| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 014/2014/0011/З |
| Дугаар | 122/ШШ2015/0002 |
| Огноо | 2015-01-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 122/ШШ2015/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол Ардын Намын хороо, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Д.Нандинцэцэг нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан гарсан тогтоолууд, аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “С.Амартайваныг ажилд томилох тухай” Б/09 дугаар захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Д.Нандинцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагч Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Амгаланбаатар, аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү, хариуцагч Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эрдэнэцагаан сумын Монгол Ардын Намын хороо, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Д.Нандинцэцэг нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3/а тоот шийдвэр, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот шийдвэрээр Эрдэнэцагаан суманд явагдсан орон нутгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Нандинцэцэг миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж эхэлсэн.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулж, уг хуралдаанаар 4 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэж хурлын зарыг нийт төлөөлөгчдөд хүргүүлсэн байна. Гэвч хуралдаан эхлэхэд Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч Я.Наранчимэг Ардчилсан намтай хамтарч ажиллах тухай мэдэгдэл танилцуулж Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэх санал тавьж, Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид завсарлага авсан боловч Я.Наранчимэгийг оролцуулан хуралдаан 14 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй үргэлжилж, Р.Саранцэцэг хуралдааныг удирдан зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ц.Амгаланбаатарыг сонгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг огцруулж шинээр томилон сумын Засаг даргаар С.Амартайваныг томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрүүдийг дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна.
Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн анхдугаар хуралдааны тогтоолоор Д.Нандинцэцэгийг хурлын даргаар сонгосон тогтоол нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан бөгөөд энэ тогтоолыг хүчингүй болгоогүй, өөрчлөлт оруулаагүй одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд ороогүй төлөөлөгч Р.Саранцэцэг хуралдаан удирдах эрхгүй атлаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэмэл маягт ашиглан өөрөө өөрийгөө хуралдааны даргаар томилон цаашлаад бусад хууль бус тогтоолуудыг гаргасан.
Мөн хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэх тогтоол гаргаагүй атлаа зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх хугацаа олгоогүй байхад Д.Нандинцэцэгийг “хангалтгүй” ажилласан гэж огцруулан Ц.Амгаланбаатарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх хэвээр байхад Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдан үндэслэлгүйгээр огцруулж шинээр Тэргүүлэгчдийг сонгосон, сумын Засаг даргад нэр дэвшүүлэн томилуулсан үйлдлүүд нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Ардын намаас нэр дэвшигчдэд санал өгсөн сонгогчид, манай нэрээр сонгогдсон төлөөлөгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хуулиар олгогдсон бүрэн эрхэд хууль бусаар халдсан үйлдэл боллоо.
Иймд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан гарсан тогтоолууд, аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн С.Амартайваныг ажилд томилсон 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хороо, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Д.Нандинцэцэг нар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргаан нь бүтэн 4 он дамжиж байна. Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Зоригт, Цагдаагийн хэлтсийн дарга Цэргийнхүү, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Мөнхжаргал, Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү гэх мэт хүмүүсээс болж Эрдэнэцагаан сумын үйл ажиллагаа тогтворжиж өгөхгүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Нандинцэцэгийг бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, олонхийн суудал авсан Монгол Ардын намд эрх барих боломжийг олгохгүй өдий хүрсэн.
Нэхэмжлэлийн шаардлага бол Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах юм. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд хүсэлт гаргаж 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тухайн хуралдаанаас гарсан тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийг аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Хурлын дарга нар одоо хүртэл зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа.
Д.Нандинцэцэг бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар 4 жилийн хугацаагаар сонгогдсон хурлын дарга. Энэ хүнийг Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль ёсны дарга мөн гэдгийг анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол болон шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан байгаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд сумын Засаг даргын Тамгын газрын даргаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 4 асуудал хэлэлцүүлье гэсэн албан бичиг ирсэн. Үүнийг хүлээж аваад Хурлын Тэргүүлэгчид хуралдаад хуралдааны товыг зарлаж 03 тоот тогтоол гаргасан. Ингээд хурлыг зарласан, хэлэлцэх асуудал болон хурлын товоо эрх бүхий хүмүүст хүргүүлсэн байгаа. Хуулиар бол сумын Засаг дарга Хуралд санал оруулах эрхтэй. Гэхдээ Засаг даргын асуудал шийдэгдээгүй, томилогдоогүй байсан учраас Тамгын газрын дарга санал оруулсан байгаа.
2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хурал эхлэхэд Ардчилсан намын зүгээс зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх санал оруулж ирсэн. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх талаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй тул хэлэлцэх боломжгүй гэдэг байдлыг Хурлын зүгээс тавьсан. Энэ асуудлаас болж маргаан гарсан. Ингээд Монгол Ардын Намаас сонгогдсон төлөөлөгчид завсарлага авсан. Ингээд завсарлага авсан байсан боловч тухайн хурал үргэлжилсэн байсан. Монгол Ардын намын бүлгийнхэн Хурлыг нээлттэй орхиж гарсан. Энэ хойгуур Ардчилсан намын бүлгийнхэн хурлыг үргэлжлүүлсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар Хурлыг удирдах эрх нь Хурлын даргын нийтлэг бүрэн эрхэд хамаарч байгаа. Хурлын даргыг эзгүй үед Хурлын даргын санал болгосноор өөр хүн хурлыг удирдах хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр Р.Саранцэцэгийг Хурлын дарга санал болгоогүй байхад хурал удирдсан байдаг. Хуралдааны даргыг томилсон 03 тоот тогтоол гарсан. Энэ тогтоол дээр хэнийг хуралдааны даргаар томилсон нь байхгүй, тодорхойгүй байдаг.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаан бол 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр анхдугаар хуралдаанаас баталсан хуралдааны дэгийн дагуу явагдсан. Энэ хуралдааны дэгийн 1.5-д зааснаар суудал авсан намууд намын бүлэг байгуулах, бүлгийн ахлагчийг шинээр томилогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцуулж батлуулах ёстой байдаг. Гэтэл одоог хүртэл Ардчилсан нам бүлэггүй байгаа. Ардчилсан нам бүлэг байгуулсан гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулаагүй, иймээс бүлэг байгуулсан гэж үзэхгүй байна. Үүнээс гадна 16-ны өдөр зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр ардчилсан намын бүлгээс 02 дугаартай бичиг ирсэн. Бүлэг өөрөө байгуулагдаагүй учир эрх зүйн баримт бичиг нь шаардлага хангахгүй гэж үзэж байгаа.
Нөгөө талаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Хуралдаан болохоос 1 хоногийн өмнө холбогдох тооцоо судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг боловсруулж оруулж ирэх ёстой, хэрэв энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн байгаа. Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн хуралдаанаар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх боломжгүй байтал зохион байгуулалтын асуудлыг хүч түрэмгийлэн хэлэлцсэн.
Энэ нь 1 дүгээрт Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдсан хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Хурлаас нийт 10 тогтоол гарсан. Зохион байгуулалттай холбоотой 3-8 дугаартай тогтоолууд гарсан. Хуралдааны даргаа томилоогүй байж энэ тогтоолууд дээр Р.Саранцэцэг гарын үсэг зурсан. Тэгээд 1-7 дугаар тогтоолууд бүгд тамга тэмдэггүй байсан. 04 тоот тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Хурлын бүрэн эрхэд Хурлын даргыг чөлөөлөх эрх нь байгаа, үүнийг бол үгүйсгэхгүй. Тогтоолд дурьдсан хуулийн заалтууд нь Хурлын бүрэн эрх, үйл ажиллагаатай холбоотой заалтууд байгаа. Хурлын даргыг чөлөөлөх заалт ороогүй. Энэ тогтоол дээр Д.Нандинцэцэцэгийг хангалтгүй ажилласан гэж байгаа. Энэ хүн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа авсан. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Энэ хүнд ямар ч үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй. Ажлаа хийх боломж олгоогүй байж ажлаа хангалтгүй хийсэн гэсэн дүгнэлт өгсөн. Мөн төсөв хэлэлцээгүй гэж буруутгадаг. Төсөв хэлэлцэх асуудал хугацаатай байдаг. Төсвийн санал оруулах нь сумын Засаг даргад хуулиар олгогдсон үүрэг нь байдаг.
Хуулиараа бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг Хурал сонгох, чөлөөлөх эрхтэй. Гэсэн хэдий ч Хурлын даргыг чөлөөлсөн 04 тоот тогтоол асуудалтай. Тухайн хуралд хамгийн олон суудал авсан нам эхэлж Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх эрхийг хуулиар зохицуулсан. Тэгэхээр Монгол Ардын Намаас сонгогдсон Төлөөлөгчдийн эрхэнд хууль бусаар халдсан ийм асуудал гарсан. Ийм учраас 05 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэж байна. 06 тоот тогтоол нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг бүрэн эрхээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзээд бүрэлдэхүүнээр нь өөрчлөх гэсэн байгаа. Хуулинд жилд 1-2 удаа ажлын үр дүнгээ тайлагнана гэж заасан бөгөөд Тэргүүлэгчдийг үйл ажиллагаагаа дүгнүүлэх хугацаа болоогүй байхад хангалтгүй хэрэгжүүлсэн гэсэн үнэлэлт өгсөн. Ингээд хуулиар хугацаа болоогүй байхад хийсвэрээр дүгнэлт хийж Тэргүүлэгчдийг өөрчилсөн байна. Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх ямар нэгэн эрх зүйн үндэслэл байхгүй байна. 07 тоот тогтоол нь мөн Тэргүүлэгчдийг өөрчлөх гэсэн байгаа. Тэргүүлэгчдийг өөрчлөх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Түүнээс гадна Р.Саранцэцэг бол Хурлын төлөөлөгч болохоос Хурлын дарга биш. Тэргүүлэгчдийг томилох эрх бүхий хүн биш. Р.Саранцэцэг бол Хурлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, тамга тэмдгийг ашиглах эрхгүй. Эдгээр тогтоолууд нь хууль бус, тамга тэмдэггүй байгаа. Дээрх байдал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас дээрх тогтоолуудыг хууль бус гэж үзэж байна.
08 тоот тогтоол нь “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” гээд дарга Ц.Амгаланбаатар гэж гарын үсэг зурсан. Ц.Амгаланбаатарыг Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөх эрхтэй субъект биш гэж үзэж байна. Энэ тогтоол нь мөн л хууль зөрчиж гарсан. Хуралдаан өөрөө хууль бус хүнээр удирдуулсан. Хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1, 24.3 дахь заалтыг зөрчиж хуралдсан. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх боломжгүй байхад хэлэлцсэн, мөн хурлын дэгийг зөрчсөн байгаа. 09, 10 дугаар тогтоолууд нь төсөв батлах тухай тогтоолууд юм. Төсвийн асуудал дээр Төлөөлөгчдөөс саналыг авах ёстой байтал аваагүй. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1, 24.3-д заасан заалтуудыг зөрчиж хуралдсан хуралдаанаас гарсан тогтоолуудыг хууль бус гэж үзэж байна. Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчид, Монгол Ардын намд санал өгсөн иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна.
2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 3 дугаар хуралдаан болсон. Энэ хурлаар Ардчилсан намын бүлгийн даргаар Г.Батхүү гэдэг хүнийг сонгосон байдаг. Ингээд Г.Батхүү гэдэг хүн анкет бөглөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлсэн байсан. Тэгэхээр 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ардчилсан намын бүлгийн 01 тоот тогтоолыг хуурамчаар үйлдсэн нотлох баримт гэж үзэж байна.
Түрүүчийн маргаантай хэргүүдийг шийдвэрлэж байх явцад нэхэмжлэгч Монгол Ардын намын зүгээс шүүхэд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гарсан тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу шүүхээс 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 тоот “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж гарсан. Шүүхээс гарсан шийдвэрийг бүх албан байгууллага заавал биелүүлэх үүргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Шүүгчийн захирамж бол шүүхийн шийдвэрт ордог. Шүүгчийн захирамжийг биелүүлэх үүргийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлээгүй. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж гарчихаад байхад аймгийн Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б/09 тоот захирамж гаргаж С.Амартайваныг Эрдэнэцагаан сумын Засаг даргаар томилсон байсан. Нэгэнт шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарчихаад байхад аймгийн Засаг даргын захирамж гарсан тул энэ захирамжийг хууль бусаар гарсан гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Эдгээр асуудлуудыг үндэслээд хуралдаанаас гарсан тогтоолууд болон аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Амгаланбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухай
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хорооноос урьд буюу 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр №17 тоот албан бичгээр дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байсан. Улмаар хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг үндэслэл болгон”нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” хэмээн дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Гэтэл мөн нэхэмжлэгчээс нэг агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг заасан 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас гарсан тогтоол болон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн захирамж юм. Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.
Улмаар нэхэмжлэгчдээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэхийг шийдвэрлээгүй байгаа бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
2.Хурал товлогдсон тухай
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагт сумын Соёлын төвд хийхээр товлосон. Хурлын товыг бүх төлөөлөгчдөд зохих журмын дагуу мэдэгдсэн ба хуралдаанд нийт 27 төлөөлөгч ирснээр хурлын ирц 100 хувьд хүрсэн болно.
3.Хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулсан тухай
Тус хурлаар хэлэлцэх 4 асуудлыг хэлэлцэхээр тогтсон байсан боловч Сүхбаатар аймгийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/65 дугаар албан бичгээр Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргаар томилуулахаар санал болгосон Ч.Энхцэцэгийг томилохоос татгалзсан байсан.
Аймгийн Засаг даргын “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргаар томилуулах”-аар ирүүлсэн саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар зөвхөн аймгийн Засаг даргад олгосон бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна.
Ийнхүү нөхцөл байдал үүссэн тохиолдолд хуулиар тогтоосон журам буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хоногийн дотор дахин томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэх үүрэгтэй.
Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчдөөс 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр товлогдсон 2 дугаар хуралдаан эхлэхэд дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг тус тус үндэслэн хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж “Зохион байгуулалтын асуудал” хэлэлцүүлэхээр санал оруулсан.
Гэтэл Монгол Ардын Намын бүлгийн төлөөлөгчид хуралдааны үеэр хоёр ч удаа завсарлага авч түүнчлэн сүүлийн авсан завсарлагын хугацаа дуусахад 13 төлөөлөгчөөс орж ирээгүй тул хуралдааныг аргагүй цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар завсарласан хуралдаан үргэлжлэх үед Монгол Ардын Намын бүлгийн төлөөлөгчид орж ирээд энэхүү 2 дугаар хуралдааныг нээлттэй орхиж байгаагаа хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж бүлгийн 13 төлөөлөгч гарч явсан.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг журамласан хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж тус тус зохицуулсан байна.
Ийнхүү дээрх хуулийн заалтуудыг удирдлага болгон Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрх бүхий 27 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч буюу олонхи нь 2 дугаар хуралдааныг үргэлжлүүлэхээр үлдсэн тул хурлыг хүчинтэйд тооцож дараах асуудлыг санал хураалтаар шийдвэрлэсэн. Үүнд:
1.Хурлаас гарсан тогтоолуудын тухай
Хурлаас дээрх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргасан ба уг тогтоолууд нь бүгд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж тус тус заасан журмыг баримталж гаргасан болно.
Иймд дээрх нөхцөл байдлыг шалган тогтоож, хууль зүйн үндэслэлгүй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол Ардын Намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.Хурлын процессын талаар:
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр товлон 4 зүйл асуудлыг хэлэлцэхээр болсон. Гэвч анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргад Ч.Энхцэцэгийн нэрийг дэвшүүлсэн маргаантай асуудал шат шатны шүүхээр шийдвэрлэгдэн, аймгийн Засаг даргын зүгээс томилохоос татгалзсан 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/65 дугаар албан бичиг ирсэн. Иймд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр санал гаргаж, холбогдох материалуудыг Хурлын Төлөөлөгч нарт хүргүүлсэн байсан.
Ингээд 17-ны өдөр ээлжит 2 дугаар хуралдаан албан ёсоор эхэлж өмнөх Хурлын дарга Д.Нандинцэцэг хэлэлцэх асуудлыг танилцуулж гишүүдээр батлуулахаар санал авахад “зохион байгуулалтын асуудал”-ыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах эсэхэд санал хураана, хураахгүй гэж маргалдаж эхэлсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Хурлын Төлөөлөгч нь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах бүрэн эрхтэй. Мөн энэ эрх нь анхдугаар хуралдаанаар баталсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн хоёрдугаар бүлэг /Ээлжит болон ээлжит бус хуралдаан/-ийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар баталгаажсан. Үүний дагуу Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан процессын дагуу хэлэлцэх асуудлыг санаачлан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Тэргүүлэгч, Төлөөлөгч нарт хүргүүлсэн. Гэвч өмнөх хурлын дарга Д.Нандинцэцэг, хэсэг төлөөлөгч нар тус асуудлыг хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах эсэхийг шийдвэрлүүлэх санал хураалт явуулахыг хориглож маргаан үүсгэсэн. Үүнийгээ тайлбарлахдаа хуралдаанд санал оруулах бол 3 хоногийн өмнө ирүүлэх ёстой гэж анхдугаар хуралдааны дэгийн заалтаар тайлбарладаг. Энэ үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 12.1.3, 12.1.4 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 12.1.3, 24.1 дэх хэсэгт заасан Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хязгаарласан, хуралдааны дэгийн “асуудлыг чөлөөтэй хэлэлцэх” зарчмыг зөрчсөн үйлдэл болсон. Ингээд Монгол Ардын намын бүлэг 2 удаа завсарлага авсны дараа 13 төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.8 дахь заалтыг зөрчиж хурлыг орхиж гарсан. Ардчилсан намын 13 төлөөлөгч Монгол Ардын намын 1 төлөөлөгч үлдэн 14 төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.9 дэх заалтыг удирдлага болгон, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн хоёрдугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын дагуу хэлэлцэх асуудлаа батлан хурлыг цааш үргэлжлүүлсэн.
2.Зохион байгуулалтын асуудлын талаар:
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон дарга, тэргүүлэгч нар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн улмаас сум орны нийгэм, эдийн засгийн амьдрал зогсонги байдалд орж төсвийн байгууллагын ажилчид цалингаа авч чадахгүй, иргэд халамж тэтгэврээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Ардчилсан намын бүлэг дээрх хүмүүсийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч тал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр томилогдсон мэт тайлбарлан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг ажлаас нь чөлөөлсөн гэж үзсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь улс төрийн албан тушаалтан юм. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг томилох, чөлөөлөх субьект нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд эрх нь Хурлын Төлөөлөгч нарт хадгалагдана. Иймд Хурлын дарга, Тэргүүлэгч нарыг чөлөөлж, томилсон ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хурлын дэгийг зөрчөөгүй хуулийн дагуу болсон.
Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Ч.Энхцэцэгийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, үүнтэй холбоотой маргаан шат шатны шүүхээр шийдвэрлэгдэн аймгийн Засаг даргын зүгээс нэг удаа томилохоос татгалзсан хариу ирсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.4-т заасан журмын дагуу дахин нэр дэвшүүлэх шаардлагатай болсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жилд 1-2 удаа хуралддаг бөгөөд өмнөх удирдлагуудын үед хуралдаж ч чадахгүй нөхцөл байдалтай байсан тул уг хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд хуулийн дагуу 15 хоногт багтаан дахин нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй.
3.2014 оны төсвийн талаар.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон асуудал бөгөөд сумын Засаг даргын зүгээс холбогдох хуулийн дагуу бэлтгэн өргөн барьсан төсвийг баталсан. Төсвийн тухай хууль болон бусад хууль, дүрэм журамд нийцүүлэн баталсан тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
4.Сумын Засаг даргыг томилох талаар:
Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн анхдугаар хуралдаанаас Ч.Энхцэцэгийг сумын Засаг даргаар томилуулахаар уламжилсан бөгөөд тус хуралтай холбоотой асуудал шат шатны шүүхээр шийдвэрлэгдэж хугацаа алдсан. Мөн Ч.Энхцэцэг өөрийгөө сумын Засаг даргад албадан томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон. Ингээд шүүхийн шийдвэр болон Ч.Энхцэцэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэсэг төлөөлөгчдийн шаардсанаар /Эрдэнэцагаан сумын иргэд, хурлын төлөөлөгчид, намын бүлгүүдтэй 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Засаг дарга уулзалт хийсэн/ 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/65 дугаар албан бичгээр Ч.Энхцэцэгийг сумын Засаг даргад томилохоос татгалзсан хариуг албан ёсоор хүргүүлсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар Засаг даргыг томилохоос татгалзсан хариуг өгснөөс хойш 15 хоногийн дотор дахин уламжилж, 5 хоногийн дотор томилох хуулийн заалттай. Ингээд Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанаас С.Амартайваныг сумын Засаг даргад уламжилсныг хуулийн дагуу томилсон.
Сумын Хурлын шийдвэрийг түдгэлзүүлсэн тухай ямар нэгэн албан бичиг Засаг дарга дээр ирээгүй болно.
5.Нэхэмжлэлтэй холбоотой:
Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан хуралдаан, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгохоор Эрдэнэцагаан сумын монгол Ардын намын хороо өмнө нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тус нэхэмжлэлтэй маргаан хоёр шатны шүүхээр орж, давж заалдах шатны шүүхээс “төлөөллийг хуулийн дагуу хийгээгүй, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 “...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.
Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй билээ. Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хороо нь тус асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тул хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзэж байна. Хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зарчмын дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө буруу томилсон нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Ц,Амгаланбаатарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол Ардын Намын хорооны нэхэмжлэлтэй энэ хэрэг өмнө нь нэхэмжлэлээ өгөөд давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.5 дахь заалтыг үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан. Энэ маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагыг харахад дээрх шаардлагатай ижил шаардлагыг Захиргааны хэргийн шүүхэд дахиж гаргасан зүйл харагдаж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурьдсан үйл баримт болон хариуцагчийн гэм буруугийн талаар эсвэл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж, тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна гэсэн үндэслэл байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага бол ижил байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсан байсан. Тэгэхээр энэ нэхэмжлэлийг хуулийн хугацаанд нэхэмжлэгч тал маань нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдээр гаргуулах уу гэдэг нь тухайн хэрэгт хандах нэхэмжлэгчийн өөрийнх нь асуудал байсан. Шүүх бол дээрх нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Тэгэхээр тухайн үед нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гээд тодорхой заасан байхад цаг хугацаа алдаж дахиад энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэж байж нэхэмжлэл гаргах байсан. Хэрэв энэ хугацааг хуульд заасны дагуу хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол шүүх хугацаа сэргээсэн захирамж гарсны дараа нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн бол үндэслэлтэй байсан болов уу гэж бодож байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд ингэж авч үзэж байгаа ч гэсэн шүүх хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй гэвэл тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх байх. Нэхэмжлэгчээр бол Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хороо, Д.Нандинцэцэг гэсэн 2 хүн явж байгаа. Д.Нандинцэцэгийн тухайд Хурлын даргаас өөрийг нь чөлөөлсөн тогтоолын талаар маргаж байна гэж ойлгож байгаа, Монгол Ардын намын хороо 03-08 тоот тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Дээрх тогтоолуудын тухайд Монгол Ардын Намын хорооны ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бэ гэдгийг өөрөө тодруулах ёстой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэлийн талаар тодорхой заасан байдаг. Тэгэхээр энэ нэхэмжлэл дээр Монгол Ардын намын хорооны ямар эрх ашиг нь зөрчигдсөнөө тодорхой болгосон байх ёстой. Өнөөдрийн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас харахад Монгол Ардын намын хорооны ийм эрх ашиг нь ийм байдлаар зөрчигдсөн гэсэн талаар тодорхой үйл баримт хэлсэнгүй. Д.Нандинцэцэгийн тухайд ч гэсэн Хурлын даргаас чөлөөлсөн тогтоол нь өөрийнх нь ямар эрх ашигийг зөрчсөн талаар ярьсангүй гэжээ.
Гуравдагч этгээд С.Амартайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэцагаан сумын Засаг даргаар намайг томилсон тухай аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохыг хүссэн Монгол Ардын намын нэхэмжлэлтэй танилцлаа. Би Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж миний нэрийг дэвшүүлсэн. Үүнийг аймгийн Засаг дарга батламжилсан явдал хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хороо, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Д.Нандинцэцэг нар “2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан гарсан тогтоолууд, аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “С.Амартайваныг ажилд томилох тухай” Б/09 дугаар захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргажээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хороо, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Д.Нандинцэцэг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан гарсан “Хуралдааны даргыг томилох тухай” 03, “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай” 05, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 06, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 07, “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолууд болон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгох гэж тодруулсан болно.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сумын Засаг даргаар ажиллаж байгаа С.Амартайваныг гуравдагч этгээдээр татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангасан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн болно.
1.Хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэжээ.
Өмнө нь шүүх “Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус хуралдаанаас гарсан “Тооллогын комисс байгуулах тухай” 01, “Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай” 02 тоот, “Хуралдааны даргыг томилох тухай” 03 тоот, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” 04 тоот, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 тоот, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 06, 07 тоот, “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” 08 тоот, “Сумын 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 09 тоот, “Сумын 2014 оны төсөв батлах тухай” 10 тоот тогтоолууд, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн “С.Амартайваныг ажилд томилох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэгийн гаргаснаар хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шалгаж 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар магадлалаар анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалд гомдол гаргаагүй бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хорооны дарга Ө.Батсайхан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Д.Нандинцэцэг гэж гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл арилсан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар магадлалыг нэхэмжлэгч 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардан авч 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлагыг давхардуулан дахин гаргасан” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 40 дугаар шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш шүүхэд нэхэмжлэлийг хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна гэж шүүх үзлээ.
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд гаргасан “Зохион байгуулалтын асуудал” хэлэлцүүлэх саналын тухайд:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Д.Нандинцэцэгийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталгаажуулсан байна.
Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан (цаашид Хурлын хуралдаан гэх)-ыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, уг хуралдаанаар
1. 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2014 оны төсвийн төсөв;
3. Зарим газар нутгийг тусгай хамгаалалт, хэрэгцээнд авах тухай;
4. ОНХС-ийн хөрөнгөөр 2014 онд санхүүжигдэх төсөл арга хэмжээний жагсаалт, 2013 оны ОНХС-аас санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний зардлын үлдэгдэл гэсэн үндсэн 4 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдааныхаа дэгийг баталж, хуралдааны дэгийн “Анхдугаар хуралдаан, түүний дараалал” хэсгийн 2 дугаар зүйлийн 1-д “...ээлжит хуралдааны хугацааг төлөөлөгч бүрт албан ёсоор 15 хоногийн өмнө мэдэгдэнэ” гэж тогтоожээ.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэжээ.
Энэ удаагийн Хурлын хуралдааныг 7 хоногийн өмнө товлон зарласан нь хугацааны хувьд хуулийн дээрх заалтыг зөрчиж байгаа хэдий ч хуралдаан товлон зарласан Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд талууд маргаагүй болно.
Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийт 27 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс тухайн өдрийн Хурлын хуралдаанд 27 төлөөлөгч ирж сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Нандинцэцэг Хурлыг нээснээр хурал товлосон цаг хугацаандаа эхэлсэн байна.
Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан хэлэлцэх асуудлыг танилцуулах явцад Хурлын Төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн ахлагч Р.Саранцэцэг “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг шинээр сонгох зохион байгуулалтын асуудлыг оруулах” саналыг гаргаж өмнө өдөр нь бүх гишүүдийн гар дээр зохион байгуулалтын асуудал хэлэлцэх болсон тухай тайлбарыг хүргүүлсэн, Д.Нандинцэцэг даргыг ёс зүйгүй, харахад Хурлын дарга хийх ёсгүй хүн /хх-ийн 64-рт/ гэсэн тайлбарыг амаар гаргажээ.
Хуралдааны дэгийн “Ээлжит болон ээлжит бус хуралдаан” хэсгийн 1 дүгээр зүйлд “Хуралдаанаар асуудал хэлэлцэх” талаар зохицуулсан байх бөгөөд хуралдаан дээр гаргасан саналын дагуу хэлэлцэх асуудал, түүний дараалалд асуудал нэмж оруулах талаар тодорхой журамлаж, зохицуулсан зүйл байхгүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасны дээр Хуралдааны дэгийн “Анхдугаар хуралдаан, түүний дараалал” хэсгийн 2 дугаар зүйлийн 1-д “...Хуралдаанаар хэлэлцэх асуудлын товч мэдээлэл танилцуулгыг ээлжит хуралдаан болохоос 3 хоногийн өмнө нам, эвслийн бүлэгт хүргэж байна” гэж тогтоожээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, санал дэвшүүлэх эрх бүхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасан этгээдүүд нь дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан шаардлагыг хангасан санал гаргасан тохиолдолд л хуралдаанаар хэлэлцэхээр нарийвчлан зохицуулсан байна.
Энэ тохиолдолд Хурлын Төлөөлөгчдөд тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдээлэлтэй болох, үүнтэй холбогдуулан өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх, санал дүгнэлт гаргах, ард түмний төлөөлөл болохын хувьд асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бодитоор олгоогүй гэж үзэх үндэслэлтэй болно.
Энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ө.Батсайханы “Бид ямар ч бэлтгэлгүй байна. Нэр дэвшигч нь өнөөдөр хаа байна? Тулгалт дэмий байна. Манайх бэлэн бус байна. Бидэнд хугацаа хэрэгтэй байна...” /хх-ийн 66-67-рт/ гэх тухайн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдлаар давхар нотлогдож байна.
Иймд Хурлын хуралдаан дээр Хурлын Төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн ахлагч Р.Саранцэцэг “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг шинээр сонгох зохион байгуулалтын асуудлыг оруулах” саналыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчин гаргасан болох нь тогтоогдож байх тул хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн нь хууль бус болжээ.
Үүнээс үүдэн нэхэмжлэгч Д.Нандинцэцэг нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллах хугацаандаа тухайн орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга хийх, итгэл үзүүлэх эсэх асуудалтай холбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, асуудалд баримт нотолгоотой тайлбар гаргах зэрэг боломжийг цаг хугацааны хувьд түүнд олгоогүйгээс болж нэхэмжлэгчийн улс төрийн алба хаах эрх, Хурлын даргын хувьд хуулиар олгогдсон нийтлэг бүрэн эрх нь зөрчигдсөн гэж шүүх үзэв.
3. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гарсан тогтоолуудын тухайд:
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ардчилсан ёс, тэгш эрхийн зарчимд тулгуурлан асуудлыг олонхиор шийдвэрлэх бүх нийтийн хуралдаан байх ёстой. Тухайн өдрийн Хурлын хуралдаан дээр Хурлын Төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн ахлагч Р.Саранцэцэг нь хэлэлцэх асуудалд зохион байгуулалтын асуудал оруулах саналыг гаргасантай холбоотой маргаан үүсэж намуудын бүлэг тус тусдаа завсарлага авсны эцэст Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон 13 төлөөлөгч хуралдааныг орхин гарчээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь ирсэн бол хүчинтэйд тооцно”, 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож санал өгсөнд тооцож санал хураалт явуулна“ гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үлдсэн 14 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлэн хуралдсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй хэдий ч мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг зөрчиж хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцэж тухайн асуудлаар тогтоол гаргасан нь буруу байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна” гэж, мөн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б-д “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх” нь сумын Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Д.Нандинцэцэг нь 2012 оны ээлжит сонгуулиар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Хурлын анхдугаар хуралдаанаас нэр дэвшиж Хурлын даргаар сонгогдсон эрх бүхий албан тушаалтан болохын хувьд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг шинээр сонгох зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхдээ дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “...тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна“, 24 дүгээр зүйлийн 24.3-д “...1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, мөн Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх бие даасан тусдаа асуудлыг хэлэлцэн гаргасан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гарсан “Хуралдааны даргыг томилох тухай” 03, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 06, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 07, “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолуудыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Сумын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсвийн төсвийг хэлэлцэж “Сумын 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 09, “Сумын 2014 оны төсөв батлах тухай” 10 дугаар тогтоолуудад хууль зөрчин томилогдсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Амгаланбаатар гарын үсэг зурж баталгаажуулсан нь хууль бус болохыг дурьдах нь зүйтэй.
4. “С.Амартайваныг ажилд томилох тухай” аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамжийн тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн анхдугаар хуралдаанаас Ч.Энхцэцэгийг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан ба аймгийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1/65 дугаар албан бичгээр Ч.Энхцэцэгийг сумын Засаг даргад томилохоос татгалзсан хариуг хүргүүлжээ.
2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэсэн.
Аймгийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сумын Засаг даргыг томилох шийдвэр гаргасан хэдий ч Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг зөрчин хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцэж гаргасан “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” 08 тоот хууль бус тогтоолыг үндэслэн “С.Амартайваныг ажилд томилох тухай” аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамж гаргасан нь хуульд нийцэхгүй байх тул уг захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд маргаан бүхий Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд, аймгийн Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгчийн улс төрийн алба хаах эрх, ард иргэд, намаас чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн харалдаанаас гарсан “Хуралдааны даргыг томилох тухай” 03, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 06, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 07, “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолууд, “С.Амартайваныг ажилд томилох тухай” аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хороо, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Д.Нандинцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Хуралдааны даргыг томилох тухай” 03, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 06, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 07, “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолууд, Сүхбаатар аймгийн Засаг даргын “С.Амартайваныг ажилд томилох тухай” 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Эрдэнэцагаан сумын Монгол Ардын н0амын хороо, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Д.Нандинцэцэг нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35100 /Гучин таван мянга нэг зуу/, аймгийн Засаг даргаас 35100 /Гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД