Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00192

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03894 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.М-ын хариуцагч Ц.Д, Т.Ж нарт холбогдуулан гаргасан 12 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С,

Хариуцагч: Т.Ж ,

Хариуцагч Ц.Дэлгэрхундангын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.М нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Да хүрээ трейд ХХК-ийн эзэмшлийн худалдааны төвийн үйлчилгээний талбайд сэлбэгийн худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан 20 тоннын 160 тоот контейнерыг Ц.Д, түүний нөхөр Т.Ж нараас 15 000 000 төгрөгөөр худалдан авсан. Ц.Д, Т.Ж нарын зүгээс уг контейнерын доорх газрыг худалдахдаа ямар нэгэн үйлчилгээ явуулахад тохиромжтой, байршил сайтай, өөрийнх нь өмчлөлийн газар хэмээн итгүүлсэн учраас худалдан авсан боловч контейнер байрлуулсан газар нь бусдын эзэмшлийн газар байсан бөгөөд энэхүү газарт Да хүрээ трейд ХХК-ийн зүгээс бүтээн байгуулалтын ажил хийгдэх болсонтой холбоотойгоор газрыг чөлөөлж өгөхийг хүссэн. Үүний дагуу нэхэмжлэгч Ж.М контейнерыг зөөж өөрийн хашаанд буулгасан. Дээрх 160 тоот контейнер Ц.Д, Т.Ж нарынх биш, харин Э.Ц-ын өмчлөлийн эд хөрөнгө байсан бөгөөд Э.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Да хүрээ трейд ХХК-тай 2-012 дугаартай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байжээ. Энэхүү гэрээ нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байсан ба уг гэрээний 5 дугаар зүйлд зааснаар контейнерыг дамжуулан түрээслэх, худалдахыг хориглосон байтал Ц.Д, Т.Ж нар бусдын эзэмшлийн контейнерыг өөрсдийн өмч мэтээр итгэл үнэмшил төрүүлж, улмаар бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар биднийг төөрөгдөлд оруулан худалдсан байна. Уг контейнерын зах зээлийн үнэлгээ 2 800 000 төгрөг болох нь Арвижих эстимейт ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Ү/01 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Бидний зүгээс тус контейнерыг байршлаас нь шалтгаалж 15 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл уг контейнерын газар нь Да хүрээ трейд ХХК-ийн эзэмшилд байсныг сүүлд мэдсэн юм. Контейнер худалдаж авахад төлсөн 15 000 000 төгрөгийг Ж.М-ын нөхөр Н.Ж-ны 5019019277 тоот данснаас Ц.Д-ын нөхөр Т.Ж ы мөн банкны 5018524510 тоот дансанд шилжүүлсэн. Ц.Д ас контейнерын зах зээлийн үнэ болох 2 800 000 төгрөгийн зөрүү 12 200 000 төгрөгийг бидэнд буцааж өгөх талаар ярилцсан боловч зөвшөөрөөгүй болно. Иймд Ц.Д, Т.Ж нар нь Ж.М-ыг хууран мэхлэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул 12 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Д шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Учир нь өөрт ашигтай байдал бий болгож, амар хялбар аргаар мөнгө олох үүднээс Ц.Д, түүний нөхөр, дүүг нь гүтгэж, сэтгэл санаа болон эд материалын хохирол учруулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, залилуулсан мэт жүжиглэж хууль хяналтын байгууллагын хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн санаа нь бүтэлгүйтсэн тул иргэний хэргийн шүүхэд нэхэмжпэл гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.М нь Да хүрээ зах дээр машины гоёл чимэглэл, авто сэлбэг зардаг өөрийн эгч болох н.Баярмаагийн худалдагчаар ажиллаж байхдаа н.Бат-Эрдэнэ гэх хүнээс Да хүрээ захад сэлбэг зардаг 161 тоот контейнерыг худалдан авч, бие дааж үйл ажиллагаагаа олон жил явуулсан байдаг. Цаашид өөрийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа талаар Ц.Д ас түүний дүүгийн сэлбэг зардаг зэргэлдээх 160 тоот контейнерыг зарчих гэж гуйсаар байгаад 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр худалдан авахаар харилцан тохирч, он гаргаж байгаад гэрээг өөрчлүүлж өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар болж, өөрийн контейнертэй хажуу талын хэсгийг цоолж нийлүүлж бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2020 оны 4 дүгээр сар хүртэл худалдаа эрхэлсэн. Ц.Дэ-ын дүү Э.Ц-ын контейнер нь бүтэн доторлогоотой вакум хаалт, хаалгатай цахилгааны монтаж зэрэг бүрэн тохижилт хийгдсэн, байршил сайтай нүүрэн талд байрлалтай гэдгээр нь тухайн үеийн ханшийн хамгийн хямдаар худалдан авч өөрийн ажлын хэрэгцээнд тохируулан өөрчилсөн. Тухайн үед Ж.М нь хариуцагч нартай Иргэний хуулийн 39-42 дугаар зүйлд заасан хэлцлийн үндсэн дээр харилцан тохирч, гэрээний талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн хуульд заасны дагуу худалдах, худалдан авах ажиллагаа хийгдсэн байдаг. Мөн Ж.М нь контейнерыг худалдан аваад өөрийн бизнесийн үйл ажиллагааг өргөтгөн ашиг орлого олж удаан хугацаанд ажилласан мөртлөө одоо шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, бусдыг төөрөгдүүлж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.М нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр нөхрийн хамт Да хүрээ зах дээр байрлах 160 тоот контейнерыг өөрийн үйл ажиллагаа явуулдаг 161 контейнертэй нийлүүлэн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор худалдаж авсан. Ж.М нь контейнер худалдаж авахаас өмнө манай эхнэрийн дүү болох Э.Ц-т бэлэн мөнгө амлаж надад худалдчих гэж хэлж байсан гэдэг, мөн манай худалдагч болох Т.Г-ээс энэ 160 тоот контейнероо надад худалдчихгүй юм болов уу гэж нэг бус удаа хэлсэн байдаг. Ингээд миний эхнэр Ц.Д нь Бум бум худалдааны төвд талбай түрээслүүлэх болсноор Ж.М д худалдсан. Би худалдах, худалдан авах ажиллагаанд оролцоогүй, зөвхөн мөнгө миний дансанд орсон. 2020 оны 5 дугаар сард Да хүрээ захын шийдвэрээр тус зах дотроо нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан. Ингээд нүүлгэн шилжүүлэлт болсны дараа Ж.М нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж биднийг залилсан мэтээр хандаад цагдаагийн байгууллагаас хэрэгсэхгүй болгосон. Тиймээс Ж.М-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд харилцан тохиролцож худалдаж авсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Д, Т.Ж нараас 12 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ж.М нь тус 160 дугаартай контейнерийг худалдан авах болсон гол шалтгаан нь тухайн байршил байсан ба байршилаас шалтгаалж 160 дугаартай контейнерийг 15 000 000 төгрөг хүргэж худалдсан гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч 160 дугаар контейнерийг Э.Ц-ынх гэж анх мэдээгүй. Ц.Д ас контейнерийг шилжүүлэн өгөөчээ гэхэд удахгүй өгнө гээд өгдөггүй байсан учир Да хүрээ трейд ХХК-аас тодруулахад 160 дугаартай контейнер нь Э.Ц-ын өмч 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох гэрээ байгуулсан байсан. Энэхүү гэрээ дуусгавар болсоноор шилжүүлэн өгөхийг мөн л шаардахад шилжүүлэн өгөөгүй юм. Шүүхээс гэрээний хугацаа дуусгавар болох үед ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор гэрээ сунгаагүй гэж дүгнэсэн байна. Олон улсын эрүүл мэндийн яаралтай тусламжийн байгууллагаас өвчний дэгдэлтийн талаар анх 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэж 2020 оны 3 дугаар сарын 11-ний ДЭМБ-аас ковид-19-ийг цар тахал хэмээн зарлаж Монгол улсад анхны тохиолдол 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд гэрээг шилжүүлэх боломжит хугацаа хангалттай байсан бөгөөд хариуцагч тал шалтаг тоочин хойшлуулж байсан, мөн худал тайлбар мэдүүлэг өгсөнийг шүүх үнэлсэн байна. Тус 20 тонны контейнерийн зах зээлийн үнэ нь 2 800 000 төгрөг гэж Арвижих эстимейт ХХК үнэлсэн байх ба 15 000 000 төгрөгөөр худалдан авч байгаа зорилго нь байршилаас ашиг олох байсан. Тухайн контейнерийг тухайн байршилаас салгах юм бол үнэлгээ нь ийм өндөр байх боломжгүй. Хариуцагч тал байршилаа үнэлээд өндөр үнээр худалдсан, нэхэмжлэгч байршилаас шалтгаалж худалдаж авсан, нэг тал нь бусдын эзэмшилийн газрын үнэлж ашиг олсон, нөгөө тал нь тухайн газрыг хураалгаж орлого олох боломжгүй болж хохирсон байтал шүүх энэ талаас нь огт дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгчийн тооцооллоор уг байршилд гэрээний хугацаанд худалдаа эрхлэнэ гэж тооцсон. Үүнийг тооцолвол 15 000 000 төгрөгийн жилийн 12 сард хуваавал 1 сард 1 250 000 төгрөгийн орлого олох боломжтой. Тус байршилд 5 сар худалдаа эрхэлсэн гэж үзвэл 6 250 000 төгрөгийн орлого олжээ гэж үзэн үлдсэн төлбөр 8 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжтой үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийп 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ц.Д, Т.Ж нарт холбогдуулан 12 200 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Ж.М , Ц.Д нар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд Да хүрээ трейд ХХК-ийн эзэмшлийн худалдааны төвийн үйлчилгээний талбайд байршуулсан, авто сэлбэгийн худалдаа эрхэлдэг, 20 тоннын багтаамжтай, 160 тоот чингэлгийг /контейнер/ 15 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх гэрээгээр хүлээсэн үүргийг талуудын хэн аль нь биелүүлж Ц.Д нь Ж.М-ын эзэмшилд маргааны зүйл болох 20 тоннын багтаамжтай, 160 тоот чингэлгийг /контейнер/, Ж.М нь Ц.Дэ-ын нөхөр Т.Ж ы дансанд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар болон хэргийн 12 дугаар тал дах Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон энэ талаар талуудын хэн аль нь маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ц.Д, Т.Ж нарыг бусдын буюу Э.Ц-ын чингэлэгийг өөрийн хөрөнгө гэж нууж хууран мэхэлж /худалдсан гэж маргасан.

 

Энэхүү тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолсонгүй.

 

Хэргийн 21-22 дугаар талд Да хүрээ трейд ХХК, Э.Ц нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн түрээсийн гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчид өөрийн эзэмшил газартаа чингэлэг /контейнер/ байршуулах талбайг түрээслүүлж, ажил үйлчилгээ эрхлэх боломжоор хангах, түрээслэгч нь тухайн талбайд үйлчилгээ эрхэлж, түрээсийн төлбөрийг цаг тухайд нь түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрч Э.Ц шүүхэд нагац эгч Ц.Д д 160 тоот чингэлэгийг 2018 оны 1 дүгээр сард худалдсан. Да хүрээ трейд ХХК-тай 2018 оны 1 сард 2 жилийн хугацаатай гэрээ хийсэн. 2 жилд нэг удаа гэрээ хийдэг тул гэрээ шинэчлэгдээгүй миний нэр дээр байсан. Чингэлэгийг Ц.Д аваад үйл ажиллагаа явуулж байсан. 2020 оны 1 сард гэрээг шинэчлэх гэтэл Да хүрээ трейд ХХК-иас газрыг чөлөөлөх болоод тухайн гэрээг шинэчлэхгүй байсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ./хх101-103/

 

Дээрх Да хүрээ трейд ХХК-тай Э.Ц-ын байгуулсан түрээсийн гэрээ, гэрч Э.Ц-ын мэдүүлэг болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн хариуцагч нар бусдын өмчлөлийн хөрөнгийг өөрсдийн хөрөнгө мэтээр нууж зарсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн хэргийн 19-22 дугаар тал дах баримтаар нэхэмжлэгч Ж.М нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Да хүрээ трейд ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж тус компанийн худалдаа үйлчилгээний талбайд 161 тоот чингэлэгийг байршуулж худалдаа үйлчилгээ эрхлэхээр түрээсийн гэрээ байгуулж худалдаа үйлчилгээ эрхэлж байсан нь тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох Да хүрээ трейд ХХК-ийн эзэмшлийн худалдаа үйлчилгээний талбайд байршуулсан 160 тоот чингэлэгийг худалдан авахаас өмнө тус талбай дээр худалдаа үйлчилгээний зориулалттай 161 тоот чингэлэгийг түрээсийн гэрээний дагуу байршуулан худалдаа үйлчилгээ эрхэлж байсан тул нэхэмжлэгчийн хариуцагч нар 160 тоот чингэлэгийн доорх газрыг өөрсдийн өмчлөлийн газар гэж итгүүлэн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй болно. Чингэлэг нь газартай салшгүй бэхлэгдсэн үл хөдлөх хөрөнгө биш, хөдлөх хөрөнгө юм.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 15 000 000 төгрөгийг хариуцагч Т.Ж ы дансанд шилжүүлсэн, хариуцагч Ц.Д нь гэрээний зүйл болох 160 тоот чингэлэгийг нэхэмжлэгч Ж.М-ын эзэмшилд шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Хэргийн 64 дүгээр тал дах Да хүрээ трейд ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/048 дугаар албан бичгээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхийн тулд авто гоёл чимэглэлийн эгнээний чингэлэгийг өөр байрлалд шилжүүлэн, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү Да хүрээ трейд ХХК газар чөлөөлж тус компанийн худалдаа үйлчилгээний талбайгаас 160 тоот чингэлэгийг нүүлгэн гаргаснаар уг чингэлэгийн үнэ хөрөнгийн үнэлгээгээр үнэлүүлэхэд 2 800 000 төгрөг болж буурсан гэж нэхэмжилж мэтгэлцсэн байна.

 

Гэвч дээрх нөхцөл байдал нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш үүссэн Да хүрээ трейд ХХК-ийн бүтээн байгуулалтын ажил хийсэнтэй холбоотойгоор 160 тоот чингэлгийг тус компанийн худалдаа үйлчилгээний талбайгаас чөлөөлсөнөөр үнэ буурсанд хариуцагч буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчид худалдсан эд хөрөнгийг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн үнэ цэнэ буурсны эрсдлийг нэхэмжлэгч өөрөө хүлээх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03894 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 154 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ