| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/01045/И |
| Дугаар | 210/МА2021/00132 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2021/00132
| 2021 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 210/МА2021/00132 |
К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Б ХХК-д холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 6 641 719 813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ., түүний өмгөөлөгч .р, хариуцагчийн өмгөөлөгч ., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч . шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч . шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б ХХК нь Ктай 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 350 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 7 хувийн хүүтэй, 5 000 000 000 төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийг 4 жилийн хугацаатай зээлж авсан, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 350-1 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 60 сараар сунгасан тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 350-1 тоот Барьцааны гэрээ байгуулан дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан болно. Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/1, 64/2 тоот, 2960 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, Улаанбаатар хот, СХД, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлахс 8028/0104 нэгж талбарын дугаартай, 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар, Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/4, 64/3 тоот, 4544 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/5, 64/6 тоот, 4328 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан. Зээлдэгч банктай зээлийн гэрээ байгуулснаас хойш дараах төлбөрийг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрт 0.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 718 836 745 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9 078 904 төгрөг, нийт 727 915 649 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээл төлөхгүй байгаа болно. Зээлдэгч Б ХХК-ийн төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 568 223 649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 73 496 164 төгрөг, нийт 6 641 719 813 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч хүүгээ төлөхгүй байсан тул 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус албан тоотоор болон удаа дараа уулзаж, утсаар холбогдож зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлээ төлөөгүй болно. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 5 000 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 568 223 649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 73 496 164 төгрөг нийт 6 641 719 813 төгрөг гаргуулж К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдэрлэж өгнө үү. Нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 350-1 тоот Барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан дараах хөрөнгүүдийг болон эрхүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хэрэв барьцаа хөрөнгүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад мөнгө, хөрөнгөөр хангуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч .... шүүхэд гаргасан тайлбартаа: Б ХХК нь К ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 350 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 7 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай 5 000 000 000 төгрөгийг ЖДҮ-г дэмжих төслийн зээлийг авсан. 2013 оны 12 дугаар сарын 03-ны 350-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. 2017 оны 03 сарын 10-ны өдөр 350-1 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 60 сараар 2022 оны 03 сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан. Эдийн засгийн хүндрэлийн улмаас зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй байгаа учир цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б ХХК-ийн хувьд үндсэн зээлийн төлбөр 5 000 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүүгийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 30-наас хойш 1589 хоногийн хугацаанд хүү тооцож 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 1 568 223 649 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк зээлийн хүүг тооцож нэхэмжлэхдээ зээлийн хүүг жилийн 360 хоногоор тооцож, нэг хоногт 972 222 төгрөг тооцож, нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.4, 2.2-т зааснаар хүү бодох давтамж нь жилийн хүүг 365-т хувааж, хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно гэж журамласан байдаг. Энэхүү журмын дагуу тооцвол нэг хоногт 958 904 төгрөг болохоор байна. 2013 оны 08 сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 2.5-д зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж энэ гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлбөр гүйцэтгэхээр тохирсон хугацааг, 2.6-д Зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй гэж гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг хэтрүүлсэн байхыг ойлгоно гэж тусгасан. Зээлийн гэрээ-ний 8.3-т дараах нөхцөлд банк зээлийн гэрээг цуцлаж, өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр хураамж, хохирлыг шаардана. 8.3.3-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, хүүгийн болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй. Энэ нь 60 хоног үргэлжилсэн бол гэж заасан байдаг. Мөн Кны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын 11.6-д заасны дагуу хэрэв зээлдэгч нь банкны удаа дараагийн шаардлагаар тухайн сарын зээл хүүний төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлаж, зээл хүүг бүрэн төлж барагдуулах мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан байдаг. Зээлдэгч Б ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хугацаанд 718 836 745 төгрөгийг төлсөн байдаг ба хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлөлт хийсэн ба түүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй ба зээлийн гэрээний 2.6, 8.3.3-т заасан нөхцөл байдал бүрдсэн байхад К нь 2015 оны 10 дугаар сарын 30-аас хойш Зээлийн гэрээ-ний 8.3.3, Кны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын 11.6-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд К нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул 2015 оны 12 дугаар сарын 30-наас хойш хугацааны хүү авах эрхээ алдана гэж үзэж байна. Талуудын аль алины буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэмэгдэн тооцогдож буй 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи 1529 хоногийн хугацааны хүү болох 1 486 527 438 төгрөгийг зээлийн гэрээний тал тус бүрийн гэм буруутай байдлыг харгалзан тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож өгнө үү. Талуудын хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 350 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 350-1 дугаартай зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ-ний дагуу үндсэн зээлийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 250 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 9 078 904 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.4-т заасан Нэмэгдүүлсэн хүү бодох томьёо-ны дагуу тооцож үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл 19 хоногийн хугацаанд 182 191 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байна. Учир нь нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны хугацаанд төлөх үндсэн зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой. Иймд илүү суутган тооцсон 8 896 712 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна. Мөн К нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй дээр дурдсан үндэслэлийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 30-наас хойш хугацааны нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдана гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 3-р шаардлага болох 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 350-1 тоот Барьцааны гэрээ-ний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч байна. Талууд харилцан тохиролцож, барьцаа хөрөнгийг 11 800 000 000 төгрөгөөр үнэлсэн болно. Харин нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад мөнгө, эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг нь зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийн төлбөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.2, 244.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас нийт 5 900 402 553.61 /таван тэрбум есөн зуун сая дөрвөн зуун хоёр мянга таван зуун тавин гурван төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдсэн 741 317 260.26 /долоон зуун дөчин нэгэн сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун жаран төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 8028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 метр квадрат ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар, бусад мөнгө, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/01, 64/02 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034528 дугаарт бүртгэлтэй 2960 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/03, 64/04 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034527 дугаарт бүртгэлтэй 4544 метр квадрат талбайтай үйлдвэрлэл агуулгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/05, 64/06 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034526 дугаарт бүртгэлтэй 4328 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 29 730 162 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ... давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талууд 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №350-1 дугаартай зээлийн нөхцөл өөрчлөх гэрээгээр 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №350 дугаартай зээлийн гэрээний хугацааг 60 сараар сунгаж, зээл зээлийн хүүг төлөх хуваарийг мөн өдрөөс эхлэн хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Энэ нөхцөлийн дагуу зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусах бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүх гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэлээ. Төлбөрийн шинэчилсэн хуваарийн дагуу зээлдэгчээс зээл, хүүг төлөх хугацаа нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж байхад шүүх энэ өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхээ алдсан гэж дүгнэж байгаа нь талуудын гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчлөө. Гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлах эрх нь зээлдүүлэгчийн өөрийн эрхэд хамаарах, зээлдэгч зээлийн хүүг төлөхөө зөвшөөрч төлбөрийн шинэчилсэн хуваарийг зөвшөөрч, тохиролцсон байдлыг шүүх анхаарсангүй. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь Буян ХК-ийн эзэмшлийн 154 200 м.кв газрын зарим хэсэгт оршдог учир талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнүүдэд барьцаа хөрөнгийн хамаарах эзэмших эрхтэй газрын хамт барьцаалахаар тохиролцож бичгээр үйлдсэн. Иймд газрын зарим хэсгийг барьцаалж байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй. Дээрх үндэслэлээр гомдлыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруул ж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч . давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.3-т Дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг цуцалж, өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, ..хохирлыг шаардана. 8.3.3-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, хүү ... хугацаанд нь гүйцэтгээгүй. Энэ нь 60 хоног үргэлжилсэн бол гэж заасан. Мөн Кны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын 11.6- д заасны дагуу хэрэв зээлдэгч нь банкны удаа дараагийн шаардлагаар тухайн сарын зээл хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, зээл хүүг бүрэн төлж барагдуулах мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан байдаг. Уг заалтаар Зээлийн гэрээний 8.3 дахь заалтууд нь Кны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-аар үүрэгжсэн болох нотлогдоно. Зээлдэгч Б ХХК нь хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлөлт хийсэн ба түүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй ба түүнээс 60 хоногийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний 2.6, 8.3.3-т заасан Ноцтой зөрчил үүссэн, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байхад К нь гэрээг цуцлаагүй, шаардах Эрхээ хэрэгжүүлээгүй, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 8.3.3, Кны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам -ын 11.6-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т-заасан үр дагавар үүсгэсэн. Анхан шатны шүүх нь гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн цаг хугацааг 2018 оны 03 сарын 10- ны өдрөөр тооцсон байдаг ба 2015 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш гэрээг цуцлах ноцтой зөрчил үүссэн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Хариуцагч Б ХХК нь шүүхийн шийдвэр тусгагдсан 5 900 402 553 төгрөгийн дүнгээс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны 800 хоногийн хугацаанд бодогдсон зээлийн хүү болох 767 123 288 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ хэсгийг хасч тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээл 5 000 000 000 төгрөг, зээлийн хүү 1 568 223 649 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73 496 164 төгрөг нийт 6 641 719 813 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн 5 000 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээний 8.3.3-т ...зээлдэгч энэхүү гэрээнд заасан хүү, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ нөхцөлд Банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж хохирлыг шаардана гэж заасан нөхцөл байдал бүрдсэн байхад банк гэрээг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар К 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хүү авах эрхээ алдсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд К ХХК, Б ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 350 тоот зээлийн гэрээ байгуулж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зориулалтаар 5 000 000 000 төгрөгийг, сарын 0.58 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацааг 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байхаар, мөн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 350-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг өөрчилсөн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 350-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг өөрчилсөн, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 350-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг өөрчилж, зээлийн гэрээний хугацааг 60 хоногоор сунгасан үйл баримт тус тус тогтоогдсон байна. /хх.6-8, 10, 112-115/
Зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 350-1 тоот Барьцааны гэрээ байгуулж, гэрээнд заагдсан Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/1,64/2 тоот, 2 960 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/4, 64/3 тоот, 4 544 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/5, 64/6 тоот, 4 328 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ.
Дээрхээс үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан байна.
К ХХК нь зээлийн гэрээний мөнгө хөрөнгө болох 5 000 000 000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 36 600 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 55 000 000 төгрөг 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 4 888 400 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Б ХХК зээлийн гэрээний дагуу дээрх мөнгийг хүлээж авсан болохоо үгүйсгээгүй.
Зээлдүүлэгч К ХХК зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байна. Зээлдэгч Б ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 718 836 745 төгрөг төлсөн, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сүүлийн төлөлтийг төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх.125-130/
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүү авах эрхээ алдсан байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон байна.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан.
Үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширч, эсхүл үүнээс болж үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх боломжгүй болдог. Үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүргийг тогтоосон газар хугацаанд нь хүлээж аваагүйн улмаас зохих ёсоор гүйцэтгэгдэх байсан гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд саад учруулсан, эсхүл үүрэг гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгэгчийн оролцоо шаардлагатай байсан зэргийг ойлгоно.
Иймд зээлдэгч К ХХК-ийн зүгээс хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширсан, эсхүл үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хүлээж аваагүй, үүргийг гүйцэтгэхэд зээлдэгч саад учруулсан, эсхүл түүний оролцоо шаардлагатай байсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Хэргийн 46 дугаар талд Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаал нотлох баримтаар авагдсан, уг тушаалд К ХХК нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх Монгол банкны шаардлагыг биелүүлээгүйгээс банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдан банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болж цуцлагдсан, Кинд банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны Н/25 дугаар тушаал гарсныг тэмдэглэсэн байх бөгөөд К ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс татан буулгажээ.
Иймд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8 дахь хэсэгт зааснаар К ХХК нь хуулийн этгээд иргэний эрх зүйн чадваргүй болж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т зааснаар үүрэг дуусгавар болсон байна. К ХХК-ийн эрх 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр цуцлагдсан байх тул нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь уг хугацаанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно.
Хэргийн 164-166 дугаар талд авагдсан Б ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоос үзвэл К ХХК-ийн татан буугдсан өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх үндсэн зээл 5 000 000 000 төгрөг, зээлийн хүү 1 310 086 665 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 984 812 төгрөг нийт 6 315 071 477 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, К ХХК татан буугдсан 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож хариуцагч Б ХХК-аас гаргуулах нь зүйтэй байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар зохигчид 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх эзэмших эрхтэй газрын газар эзэмших эрхийг барьцаалсан талаар Нийслэлийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй байх тул анхан шатны шүүх 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх эзэмших эрхтэй газрын газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.
Нэхэмжлэгч Капитал ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын нэг үндэслэл болох ...шүүх 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхээ алдсан гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар гаргасан хэсгийг хүлээн авч, ...Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь Буян ХК-ийн эзэмшлийн 154 200 м.кв газрын зарим хэсэгт оршдог учир газрын зарим хэсгийг барьцаалж байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Хариуцагчийн төлөөлөгчийн ...К ХХК гэрээний 8.3.3-т заасан гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байхад гэрээг цуцлаагүй, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Иймд хариуцагч Б ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 000 төгрөг, зээлийн хүү 1 310 086 665 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 984 812 төгрөг нийт 6 315 071 477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02355 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...5 900 402 553.61 төгрөг гэснийг 6 315 071 477 төгрөг гэж, 741 317 260.26 төгрөг гэснийг 326 648 336 төгрөг гэж тус тус өөрчилж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Б ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 993 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ц.ИЧИНХОРЛОО