| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 102/2023/03692/И |
| Дугаар | 192/ШШ2025/00598 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/00598
| 2025 01 24 | 192/ШШ2025/00598 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Төрболд, Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн *******хороо, ************тоотод оршин суух хаягтай, ************овогт *********** ************ //-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, 34,317,367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*********** , түүний өмгөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгча ********н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Цэхц гранд констракшн ХХК-ийг Нямдаржаагаас худалдан авсан бөгөөд өр төлбөртэй гэж хэлээгүй, НШШГГазраас ч ямар нэг битүүмж хийгээгүй байсан бөгөөд гэнэт миний хувийн дансыг битүүмжилж 24,359,035 төгрөгийг хурааж авсан байдаг. Үүнийг үл зөвшөөрч шийдвэр гүйцэтгэгчид хандахад компанийн хөрөнгө юу байна тэрийгээ мэдэгдээд дансны битүүмж чөлөөлүүлж болно гэж хэлсэн тул тухайн үед компанийн хөрөнгө болох автомашиныг бүртгүүлж өр төлбөрт өгсөн, шийдвэр гүйцэтгэгч автомашинаар өр төлбөрийг барагдуулж болно, мөнгийг буцааж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн ч мөнгийг маань өгөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн дансанд 3 жил гаран байгаа тул шүүхэд хандсан.
2018 онд ************* ХХК, *****************ХХК-тай маргаад явж байсан байна. Хэрвээ энэ компани өр төлбөртэй байсан бол бид авахгүй байх байсан. *********** өр төлбөртэй байсан гэдгээ нуун дарагдуулж надад компанийг шилжүүлсэн тул 24,359,035 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Хариуцагч тал гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж ярьж байна. Би гомдлоо гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан цааш шивээгүйгээс болж материал олдохгүй алга болсон. Миний хувьд удаа дараа тус байгууллагад гомдол гаргасан. Дахин хүсэлт гаргаж өгье гэхэд ахлах гүйцэтгэгч н.Эрдэнэбаяр болно гэж хэлсэн учраас хүсэлтээ гаргасан ч гомдол гаргах хугацаа дууссан байна гэсэн хариу өгсөн. Надад эрх үүрэг тайлбарласан, мэдэгдэл хүргүүлсэн гэж хэлж байна. Ямар ч мэдэгдэл, шаардах хуудас ирээгүй.
Мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас миний хөрөнгө буюу 24,359,035 төгрөг тэдний дансанд байгаа бөгөөд банкны хадгаламжид байсан бол хүү тооцогдох учиртай, энэ хэмжээгээр хохирол учирч байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Хаан банкны энгийн хадгаламжийн хүүгийн хэмжээ 12%-иар тооцоод 9,958,332 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 34,317,367 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, надад учирсан гэм хорын хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаартай шийдвэрээр********************* ХХК-иас 48.039.870 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 398,200 төгрөгийн хамт гаргуулж ************* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлэх үүрэгтэй байдаг. Хуулийн этгээдийн лавлагаанаас үүсгэн байгуулагчийг тодруулахад *********** гэх хүн гарч ирсэн. Үүсгэн байгуулагчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Улсын бүртгэлийн газраас дахин тодруулахад хувьцаа эзэмшигчээр С.*********** , ************** гэх хүмүүс бүртгэлтэй байсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигч С.*********** т мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн агуулга нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах тухай юм. Мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул С.*********** ын данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,243,060 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4,115,974 төгрөгийн таталт хийж манай данс руу шилжиж орсон нь үнэн.
Нэхэмжлэгч********************* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч учраас шийдвэрт заасан өр төлбөрийн 50 хувь буюу хувьцааны эзэмшлийн дагуу 24,359,035 төгрөгийг татсан. С.*********** гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа гомдол гаргасан учраас гомдол гаргах хугацаа өнгөрсөн тухай хариуг өгсөн. Мөн компани хөрөнгөтэй бол мөнгийг гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн учраас нэр дээрээ машинтай болсон гэж тайлбарлаж байна. Машиныг өөрөө авч ирж өгөх ёстой, манай зүгээс машиныг хайсан ч олдохгүй байна. Нэхэмжлэгч ***********тай холбоотой өр төлбөрийн асуудал байгаа бол асуудлаа ***********тай шийдэх хэрэгтэй. Компани худалдаж авсан тохиолдолд өр төлбөргүй гэх ***********гийн үгэнд итгэх биш өөрт нь шалгах эрх байсан.
Мөнгөө данснаасаа татаад ************* ХХК руу шилжүүлэх байсан ч С.*********** ирээд компани дээрээ машин аваад ирье, миний мөнгийг буцаагаад өгчих гэдэг асуудлыг ярьж байсан учраас мөнгийг түр байлгаж байгаа. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан баримтууд.
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтууд - Улсын тэмдэгтийн хураамж 279,746 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2205 дугаартай ЭС тухай шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3-1/1715 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 12171 дугаартай НХАТ тухай захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 19, 25-ны өдрийн ХААН банкны дансны хуулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4/144/10728 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 759 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаан худалдах худалдан авах гэрээ, дансны хуулга, 2024 оны 10 сарын 17-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 174,300 төгрөг төлсөн баримт, тооцоолол, Хаан банкны албан бичиг.
3.2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтууд Итгэмжлэл, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 342 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4114 дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20370209 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 144/20370209 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харицлах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Кредит, Капитрон, Төрийн, Худалдаа хөгжил, Хаан, Голомт, Чингис хаан, Улаанбаатар хотын банкны мэдэгдэл, албан бичгүүд, Дүүргүүдийн газар зохион байгуулалтын албаны албан бичгүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10718 дугаартай албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 8/1544 дугаартай Албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4/10724 дугаартай Албан бичиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1897 дугаартай Албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4-144/17578 дугаартай Албан бичиг, Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02/1936 дугаартай Албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10723 дугаартай Албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144/16616 дугаартай УБЕГ-т хандсан Эрх түдгэлзүүлэх тухай Албан бичиг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20370209-144/01 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/6372 дугаартай Албан бичиг,********************* гэх хуулийн этгээдийн улсын бүртггэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144-16619 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай **************, С.*********** нарт хүргүүлсэн албан бичгүүд, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/03-144 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-144-22678 дугаартай Албан бичиг, УБЕГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6/8586 дугаартай Албан бичиг, С.*********** ын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-144-23005, 23004 дугаартай албан бичиг, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 03/29 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-144/24968 дугаартай Хамтран ажиллах тухай, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2-144/11035 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичгүүд, Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14б/1521 дугаартай Албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 08, 10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 254/23 дугаартай ************* ХХК-ийн хүсэлт, 2023 оны 05 дугаар сарын 26-ны 10728 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн С.*********** ын гомдол, 2023 оны 06 дугаар сарын 12-ны 759 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас, хуулийн этгээдийн бүртгэлийн талаарх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн лавлагаа., итгэмжлэл.
3.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдсэн баримт - Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм, компанийн үүсгэн байгуулагчийн лавлагаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 478/007177 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10721 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 628 дугаартай албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10720 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 1/16711, 4-144/16616 дугаартай албан бичиг, БГД-ийн 12-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 5 сарын 6-ны өдрийн лавлагаа, компанийн, Саруултөгс, *********** нарын лавлагаа,УБЕГ-ын албан бичиг, хуулийн этгээдийн лавлагаа, 2021 оны 11 сарын 22-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, О.*********** ын хүсэлт, *********** , Нямдаржаа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд, Нямдаржааг эрэн сурвалжилсан шийдвэр, тээврийн хэрэгсэл олж тогтоох хураах талаарх хамтран ажиллах тухай албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2023 оны 06 сарын 17-ны Стандарт форумаас НШШГ-т хандсан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Цэхц гранп констракшн ХХК-ийн 26 хуудас баримт,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.*********** аас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, 34,317,367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хууль зөрчиж гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолоор миний хувийн дансаас төлбөр гаргуулсан, энэ хугацаанд мөнгөн хөрөнгөөр хохирсон тул хууль бусаар авсан мөнгийг болон уг мөнгө хадгаламжинд байсан бол олох байсан орлогыг энгийн хадгаламжийн хүүгээр тооцсон хохирлыг гаргуулах, тухайн тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай гэж маргажээ.
3. Үйл баримтын хувьд:
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00197 дугаартай шийдвэрээр хариуцагч********************* ХХК-иас 48,039,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ************* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2020/04114 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 102/ГХ2020/00342 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн.
3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас********************* ХХК-ийн харилцах болон хадгаламжийн данс, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусад эрхийн талаарх лавлагааг холбогдох байгууллагуудаас авсан, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьж компанийн дэлгэрэнгүй лавлагааг авчээ.
Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ************** тоотод байрлах********************* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.*********** т 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144/16619 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, биелүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нарын эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг сануулсан агуулга бүхий мэдэгдлийг Монгол шуудангаар хүргүүлсэн байна.
3.3. 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай Арилжааны банкуудад хүргүүлсэн Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор хувьцаа эзэмшигч *********** ************ын дансны зарлагын гүйлгээг 24,359,035 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэхийг мэдэгдсэн байх ба 24,359,035 төгрөгийг шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл дансандаа байршуулжээ.
Энэхүү үйл баримтуудаас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144/16619 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нарын эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг сануулсан мэдэгдлийг нэхэмжлэгч С.*********** хүлээж аваагүй гэж, 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол хууль бус гэж маргадаг.
3.4. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтуудаас үзэхэд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэх баримт, тайлбар ирүүлэхийг мэдэгдээгүй, баримт гаргаж өгөх хугацаа олголгүйгээр төлбөр төлөх хугацаа тогтоож, данс битүүмжлэх ажиллагааг хийсэн байна.
Түүнчлэн төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдлийг хувьцаа эзэмшигч С.*********** т Монгол шуудангаар хүргүүлсэн хэдий ч хуулийн этгээдийн улсын бүртгэл дэх анх мэдүүлсэн хаяг болох ************** тоот хаягаар хүргүүлсэн байна.
Тухайн хаягт компани үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тодорхойлоогүй, хувьцаа эзэмшигч иргэний оршин суудаг гэх Хан-Уул дүүргийн хаягаар, эсхүл шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас дээрх компанийн үйл ажиллагаа явуулдаг гэх Баянгол дүүргийн хаягаар мэдэгдлийг хүргүүлээгүй нь нэхэмжлэгчийн Мэдэгдлийг хүлээж аваагүй, танилцуулаагүй гэх тайлбар үндэслэл бүхий болно.
3.5. Дээрх үйл баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан хариуцагчийн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тодруулаагүй гэх агуулга бүхий тайлбараас үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолоор С.*********** ын данснаас 24,359,035 төгрөг шилжүүлэн авсан шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй, тухайн шийдвэрийг хууль бус гэж үзнэ.
4. Хууль хэрэглээний хувьд:
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж заасан.
Мөн хуулийн, зүйлийн 44.2-т ...талууд, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах, хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх, мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, гүйлгээг хаах зэрэг арга хэмжээг авах, 44.3, 44.4-т ...шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, шүүхэд гомдол гаргах үйл ажиллагааг зохицуулсан байдаг.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заажээ.
4.2. Хариуцагч тал дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч С.*********** гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй, гомдол гаргах хугацаа хэтэрсэн үндэслэлээр данс битүүмжилж шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийн талаарх нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргадаг хэдий ч хувьцаа эзэмшигч С.*********** ын хувьд дээр дурьдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг хуульд заасан журмын дагуу аваагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч, төлбөр төлөгч болохыг мэдэгдээгүй, эрх, үүргийг тайлбарлаагүй, компанийн хөрөнгө эсэхийг зааглан нягтлаагүй байхдаа шийдвэр гүйцэтгэгч данс битүүмжлэх тогтоол гаргажээ. Тухайлбал шийдвэр гүйцэтгэгч компанийн хөрөнгө эсэхийг зааглан нягтлаагүй, судлаагүйгээс хувьцаа эзэмшигч гэх С.*********** ын хөрөнгөд, эсхүл хувьд оногдох хөрөнгө, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгө, дундаа хэсгээр өмчлөх, хамтран өмчлөх эд хөрөнгөд халдсан гэх асуудал маргаан дагуулна.
Түүнчлэн хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, тэмдэглэл, дансны хуулга, талуудын тайлбар мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч С.*********** өөрийн данс хаагдсаныг мэдсэн даруй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу шийдвэр гүйцэтгэгчид хандсан, компанийн төлбөрийг автомашинаар барагдуулах талаар санал тавьсныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан, тухайн автомашины эзэмших эрхийн бүртгэлийг шилжүүлсэн, эрэн сурвалжилж байгаа, битүүмжилсэн мөнгөн хөрөнгө өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа, төлбөр авагчид шилжээгүй зэрэг үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн ...гомдол хүсэлт тавихад компанийн хөрөнгө байвал түүгээр төлбөрийг барагдуулж болно, данс битүүмжилснийг чөлөөлнө, мөнгийг буцаан олгоно гэсээр өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандсан гэх тайлбар үндэслэл бүхий болно.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд холбогдох хуулийн зүйл заалтын дагуу нэхэмжлэгч гомдлоо гаргаагүйг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж болох бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигчид холбогдуулан явуулж байгааг мэдэгдээгүй, эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй үйл явдал, данс битүүмжлэх, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн байршуулах шийдвэр зэрэг нь хувьцаа эзэмшигч болон хувь иргэн, бусад этгээдийн эд хөрөнгө буюу мөнгөн хөрөнгө өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, хязгаарласан үйлдэл тул нэхэмжлэгч энэ талаарх зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо шаардах эрхтэй.
4.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан ба энэхүү хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч талын шаардах эрхийн үндэслэл тодорхойлогдож байна.
Өмнө дурдсан үйл баримт нь нэхэмжлэгч С.*********** ын эд хөрөнгийг буюу дансан дахь мөнгөн хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гарган хууль бусаар болгоомжгүй үйлдлээр битүүмжилж хураан авч гэм хорын хохирол учруулсан үйлдэл байх тул уг гэм хорыг учруулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэм хорыг арилгах үүрэгтэй болно.
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгч С.*********** ын мөнгөн хөрөнгийг буюу 24,359,035 төгрөгийг буцаан өгснөөр зөрчигдсөн эрх сэргэх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага ч энэ хүрээнд байна.
4.4. Харин нэхэмжлэгч талын ... 24,359,035 төгрөгийг энгийн хугацаатай хадгаламжинд хадгалсан бол хүүгийн ашиг олох байсан, алдагдсан ашиг, орлогыг нэхэмжилж байна, нийтэд ил зарлагдсан мэдээллийг үндэслэн энгийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож 9,958,332 төгрөгийн хохирол учирсан гэх шаардлагыг шүүхээс үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж хууль тогтоогч хохирлын төрөл, зүйл, шинжийг тодорхойлсон байна. Мөн хуулийн 187 дугаар зүйл, 8 дугаар зүйлүүдэд үүрэг үүсэх үндэслэлийг заасан ба гэм хор учруулах нь үүрэгт хамаарч байх тул зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч нь нэхэмжлэгч, үүрэг гүйцэтгэгч нь хариуцагч болох учиртай.
Хууль бус шийдвэр гарсны улмаас нэхэмжлэгч 9,958,332 төгрөгийн хохирол учирсан гээд үндэслэлээ тухайн битүүмжилсэн мөнгөн хөрөнгө болох 24,359,035 төгрөгийг хадгаламжинд байршуулсан байсан бол хүүгийн ашиг орлого олох байсэн гэх агуулгаар тайлбарладаг.
Нэхэмжлэгчийн хувьд хадгаламжийн хүүгийн орлого зайлшгүй олох байсан орлого биш тул, тодруулбал энэ төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, эсхүл тухайн хөрөнгө хадгаламжинд байршиж байсан зэрэг нөхцөл байдал үгүй байх тул эд хөрөнгийн алдагдал, хохиролд үл тооцно. Энэ талаарх хариуцагч талын татгалзалыг үндэслэл бүхий гэж үзлээ.
5. Иймээс хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгч********************* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө компанийн хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодруулаагүй, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр барагдуулах, мэдэгдэх зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хууль бус шийдвэр гэж үзэн хүчингүйд тооцож, хууль бус шийдвэрээр нэхэмжлэгчид гэм хор урчуулсан тул үндэслэлгүйгээр татан авсан 24,359,035 төгрөгийг буцаан гаргуулж зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэх нь зүйтэй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр нэхэмжилсэн гэм хор учруулснаас үүссэн хохирол гэх 9,958,332 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 454,046 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 279,746 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 24,359,035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*********** т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,958,332 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,046 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын төсвөөс 279,746 төгрөгийг нэхэмжлэгч С.*********** т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.ТӨРБОЛД
Ш.ОТГОНБАЯР