Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00087

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/03807 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Б.У , Б.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141 034 096.11 төгрөг гаргуулах, хариуцагч С.Б Б.У , Б.Ч нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А ,

Хариуцагч Б.Ч-ийн өмгөөлөгч: Л.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У , Б.Ч нар нь 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Г ХХК-тай ЗГ3055Ю1778 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 148 953 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, Б.Ч , Б.У нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204073386 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю эл хотхон /13312/, Хүннү гудамж 719 байр, 101 тоот хаягт байршилтай 70,93 м.кв талбайтай гурван өрөө орон сууц барьцаалсан болно. БГ3055101778-Б тоот ипотекийн гэрээгээр С.Б Б.У нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206017160 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 7 байр, 5 тоот хаягт байршилтай 36,03 м.кв талбайтай нэг өрөө орон сууц барьцаалсан болно. Гэрээний үүргийн зөрчил зээлдэгч Б.У , Б.Ч нар нь ЗГ3055101778 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөхгүй, ЗГ3055101778 тоот зээлийн гэрээний төлбөр 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 136 293 853.20 төгрөг, хүүний төлбөр 14 663 051.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 191.87 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 487 хоног, нийт 151 034 096.11 төгрөг болсон. Иймд зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахдаа нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар Б.У , Б.У нараас гаргуулан Г ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байрыг анх ээжийнхээ тэтгэвэрт гарсан тэтгэмжийн мөнгөөр Баянзүрх дүүрэгт байрлах байрыг авч байсан. Өөрөөр хэлбэл ээжийнхээ Хан-Уул дүүрэгт байрлах байрыг нь барьцаалаад Трью эл хотхонд байрлах байрыг худалдаж авсан. Баянзүрх дүүргийн Трью эл хотхонд байрлах байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ээжийнхээ байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг зөвшөөрч байгаа гэжээ.

 

Хариуцагч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Трью эл хотхонд байрлах 3 өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би тус байрны ихэнх мөнгийг төлсөн. Үүнтэй холбоотой би өөрийн эрх, ашгаа хамгаалуулахын тулд өмгөөлөгч авмаар байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 8 дугаар сараас хойш би маш их мөнгө төлсөн. Гэтэл зөвхөн хүү нь төлөгдөж байсан, үндсэн зээлээс огт хасагдаагүй. Би үүргийнхээ дагуу тодорхой төлөх ёстой мөнгөө төлнө. Одоог хүртэл би мөнгөө төлж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд би мөнгөө төлөх хугацаа давчуу байгаа тухай хэлж байсан гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийнхээ байраар л зээлийн гэрээний үүргийг хангуулахгүй бол би байраа алдахад хүрээд байна. Нэхэмжлэгчийн мөнгийг тус байраар төлөхөөс өөр аргагүй. Өөрийнхөө байрыг алдана гэхээр хэцүү л байна. Өөрөө ч гэсэн би байраараа хохирох гээд байна. Б.У ын тайлбарыг дэмжиж байна. Өдийг хүртэл би Б.У , Б.Ч нарыг төлбөрөө төлөөд явж байгаа байх гэсэн найдлагатай байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У , Б.Ч нараас 141 034 096.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож,

Хариуцагч Б.У , Б.Ч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.У , С.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 7 байрны 5 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017160 дугаартай, 36.03 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Б.У , Б.Ч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю эл хотхон /13312/ Хүннү гудамж 719 байрны 101 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073386 дугаартай, 70.93 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 983 321 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.У , Б.Ч , С.Б нараас 983 321 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож БГ3055Ю1778-А тоот тпотекийн гэрээгээр Б.Ч миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2204073386 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю эл хотхон /13312/, Хүннү гудамж, 719 дүгээр байр, 101 тоот хаягт байршилтай, 70,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн БГ3055101778-Б тоот ипотекийн гэрээгээр С.Б Б.У нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206017160 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш 7 байр. 5 тоот хагт байршилтай, 36,03 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнууд буюу үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө 2 салаа утга бүхий байдлаар тодорхойлсон. Анхан шатны шүүх аль шийдвэрийг шүүхээр гаргуулахаар шаардаад байгаа нь ойлгомжгүй байхад, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр тодруулахгүй шийдвэрлэсэн. Үүнээс болж шүүх үндсэндээ нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж шийдвэрлэсэн хууль зөрчсөн ноцтой үр дагаврыг бий болгосон. Шүүх хараат бус байж Зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлсон тэр хүрээнээс халихгүйгээр дүгнэлт хийж, шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шардлага ойлгомжгүй. тодорхойгүй байхад түүнийг нь бүрэн тодруулахгүйгээр нэхэмжлэгчийн өмнөөс өөрийн ойлгосон байгаагаар дүгнэж шийдвэрлэх замаар хариуцагчийг хохироох нөхцөлд хүргэж байна. Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ гэж өөр тохиолдлыг тухайлан зохицуулан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн төлбөрөөр гаргуулахаар шийдвэрлэсэнтэйгээ давхардсан агуулгаар дүгнэж, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Шүүх нь шийдвэрийнхээ тогтоох нь хэсэгтээ бүр өөрөөр буюу Хариуцагч Б.У , Б.Ч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай" гэж шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч нь "худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах тухай шаардлага огт гаргаагүй байхад ийнхүү дураараа тодорхойлж, шийдвэрлэж байгаа нь дээр тайлбарласан шиг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн тодруулж байж шийдвэрлээгүйн үр дагавар юм.

Б.Ч миний бие хууль эрх зүйн мэдлэггүйгээс өөрт хуулиар олгогдсон эрхээ эдлэж, өмгөөлөгч авах хүсэлтээ бичгээр гаргаж чадаагүй боловч амаар илэрхийлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн бичгээр гарсан шийдвэрт тусгагдсан байгаа болно. Харин шүүхээс энэ эрхийг минь эдлэх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Үүний улмаас миний бие хууль зүйн туслалцаа авах, түүн дээр үндэслэн зохих нотлох баримтуудыг гаргаж өгөх, нэхэмжлэгчтэй адил тэгш мэтгэлцэх бусад эрхүүд маань давхар давхар хязгаарлагдсан.

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгчийн А/203 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал гарч, шинээр хэрэгжүүлж байгаа энэхүү журам нь иргэдийн эрх ашгийг хамгаалж, бодит мэдээллээр хангах зорилготой бөгөөд зээлийн хүүг урьдчилан суутгахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, уг журмын 5.4-д заасан журмын дагуу хүүг тооцож, тодорхойлох ёстой байхад шүүх үүнийг хуульд нийцүүлэн хэрэглээгүй.

2020 онд коронавирус цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар. Монгол банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь Монгол банк, Сангийн яамтай хамтран иргэдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүлсэн байдаг. Эдгээр эрх бүхий байгууллагуудын гаргасан шийдвэр болон Коронавирус цар тахалын нөхцөл байдал бий болсон үйл явдал зэрэг нь нийтэд илэрхий ойлгомжтой зүйл бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаар ч үзэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс зээлээ хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлсэн гэх нь үндэслэлтэй эсэх, энэ талаар дүгнэлт хийхэд дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэр хэрхэн нөлөөлөх зэрэг талаар огт дүгнэлт хийгээгүй. Хэрэв миний бие өмгоөлөгч авах боломжоор хангуулсан бол эдгээр нөхцөл байдлын талаар мөн тайлбарлаж мэтгэлцэх байсан. Шүүхээс шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээс гадна хуульд нийцүүлэн гаргасан тухайн цаг үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрийг баримтлах ёстой атал ийнхүү баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болохыг илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.У , Б.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141 034 096.11 төгрөг гаргуулах, хариуцагч С.Б Б.У , Б.Ч нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Б.У , Б.Ч нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ЗГ3055101778 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, талууд 148 953 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.У , Б.Ч нарын өмчлөлиийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Трю эл хотхон /13312/ Хүннү гудамж 719 байр, 101 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073386 дугаартай, 70.93 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн С.Б Б.У нарын Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 7 байр, 5 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017160 дугаартай, 36.03 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалж 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №БГ3055101778-А тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №БГ3055101778-Б тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-6-8, 12-14, 15-17/

 

Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавих тогтоосон шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзжээ. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулсан. Хариуцагч Б.У , Б.Ч нар нь үндсэн зээлд 12 659 146.80 төгрөг, зээлийн хүүд 43 033 487.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 59 747.06 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэргийн 26 дахь талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр уулзалт хийж тэмдэглэл хөтөлж, графикт заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчснийг мэдэгдээд, талууд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс үүргээ биелүүлэхээр тохиролцжээ. Гэвч дээрх тохиролцоог зээлдэгч нар зөрчиж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сүүлийн төлбөр төлсөн болох нь хэргийн 20 дугаар тал дах уулзалтын тэмдэглэл, хэргийн 26 дугаар тал дах хүү тооцооллын хүснэгт гэх баримтаар тогтоогдсон.

 

Талуудын байгуулсан орон сууцны зээлийн гэрээ нь урт хугацааны гэрээ бөгөөд тухайн гэрээнээс татгалзахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн зохицуулалт хамаарна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол, энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.У , Б.Ч нар зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөнөөс нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй буюу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзнэ. Ийнхүү хариуцагч нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, ноцтой зөрчлийг гаргасан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар гэрээг шууд цуцлах үндэслэлд тооцогдох тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс зээлийн гэрээг цуцалсан гэж үзэж, гэрээг цуцлах хүртэл хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 151 034 096.11 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 10 000 000 төгрөгийг хариуцагч Б.Ч төлснийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 141 034 096.11 төгрөг нэхэмжилснийг тооцооллын хувьд буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.У , Б.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 141 034 096.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Б.Ч-ийн ...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байхад шүүх өөрөө тодорхойлж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, өөр тохиолдлыг тухайлан зохицуулсан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах шаардлага гаргаагүй байтал шүүх санаачилгаараа даалгасан нь үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Учир нь талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан зүйл болох, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Трю эл хотхон /13312/ Хүннү гудамж 719 байр, 101 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073386 дугаартай, 70.93 м.кв талбай бүхий 3 өрөө, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 7 байр, 5 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017160 дугаартай, 36.03 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу үндсэн гэрээний үүргийг шаардахад биелүүлээгүй тохиолдолд түүнтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийгдсэн барьцааны гэрээний үүргийг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шаарджээ. Нөгөө талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр биелүүлэх аргыг анхан шатны шүүхийн шийдвэрт заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэр биелүүлэх арга, журмыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заана гэсэнтэй нийцжээ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, уг шийдвэрийг хуульд заасан эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул тусдаа нэхэмжлэлийн шаардлага бус, шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга гэж үзнэ.

 

Мөн хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, зээлийн хүүг олгох зээлийн дүнгээс суутгасан нь журам зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч Б.Ч шүүх хуралдаанд оролцож мэтгэлцсэн ба өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүхэд гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана гэж зохицуулсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Б.У , С.Б Б.Ч нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 141 034 096.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж бичсэн нь хэргийн оролцогч тус бүрд холбогдуулан гаргасан шаардлага тус бүрийг нэрлэн заагаагүй буруу болжээ. Иймээс шийдвэрийн уг хэсгийг нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.У , Б.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141 034 096.11 төгрөг гаргуулах, хариуцагч С.Б Б.У , Б.Ч нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж залруулах боломжтой.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Ч-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/03807 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Б.У , С.Б Б.Ч нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 141 034 096.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэснийг нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.У , Б.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141 034 096.11 төгрөг гаргуулах, хариуцагч С.Б Б.У , Б.Ч нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 863 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ