Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 171

 

“Г б А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Өмнөговь аймаг дахь

Төрийн аудитын газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        Л.Атарцэцэг

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Д.Мөнхтуяа

                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хянаж, баталгаажуулахыг Тэргүүлэх аудиторт даалгах, аймгийн Төрийн аудитын газартай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байгуулсан 2018/1 дугаартай хамтран ажиллах гэрээг сунгахыг даалгах, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400 төгрөгийг Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас гаргуулах,

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0159 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч А.С, өмгөөлөгч Н.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, өмгөөлөгч Х.Н нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г б А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн /ажлын хэсгийн гишүүд /Г.Ш, Г.Ц нар/-ийн дахин гаргасан ерөнхий үнэлгээ болох/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн /ажлын хэсэг /Ш.Н, Д.З, Г.Ш, Г.Ц нар/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг, мөн “Г б А” ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/1 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгах эсэхийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газар тус тус даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0159 дүгээр магадлалын 1 дэх заалтаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г б А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг, мөн “Г б А” ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгаж шийдвэрлэхийг Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт тус тус даалгасугай.” гэж өөрчилж, 2 дахь заалтаар шийдвэрт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмсүгэй, 3 дахь заалтаар Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон тус тус өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Төрийн аудитын тухай хуулийн 15.2.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага дараахь бүрэн эрх эдэлнэ: 15.2.1.орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх; гэж заасан. Аудит хийх нь Төрийн аудитын байгууллагын үндсэн чиг үүрэг юм. Харин өөрийн хүний нөөц хязгаарлагдмал тул нөөцөөс давсан зарим байгууллагуудыг хувийн аудитын компанид гэрээгээр зөвхөн тухайн жил аудит хийлгэхээр Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар хуваарилдаг.

4. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018.04.12-ний өдрийн А/64 “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах заавар, аргачлал”-ын 4.4-т Ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээнээс хамаарч цаашид гаргах шийдвэр нь дараах хэлбэртэй байна. Үүнд: “... 85-100 оноо, А үнэлгээтэй бол хэрэгжиж байгаа гэрээг сунгах боломжтой... 55-84 оноо, B үнэлгээтэй бол дараагийн тендерт оролцох эрхтэй ...” гэж заасан нь гэрээг сунгах боломжтой гэснээс сунгана гэж заагаагүй тул гэрээг сунгах боломжгүй Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын даргын эрх хэмжээний асуудал биш юм.

5. Иймд хэрэгжих боломжгүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхэд бие даасан давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шүүх хуралдааны явцад болон магадлалд ч уг гомдлын талаар огт дурдалгүй, хэлэлцэлгүй орхигдуулсан нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон өмгөөлөгч миний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан гомдол гаргах эрхийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал, тодорхойлох, хянавал хэсгийн алинд ч миний гаргасан гомдлын агуулга болон шүүх тухайн асуудлаар хэрхэн дүгнэлт хийсэн эсэх тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй байгаагаас тодорхой харагдаж байна. Магадлалд зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нараас гаргасан гомдлын агуулгын талаар дурдаж дүгнэлт хийсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

7. Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсгийн 1-р заалтын үндэслэл болсон 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл” нь анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын баримт бичигт хийсэн үзлэгийн явцад тухайн байгууллагаас гарч ирээгүй, түүнчлэн хэргийн оролцогчдоос бус зөвхөн гэрчээр мэдүүлэг өгсөн ахлах аудитор асан Ш.Н-гийн хувиасаа гаргаж өгсөн буюу хууль бусаар хэрэгт авагдсан нотлох баримт байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь уг нотлох баримтыг шийдвэр, магадлалын үндэслэл болгон шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-т “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн.

8. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/191 дүгээр тушаалаар батлагдсан Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журмын 5.4 дэх заалтаар аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээгээр 85 хувиас дээш оноо авсан бол гэрээ сунгах үндэслэл болно гэсэн заалтын дагуу гэрээг сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь бодитоор биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ. Шүүхээс гарч буй шийдвэр, магадлал нь бодит байдал дээр биелэгдэх эрх зүйн боломжтой байх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Тендерийн тухай хуулинд заасны дагуу төрийн байгууллага бусдаар гүйцэтгүүлэх ажлын багц задарсан буюу өөрчлөгдсөн бол зайлшгүй дахин тендер зарлах эрх зүйн зохицуулалттай. Гэтэл 2019 онд Үндэсний Аудитын газраас “Гэрэлтэх бүртгэл Аудит” ХХК-ийн аудит хийсэн 67 байгууллагаас 2 байгууллагад итгэл хүлээлгэж улмаар нийт 65 байгууллагын санхүүгийн тайланд Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрыг өөрийн дотоод нөөц бололцоог дайчлан аудит хийхийг даалгасны дагуу 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор дээрх байгууллагуудад аудит хийж гүйцэтгэн дуусгавар болсон. Ийнхүү нэхэмжлэгч компанид хийж гүйцэтгэх тендер зарласан ажил байхгүй байгааг хариуцагч талаас анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбараар удаа дараа хэлсэн боловч дээрх байдлаар гэрээг сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч төрийн байгууллага хэрхэн биелүүлж, хэрэгжүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна. Давж заалдах шатны шүүх гэрээ сунгах үндэслэл болсон журмын “сунгах боломжтой” гэсэн заалтыг зайлшгүй сунгах үндэслэл болно гэж тайлбарлан даалгаж шийдвэрлэсэн бол хариуцагч талаас энэ нь гэрээг заавал сунгана гэсэн ойлголт бус тухайн жилд хөндлөнгийн компаниар хийж гүйцэтгүүлэх ажил байхгүй тохиолдолд бодит байдлыг харгалзан “сунгахгүй ч байж болно” гэж тайлбарладаг. Хэрэв 85 хувиас дээш үнэлэгдсэн бол гэрээг сунгах шууд үндэслэл болох байсан бол журамд “сунгах боломжтой” гэж бус “сунгана” гэж заах байсан нь тодорхой юм. Ийнхүү дээрх биелэгдэх боломжгүй үндэслэлээр Үндэсний Аудитын ерөнхий газрын 2019 оны төсөвт огт суугаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу бусдаар гүйцэтгүүлэх ажлын төлөвлөгөөнд ороогүй ажлыг гэрээ байгуулж нэхэмжлэгч “Г б А” ХХК-иар гүйцэтгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх боломжгүй байна. Учир нь Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын Тэргүүлэх аудитор нь дээрх 67 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийлгэх ажлыг гагцхүү Ерөнхий аудиторын зарим чиг үүргийг гэрээ, журмын дагуу шилжүүлж авсан хүрээнд нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлж байсан болно. Цаашид тендер зарлаж, гэрээ байгуулах эрх нь Үндэсний Аудитын газрын эрх хэмжээний асуудал тул хэрэв давж заалдах шүүхээс дээрх байдлаар гэрээг сунгахыг даалгаж шийдвэрлэж байгаа тохиолдолд энэ хэргийн хариуцагч нь Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газар мөн үү гэдэг эргэлзээтэй байдал үүсч байгааг дурдах нь зүйтэй.

9. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаартай шийдвэр болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0159 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

11. Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна. Гэрээгээр аудит хийлгэх, аудитын тайланг баталгаажуулах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж заасны дагуу тухайн харилцааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар баталсан “Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”, мөн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар баталсан “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах заавар, аргачлал” зэрэг эрх зүйн хэм хэмжээний актаар нарийвчлан зохицуулжээ.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын дарга П.Алтанзаяа нь “Г б А” ХХК-ийн “Өмнөговь аймгийн боловсролын багцын 67 байгууллагад хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэл”-ийг үнэлж, 96.30 оноо буюу “А” үнэлгээ өгсөн тус газрын аудитын менежер Д.Алдармөнхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн “ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг “үнэлгээ хийх болоогүй, бодитой бус” гэх шалтгаанаар, өөрийн томилсон ажлын хэсгийн 86 оноо буюу “А” дүнтэй үнэлсэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “ерөнхий үнэлгээнийн нэгтгэл”-ийг “үнэлгээг дахин хийх” шаардлага тавьж тус тус баталгаажуулаагүй, улмаар ажлын хэсгийн гишүүн Ш.Наран ажлаас чөлөөлөгдсөн гэх шалтгаанаар ажлын хэсгийг дахин байгуулсан ба тус ажлын хэсгийн 84 оноо буюу “В” үнэлгээ бүхий 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

13. Дээр дурдсан “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах заавар, аргачлал”-ын 3.2-т “... аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрууд өөрсдийн сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан хараат бус аудитын хуулийн этгээдийн гүйцэтгэсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг аудитын менежер аудитын санал дүгнэлт гарснаас хойш ажлын 15 хоногийн дотор энэ зааврын дагуу үнэлж, тэргүүлэх аудитор хянаж, баталгаажуулна” гэж заасан, энэ маргааны хувьд “аудитын менежер”-ийн үнэлгээтэй холбогдуулж нэхэмжлэгч шаардлага гаргаагүй тул уг асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй.

14. Харин, нэхэмжлэгч “Г б А” ХХК-ийн “Өмнөговь аймгийн боловсролын багцын 67 байгууллагад хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэл”-ийг анх байгуулсан ажлын хэсэг үнэлж, өгсөн 86 оноо буюу “А” үнэлгээг тэргүүлэх аудитор баталгаажуулаагүй байх үндэслэл тогтоогдоогүй, түүний 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Д.З нь тухайн “үнэлгээ”-г хийгээгүй, өмнөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд үнэлгээг дахин хийсэн Г.Ш, Г.Цнарын үнэлгээний дундаж оноогоор 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг гаргасан зэргээс үзэхэд дахин хийсэн үнэлгээ нь “гүйцэтгэлийг дахин хянаж, үнэлгээ хийх” захиргааны байгууллагын зорилгод нийцээгүй, уг үнэлгээг хянаж баталгаажуулсан үйл ажиллагаа нь хууль бус юм.

15. Иймд, шүүхүүд нэхэмжлэгчийн “2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хянаж баталгаажуулахыг даалгах, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тус “нэгтгэл”-ийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасанд нийцсэн байна.

16. Хавтаст хэрэгт ахлах аудитор Ш.Н, аудитор Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нарын гарын үсэг бүхий 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын хараат бус аудитын компанийг үнэлэх үнэлгээний комиссын ажлын тайлан” авагдсан, шүүхийн үзлэгийн протоколд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний баримт нь энэ ажлын хэсгийн гишүүдэд өөрсдөд нь байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш-ын хэлсэн нь тусгагдсан, үүнээс үзвэл Ш.Н-гийн хувиасаа гаргаж өгсөн, хууль бус баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

17. Дээрх “Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын 3.5-д “...“Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ” нь байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаатай байх ба энэ журмын 5.4-д заасны дагуу аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээнд үндэслэн гэрээ сунгагдах эсэхийг шийдвэрлэнэ. Гэрээ сунгах нийт хугацаа нь 3 жилээс илүүгүй байна”, 5.4-т “Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээгээр 85 хувиас дээш оноо авсан бол гэрээг сунгах үндэслэл болно”, “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах заавар, аргачлал”-ын 4.1-д “Үндэсний аудитын газрын Стратегийн удирдлагын газар хараат бус аудитын хуулийн этгээдийн тухайн тайлант хугацаанд гэрээгээр гүйцэтгэсэн санхүүгийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээг гүйцэтгэгч тус бүрээр нэгтгэж, цаашид хэрхэн хамтран ажиллах санал, танилцуулга бэлтгэнэ”, 4.4-д “Ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээнээс хамаарч цаашид гаргах шийдвэр нь дараах хэлбэртэй байна. Үүнд: 1-д зааснаар ерөнхий үнэлгээгээр 85-100 оноо, “А” үнэлэгдсэн бол “хэрэгжиж байгаа гэрээг сунгах боломжтой” гэж шийдвэрийн утгыг тодорхойлж заасан байна.

18. Үүнээс үзвэл, “хэрэгжиж буй гэрээ”-ний хувьд буюу энэ тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Санхүүгийн тайланд гэрээгээр аудит гүйцэтгүүлэх тухай” гэрээний хүрээнд Өмнөговь аймгийн боловсролын 67 байгууллагын санхүүгийн тайланд хараат бус аудитын байгууллагаар гэрээгээр аудит хийлгэхээр бол дээрх журмаар тогтоосны дагуу уг ажлыг “Гэрэлтэх бүртгэл Аудит” ХХК-иар гүйцэтгүүлэхээр тус гэрээг сунгах боломжтой юм.

19. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2018 онд уг 67 байгууллагын 2-т /итгэл үзүүлэх гэх/ санхүүгийн тайлангийн аудит хийх шаардлагагүй гэж үзсэн, бусдад нь төрийн аудитын байгууллага өөрөө аудит хийсэн, уг ажлыг дараагийн жилүүдэд “гэрээ”-гээр гүйцэтгүүлэх эсэх нь тодорхой бус, “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах заавар, аргачлал”-ын 4.5-т “Стратегийн удирдлагын газар төрийн аудитын байгууллагын захиалгаар санхүүгийн тайлангийн аудит хийсэн хараат бус аудитын хуулийн этгээдийн гэрээний үүргийн биелэлт буюу ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлийг аудит хийсэн байгууллага тус бүрээр гаргаж, Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан зэргээс үзэхэд “гэрээ” сунгах эрх төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудиторт шууд олгогдоогүй байхад анхан шатны шүүх “гэрээ” сунгах эсэхийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, давж заалдах шатны шүүх “... сунгах боломжгүй ноцтой шалтгаанаа зааж, нотлоогүй, ... 84 буюу “В” үнэлгээнд үндэслэн сунгах боломжгүй гэж үзсэн” гэх үндэслэлээр гэрээг сунгах боломжтой гэж дүгнэж, уг “гэрээ”-г сунгаж шийдвэрлэхийг шууд даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь буруу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

20. Иймд, дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0159 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн нэг заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г б А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хүчингүй болгож, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хянаж, баталгаажуулахыг Тэргүүлэх аудиторт даалгаж, үлдэх “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Санхүүгийн тайланд гэрээгээр аудит гүйцэтгүүлэх тухай” 2018/01 дугаартай гэрээг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                      Ч.ТУНГАЛАГ