан гэх шалтгаанаар манай ажлын хөлсийг өгөхөөс татгалзаж ирлээ. Гэрээ цуцалсантай холбоотойгоор манай компанийн хувьд төлөвлөгдөөгүй техник, ажиллах хүчний татан авалт, сул зогсолтын илүү зардал, гэрээ цуцлах хугацаанд олох ёстой байсан ашгийн алдагдал хүлээгээд байна. Түүнчлэн энэхүү гэрээт ажилд зориулан тус компани нь өндөр үнэтэй техникүүдийг “С” ХХК-тай байгуулсан олборлолтын гэрээгээ сунгах нөхцөлийн дагуу захиалагчтай доод тал нь 2 жил хамтран ажиллана гэсэн тооцооллоор “Х” ХХК-иас энгийн түрээсээр, “Х” ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээгээр 24 сарын хугацаагаар тус тус авсан болно. Гэтэл техникийн түрээсийн компаниуд гэрээний дагуу тооцоогоо өнөөг хүртэл хийж манай компанид илүү зардал, хохирол учруулсаар байна. Манай компанийн хувьд “С” ХХК-ийн зүгээс гэрээг түүнд зааснаар, түүнчлэн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу цуцлах үндэслэл болох нөхцөл байдал үүсээгүй гэж үзнэ. Учир нь 1-рт “Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”- ний 7.1 дэх хэсэг нь гэрээг цуцлах журамтай холбоотой заалт бол 7.2 дахь хэсэгт зааснаар захиалагч тал дангаар гэрээг цуцлах зөрчил гаргаагүй, энэ талаар хариуцагчийн мэдэгдэл дурдагдаагүй байна. 2-рт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй юм. Харин “Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 7.3.2 дахь хэсэгт зааснаар буюу захиалагч тал гүйцэтгэгчийг гэрээт ажлыг саадгүй гүйцэтгэх боломжоор хангаагүй гэх үндэслэлээр гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Зохигчдын хоорондын санхүүгийн тооцоо нийлсэн актаар гэрээ цуцлах үе хүртэлх хугацаанд манай компанийн гүйцэтгэсэн бөгөөд төлөгдөөгүй ажлын хөлс нь 462,555,905.10 төгрөг байсан болно.  Улмаар 2019.10.01-ний өдөр 25 000 000 төгрөг төлөгдсөн байх тул түүнийгээ хасаж 437 555 905 төгрөгийн үлдэгдэлтэй болоод байна. “Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 4.18-д зааснаар тооцогдох алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас давсан учир 437 555 905 төгрөгийн алданги 218 777 955 төгрөг, нийт 656 333 857 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, төлбөр тооцооны талаар: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлд 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ''С” ХХК-тай “Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу 462,55,905.10 төгрөг, алдангид 231,277,952.55 төгрөг, нийт 693,833,857.65 төгрөг гаргуулах гэжээ. “С” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МУ-0000000 тусгай зөвшөөрлийг 2042 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар эзэмших, ашигт малтмалын ашиглалтын МУ-000000 дугаар тусгай зөвшөөрлийг 2045 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмших эрхтэй байсан ба эдгээр тусгай зөвшөөрлүүдийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Б гэх нүүрсний уухайг нээн ажиллуулж байсан билээ. Ашигт малтмалын олборлолтынхоо үйл ажиллагааны хүрээнд “Ч” ХХК, “П” ХХК нартай 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр "Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр "П” ХХК нь менежментийн ажлыг хийж гүйцэтгэх, "Ч” ХХК нь олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх, “С" ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээж байсан. Талуудын хооронд байгуулагдсан 3 талт гэрээний дагуу “Ч” ХХК нь ажлыг эхлүүлэхэд урьдчилгаа төлбөр шаардлагатай байгаа тухай илэрхийлж, ажлын хөлсний урьдчилгаанд 400,000,000 төгрөг шилжүүлэхийг хүсэж, төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсаны дараа манайд ирүүлсэн. Улмаар манай байгууллага төлбөрийн чадваргүй байсан тул ашиглалтад оруулаад байсан уурхайдаа олборлолтоо яаралтай эхлүүлэхийн тулд “Х” ХХК-иас 400,000,000 төгрөг зээлж, “Ч ХХК рүү 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөрийг бүхэлд нь шилжүүлэн өгсөн болно. Гэрээ байгуулаад 8 сар гаруйн хугацаа өнгөрөхөд гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хоцроох болсон. Энэ талаар удаа шаардлага тавихад “манай компани өөрийн гэсэн тоног төхөөрөмжгүйн улмаас ажил явуулах боломжгүй байна. Гэхдээ өөрийн тоног төхөөрөмжтэй “Г” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр аваад, гуравласан гэрээ байгуулаад хамтраад олборлолтын ажлаа хийе. Харин урьдчилгаа төлбөрийг манай компани “Г” ХХК-д хоорондын өглөг авлагын тооцоогоор шилжүүлэн төлөх болохоор танайх ажлын хөлснөөсөө хасаж болно” гэсэн. Олборлолтын ажлаа зайлшгүй эхлүүлэх шаардлагатай байсан тул тэдгээрийн тавьсан саналыг хүлээн авч “Ч” ХХК, “Г” ХХК нартай 2017 оны 12 дугаар сарын 18-ны 2017/12.18.1 тоот “Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулж талууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Гэтэл “Г” ХХК нь мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг огт хийгээгүй. “Г” ХХК, “Ч” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг амаар удаа дараа шаардсан. Сүүлдээ “Ч” ХХК, түүний гүйцэтгэх захирал Н. П нь утсаа авахаа больсон. Ингээд “Г” ХХК нь “Г" ХХК гээд манай охин компани байгаа. Би тус компанийн гүйцэтгэх захиралаар давхар ажилладаг. Тус компани нь манай компанийн нэгэн адил ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тул тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд хүчин чадал сайтай. Тиймээс гэрээгээ “Г” ХХК-ийн нэр дээр шилжүүлье ” гэх саналыг тавьсан. Гэрээ байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн, урьдчилгаа төлбөр олгосон боловч ажил нэг ч хийгдээгүй тул тэдний тавьсан саналыг хүлээн зөвшөөрч “Г” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсан байдаг. Урьд олгогдсон 400,000,000 төгрөгийн тооцоог ажил гүйцэтгэх гэрээний дагуу олборлолтын ажил гүйцэтгэх явцад олгогдох төлбөр тооцооноосоо хасаж тооцох, харин одоо ажил гүйцэтгэхэд шаардлагатай урьдчилгаа төлбөрийг олгохыг хүссэн. Улмаар талууд гэрээнийхээ 3.3 дах хэсэгт 200,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг олгохоор харилцан тохиролцсон бөгөөд урьдчилгаа ажлын хөлсийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэгчид шилжүүлж өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т 1-р сард 300,000 мЗ, 2-р сард 600.000 мЗ. 3-р сард нь 900,000 мЗ ажил гүйцэтгэж, 4-р сараас ажлыг жигдрүүлж сард 900,000 мЗ ажил гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээнд заасан хэмжээгээр ажил гүйцэтгээгүй. Энэ талаар “Г” ХХК-д удаа дараа сануулж, шаардлага тавьж байсан боловч үр дүн гараагүй хэвээр үргэлжилсээр гэрээ цуцлагдсан. Талууд гэрээнд заасан хуваарьт хугацаанд тооцоо нийлж, “С" ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу бүрэн биелүүлж ирсэн болох нь тодорхой харагдана. Хамгийн сүүлд “Г” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлэхэд 437,555,905.10 төгрөгийг төлөгдөөгүй талаар тооцоо гарсан. Уг төлбөрөөс 400.000.000 төгрөгийг “С” ХХК нь төлсөн бөгөөд одоогийн төлбөр тооцоо нь 37.55,905.10 төгрөг байгаа. Энэ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин үлдэх 400,000,000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алдангийн талаар: Нэхэмжлэгч нь алдангид 218 777 955 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсанчлан манай компанийн “Г” ХХК-д төлөх төлбөрийн хэмжээ нь 37,55,905.10 төгрөг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийн үйл ажиллагааг буруушааж, буруу, ташаа мэдээлэл гарч эхэлснээс хойш хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил үйлчилгээ үзүүлж байсан иргэд хуулийн этгээдүүд ажлын хөлс, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ар араасаа шил даран нэхэмжлэх болсон. Мөн тусгай зөвшөөрөл цуцлагдсаны улмаас уурхайгаас олборлоод байсан нүүрсээ худалдан борлуулах, захиалагч талдаа нийлүүлэх ямар ч боломжгүй болсон. Бид олборлосон нүүрсээ худалдан борлуулж, өртэй иргэд, аж ахуй нэгж байгууллагадаа үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлагатай байгаа талаар удаа дараа төрийн шат шатны байгууллагад тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл албан ёсоор шийдвэрлэлгүй бидний орлого олох боломжгүй нөхцөл байдалд хүргэж, их хэмжээний төлбөрийн дарамт, өрөнд орсон.Тус шүүхэд "С” ХХК-д холбогдох ажлын хөлс, бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг гаргуулах гэсэн хэд хэдэн маргаан шийдвэрлэгдсэнийг та бүхэн мэдэх буй за. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д “Гэрээний талуудын үйл ажиллагаанаас үл хамаарах гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр /газар хөдлөлт, үер усны гамшиг, гал түймэр, дайн байлдаан, халдварт өвчин, хөл хорио, төр засгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, иргэдийн бослого, тэмцэл, үймээн гэх мэт/ талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хугацаанд биелүүлээгүй байсан нь талуудад хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй” гэж заасан. Төрийн эрх бүхий байгууллагын гэнэтийн шийдвэр, үйл ажиллагааны улмаас манай байгууллагын үйл ажиллагаа доголдож, орлого олох эх үүсвэр хаагдаж, хамтран ажиллагч хуулийн этгээдүүдэд төлбөл зохих төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хариуцлага буюу алдангиас төлөх үндэслэлд зайлшгүй хамаарах юм. Иймд дээрх нөхцөл байдал, гэрээний 5.1-д заасан үндэслэлээр алдангийн төлбөрөөс  бүхэлд нь чөлөөлж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэлд 437 555 905 төгрөг, алдангид 218 777 955 төгрөг, нийт 656 333 857 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Г” ХХК нь захиалагч “С” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар гүйцэтгэгч Ө аймгийн Г суманд байрлах Бийн нүүрсний уурхайд олборлолтын ажлыг хийхээр 1 жилийн хугацаатайгаар 1 метр куб уулын цулд 3400 төгрөг байхаар тооцож, урьдчилгаа 200 000 000 төгрөгийг гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарснаас хойш 7 хоногийн дотор шилжүүлэхээр тохиролцжээ.

 

            Хөлсний хэмжээг гэрээний гуравдугаар зүйлд тусгасан байх ба 3.3-т урьдчилгааг 200 000 000 төгрөг байхаар, 3.4-т захиалагч нь ажил гүйцэтгэх эхний 3 сарын ажилчдын цалин, кемп болон урсгал зардлууд төлбөр гэх мэт зардлуудын тодорхой хувь болгож эхний сар 400 000 000 төгрөг, хоёр дах сард 500 000 000 төгрөг, гурав дах сард 600 000 000 төгрөгийг тус бүр гүйцэтгэгч талд шилжүүлэхээр, дараагийн саруудын төлбөрийг гүйцэтгэсэн ажлын хэмжээн дээр үндэслэн 100 хувь төлөхөөр тохирчээ.

           

            Зохигчид олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан энэхүү гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

            Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

             Захиалагч тал 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг гүйцэтгэгч талдаа хүргүүлж,  гүйцэтгэгч тал нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олборлолтын ажлаа зогсоосон болох нь хэргийн 19 дүгээр талд авагдсан хариуцагчийн мэдэгдэл, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

            Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ цуцлагдсан үйл явдал дээр маргадаггүй болно.

 

              Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь олборлолтын ажлын хөлсөнд 437 555 905 төгрөг төлөгдөөгүй гэж, хариуцагч  37.55,905.10 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэх тайлбар гаргаж байх тул шүүх төлөгдөөгүй үлдсэн хэсэгт хууль зүйн дүгнэлт хийх нь мэтгэлцэх зарчимд нийцнэ.

 

            Бүр тодруулбал талуудын үлдэгдэл 437 555 905 төгрөг байснаас 400 000 000 төгрөгийг захиалагч тал  “Ч “ХХК -д 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн нь талуудын тооцооноос хасагдах учиртай гэх байр сууринаас нэхэмжлэлийн шаардлагаас 37 555 905 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг.

 

            Хэргийн баримтаар гэрээний талууд буюу зохигчид хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байх агаад /хэргийн 64-65 дугаар тал/ уг актад 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хэмжээг, тохирох үнийн дүнгийн хамт бичиж, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 462 555 905 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж харагдахаар байна.

 

            Улмаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хариуцагч тал нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр талууд 437 555 905,10 төгрөгийн өглөг, авлагатай болох талаар тооцоо нийлж, “Г” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Ч.Э, “С” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Г.Б нар гарын үсэг зурж, талуудын санхүүгийн тамганууд дарагджээ.

 

           Шүүх уг баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 437 555 905 төгрөг төлөгдөөгүй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул ажлын хөлсний үлдэгдэлд нэхэмжилж буй 437 555 905  төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ. Хариуцагч нь хэргийн 79 дүгээр талд авагдсан баримтаар 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ч ХХК-д операторын ажлын төлбөрт 400 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь, мөн ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааны хүрээнд Ч ХХК, П ХХК нартай 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан /хэргийн 66 дугаар тал/, түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч ХХК, Г ХХК нартай Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан /хэргийн 80 дугаар тал/ болох нь тус тус нотлогдож байх боловч  “Г” ХХК,  “С” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Бийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээтэй хэрхэн холбогдож байгаа нь, тодруулбал Ч ХХК-д шилжүүлсэн 400 000 000 төгрөг нь Г” ХХК-ийн ажлын хөлсөнд тооцогдох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл Ч ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд байхад үүрэг гүйцэтгэгч “С” ХХК нь хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч “Г” ХХК нь зөвшөөрсөн тохиолдолд л талуудын тооцооноос шүүх хасах боломжтой юм.

 

           Алдангийн тухайд нэхэмжлэгч тал 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хоногийн алдангид 218 777 955 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр олборлолтын ажлаа зогсоосон талаар дурдсан байх ба хариуцагч тал 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг гүйцэтгэгч талдаа хүргүүлсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсэн журамд нийцсэн байна.

 

            Энэ мэдэгдлийг хүлээн авмагцаа нэхэмжлэгч тал 2019  оны 5 дугаар сарын 31-ний өдөр олборлолтын үйл ажиллагаа зогсоож, техник хэрэгслээ татсан нь талууд гэрээг энэ өдөр цуцалсан байна гэж шүүх дүгнэв.

 

            Нэгэнт гэрээ 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цуцлагдсан байх тул нэхэмжлэгчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хоногийн алдангид 218 777 955 төгрөг нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

 

            Гэрээнээс татгалзах эрх нь гэрээ буюу хуульд зааснаас үл хамааран тухайн гэрээний үүргийг харилцан буцаах харилцаа болгон өөрчлөх эрх зүйн ойлголт учраас ингэснээр талууд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр харилцан бие биеэсээ шаардах эрх аль ч тохиолдолд дуусгавар болох ёстой.

 

            Өөрөөр хэлбэл талууд гэрээг цуцалсан нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах тухай ойлголт байхгүй болох тул шүүх алданги гаргах үндэслэлгүй байна.

 

            Иймээс шүүх ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагч төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчаас 437 555 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан  “С” ХХК-иас 437 555 905 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 218 777 955 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 627 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 345 729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                             О.ЧУЛУУНЧИМЭГ