Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00310

 

ҮХОБХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/03360 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ҮХОБХХК-ийн хариуцагч Ү ДХХК, Ж.Гнарт холбогдуулан гаргасан 1 612 224 910.29 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Г.Б, хариуцагч Ү ДХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд Д.Адийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, түүний өмгөөлөгч Р.М, гуравдагч этгээд Э.Б, З.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д.Э өмгөөлөгч У.Т, гуравдагч этгээд Б.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус банк нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ү ДХХК-тай ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 000 төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон мөн өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээг тус тус байгуулж, Ж.Ганзоригийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, Монтед ХХК-ийн 1 байрны 29 тоот, 50,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Д.Адъяамаагийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 6А байр, 42 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Титэм Өлзий ХХК-ийн өмчлөлийн, 98 хувийн гүйцэтгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Титэм /18103/, 10а байр, 4 тоот, 152,54 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Титэм Өлзий ХХК-ийн өмчлөлийн, 98 хувийн гүйцэтгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Титэм /18103/ 10а байр 5 тоот, 132,35 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Хүрэлбаатарын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 17 хороо, 4 хороолол, 37 байр, 11 тоот, 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 10 хороо, Буянт-Ухаа хороолол /17120/, Морингийн зам 60/2 байр, 50 тоот, 47,7 м.кв талбатай, 2 өрөө орон сууц, Ч.Энхжаргалын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, 6 хороолол /15140/, Их тойруу-68 байр, 34Б тоот, 53,12 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, Ч.Энхжаргалын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, 6 хороолол /15140/, Их тойруу-68 байр, 34А тоот, 53,46 мкв талбайтай 2 өрөө орон сууц, Ү ДХХК-ийн өмчлөлийн, Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 880 мкв үйлдвэрийн байр, 227 м.кв талбайтай, Тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ажилчдын байр, Ү ДХХК-ийн эзэмшлийн, Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 40188 мкв тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ж.Ганзоригийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 624 м.кв талбайтай орон сууц, Ж.Ганзоригийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 692,07 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй учир мэдэгдэл, хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардлага тавьж байсан. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11 546.11 төгрөг, үндсэн хүү 80 827 031 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343 401 төгрөг, нийт 81 181 979.47 төгрөгийг төлсөн. Шүүхэд үндсэн зээл 1 499 988 453.89 төгрөг, үндсэн хүү 125 144 241.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 372 883.63 төгрөг, нийт 1 612 512 579 төгрөгийг Ү ДХХК-аас гаргуулахаар шаардлага гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 12 645 278 төгрөг төлсөн тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Мөн Титэм өлзий констракшн ХХК, Б.Хүрэлбаатар, Д.Адъяамаа, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нарыг хариуцагчаар татсан боловч татгалзсан болно. Хариуцагч анх зээл авахдаа өөрийн өмчлөлийн хөрөнгүүдийг зээлийн үнийн дүнд хүрнэ гэж тайлбарласан боловч хүрээгүй тул нэмэлт барьцааны гэрээнүүдийг байгуулсан гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч талтай 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 1 500 000 000 төгрөг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай дансанд орсон. Нэхэмжлэгч талаас 2014 оны 11 дүгээр сарын 10 болон 20-ны өдрүүдэд нэмэлт гэрээ байгуулахыг шаардсан. Ингээд өөрийн найз, таньдаг хүмүүсийн үл хөдлөх хөрөнгүүдийг итгэмжлэлээр барьцаанд тавьсан. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний дагуу мөнгө орж ирсэн бол манай компани үйлдвэрийн 38 га тусгай зөвшөөрөл гарах боломж байсан. Одоог хүртэл тусгай зөвшөөрлийг аваагүй. ҮХОБХХК-аас авсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хийлгүй удаасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 1 612 512 579 төгрөгийг өөрийн барьцаа хөрөнгөөр төлөхийг хүлээн зөвшөөрнө. 2017 онд 10 000 000 төгрөг, 2018 онд 20 000 000 орчим төгрөгийг хувааж төлсөн гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Адъяамаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт барьцааны гэрээний дагуу Д.Адъяамаагийн гэр бүлийн дундын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 6А байр, 42 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ж.Гбарьцаанд тавьсан. Д.Адъяамаа, Ж.Гнар дундын найзаараа дамжуулж танилцсан ба итгэл хүлээлгэж итгэмжлэл олгосон. Нэхэмжлэгч хариуцагчийг шахамдуулж, дарамтад оруулсаны үндсэн дээр зайлшгүй байдлаар нэмэлт барьцааны гэрээ байгуулсан тул гуравдагч этгээд нарыг хуурсан гэж үзэж байгаа. Түүнчлэн Ү ДХХК-д олгогдсон зээл зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй. Д.Адъяамаагийн үл хөдлөх хөрөнгө барьцаанд байгаа эсэх талаар эргэлзээтэй баримтыг Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.Адъяамаагаас иргэн Ж.Ганзоригт итгэмжлэл олгосон. Итгэмжлэлд иргэн Ж.Ггарын үсэг зурж, итгэмжлэлийн ард өөрийнх нь иргэний үнэмлэхийн хуулбар авагдсан. 2 иргэний хооронд олгогдсон итгэмжлэл бөгөөд Ү ДХХК-ийг сүүлд бичсэн бичгийн хэлбэр зэрэг нь ялгаатай байна. Иймд эргэлзээтэй итгэмжлэлээр барьцааны гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4, 128 дугаар зүйлийн 128.2 дэх хэсэгт заасны дагуу хэлцэл хүчин төгөлдөр бус тул Д.Адъяамаагийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

 

Гуравдагч этгээд Э.Барч-Оч, З.Нарантуяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д.Эрдэнэпүрэвийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд нараас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч өөрийн хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тайлбар гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой байх, тухайн үүргийг хариуцвал зохих этгээдэд холбогдуулж шаардлага гаргах ёстой. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан тохиолдолд хэн зээлийн гэрээний дагуу мөнгийг авсан, үүргийг ямар эд хөрөнгөөр хангахаар талууд тохирсон, үүргийг гүйцэтгэх хөрөнгө хэний өмчлөлд байгаа зэрэг нөхцөл байдал ач холбогдолтой. Түүнчлэн гуравдагч этгээд нар зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөг төлөх ёстой болох нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай байхад нэхэмжлэгч хариуцагч нар үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан дансны хуулгаас харахад банк өөрийн тамга, тэмдгийг дарж ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлаж байгаа боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан агуулгаас харахад зээлдүүлэгч нь зээл олгохдоо хангалттай барьцаа хөрөнгийг авах буюу өөрийн байгууллагыг эрсдэлд оруулахгүйн үүднээс барьцаа хөрөнгийн гэрээг байгуулж зээл олгох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь зээл эхэлж олгосны дараа барьцааны гэрээ байгуулж байгаа нь логик дараалал болон хууль зүйн хувьд нийцэхгүй байна.. Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн хариуд огт бүртгэлгүй гэж ирсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч улсын бүртгэлд албан бичиг өгч шийдэгдсэн хэргийн араас баримт хийж Давж заалдах шатны шүүх рүү явуулсан. Иргэний хуульд заасан итгэмжлэлийн агуулгыг харахад төлөөлөгчийн эрх төлөөлүүлэгчээс олгосон хүрээ хязгаараар хязгаарлагддаг. З.Нарантуяа, Э.Барс-Оч нараас барьцаалах захиран зарцуулах эрхийг Ж.Ганзоригт олгоогүй. Зохих этгээдүүдээс зөвшөөрөл аваагүй байгаа тул барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ү ДХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 612 224 910 төгрөг гаргуулан, ҮХОБХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Ү ДХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ү ДХХК-ийн өмчлөлийн Ү-1419000001 дугаар улсын бүртгэлтэй, тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 880 мкв үйлдвэрийн байр, 227 мкв ажилчдын байр, НТД:18643288434665 дугаар улсын бүртгэлтэй, Ү ДХХК-ийн эзэмшлийн тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 40188 мкв газар, Жонгоор овогтой Жамьянсүрэнгийн Ганзоригийн /РД:ЧН70072976/ өмчлөлийн Ү-2204011914 дугаар улсын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, Монтед ХХК-ийн 1 байр, 29 тоот, 50,7 мкв 2 өрөө орон сууц, Ж.Ганзоригийн өмчлөлийн Ү-2205018063 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 692,07 мкв орон сууц, Ж.Ганзоригийн өмчлөлийн Ү-2205000309 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 624 мкв орон сууц зэрэг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Титэм өлзий констракшн ХХК, Б.Хүрэлбаатар, Д.Адъяамаа, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нарын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ҮХОБХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Д.Адъяамаагийн итгэмжлэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 290 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү ДХХК-иас тэмдэгтийн хураамжид 8 219 075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Адъяамаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригоод олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тухайн хөрөнгүүдийг барьцаанд тавихад гуравдагч этгээд нараас Ж.Ганзоригт үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл олгосон. Банк 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчтай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хэсэгчлэн төлөөлүүлэх, хэрэв сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэн хэлэлцэх явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч Ч.Энхжаргал, Б.Хүрэлбаатар, Титэм-Өлзий констракшн ХХК, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч нар нь зөвшөөрч ...Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ү ДХХК, түүний захирал Ж.Ганзоригт олгож байна. гэсэн итгэмжлэл олгосон. Хэрэв барьцаа хөрөнгийн өмчлөгч нар үл хөдлөх хөрөнгийг Ү ДХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг олгоогүй, өмчлөгч нарын зөвшөөрөлгүй барьцаалж гэрээ байгуулсан гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч нар хариуцагч Ү ДХХК, түүний захирал Ж.Ганзоригт банктай эвлэрэн хэлэлцэх эрхийг олгох шаардлагагүй юм. Иймд дээрх эрх олгосон итгэмжлэлүүдээр барьцаа хөрөнгийн өмчлөгч нар үл хөдлөх хөрөнгийг Ү ДХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон, зөвшөөрсөн гэдэг нь тогтоогдож байна. Мөн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/03360 дугаартай шийдвэрээс ...хариуцагчаас 1 612 224 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Ү ДХХК, Ж.Гнарын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэснийг хэвээр үлдээж, ...Д.Адъяамаа, Титэм-Өлзий констракшн ХХК, Б.Хүрэлбаатар, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нарын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчилж, Д.Адъяамаа, Титэм-Өлзий констракшн ХХК, Б.Хүрэлбаатар, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нарын өмчлөлийн Эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

 

ҮХОБХХК нь Ү ДХХК, Ж.Гнарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 612 224 910.29 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй боловч гуравдагч этгээд нар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч ҮХОБХХК болон хариуцагч Ү ДХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ. /1 хэргийн 7-10 дугаар тал/ Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагчаас 1 612 224 910 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан. Анхан шатны шүүх Ү ДХХК-аас үндсэн зээл 1 489 994 453.89 төгрөг, үндсэн хүү 122 216 840.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 616.01 төгрөг, нийт 1 612 224 910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Ү ДХХК-ийн өмчлөлийн, Ү-1419000001 дугаар улсын бүртгэлтэй, тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 880 м.кв талбайтай үйлдвэрийн байр, 227 м.кв талбайтай ажилчдын байр, НТД:18643288434665 дугаар улсын бүртгэлтэй, Ү ДХХК-ийн эзэмшлийн, тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 40188 м.кв талбайтай газар, Ж.Ганзоригийн өмчлөлийн, Ү-2205018063 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 692,07 м.кв талбайтай орон сууц, Ж.Ганзоригийн өмчлөлийн, Ү-2205000309 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 624 мкв орон сууцыг,

 

 

 

 

2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээгээр Ж.Ганзоригийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204011914 дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, Монтед ХХК-ийн 1 дүгээр байрны 29 тоот, 50,7 м.кв талбайтай орон сууц, Д.Адъяамаагийн өмчлөлийн, Ү-2205005879 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 хороо, 6-р бичил хороолол, 6А байрны 42 тоот 29 тоот, 50,7 м.кв талбайтай орон сууц, Титэм-Өлзий ХХК-ийн өмчлөлийн, Ү-2201038616 улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Титэм 10 а байр, 4 тоот, 157,54 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Титэм-Өлзий ХХК-ийн өмчлөлийн Ү-2201038617 улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Титэм 10 а байр, 5 тоот, 132,35 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Б.Хүрэлбаатарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 17 хороо, 4 хороолол, 37 дугаар байрны 11 тоот, 35м.кв талбайтай орон сууцыг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээгээр Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч нарын өмчлөлийн Ү-2206012243 улсын дугаартай, Хан-Уул дүүрэг, 10 хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/2 байрны 50 тоот, 47,7 м.кв талбайтай орон сууц, Ч.Энхжаргалын өмчлөлийн, Ү-2202017028 улсын дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, 6 хороолол, Их тойруу, 68 байрны 34Б тоот, 53.12 мкв талбайтай орон сууц, Ч.Энхжаргалын өмчлөлийн, Ү-2202017027 улсын дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, 6 хороолол, Их тойруу, 68 байрны 34А тоот, 53.46 м.кв талбайтай орон сууцаар тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна. /1 хэргийн 11-13, 17-19, 117-119 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх зээл олгох ажиллагаа дууссан байхад нэмэлт барьцааны гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн нь буруу. Учир нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны нэмэлт гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй.

 

Хариуцагч Ү ДХХК-ийн захирал Ж.Ганзоригт Д.Адъяамаагаас 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, Б.Хүрэлбаатараас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Титэм өлзий ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, насанд хүрээгүй Э.Барс-Очийн асран хамгаалагч нараас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, Ч.Энхжаргалаас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрх олгосон, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгожээ. /1 хэргийн 110-116 дугаар тал/ Иймд ҮХОБХХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох дээрх дурдсан хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн Д.Адъяамаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байхдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч түүнээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон байна. /4 хэргийн 101, 120,122 дугаар тал/ Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Д.Адъяамаагийн итгэмжлэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж гэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ. Учир нь Д.Адъяамаа нь тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож буй тул түүний бие даасан шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд гуравдагч этгээд Д.Адъяамаагийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал, гуравдагч этгээд Д.Адъяамаагийн гаргасан итгэмжлэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба итгэмжлэл хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/03360 дугаар шийдвэрийн 2 дах заалтыг 3 дах заалттай нэгтгэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ү ДХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ү ДХХК-ийн өмчлөлийн Ү-1419000001 дугаар улсын бүртгэлтэй, тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 880 мкв үйлдвэрийн байр, 227 мкв ажилчдын байр, НТД:18643288434665 дугаар улсын бүртгэлтэй, Ү ДХХК-ийн эзэмшлийн тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 40188 м.кв газар, Ж.Ганзоригийн өмчлөлийн Ү-2204011914 дугаар улсын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, Монтед ХХК-ийн 1 байр, 29 тоот, 50,7 м.кв 2 өрөө орон сууц, Ж.Ганзоригийн өмчлөлийн Ү-2205018063 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 692,07 м.кв орон сууц, Ж.Ганзоригийн өмчлөлийн Ү-2205000309 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 624 м.кв орон сууц, Д.Адъяамаагийн өмчлөлийн Ү-2205005879 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 хороо, 6-р бичил хороолол, 6А байрны 42 тоот 29 тоот, 50,7 м.кв орон сууц, Титэм-Өлзий ХХК-ийн өмчлөлийн Ү-2201038616 улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Титэм 10 а байр, 4 тоот, 157,54 м.кв үл хөдлөх хөрөнгө, Титэм-Өлзий ХХК-ийн өмчлөлийн Ү-2201038617 улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Титэм 10 а байр, 5 тоот, 132,35 мкв үл хөдлөх хөрөнгө, Б.Хүрэлбаатарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 хороо, 4 хороолол, 37 дугаар байрны 11 тоот, 35 м.кв орон сууц, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч нарын өмчлөлийн Ү-2206012243 улсын дугаартай, Хан-Уул дүүрэг, 10 хороо, буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/2 байрны 50 тоот, 47,7 мкв орон сууц, Ч.Энхжаргалын өмчлөлийн Ү-2202017028 улсын дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, 6 хороолол, Их тойруу, 68 байрны 34Б тоот, 53.12 мкв орон сууц, Ч.Энхжаргалын өмчлөлийн Ү-2202017027 улсын дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, 6 хороолол, Их тойруу, 68 байрны 34А тоот, 53.46 м.кв орон сууц болох барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

4 дэх заалтыг 3 гэж дугаарлан гуравдагч этгээд Д.Адъяамаагийн итгэмжлэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 5 дах заалтыг 4, 6 дах заалтыг 5 гэж дугаарлан өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

С.ЭНХТӨР