Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00306

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Агал нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхи

йн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02550 дугаар шийдвэртэй,

Ш.Агал, Н.Нян нарын нэхэмжлэлтэй, “Уринг” ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, гэм хорын хохиролд 350 000 000 төгрөгийг Ш.Агалд, 400 000 000 төгрөгийг Н.Нянд тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Нян, түүний өмгөөлөгч, нэхэмжлэгч Ш.Агалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, өмгөөлөгч Ц.Г, Ц.М, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Нян шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нян миний бие “Жинг” ХХК-д талбайн администратор /орчуулагчаар/ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажилд орсон ба хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажил үүргээ хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 062/19 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл миний ажиллаж байсан ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байнгын ажлын байр болно.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан гэвч хариуцагч нь байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаанд тус байгууллагын удирдлагын зүгээс ажлын байрны дарамт үзүүлж байсан мөн удаа дараа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулдаг, өөр ажилд шилжин ажиллах нөхцөл боломжийг хааж боогдуулж байсан. Миний бие хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаандаа хоёр удаа ураг зулбасан, энэ нь хариуцагч хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажил амралтын цагийг барьж ажиллуулаагүй, орчуулагчаар ажиллаж байх үед ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт зэргээс шалтгаалж сэтгэл санаа хямарч ураг зулбаж, эрүүл мэнд учруулсан хохиролд 400 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Крист локт гэдэг хүний хийсэн уулзалтын үеэр тэр хүн өрөөндөө түлхэж авах гээд ширээгээ цохиж, орилж байсан. Сүүлийн хэдэн сар байнгын сэтгэл санааны дарамтад байсан бөгөөд ажлаа хийж байх үед цус алдсан ба тэр үед намайг гэр рүү хүргэгдсэнийг ажлын хамт болон өрөөний охин харсан. н.Лрах эмч 3 өөр онош бичсэнийг ойлгохгүй байна. Тэр үед намайг чи яаралтай хот руу буцаарай, манай эмнэлэг дээр эмэгтэйчүүдийн эмч байхгүй гэж хэлсэн ба араас 2 өөр онош өгсөн байсан.

Гадаад дарга нар их дээрэлхүү, доромжилж харьцдаг. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж “Уринг” ХХК-ийн төслийн талбайн администратор /орчуулагчийн/ ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, сэтгэл санаа, эрүүл мэнд, ураг зулбуулсны хохиролд 400 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Агал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Агал миний бие “Жинг” ХХК-д барилгын ахлах ажилтнаар 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажилд орсон ба хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэж ирсэн.

Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 063/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл миний ажиллаж байсан ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байнгын ажлын байр болно.

Түүнчлэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн. Учир нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин Г.Ган төрсөн бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2 нас хүрсэн.

Мөн хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаанд тус байгууллагын удирдлагын зүгээс ажлын байрны дарамт үзүүлж хүйсээр ялгаварлан гадуурхан ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулж байсан.

Хариуцагч нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажил амралтын цагийг барьж ажиллуулалгүй сүүлийн ростор /ээлж/-ын турш 21-22 хоног дараалан шөнийн ээлжинд ажиллуулсан ажлын байрны дарамт, эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан зэргээс шалтгаалж миний бие сэтгэл санаа гүн хямралд орж 2 сартай жирэмсэн байхдаа зулбаж бие сэтгэлээрээ маш их хохирсон тул эрүүл мэнд, сэтгэл санаа, ураг зулбуулсны хохиролд 350 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хэрэв хариуцагч намайг олон хоногийн турш шөнийн ээлжинд ачаалалтай ажиллуулж ядаргаанд оруулаагүй, эмэгтэй гэж хүйсээр ялгаварлан гадуурхагдаж сэтгэл санааны гүн хямралд оруулаагүй бол ураг зулбахгүй байсан.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон үндэслэлийг “Уринг” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төсөл дууссан учраас цаашид сунгагдахгүй болсон гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэл өгч холбогдох тэтгэмжийг олгох үүрэгтэй. Ажлаас чөлөөлсөн тушаалд ийм шалтгааны улмаас сунгагдахгүй болсон гэдгийг зааж бичих байсан.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж “Жинг” ХХК-ийн барилгын ахлах ажилтны ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, сэтгэл санаа, эрүүл мэнд, ураг зулбуулсны хохиролд 350 000 000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК-тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд манай компани Н.Нянг О төслийн талбай дахь чанарын хэлтэст төслийн талбайн захиргааны ажилтан /орчуулагч/ албан тушаалд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай, харилцан тохиролцож байгуулсан.  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.

Тухайн албан тушаал нь төслийн үе шатанд зөвхөн тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай байсан бөгөөд төслийн үе шат хэрэгжиж дуусахад компанид цаашид шаардлагагүй болох байсан тул тус албан тушаал нь түр ажлын байр байсан.

Н.Нянгийн ажиллаж байсан Төслийн үе шатны тодорхой ажил дууссан тул 2019 оны 03 сарын 31-ний өдөр Н.Нянгийн Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болгосон. Түүнчлэн талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг ажлын санал болон хөдөлмөрийн гэрээнд дараах байдлаар тусгайлан харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсөн байдаг.

Манай компани нь “О” ХХК-тай богино хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд Н.Нянгийн албан тушаал нь уг гэрээг хэрэгжүүлэхэд компанид туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байна.

Н.Нян нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах үедээ бүрэн мэдэж байсан.

Манай компани ажлын байрны бүх төрлийн дарамт /үүнд бэлгийн дарамтыг оруулан/ болон хүчирхийллийг үл тэвчих хатуу бодлого баримталдаг. Компанийн зүгээс түүний ажилтан, албан тушаалтнууд нь ёс зүйн дүрэм болон бусад холбогдох журам /Дүрэм, журам/-д заасны дагуу хоорондоо /гадаад, Монгол ажилтнуудыг оруулан/ аюулгүй, ажил хэрэгч, хүндэтгэлтэй харьцдаг таатай ажлын орчинг бүрдүүлэх арга хэмжээг ямагт авч хэрэгжүүлдэг.

Ажилтнаас гаргасан аливаа гомдлыг компанийн гомдол хянан шийдвэрлэх журам МОН-СҮАЖ 611-д заасны дагуу тухай бүр хянан шийдвэрлэх ёстой байдаг. Үүний хүрээнд Н.Нян нь ажлын байрны дарамт болон дарамттай холбоотой гомдлоо компанид албан ёсоор гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

Компанийн зүгээс Н.Нянгийн ураг зулбасан явдлууд нь ажлын ачаалал болон ажлын байрны бэлгийн дарамтаас болсон гэдгийг үгүйсгэж байна. Ураг зулбасан явдал болон ажлын байр, ажлын байрны нөхцөл нь хоорондоо аливаа шалтгаант холбоо байхгүй. Бодит нөхцөл байдал нь тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй учраас гадаад орчны нөлөөлөл, ерөнхий сэтгэл санааны хямрал болон генетикийн хүчин зүйл зэрэг Н.Нянгийн ажлын орчин нөхцөлөөс үл хамаарах хүчин зүйлийн улмаас түүний ураг зулбасан байх боломжтой.

Иймд Н.Нянгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“О” ХХК-тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд манай компани Ш.Агалыг О төслийн талбай дахь барилгын хэлтэст барилгын ахлах ажилтан албан тушаалд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан ба ажлын байр нь түр ажлын байр байсан.

“Барилгын ахлах ажилтан” албан тушаалыг түр ажлын байр байхаар тодорхой тусгасан ба О ХХК-тай богино хугацаатай гэрээ байгуулсан, Ш.Агалын албан тушаал нь уг гэрээг хэрэгжүүлэхэд компанид туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй.

Ш.Агал нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах үедээ бүрэн мэдэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийн зохицуулалт нь зөвхөн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тохиолдолд үйлчилдэг.

Компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Агалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болсон.

Ш.Агалын зүгээс хүйсээр ялгаварлан гадуурхсан талаар компанид хандан аливаа гомдол гаргаж байгаагүй.

Ш.Агал төслийн талбайн сүүлийн ээлжиндээ 7 өдрийн турш буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шөнийн ээлжинд ажилласан ба өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр шөнийн ээлжинд ажилласан. Түүнчлэн Ш.Агал нь компанид ажиллах хугацаандаа жирэмсэн болсон тухайгаа компанид мэдэгдэж байгаагүй төдийгүй түүнтэй хамтран ажиллагсад нь тэр талаар огт мэдээгүй байдаг. Бодит нөхцөл байдал нь тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй учраас гадаад орчны нөлөөлөл, ерөнхий сэтгэл санааны хямрал болон генетикийн хүчин зүйл зэрэг Ш.Агалын ажлын орчин нөхцөлөөс үл хамаарах хүчин зүйлийн улмаас түүний ураг зулбасан байх боломжтой.

Иймд компанийн зүгээс Ш.Агалд аливаа нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Н.Нянгийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, Ш.Агалын хувьд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгөх процесс ажиллагааг хариуцагчийн зүгээс хангасан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан Уринг ХХК-д холбогдуулан гаргасан Ш.Агалын Барилгын ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нэхэмжлэгч Н.Нянгийн Төслийн талбайн администратор/орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Ш.Агал, Н.Нян нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4 дэх заалтад заасныг баримтлан Уринг ХХК-иас эрүүл мэндэд учирсан хохиролд 36 613 325 /гучин зургаан сая зургаан зуун арван гурван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан Ш.Агалд, 8 406 569 /найман сая дөрвөн зуун зургаан мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан Н.Нянд тус тус олгож, Ш.Агалын шаардлагаас үлдэх үлдэх 313 386 675/гурван зуун арван гурван сая гурван зуун наян зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгт, Н.Нянгийн шаардлагаас үлдэх 391 593 431/гурван зуун ерэн нэгэн сая таван зуун ерэн гурван мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нарын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Ш.Агалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 907 950 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Нянгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 157 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уринг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 341 017 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Агалд, хариуцагч “Уринг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 149 455 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Нянд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Нянгийн өмгөөлөгч, Ш.Агалын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Жинг” /Уринг/ ХХК-д Ш.Агал барилгын ахлах ажилтны ажилд, Н.Нян төслийн талбайн админстратор /орчуулагчийн/-ын ажилд орсон өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажил олгогчийн тогтоосон горимын дагуу 28-14 гэсэн ростор /ээлж/-оор төслийн талбайд 28 хоногийн хугацаанд өглөө 07:00 цагаас оройн 19:00 цагийн хороонд хөдөлмөрийн дотоод журам бусад норм стандартын дагуу ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг зөрчин нэхэмжлэгч Ш.Агалтай 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, Н.Нянтай 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/1245 дугаар “өргөдлийн хариу” гэх албан бичгүүдээр тогтоогдож байгаа болно.

Мөн хариуцагч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

Хөдөлмөрийн тухай хуульд байнгын бус ажлын байр гэсэн ойлголт байхгүй байхад шүүх анхаар ч үзэлгүйгээр ажил олгогч буюу хариуцагчийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын бус ажлын байр гэсэн хууль зөрчсөн ганц үгэнд үндэслэн дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргаж өгсөн 2019 оны бүтэц орон баталгаажуулсан тушаал 2020 оны байгууллагын ажилчдын бүтэц орон тоог өөрчилсөн тушаал зэргийг хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Нэхэмжлэгч нарыг 2019 оны 03 сарын 31-ний өдрийн 062/19, 063/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл байгууллагын ажилчдын бүтэц орон тоо баталсан 2020 оны 01 сарын тушаалд нэхэмжлэгч нарын ажлын байрыг хассан болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч Ш.Агал, Н.Нян нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдэд талууд ямар шалтгаан нөхцөлийн улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл шаардлага, шалтгааныг дурдаагүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй'' хэмээн дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчжээ.

Дээр дурдсанчлан хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэж дуусгавар болгосон. Уг заалтыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхыг, цаашид сунгагдахгүй болсон гэсэн 2 нөхцөл бүрдсэн байхыг шаардаж байгаа ба нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагчийн 2019 оны 03 сарын 31-ний өдрийн 062/19, 063/19 дугаар тушаалуудад цаашид сунгахгүй шалтгаан нөхцөл юу байсан талаар дурдаагүй байхад шүүх маргаан бүхий тушаалууд хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

Н.Нянгийн гүйцэтгэж байсан ажил албан тушаал хариуцагч байгууллагад хадгалагдаж байгааг нотлох үүднээс цахим шууданд үзлэг хийлгэх, уг үзлэгээр Э.Бямбасүрэн “Уринг” ХХК-ийн чанарын багийн админ хийж байгааг нотлох чухал ач холбогдолтой байсан боловч шүүх хүсэлтүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох боломжийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Ш.Агалыг 3 /гурав/ хүртэлх насны хүүхэдтэй байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн, анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсны улмаас хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тохиолдолд хамаарахгүй дурдах нь зүйтэй” хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулаж нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчид нь “О” ХХК (ОТ)-ийн төслийн талбайд ростероор буюу ээлжийн хуваариар ажилладаг байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ердийн ажлын цагийн горим буюу 8 цагт хамаарахгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх ямар нотлох баримтад тулгуурлан "Компанийн ээлжийн ажлын хуваарь, нэг өдрийн ажлын цаг нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн нөхцөлд тохироогүй" гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Энэ талаар хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 2 сарын 15-ны өдрийн Компани болон түүний үйлдвэрчний эвлэл нарын хооронд байгуулсан "Хамтын гэрээ"-ний холбогдох заалтыг шүүх хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй. Түүнчлэн ОТ төслийн талбайн хөдөлмөрийн нөхцөл, ажлын байр нь нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг эрх бүхий байгууллагаас дүгнэсэн, нотолсон ямар ч нотлох баримт хэргийн материалд байхгүй.

Шүүх гэрч Б.Бүлтэнгийн өгсөн мэдүүлгийг нотлох баримт биш гэж үзэн, ураг зулбалтын шалтгаан нь хөдөлмөрлөх нөхцөл гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Дээрх гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ураг зулбалтын шалтгаан нөхцөлийг тодорхойлоогүй болох нь нотлогддог.

Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Гэмтлийн зэргийн журмаас харвал ураг зулбах буюу жирэмслэлт тасалдах гэмтэл нь "хүнд" гэмтэлд хамаарах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмтлийн зэрэгт тооцогддог. Дээрх журмыг баримтлан анхан шатны шүүхээс хариуцагч компани нь нэхэмжлэгч нарт хүнд гэмтэл учруулсан гэж үзэж байгаа тохиолдолд тухайн хэрэг нь эхлээд эрүүгийн журмаар шалгаж тогтоогдсон байх шаардлагатай. Хэрэв үнэхээр тухайн журмыг хэрэглэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх захирамж, тогтоол гарган тус журмын 1.4-т зааснаар зөвхөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дүгнэлт гаргах учиртай. Гэтэл Анхан шатны шүүх өөрөө шүүхийн шинжилгээний шинжээчийн үүрэг гүйцэтгэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд тус журмыг энэ хэрэгт хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан заалт нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан заалт атал анхан шатны шүүхээс тус заалтыг төсөөтэй хэрэглэж гэм хорын хохирлыг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, шууд тайлбарлан хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь хэсгийг хэрэглэхдээ ажил олгогч нь хууль зөрчин илүү цагаар ажиллуулсан мэтээр хэт нэг талыг баримтлан хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг зөрчин нэхэмжлэгчдээс бичгээр гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжпэгч Ш.Агал нь гэм хорын хохиролд 350 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан, нэхэмжлэгч Н.Нян нь гэм хорын хохиролд 400 000 000 сая төгрөг гаргуулахыг шаардсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар гэм хорын маргаан бус үйлдвэрлэлийн осол гэж үзэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 61 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс гадуур хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрхгүй бөгеөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дур мэдэн тогтоох эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Агал, Н.Нян нар нь хариуцагч “Уринг” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, Ш.Агал нь гэм хорын хохиролд 350 000 000 төгрөг, Н.Нян нь гэм хорын хохиролд 400 000 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь гэм хорын хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа эдийн болон эдийн бус гэж тодорхойлсон боловч мөнгөн хөрөнгөөр илэрхийлэхдээ тус тусад нь ялгаж ялгаж зааглаагүй байхад шүүх тодруулаагүй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр үйл баримтыг тогтоох байжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн ажлын байр хариуцагч байгууллагад хэвээр хадгалагдаж байгаа гэх тайлбараа нотлохын тулд уг ажлын байранд ажиллаж байгаа гэх Э.Бямбадэлгэр, Ч.Томирлог, О.Анар, Д.Болор-Эрдэнэ нарын [email protected], [email protected], [email protected], [email protected] гэх цахим хаягт үзлэг хийлгэх, “О” ХХК-ийн Гүний уурхайн төслийн хүний нөөцийн мэргэжилтэн С.Бямбааг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 101/ШЗ2020/13103 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо “гэрч оролцуулснаар ямар нөхцөл байдлын талаар мэдүүлэг авахуулах, хэдэн сарын хэдний өдрийн ямар агуулга бүхий цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бус” гэж дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Учир нь талууд ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны талаар маргаж байгаа нөхцөлд талуудын тайлбар, үндэслэлийг тодруулах, энэ нөхцөл байдлыг баримтаар хэрхэн нотолж байгааг дүгнэх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байснаар талуудын хоорондын маргаантай үйл баримтад нотлох баримтыг хамааруулан үнэлэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490 472 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                          ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                             Э.ЗОЛЗАЯА