Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 190

 

 “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн

  зохицуулах хороонд холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                    Л.Атарцэцэг

                                                    Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:             Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 албан бичгээр “Т” ХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдааныг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан тоотоор “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0057 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0197 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө, Ж.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ш.Г, Ж.Мядагноров, Д.Лхагвасүрэн,

Гуравдагч этгээд Э.Ц, Э.Б,

Гуравдагч этгээд Э.Б-гийн өмгөөлөгч Ө.Э-О нар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0057 дугаар шийдвэрээр: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, 70 дугаар зүйлийн 70.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.18, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот “Т” ХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0197 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө, А.Э, Ж.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө, А.Э, Ж.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Санхүүгийн зохицуулах хорооны маргааны үндэслэл болж буй 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот албан бичигт дурдахдаа “... ирүүлсэн нь Хорооны 244 дүгээр тогтоолоор баталсан ... гэж заасныг зөрчсөн” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй” гэж тодорхой заасан.

4. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заагдсан эрхийн хүрээнд батлан гаргасан хэм хэмжээний акт болох 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоол түүний хавсралтаар батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-аас өөр хувьцаат компанийн үйл ажиллагаанд дагаж мөрдүүлэх ямар нэгэн журам байхгүй байгаа бөгөөд уг журмаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй байж хуулийн шаардлага хангаагүй журмаар “Т” ХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүйд тооцох эрхгүй гэж үзэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байхад анхан болон давж заалдах шатны шүүх журмыг буцаан хэрэглэж, хариуцагч байгууллагын хууль зөрчсөн эрх хэмжээг зөвтгөж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5. Санхүүгийн зохицуулах хороо нь “Т” ХК-ийн 27.29%-ийн хувьцаа эзэмшигч, нэгдмэл сонирхолтой этгээд болох Э.Б, С.Ц нарын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гомдлыг хүлээн авч хянасан, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуульд заагдсанаар 30 хоногт багтаан хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй байх бөгөөд гомдлыг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хянаад 2017 оны 4 дүгээр сарын 12-ны дотор Захиргааны ерөнхий хуулийн 11.1.1-д заасан шийдвэр гаргах үүрэгтэй байсан. Гэтэл энэ хугацаанаас хойш 7 сарын дараа Санхүүгийн зохицуулах хороо нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513, 9/3514 тоот албан бичгүүдийг үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуульд заагдсан сонсох ажиллагааг хийгээгүй, талуудын тэгш байдлыг хангаагүй байхад анхан болон давах шүүх нэгдмэл сонирхолтой этгээд болох Э.Б, С.Ц эрх ашигт нийцүүлж хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлүүдийг зөвтгөн тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй байна.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Санхүүгийн зохицуулах хороонд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй гэж дүгнэлт хийж байгаа нь цаашид төрийн байгууллагын хууль дээдлэх зарчмыг зөрчиж дураар аашлах, хяналтгүй болох алхмыг нээж өгсөн гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс бүх нийтээр дагаж мөрдсөн байтал хуулийг хэлбэрэлтгүй дагах үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 9/3513 гэсэн огноотой Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй албан бичгийг өгсөн нь маргааны үндэс болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийг баримтлах үүрэгтэй бөгөөд “Т” ХК-д хүргүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513, 9/3514 тоот албан бичгүүд нь тус хуулийн 4.2.1, 4.2.6-д заасныг зөрчсөн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

7. Э.Б, С.Ц нар нь “Т” ХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан ээлжит хурлыг хүчин төгөлдөр бус хэмээн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд нийцэж явагдсан эсэх, уг хурлын ирц хүчинтэй эсэх, ээлжит болон ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцох эсэх асуудал нь иргэний шүүхийн харьяаллын бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээний асуудал мөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

8. “Т” ХК-ийн 2013 онд баталсан компанийн дүрмийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд өнөөдөр энэ дүрмийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй, Компанийн дүрмийн 6.7-д “... саналын эрхийн 40 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ дүрмийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэсэн байхад Санхүүгийн зохицуулах хороо нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгдмэл сонирхолтой этгээд болох Э.Батхүү, С.Цолмон нарын зохион байгуулсан 30%-ийн ирцтэй, ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчинтэйд тооцсоныг хуульд нийцсэн гэж шүүх зөвтгөж байгааг огт зөвшөөрөхгүй.

9. Э.Б, С.Ц нар “Тавилга” ХК-ийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хийхдээ холбогдох хууль тогтоомж ноцтой зөрчиж нас барсан хүмүүсийг хуралд оролцсон мэтээр хуурамч баримт үйлдэн, холбогдох хууль зөрчин хуралдсан байхад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хурлыг Санхүүгийн зохицуулах хороо нь эрх хэмжээнийхээ хүрээнд нягтлан шалгалгүй зөвхөн нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох Э.Б, С.Ц нарт илтэд үйлчилж “Т” ХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нарын эрхэнд хуульд заагдаагүй үндэслэлээр халдаж, хуулиар олгогдоогүй эрх эдэлж захиргааны актын шинжтэй 9/3514 тоот албан бичгийг гаргаж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцохын тулд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэгдсэн “Т” ХК-ийн дүрэмд заасан ирцэд хүрсэн нөхцөл байдалд ээлжит бус хурлыг Санхүүгийн зохицуулах хороо /иргэний шүүх/ хүчинтэйд тооцох учиртай эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байх тул Санхүүгийн зохицуулах хорооны 9/3514 тоот албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага хангагдах боломжтой байсан гэж нэхэмжлэгч нар үзэж байна.

10. Санхүүгийн зохицуулах хорооны 9/3514 дүгээр актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй гарсан акт ба шүүх энэ талаар дүгнэлт өгсөнгүй, хэрэв энэхүү актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн бол өнөөдөр энэхүү акттай холбоотой маргаан гарахгүй байх байсан ба дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

11. Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513, 9/3514 тоот албан бичгийг үйлдсэн этгээд нь тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа ба шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12/40 тоотоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд гомдол гаргахад анх шийдвэр гаргасан этгээд болох Б.Ариунаа 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 9/54 дугаартай албан тоотоор хариу өгсөн нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болсон. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д зааснаар шүүх нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд тус хуулийн 32.3-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь 2017 оны 12 дугаар сарын байдлаар тус хорооны даргыг /Д/ түр орлон гүйцэтгэгчээр хяналт шалгалтын газрын дарга Б.А /хавсран/ нь үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тушаал хэрэгт хавсаргагдаагүй, хариуцагч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасаар байхад ямар нэгэн удирдамж, чиглэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан Б.А нь хувийн ашиг сонирхлоор дахин шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Захиргааны шүүх нотлох баримт цуглуулах үүрэгтэй байх бөгөөд эрх үүргийнхээ нэхэмжлэгч нарын Захиргааны ерөнхий хуулийн 92, 93-д заагдсан эрхээ эдлэх боломж бүрдсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.

12. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0057 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0197 дугаар магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг буруу шийдвэрлэсэн байна.

14. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 9/3513 дугаартай албан бичгээр “Тавилга” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц-д “... танай компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр бус болсныг үүгээр мэдэгдэж байна”, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын материал хянасан тухай” 9/3514 дугаартай албан бичгээр “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Б-д “... 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцож байна” гэж тус тус мэдэгдсэн, нэхэмжлэгч “Т” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц нь “... Хороо өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд халдсан, ... хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй журмыг мөрдөхийг шаардах үндэслэлгүй,... ээлжит бус хойшилсон хурлын ирц компанийн дүрмээр тогтоосон хэмжээнд хүрээгүй байхад хурлыг хүчин төгөлдөрт тооцсон нь хууль бус” гэж маргажээ.

15. “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, хурлын зарыг “Өдрийн сонин”-ны 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 051, 052 дугаарт нийтлүүлж, “хурлын мэдэгдэл”-ийг Санхүүгийн зохицуулах хороонд 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүргүүлсэн, түүнчлэн “Т” ХК-ийн энгийн хувьцааны 18.49 хувийг эзэмшигч Э.Б, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болох 8.8 хувийг эзэмшигч С.Ц нараас хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар гаргасан “санал”-ыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлээгүйн улмаас тэднээс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарласан шийдвэрийг хүчингүйд тооцуулах”-аар гомдол гаргасан, уг гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Т” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц-д танилцуулж, холбогдох баримтыг ирүүлж, хариу мэдэгдэхийг шаардсан, уг шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүйн улмаас Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 9/1029 дугаартай “мэдэгдэл”-ээр нэхэмжлэгчид “... “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 8 дугаар тогтоол болон хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл нь хууль журам зөрчснийг анхааруулж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй болох”-ыг мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

16. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т “хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно”, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох” гэж тус тус зааснаас үзэхэд “хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох бөгөөд хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй.

17. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 244 дүгээр тогтоолоор “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ыг баталсан бөгөөд уг “журам”-ыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь тогтоогдсон, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасны дагуу уг хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

18. Харин, анхан шатны шүүх Захиргааны ерөнхий 46 дугаар зүйлийн 46.2-т “захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасныг буюу “захиргааны акт”-ын хувьд хэрэглэгдэх уг зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь буруу хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 244 дүгээр тогтоолын 2-т “... журам шинэчлэн батлагдсантай холбогдуулж” гэх үндэслэлээр 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувь эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ыг хүчингүй болгосноос үзвэл “шинэчилсэн журам” нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй энэ нөхцөлд тухайн харилцаанд өмнөх “журам” хэвээр үйлчилж байсан гэж үзэх үндэслэлтэй.

19. Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “хувьцаат компанийн хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч энэ хуулийн 70.1-д заасан үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй” гэж заасан, хувьцаа эзэмшигч Э.Б, С.Ц нарын гаргасан “хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарласан шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай” гомдол нь Санхүүгийн зохицуулах хорооны хянах чиг үүрэгт хамаарч байгаа, хариуцагч нь уг гомдлыг “Тавилга” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цагаанцоожид танилцуулж, холбогдох баримт сэлт гаргах болон шаардагдах арга хэмжээ авах боломжоор хангасан, улмаар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 9/1029 дугаартай “мэдэгдэл”-ээр 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр бусад тооцогдох үр дагавар үүсэхийг урьдчилан анхааруулж байсан, нэхэмжлэгч нь үүнийг үл хайхарч хувьцаа эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хурлыг хийсэн байх тул уг хурлыг хүчин төгөлдөр бусад тооцсон 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 дугаартай мэдэгдэл /акт/ нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд бөгөөд хуульд үндэслэсэн байна.

20. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... 34 тоот хүчингүй болсон журмыг буцаан хэрэглэж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэснийг үндэслэлтэй хянаж чадаагүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

21. Хэрэгт цугларсан авагдсан нотлох баримтуудаас үзвэл, хувьцаа эзэмшигч Э.Б, С.Ц нар нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай” шаардлага гаргасан, шаардлагыг нь хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй гэх үндэслэлээр 2017 оны 8 дугаар  сарын 26-ны өдөр “хурал зарлаж”, улмаар 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан хурал “ирц хүрээгүй” шалтгаанаар хойшлогдсон, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хойшлогдсон хурлын ирцтэйгээр /хурал ирцийн хувьд хүчинтэйд тооцогддог/ ээлжит бус хурлыг хийсэн зэрэг нь тогтоогджээ.

22. Уг хурлыг зарлах, зар хүргэх асуудлаар бусад хувьцаа эзэмшигчид Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаагүй, Хурал, түүний шийдвэрийн талаарх маргааныг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу шүүх шийдвэрлэхээр байхад Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 дугаартай албан бичгээр хувьцаа эзэмшигч Э.Б-д “... 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцож байна” гэж мэдэгдэж хуулиар өөрт олгоогүй эрхийг эдэлж, үр дагавар бүхий акт гаргасан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

23. Гэтэл анхан шатны шүүх “... ээлжит хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл, болон гүйцэтгэх удирдлагаас ээлжит бус хойшлогдсон хурлын хүчин төгөлдөр байдалд маргаагүй, ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлүүлээгүй байна, ... ээлжит хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь “удирдлагын” үүргийг бодитойгоор хэрэгжүүлж байгаа учир ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэж дүгнэж, маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдол үндэслэлтэй байна.

24. Иймд, дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө, А.Э, Ж.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0057 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0197 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2, Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, 65 дугаар зүйлийн 65.3, 66 дугаар зүйлийн 66.1, 66.5, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын материал хянасан тухай” 9/3514 дугаартай албан бичиг”-ийг хүчингүй болгож, үлдэх “2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 9/3513 дугаартай албан бичиг”-ийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ