Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 03360

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 09 өдөр                   Дугаар 102/ШШ2020/03360                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК холбогдох,

Хариуцагч: Ж.Г нарт холбогдох,

1,612,224,910.29 /нэг тэрбум зургаан зуун арван хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амарбилэг, Г.Батбаатар, хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, гуравдагч этгээд Д.Адъяамагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригоо, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, гуравдагч этгээд Э.Барч-Оч, З.Нарантуяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д.Эрдэнэпүрэвийн өмгөөлөгч У.Түвшин, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус банк нь 2014.10.03-ны өдөр “Х” ХХК-тай ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээ байгуулж 1,500,000,000 төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон мөн өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2014.11.10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014.11.20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ тус тус байгуулж, Ж.Гийн өмчлөлийн БЗД, 6 хороо, 13 хороолол, Монтед ХХК-ийн 1 байр, 29 тоот, 50,7 мкв 2 өрөө, Ү-2204011914, Д.Адъяамаагийн өмчлөлийн БГД, 12 хороо, 6 бичил хороолол, 6А байр, 42 тоот, 30 мкв 2 өрөө, Ү-2205005879, Титэм Өлзий ХХК-ийн өмчлөлийн 98% гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, СХД, 20 хороо Титэм /18103/, 10а байр, 4 тоот, 152,54 мкв, Ү-2201038616, Титэм Өлзий ХХК-ийн өмчлөлийн 98% гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, СХД 20 хороо Титэм /18103/ 10а байр 5 тоот, 132,35 мкв, Ү-2201038617, Б.Хүрэлбаатарын өмчлөлийн БГД, 17 хороо, 4 хороолол, 37 байр, 11 тоот, 35 мкв 2 өрөө, Ү-2205015607, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч нарын өмчлөлийн ХУД, 10 хороо, Буянт-Ухаа хороолол /17120/, Морингийн зам 60/2 байр, 50 тоот, 47,7 мкв 2 өрөө, Ү-2206012243, Ч.Энхжаргалын өмчлөлийн ЧД, 6 хороо, 6 хороолол /15140/, Их тойруу-68 байр, 34Б тоот, 53,12 мкв 2 өрөө, Ү-2202017028, Ч.Энхжаргалын өмчлөлийн ЧД, 6 хороо, 6 хороолол /15140/, Их тойруу-68 байр, 34А тоот, 53,46 мкв 2 өрөө, Ү-2202017027, Хотолдэгжих ХХК-ийн өмчлөлийн тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 880 мкв үйлдвэрийн байр, 227 мкв ажилчдын байр. Ү-1419000001, Х ХХК-ийн эзэмшлийн тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 40188 мкв газар, НТД:18643288434665, Ж.Гийн өмчлөлийн БГД, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 624 мкв орон сууц, Ү-2205018063, Ж.Гийн өмчлөлийн БГД, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 692,07 мкв орон сууц, Ү-2205000309 дугааруудад бүртгэлтэй эд хөрөнгө болон эрхийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй бөгөөд бид зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11,546.11 төгрөг, үндсэн хүү 80,827,031 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,401 төгрөг, нийт 81,181,979.47 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээл 1,499,988,453.89 төгрөг, үндсэн хүү 125,144,241.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,372,883.63 төгрөг, нийт 1,612,512,579 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулна. Шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш хариуцагч нь 12,645,278 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан, 2014.10.03-ны өдрийн ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн өр, төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.  “Титэм өлзий констракшн” ХХК, Б.Хүрэлбаатар, Д.Адъяамаа, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нараас татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь 1,626,570,509 төгрөг бөгөөд 2017.06.23-ны өдөр 7,996,000 төгрөг, 2017.06.27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017.10.02-ны өдөр 498,000 төгрөг, 2018.02.15-ны өдөр 2,639,732 төгрөг буюу нийт 12,645,278,49 төгрөг төлсөн. 2014.10.20-ны өдөр 1,5 тэрбум төгрөг зээлдэгчийн дансанд орсон. Хариуцагч анхны барьцаа хөрөнгө 1,5 тэрбум төгрөгийн үнэлгээнд хүрэх байсан гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг 633,850,000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлсэн. Зээл олгоход барьцаа хөрөнгө хүрээгүй учир нэмэлт барьцааны гэрээ байгуулсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014.10.03-ны өдөр гэрээ байгуулсан. 1,5 тэрбум төгрөг 2014.10.20-ны өдөр манай дансанд орсон. Мөнгөө авах гэхэд гаргаж өгөөгүй, нэмэлт гэрээ хийхийг шаардсан. 2014.11.10 ба 20-ны өдрүүдэд нэмэлт гэрээ байгуулахыг шаардсан. Зээлсэн мөнгө гаргаж авахын тулд найз таньдаг хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлээр барьцаанд тавьсан. 2014.10.03-ны өдөр зээлийн гэрээний дагуу мөнгө орж ирсэн бол манай компани үйлдвэрийн 38 га тусгай зөвшөөрөл гарах боломж байсан. Одоог хүртэл тусгай зөвшөөрлийг аваагүй. “Ү” ХХК-иас авсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хийлгүй удаасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 1,612,512,579 төгрөгийг өөрийн барьцаа хөрөнгөөр төлөхийг хүлээн зөвшөөрнө. 2017 онд 10,0 сая төгрөг, 2018 онд  20,0 орчим сая төгрөгийг хувааж төлсөн гэв.

 

Гуравдагч этгээд Д.Адъяамагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний нэмэлт барьцаанд гэр бүлийн дундын өмчлөлийн БГД, 12 хороо, 6 бичил хороолол, 6А байр, 42 тоот, 30 мкв 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг тавьсан. Миний эхнэр Д.Адъяамаа итгэмжлэл олгосон. Уг орон сууцыг гэр бүл болсноор худалдан авч хамт амьдарч байгаа одоогийн байдлаар 6 ам бүлтэй. Миний хувьд 2016 онд “Ү” ХХК-ийн тусгай активын газрын мэргэжилтнүүд ирж уулзсанаар орон сууцыг барьцаанд тавьсан гэдгийг 2016 онд мэдсэн. Энэ талаар эхнэрээсээ асуухад “Х” ХХК, Ж.Г нарт  “Ү” ХХК-иас 1,5 тэрбум төгрөгийн зээл 2014.10.20-ны өдөр орж ирсэн дансны хуулга, 2014.10.03-ны өдөр талуудын байгуулсан зээлийн гэрээг харуулсан. Д.Адъяамаа, Ж.Г нар дундын найзаараа дамжуулж танилцсан. Найз нөхдийн холбоондоо үндэслэж итгэл хүлээлгэж итгэмжлэл олгосон. Нэхэмжлэгч хариуцагчийг шахамдуулж дарамтад орсны үндсэн дээр зайлшгүй байдлаар нэмэлт барьцааны гэрээ байгуулсан. Итгэмжлэл олгосон гуравдагч этгээд нарыг хуурсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч энэ үйлдэлд оролцсон. Ж.Г 1,5 тэрбум төгрөг орж ирэнгүүт мөнгө гаргаж өгнө эсвэл орон сууцыг худалдаж авна гэсэн аман тохироог хийсэн. 2016 оноос өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд энэ хэрэг үргэлжилж байна. Уг хугацаанд нэхэмжлэгч ямар нэг ажиллагаа хийгээгүй. Удирдлагууд нь календарь шиг сар бүр хуралдаж итгэмжлэгдсэн төлөөлөгч, удирдлагууд солигдож, үүнээс шалтгаалж нийт зарлагдсан шүүх хуралдааны 85 орчим хувь хойшлогдсон. Бид энэ асуудлыг шийдэгдэх ёстой гэж үзэж байна. “Х” ХХК-д олгогдсон зээл зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй. Анх зээл олгож, үйлдвэр байгуулагдахдаа оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх зорилгоор авсан байдаг. Үйлдвэрлэлтэй холбоотой зардалд зээлийн мөнгө зарцуулагдсан эсэхийг тодруулахад одоог хүртэл хариу өгөөгүй. Түүнчлэн зээлийн гэрээг баталсан н.Даваатай уулзахад “иргэн Ж.Гтой нийлж луйвар хийж байна”  гэж гүжирдэж, дээрэнгүй ханддаг. Асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэдэггүй. Бид уг зээлийн гэрээг луйвар, авлигал, хээл хахуулын шинжтэй гэж үзэж БГД-ийн ЦХ-т хандсан ч асуудлыг шийдэхгүй хэлтэс хоорондоо шилжүүлж явсаар одоо хэрэг ямар үе шатандаа шалгагдаж байгаа нь тодорхойгүй байна. Улс төр, эдийн засаг, бизнест нөлөө бүхий этгээдүүдийн эрх мэдлээ ашиглаж байна гэж үзэж байгаа. Учир нь “Ү” ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Сумъяабазар, Нийслэлийн Монгол ардын намын дарга буюу УИХ-ын гишүүн асан одоо Нийслэлийн засаг даргаар ажиллаж байна. Зээлийн гэрээ байгуулагдаж, зээл зээлдэгчийн дансанд орсны дараа нэмэлт барьцааны гэрээ байгуулсан үйлдэл бол банк, Ж.Г нар иргэдийн өмчийг дээрэмдэх үнэгүйдүүлэх хэлбэрт орж байгаа юм шиг хардлага төрж байна. Нэхэмжлэгч, хариуцагч талуудтай удаа дараа уулзалт хийсэн, дахин уулзалт хийхийг хүссэн, шаардсан. 1,5 тэрбум төгрөг нь ЖДҮДС буюу төрийн мөнгө, үүнийг зээлдэгчид олгохдоо зээлийн зориулалтад хяналт тавих ёстой. Хяналт тавиагүй нь банкны хариуцлагагүй байдалтай холбоотой. Нэмэлт барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь шударга бус тул энэ нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд “Ү” ХХК болон “Х” ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулж 1,5 тэрбум төгрөгийг авсан. Зээлийн хөрөнгө “Х” ХХК-ийн дансанд орж байна уу, тусгайлсан дансанд орсон эсэх нь ойлгомжгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн эх үүсвэрийг тусгайлан дансанд шилжүүлснээр зээл олгогдсонд тооцдог. Уг үүргээ “Ү” ХХК хэрхэн биелүүлсэн нь ойлгомжгүй. Миний үйлчлүүлэгчийн тайлбарласан хардлагын шинжтэй, өөр эх үүсвэрт шилжсэн байх магадлалтай зүйл яригддаг. Зээл, зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээл олгох шийдвэр гаргасны дараа нэмэлтээр барьцаа хөрөнгө шаардахад Д.Адъяамаа хүчинд автаж эсвэл хууран мэхлэгдэж, төөрөгдөлд орж маш богино хугацаанд хамгийн түрүүнд чиний байрыг чөлөөлж өгнө гэсэн ятгалагт автсаны үндсэн дээр гэр бүлийн насанд хүрсэн гишүүдэд мэдэгдэхгүйгээр итгэмжлэл олгосон. Д.Адъяамаагийн үл хөдлөх хөрөнгө тусгагдсан, тусгагдаагүй 2 барьцааны гэрээ байдаг. Удаа дараагийн улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн лавлагаагаар уг барьцааны гэрээ бүртгэлтэй эсэх нь эргэлзээтэй баримтууд ирүүлсэн. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд хариулт өгөхөд туйлын эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. 2014.10.19-ний өдөр хийсэн итгэмжлэлд Д.Адъяамаагаас иргэн Ж.Гт итгэмжлэл олгосон. Итгэмжлэлд иргэн Ж.Г гарын үсэг зурж, итгэмжлэлийн ард өөрийнх нь иргэний үнэмлэхийн хуулбар авагдсан. 2 иргэний хооронд олгогдсон итгэмжлэл бөгөөд “Х” ХХК-ийг сүүлд бичсэн бичгийн хэлбэр зэрэг нь ялгаатай байна. Ийм эргэлзээтэй итгэмжлэлээр барьцааны гэрээ байгуулсан. Хэлбэрийн төдий гэрээ хэлцэл байгуулагдсан. Энэ үйл явдлаас шалтгаалж бүхэл бүтэн гэр бүл өөрийн орон гэргүй болж хохирох гэж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж хуульчилсан. Хэрэгт гэрлэлийн бүртгэлийн лавлагаа авагдсан. Мөн хуулийн 126.4-д “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө, 128.2-д “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” уг зөвшөөрлийг аваагүй тохиолдолд  хэлцэл хүчин төгөлдөр бус болдог. Итгэмжлэл эрх зүйн хүчин төгөлдөр баримт мөн эсэх эргэлзээтэй. Уг итгэмжлэлийн тухайд 2 иргэний хооронд хийгдсэн. Д.Адъяамаа уг итгэмжлэлийг олгохдоо гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй нь яарч сандарч хийсэн янз бүрийн нөхцөл байдал байна. Д.Адъяамаагийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болон итгэмжлэл олгосон асуудал нь хууль зөрчсөн. Барьцаа хүчин төгөлдөр мөн болох нь нотлогдохгүй байна. Иймд Д.Адъяамаагийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

 

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан үргэлжлэхээр нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс ач холбогдол өгөхөө больж, идэвхгүй оролцож байгаа нь харагдаж байна. Гуравдагч этгээд нараас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч өөрийн хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тайлбар гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой байх, тухайн үүргийг хариуцвал зохих этгээдэд холбогдуулж шаардлага гаргах ёстой. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан тохиолдолд хэн зээлийн гэрээний дагуу мөнгийг авсан, үүргийг ямар эд хөрөнгөөр хангахаар талууд тохирсон, үүргийг гүйцэтгэх хөрөнгө хэний өмчлөлд байгаа зэрэг нөхцөл байдал ач холбогдолтой. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлүүдэд нийцэж байгуулагдсан эсэх тодорхойгүй. Нөхцөл байдлыг харахад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй. Талууд зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний мөнгө шилжсэн гэдэг. Гуравдагч этгээдүүдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, барьцаа хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үүрэгт хэдэн төгрөг төлөгдсөн зэрэг үйл баримт тодорхой байх ёстой. Гуравдагч этгээд нарт зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлөгдсөн, хэдэн төгрөг төлөгдөх ёстой нь хамааралтай байхад нэхэмжлэгч хариуцагч нар үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөхгүй байна. Уг баримт нь хэрэгт шууд хамааралтай. ИХШХШтХ-д заасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтад нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувь баримт хамаардаг. Улсын дээд шүүхийн тайлбараас харахад хэргийн оролцогч өөрийн тамга тэмдгийг дарсан тохиолдолд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж заасан. Хэрэгт авагдсан дансны хуулганаас харахад банк өөрийн тамга тэмдгийг дарж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ дансны хуулга нотлох баримтын шаардлага хангахгүй. Уг баримтын эх хувь, нотариатын байгууллагаар батлуулсан хувийг эсвэл шүүхийн журмаар гаргуулсан тохиолдолд нотлох баримтаар үнэлнэ. Хэргийн хамгийн гол зангилаа болсон зээл шилжүүлсэн, зээлийн төлбөр төлсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний хууль зүйн шаардлагыг харахад зээлдүүлэгчээс зээл олгоно, зээлдэгч буцаан төлнө гэсэн гол зохицуулалт байна. Барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлаж байгаа боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан агуулгаас харахад зээлдүүлэгч нь зээл олгохдоо хангалттай барьцаа хөрөнгийг авах буюу өөрийн байгууллагыг эрсдэлд оруулахгүйн үүднээс барьцаа хөрөнгийн гэрээг байгуулж зээл олгох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь зээл эхэлж олгосны дараа барьцааны гэрээ байгуулж байгаа нь логик дараалал болон хууль зүйн хувьд нийцэхгүй байна. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэж барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд гуравдагч этгээдүүдийг хариуцагчаар оруулах ёстой бөгөөд шаардлагыг хариуцвал зохих этгээд болж байна. Гэтэл барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хариуцагчаар татан оролцуулаагүй. Үүгээрээ гуравдагч этгээдүүдийн маргах боломжийг хязгаарласан. ИХШХШтХ-ийн 25.3-т зааснаар “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж буй этгээд хариуцагчаар байх ёстой” байтал “Х” ХХК-д холбогдуулж шаардлага гаргаж байгаа нь барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага хангагдах боломжгүй. Өөрөөр хэлбэл үүргийг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргаагүй. Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн хариуд огт бүртгэлгүй гэж ирсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч улсын бүртгэлд албан бичиг өгч шийдэгдсэн хэргийн араас баримт хийж Давж заалдах шатны шүүх рүү явуулсан. Тус баримыг үндэслэж давж заалдах шатны шүүх бүртгэлтэй эсэхийг тодруулахаар анхан шатны шүүхэд буцаасан. Мөнгөтэй бол хүчтэй гэж харагдаж байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцаасны дараа 2 баримт ирсэн. Улсын бүртгэлийн байгууллага эргэлзээтэй баримт ирүүлсэн. 2 удаагийн баримтаар нэмэлт 1, 2 гэрээ бүртгэлтэй, үндсэн гэрээ бүртгэлгүй, 2 дахь баримтад үндсэн гэрээ бүртгэлтэй, нэмэлт 1, 2 бүргэлгүй талаар баримт явуулсан гэж хариу ирүүлсэн. Нэхэмжлэгч барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй гэдгийг эргэлзээгүйгээр баримтаар нотлоогүй. Барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй байдлыг нотолсон гэж үзэж боломжгүй. Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 128.2-т зааснаар гэр бүлийн дундын хөрөнгө, хэн нэг нь захиран зарцуулахаар болсон тохиолдолд гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авах шаардлагыг дээрх итгэмжлэл хангаагүй байна. Хэрэгт Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч нарын итгэмжлэлийн дээд хэсэгт Д.Эрдэнэпүрэвээс Ж.Гт үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрх олгосон, харин З.Нарантуяа, Э.Барс-Оч нараас ямар эрх олгогдсон нь тодорхойгүй. Иргэний хуульд заасан итгэмжлэлийн агуулгыг харахад төлөөлөгчийн эрх төлөөлүүлэгчээс олгосон хүрээ хязгаараар хязгаарлагддаг. З.Нарантуяа, Э.Барс-Оч нараас барьцаалах захиран зарцуулах эрхийг Ж.Гт олгоогүй. Зохих этгээдүүдээс зөвшөөрөл аваагүй байгаа тул барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ү” ХХК нь “Х” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,626,505,579.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр Ж.Г, “Титэм өлзий констракшн” ХХК, Б.Хүрэлбаатар, Д.Адъяамаа, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нарыг оролцуулсан, энэхүү хүсэлтээсээ татгалзаж, дээрх этгээдүүдийг нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар татжээ.

 

Нэхэмжлэгч тал хамтран хариуцагч Ж.Гоос бусад “Титэм өлзий констракшн” ХХК, Б.Хүрэлбаатар, Д.Адъяамаа, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нараас татгалзаж, тэдгээрийн хүсэлтээр нь гуравдагч этгээдүүдээр оролцуулсан байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж, “Х” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг, харин “Х” ХХК, Ж.Г нарт холбогдуулан хариуцагч нарын болон гуравдагч этгээдүүдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлж байна. 

 

Хариуцагч “Х” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах шаардлагаас 30,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр маргасан ба хариуцагч нар нь өөрсдийн барьцаа хөрөнгийн тухайд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Х” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000,000 төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээл зориулалтаар ашиглахаар зээлж, нэхэмжлэгчтэй ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, талууд гэрээнд гарын үсэг зурнаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 1,500,000,000 төгрөгийг өөрийн банкны “Х” ХХК-ийн эзэмшлийн 2999000761 тоот дансанд шилжүүлэх үүргээ 2014.10.20-ны өдөр биелүүлсэн, хариуцагч нь гэрээний хавсралтаар тохиролцсоны дагуу 2015.09.25-ны өдрийг хүртэл хүүг төлж зээлийг ашиглах, 2015.10.25-ны өдрөөс хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Зээлийн гэрээгээр талууд зээлийн хүүг жилийн 7 хувь гэж, хугацааг 60 сараар, нэмэгдүүлсэн хүүг жилийн 1,4 хувь буюу сарын 0,116 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д нийцжээ.

 

Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нь зөрчсөн байх бөгөөд талууд Зээлийн гэрээний 8.2.8 дахь заалтаар зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлахаар тохиролцсон, гэрээний 2.1.13-т ноцтой зөрчил гэдгийг зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн болон зээлийн төлбөрийн хуваарийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөнийг ойлгоно гэж тодорхойлсон байна. 

 

Х” ХХК нь гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан, нэхэмжлэгч нь үүргээ биелүүлэхийг 2015.08.12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

Ийнхүү гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дээрх мэдэгдлүүдэд заасан хугацаанд үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээг цуцлахаар шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11,546.11 төгрөг, үндсэн хүү 80,827,031 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,401 төгрөг, нийт 81,181,979.47 төгрөгийг төлсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,645,278 төгрөг төлсөн үндэслэлээр шаардлагаа багасгалаа.

 

Иймд хариуцагч “Х” ХХК-иас үндсэн зээл 1,489,994,453.89 төгрөг, үндсэн хүү 122,216,840.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,616.01 төгрөг, нийт 1,612,512,579 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь зээлийн барьцаа гэжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан байна.

 

Х” ХХК болон Ж.Г нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2014.10.03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасанд нийцүүлэн байгуулж, “Х” ХХК-ийн өмчлөл болон эзэмшлийн 2 үл хөдлөх хөрөнгө, Ж.Гийн өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Иргэний хуулийн 156.2-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-т хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх хөрнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “Х” ХХК болон Ж.Г нарын өмчлөлийн дээрх барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан худалдахыг эрх бүхий этгээдэд даалгах нь зүйтэй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн үнэлгээг зээлийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоно гэжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар талууд зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн үнэлгээг тохиролцохоор заасан ба тухайн тохиолдолд банк зээлийн гэрээг байгуулахдаа “Х” ХХК, Ж.Г нартай тохиролцон тэдгээрийн эд хөрөнгийг үнэлж, зээлийн барьцаанд бариулахаар тохиролцжээ. 

 

Харин зээлийн болон барьцааны гэрээг талууд 2014.10.03-ны өдөр байгуулж, 1,500,000,000 төгрөгийг 2014.10.20-ны өдөр шилжүүлснээр зээл олгох ажиллагаа дууссан байхад 2014.11.10-ны болон 2014.11.20-ны өдрүүдэд бусад этгээдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн нэмэлт барьцааны гэрээг байгуулсан нь хуульд нийцэхгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Хуульд зааснаар хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулан хийж болох ба төлөөлөгчийн бүрэн эрх итгэмжлэлийн үндсэн дээр үүсч олгосон бүрэн эрхийн хүрээнд төлөөлөгч нь хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

 

Д.Адъяамаа нь 2014.10.19-ний өдөр “Х” ХХК-ийн захирал Ж.Гт итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн орон сууцыг Үинд Х” ХХК нь зээлийн барьцаанд тавихад барьцааны гэрээ, барьцаалбар, үл хөдлөх хөрөнгийн газар гарын үсэг зурах, өгөх, авах, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой бусад үйлдэлд төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ.

 

Б.Хүрэлбаатар нь 2014.11.06-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, зээл, барьцааны гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах, гэрээг бүртгүүлэх, авах, үүргийн гүйцэтгэлийг хангах эрхийг итгэмжлэлээр 3 жилийн хугацаатай Ж.Гт олгожээ.

 

“Титэм өлзий” ХХК нь 2014.11.10-ны өдөр 2ш үйлчилгээний зориулалттай барилгыг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах, лавлагаа авах, зээлийн материалыг бүртгүүлэх эрхийг 2 жилийн хугацаатай Ж.Гт олгожээ.

 

Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, насанд хүрээгүй Э.Барс-Очийн асран хамгаалагч нар нь 2014.11.19-ний өдөр “Х” ХХК-д итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, зээл авах, зээл болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ.

 

Ч.Энхжаргал нь 2014.11.18-ны өдөр “Х” ХХК-ийн захирал Ж.Гт өөрийн өмчлөлийн 2ш орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, төлөөлөн гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдсон бусад эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ.

 

Дээрх итгэмжлэлүүдийг үндэслэн “Х” ХХК нь “Ү” ХХК-тай 2014.11.10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 тоот дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014.11.20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ тус тус байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т зааснаар төлөөлөгч “Х” ХХК-ийн захирал Ж.Г болон иргэн Ж.Г нь шударгаар төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн олгосон эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй байтал 2014.11.10 болон 2014.11.20-ны өдөр банктай Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээг байгуулсан нь олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь зээлийн гэрээ нь банк болон “Х” ХХК нарын хооронд байгуулагдаж, компанид зээлийг төлөх үүрэг үүсэх бөгөөд хариуцагч компанид итгэмжлэлээр барьцаатай холбоотой үйлдэл хийх эрх олгоогүй байна.   

 

Түүнчлэн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлийн үр дагавар нь төлөөлүүлэгчид бий болох бөгөөд “Х” ХХК-д олгоогүй эрхийг үндэслэн байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээнүүдийн үр дагаврыг Д.Адъяамаа, Б.Хүрэлбаатар, “Титэм өлзий” ХХК, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, насанд хүрээгүй Э.Барс-Очийн асран хамгаалагч,  Ч.Энхжаргал хариуцах үндэслэлгүй юм.

 

Иймд олгогдоогүй эрхийн хүрээнд байгуулсан дээрх барьцааны нэмэлт гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Нөгөөтэйгүүр дээрх итгэмжлэлүүдээр 2014 оны 10-11 дүгээр саруудаас 3 жилийн хугацаанд төлөөлөгч нарт төлөөлүүлэгч нараас үйлдэл хийх эрхийг олгосон, итгэмжлэлийн хугацаа 2017 оны мөн саруудад дууссан байна.

 

Нэхэмжлэгч нь Д.Адъяамааг хамтран хариуцагчаар татсанаар хариуцагч нь итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагчаар татах хүсэлтээсээ татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Энэ өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Д.Адъяамаагийн өмгөөлөгчөөс өмнө нь гаргасан шаардлагаа дэмжинэ гэж тайлбарлаж байгаа боловч өмнө нь Д.Адъяамааг бие даасан шаардлага гаргаагүй оролцуулсан, нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлсноор эрх зүйн байдал нь өөрчлөгдсөн, нэхэмжлэгч хариуцагч Д.Адъяамаагаас татгалзсанаар түүний хүсэлтээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан боловч Д.Адъяамаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа гаргаагүй байна.

Гуравдагч этгээдүүд Д.Адъяамаа нь барьцаа хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авах шаардлагыг итгэмжлэл хангаагүй гэж тайлбарласан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Адъяамаа байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,290,480 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 8,219,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,612,224,910 /нэг тэрбум зургаан зуун арван хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөг гаргуулан, Ү” ХХК-д  олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан “Х” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 1. “Х ХХК-ийн өмчлөлийн Ү-1419000001 дугаар улсын бүртгэлтэй, тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 880 мкв үйлдвэрийн байр, 227 мкв ажилчдын байр, НТД:18643288434665 дугаар улсын бүртгэлтэй, 2. “Х” ХХК-ийн эзэмшлийн тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Өндөр дов, 40188 мкв газар, 3. Жонгоор овогтой Жамьянсүрэнгийн Гийн /РД:ЧН70072976/  өмчлөлийн Ү-2204011914 дугаар улсын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, Монтед ХХК-ийн 1 байр, 29 тоот, 50,7 мкв 2 өрөө орон сууц, 4. Ж.Гийн өмчлөлийн Ү-2205018063 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 692,07 мкв орон сууц, 5. Ж.Гийн өмчлөлийн Ү-2205000309 дугаар улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 9 гудамж, 128А тоот, 624 мкв орон сууц зэрэг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “Титэм өлзий констракшн” ХХК, Б.Хүрэлбаатар, Д.Адъяамаа, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нарын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Ү” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Д.Адъяамаагийн итгэмжлэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,290,480 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 8,219,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Адъяамаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригоод олгосугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ